Гонконгт саяхан болсон эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал, хүчирхийлэл бол АНУ-ын үйлдэж байгаа хэрэг гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мягмар гарагт мэдэгдлээ.
Хятадын Гадаад хэргийн яам бас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Гонконгт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн бол “зүй ёсны” гэснийг сануулсан байна.
“Ноён Помпеогийн энэ мэдэгдэл бол тэр өөрийнхөө үүргийг ойлгохгүй байгааг харуулж байна. Тэр өнөө хүртэл өөрийгөө Тагнуулын төв газрын дарга шигээ бодож байгаад эмзэглэж байна. (Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд очихынхоо өмнө Майк Помпео америкийн гадаад тагнуулын газрын дарга байсан юм). Тэрээр Гонконгт болсон хүчирхийллийн үйл ажиллагааг зүй ёсны гэж үзэж байгаа бол магадгүй энэ нь АНУ-ын бүтээл байж болох юм” гэж Хуа Чуньин хэвлэлийн мэдээлэлдээ тэмдэглэжээ.
Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээс Америкийн өндөр албаны хүмүүс гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийн ил тод шүүмжлэн Гонконгийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзах болсныг Хятадын Гадаад хэргийн яам анхаарч байгаа гэнэ. “Гонконгт болж байгаа эмх замбараагүй байдал, хүчирхийллийн гэрэл зураг, дүрс бичлэг дээр цөөнгүй америкчууд, америкийн далбаа харагдах боллоо. Үүнээс үүдээд Гонконгт болж байгаа сүүлийн үеийн үйл явдалд АНУ ямар үүрэг гүйцэтгэж байна гэсэн ганц асуулт гарч ирж байна” гэж Хуа Чуньин мэдэгджээ.
БНХАУ-ын дотоод хэрэг, ялангуяа хятадын нэг хэсэг Гонконгийн хэрэгт гадаад орны зүгээс хөндлөнгөөс оролцохыг Хятадын Засгийн газар хэзээ ч тэвчихгүй гэж дипломат онцолсон байна. “Галаар наадахаа аль болох эрт зогсоохыг би Вашингтонд зөвлөж байна” гэж Хуа Чуньин онцлон тэмдэглэжээ.
Британийн колони байсан Гонконгийг Хятадад шилжүүлэн өгсний 22 жилийн ойг тохиолдуулан Бээжингийн бодлогыг эсэргүүцэгчид энэ долдугаар сарын 1-нээс гудамжинд гаран тээврийн хөдөлгөөнийг саатуулж эхэлсэн юм. Цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой ашиглаж байна. Бүр зургадугаар сарын эхнээс гэмт хэрэгтнийг эх газрын хятадад шилжүүлэн өгөхийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Эрх баригчид зургадугаар сарын 15-нд хуулийг эргэн харъя гэж мэдэгдсэн ч эсэргүүцлийн хөдөлгөөн намдаагүй юм. Оршин суугчид хуулийг бүр хэлэлцэхгүй байхыг шаардаж байлаа.
Гонконг гэмт хэрэгтэн шилжүүлэх тухай Их Британи, АНУ-ыг оролцуулаад 22 оронтой гэрээ хэлэлцээртэй ч Хятадтай ийм хэлэлцээргүй юм. Энэ талаарх Гонконг, Хятадын хэлэлцээр 20 жил үргэлжилж өнөөдөр сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгдөггүй хэвээр байгаа юм.
Гонконг нь “нэг улс хоёр систем” зарчмаар Хятадын автономит статустай байдаг юм.
Помпео Хятад улс АНУ-г дэмий буруутгаж байна гэв
Гонконгийн тусгай засаг захиргааны районд болж байгаа эмх замбараагүй байдлын төлөө АНУ-г БНХАУ-ын Гадаад хэргийн яам буруутгасныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео утгагүй хэрэг гэж нэрлэлээ. Тэрээр Бангкокт болсон Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны сайд нарын уулзалтад оролцохоор нисэхийнхээ өмнө сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ ингэж мэдэгдсэн байна. “Хуа Чуньины мэдэгдлийн би үзсэн. Тэд харин өөрсдөө утгагүй харагдаж байна” гэж америкийн дипломат мэдэгджээ. Түүнийхээр бол “Эсэргүүцэгчид Засгийн газар нь өөрсдийг нь сонсохыг шаардаж байгаа” гээд “Ямар ч Засгийн газар өөрийн ард түмнээ ямагт сонсох ёстой” гэжээ.