Женевт болох АНУ, Оросын хэлэлцээр дээр Америкийн төлөөлөгчид Хятадыг оролцуулан цөмийн зэвсгийн асуудлаар гурван талт хэлэлцээр хийх боломжийн талаар ярьж магадгүй байна хэмээн Рейтер агентлаг АНУ-ын өндөр албаны эх сурвалжаас мэдээлжээ.
Үүний өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп бас бүх төрлийн цөмийн зэвсгийг хамруулсан цөмийн зэвсэг хязгаарлах тухай АНУ, Орос, Хятадыг оролцуулсан “шинэ үеийн” гэрээ санал болгож байсан юм. Гэхдээ Д.Трамп тодорхой санал тавиагүй өнгөрсөн.
“Уулзалт сайн болбол оросуудын саналаар хятадуудыг оролцуулах талаар илүү тодорхой ярилцана” гэж Рейтерийн эх сурвалж хэлсэн байна. “Хаалга нэгэнт л тогшчихвол яриа хэлэлцээгээ шинээр эхэлнэ гэсэн үг. Хаалга тогшчихвол гэдэг чинь харамсалтай нь ямагт л хэлэлцээр нэг л зүйлээс болж тасалддагтай холбоотой” гэж тэр онцолжээ. АНУ бас Женевт Дунд болон ойрын тусгалын пуужин устгах гэрээг тасалдуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд мөн Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай гэрээг сунгах асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа юм байна. “АНУ-ын албаны хүмүүс Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай 2011 оны гэрээг шинэчлэх асуудлаар ярилцахаар төлөвлөөгүй юм байна. Албаны хүмүүсийн нэг нь 2021 оны хоёрдугаар сард хугацаа нь дуусгавар болох энэ гэрээний талаарх яриаг “урьдчилсан” гэж хэлсэн нь магадгүй таван жилээр сунгахаа хэлсэн байж мэдэх. Түүнийхээр бол “энэ нь дараа жилийн асуудал” гэнэ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жон Салливан, ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков нар үүний өмнө Женевт стратегийн тогтвортой байдлын асуудлаар уулзсан юм.
Өнөөгийн нөхцөл байдал
Зөвлөлт холбоот улс, АНУ хоёр дунд (1000-5500 км) болон ойрын (500-1000) тусгалтай пуужин устгах тухай хэлэлцээрт 1987 онд гарын үсэг зурсан юм. Энэ гэрээгээр талууд газарт байрласан ийм төрлийн баллистик болон далавчит пуужингуудыг устгах, цаашид туршихгүй, нөөцлөхгүй байх үүрэг хүлээсэн юм. ЗХУ зөөгч пуужингууд болон дунд тусгалын “Пионер” пуужин 72-ыг устгасан бол АНУ “Першинг” пуужингуудаа устгасан.
Харин 2018 оны аравдугаар сард Дональд Трамп Дунд болон ойрын тусгалтай пуужингийн тухай гэрээнээс АНУ гарч байгаагаа зарлаад Москва гэрээг мөрдөхгүй байна гэж буруутгасан юм. Гэхдээ ОХУ гэрээг хэрхэн зөрчиж байгаа талаар баримт дурдаагүй.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дараа нь Москваг хэлэлцээрийн нөхцөлөө биелүүлэх ажилдаа эргэн ороход хоёр сарын хугацаа өгсөн юм. Тэр бас Оросыг 9М729 (SSC-8) пуужингаасаа татгалзахыг зөвлөөд, Вашингтоныхоор бол энэ пуужин гэрээний заалтыг зөрчиж байгаа гэжээ. Харин Москва үүнийг ташаа мэдээлэл гэсэн юм.
Ингээд АНУ-ын энэ үйлдлийн хариу болгож Орос өнгөрөгч хоёрдугаар сард гэрээгээр хүлээсэн үүргээ зогсоож байгаагаа мэдэгдсэн бол Влаимир Путин долдугаар сард Дунд болон ойрын тусгалтай пуужингийн гэрээг зогсоож байгаа тухай зарлигт гарын үсэг зурсан юм.
2010 онд Барак Обама, Дмитрий Медведев нарын гарын үсэг зурсан Стратегийн зэвсэглэлийг хязгаарлах СНВ-3 гэрээ л одоо АНУ, Орос хоёрын мөрдөж байгаа зэвсэглэл хязгаарлах талаарх гэрээ болж байгаа юм. 2021 онд хугацаа нь дуусах энэ гэрээний үйлчлэх хугацааг сунгах талаар Вашингтон хараахан шийдэл гаргаагүй байна. ОХУ харин энэ асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ нэг биш удаа мэдэгдээд байгаа юм.