АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-ыг тойрсон нөхцөл байдалд асар том амжилт оллоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт болсон танхимын хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. “Намайг Ерөнхийлөгч болж байх үед БНАСАУ дайн эхлэхэд яг бэлэн байсан...Бид асар их дэвшилд хүрлээ.....Дэвшил гэдэг бол маш сайн харилцаа, урьд нь бидэнд ийм харилцаа байсангүй” гэж Цагаан ордны тэргүүн хэлжээ. “Бид (Цагаан ордны өмнөх захиргаа....ТАСС) өмнө нь тэдэнтэй харилцах гэж маш их хичээж байсан, гэсэн ч тэд яриа хэлэлцээр хүсдэггүй байсан бол одоо сонирхох боллоо” гэж Д.Трамп хэлсэн байна.
“Дахиад хэлэхэд цаг хугацаа нэг их чухал биш, эцсийн эцэст сайн зүйл болж байгаа нь л чухал” гэж америкийн тэргүүн онцолжээ.
Д.Трампын энэ үг нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг ойрын үед заавал эцэс болгох гэж зүтгэхгүй гэсэн үг хэмээн мэдээллийн Reuters агентлаг дүгнэжээ.
АНУ, БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сард Сингапурт болж хамтарсан баримт бичиг гаргасан. Пеньян тэгэхэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үүрэг хүлээсэн бол Вашингтон хариуд нь аюулгүй байдлын баталгаа өгөхөөр болсон юм. АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт өнгөрсөн хоёрдугаар сарын 27-28-нд Вьетнамын нийслэл Ханойд болж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун, хэдэн цагаар уулзаж бүр хоёулхнаа ярилцсан ч тохиролцож чадалгүй, хамтарсан баримт бичиг ч гаргаагүй салсан юм.
Зургадугаар сарын 30-нд Дональд Трамп, Ким Чен Ун нар хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд гурав дахиа уулзсан. Ким Чен Уны урилгаар Дональд Трамп хилийн шугам давж БНАСАУ-д хөл тавьсан, үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон юм.