Донбассын дээгүүр нисч яваад 2014 онд осолдсон малайзын иргэний агаарын тээврийн Boeing 777 онгоцны сүйрлийн төлөө Орос хариуцлага хүлээх ёстой хэмээн Европын холбооны зөвлөл тунхаг гаргаснаа албан ёсны сайтдаа нийтэлжээ. “Үүний төлөө Орос хариуцлага хүлээж, мөрдөн шалгах ажилд бүрэн хамтран ажиллахыг Европын холбоо уриалж байна” гэж энэ мэдэгдэлд өгүүлсэн байна.
Энэ мэдэгдлийг МН17 чиглэлийн онгоцны сүйрэл болсны таван жилийн ойг тохиолдуулан гаргажээ. Мэдэгдэлд бас “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2166 дугаар санамжийг үндэс болгон ослоор амь алдсан хүмүүсийн ар гэрийнхэн төрөл төрөгсдийн өмнө шударга үнэнийг тогтоохын төлөө Европын холбоо бүхий л хүч чармайлтаа дайчлан ажиллана” гээд сэжигтэн дөрвөн хүний эсрэг эрүүгийн хэргийг сэргээж байгаагаа мэдэгджээ.
Онгоцны осолд буруутгаж байгаа гурван орос, нэг украин хүний нэрийг Олон улсын мөрдөн шалгах ажлын хэсэг зургадугаар сарын 19-нд зарласан юм. Тэдний дунд донецкийн босогчдын тэргүүнүүдийн нэг Игорь Гиркин, Олег Пулатов, Сергей Дубинский,Леонид Харченко нар байгаа юм. Игорь Гиркин нь 2014 онд украинаас салан тусгаарласан Донецкийн бүгд найрамдах улсын Батлан хамгаалахын сайд байжээ.
Сэжигтнүүдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, хаа байгаа газраас нь баривчлах ордер гаргасан юм байна. Тэдний хоёр нь одоо Орост байгаа гэнэ.
Мөрдөн шалгалтынхны гаргасан хувилбараар бол Boeing-ийг Донецкийн бүгд найрамдах улсын нутгаас Оросын зенит пуужингийн “Бук” цогцолборын “газар-агаар” ангиллын пуужингаар устгасан гэнэ. Гэхдээ пуужинг цэргийн онгоц руу харвасан болохоос иргэний онгоц руу харваагүй гэж мөрдөн байцаагчид үзжээ. Харин өөрийгөө тусгаар тогтносон гэж зарлаад байгаа Донецкийн бүгд найрамдах улс нь онгоцны сүйрэлд ямар ч буруугүй гэсээр байгаа юм. Тэр үед украины зүүн нутгийн босогчдыг дэмжиж байсан Орос ч гэсэн өөрийгөө буруугүй гээд украины цэргийнхнийг буруутай гэдэг.
Амстердамаас Куала-Лумпур луу нисч явсан Малайзын иргэний агаарын тээврийн Malaysia Airlines компанийн Boeing 777 онгоц 2014 оны долдугаар сард украины дорнод нутаг Донбассын тэнгэрт осолдож багийн гишүүд, зорчигч 298 хүн бүгд амь үрэгдсэн юм.
Олон улсын ажлын хэсгийн ерөнхий прокурор Фред Вестербекийн нэрлэсэн дөрвөн сэжигтний нэг Игорь Гиркин нь ОХУ-ын иргэн. Холбооны аюулгүйн албаны хурандаа байгаад 2014 онд Донецкийг “тусгаар тогтнуулахад” идэвх гаргасныхаа төлөө Батлан хамгаалахын нь сайд болсон. Оростой шууд холбоо харилцаатай байсан нөхөр гэж Фред Вестербек онцолжээ. Онгоц осолдсоноос хоёр сарын дараа сайдын ажлаа өгөөд Орост очиж одоо тэндээ байгаа гэнэ.
Өөр нэг сэжигтэн Олег Пулатов, Сергей Дубинский нар нь мөн оросын иргэн, босогч. Өмнө нь оросын Тагнуулын байгууллагад ажиллаж байсан нэгэн. Леонид Харченко нь украины иргэн. Одоо Киевийн хянадаггүй украины зүүн бүсэд амьдарч байгаа юм.
Юутай ч мөрдөн шалгалтын явцад Гиркин, Дубинский нар нь Оростой шууд харилцаатай байсан бол Харченко нь Дубинскийн шууд удирдлагад ажиллаж байжээ. “Тэд бүгд бүхэл бүтэн сүлжээ болон Оросыг, өөрийгөө тунхаглаад байгаа Донецкийн бүгд найрамдах улстай холбож ажиллаж байжээ” хэмээн прокурор Вестербеке мэдэгджээ.