Венесуэль гэдэг нэрийг монголчууд 1990-ээд онд “Халтар царайт” олон ангит киноноос анх сонсч байв. Харин шинэ мянганы эхээр Өмнөд Америкийн Боливарын бүгд найрамдах Венесуэль улсыг Уго Чавес хэмээх популист удирдагчаар нь илүү мэддэг болсон. Цэргийн сургууль төгссөн офицер авлига, шударга ёсны төлөө тууштай тэмцэж эхэлснээр олны танил болж, улмаар төрийн эргэлт хийх гэж оролдоод бүтэлгүйтэж шоронд орсноор чухам үндэсний баатар болж хувирсан аж. Ингээд Уго Чавес шоронгоос гарч ирээд сонгуульд ялж ерөнхийлөгч болсон юм. Тэрээр Ерөнхийлөгч болмогцоо хэдхэн жилийн дотор улс төрийн тогтолцоо, эдийн засаг гээд л улс орныхоо бүх салбарыг өөрчилж, Куба улсын канондсан хувилбар болгож орхисон билээ. Зөвхөн эдийн засгийн салбартаа л гэхэд 2001 онд 49 шинэ хууль гаргасан нь хэрвээ ийм төрлийн шалгаруулалт байдаг бол дэлхийн дээд амжилтад тооцогдох үзүүлэлт юм. Цэргийн хүний сүр, дүрээр улс орноо хөгжүүлнэ, тэмцэнэ, өөрчилнө гэж сэлэм эргүүлсээр тэрээр Венесуэлийг өнөөдрийн хямрал, хүндрэл рүү нь түлхсэн билээ. Уго Чавес газрын эзэд, баячуудад хөрөнгөө улсад сайн дураараа нийгэмчлэх, эсвэл хөрөнгөө хүчээр нийгэмчлүүлээд шоронд орох гэсэн хатуу сонголт тулгаж байв. Энэ мэт сүржин алхмууд нь олон нийтэд таалагдаж байсан ч Венесуэлийн ард түмэн удирдагчийнхаа тунхагласанчлан чинээлэг дундаж болох бус бүгдээрээ ядуурсан нь хамгийн хоржоонтой. Ядуурал нэрвэгдсэн улс оронд шударга ёс, эх оронч үзэл ярихад олонхын дэмжлэгийг хамгийн сайн авч чаддагийг Уго Чавес яруу тодоор харуулсаар нөгөө ертөнц рүү одсон билээ. Түүнийг залгамжилсан Н.Мадуро ч мөн л дээрх зарчмаар улс орноо популист аргаар удирдсаар өнөөдөр тартагт нь тулгаж орхиод байгаа юм.
Популист удирдагчдын сүрлэг уриа лоозон дор 20 хүрэхгүй жил өнгөрөхөд улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал энэ улс орныг бүхэлд нь нөмрөөд буй. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж, байгалийн баялгаар дээгүүрт ордог Венесуэль улс өдгөө эдийн засгийн гүн хямралд нэрвэгдэж, иргэд нь сая саяараа гадаад руу дүрвэх болсон гэхэд үнэхээр итгэмгүй. Харамсалтай нь энэ бүхэн үнэн.
Нийгмийн халамжийг хэтрүүлж, хувийн ба гадаадын хөрөнгө оруулалттай өмч рүү халдвал адагт нь сүйрч унадаг гэдгийн гашуун сургамж энэ улс болоод байна. Популизм их хийвэл ийм л үр дүн гарна. Төсвийнхөө дөрөвний гурвыг нийгмийн салбарт зарцуулсан, сая таван зуун мянган орон сууц үнэгүй тараасан, АНУ-аас өндөр үнээр импортолсон бараагаа олон арав дахин хямдаар зардаг гэхчлэн чих сортойлгох баримт Венесуэльд олон. Нийгмийн халамжийн популист бодлогоороо энэ улс улам л уруудсанаар асар их баялагтай улс орноо амархан гэгч баллаж тавьсан түүхэн сургамжийн эзэд болоод байна.
Хаа холын Латин Америк гэлтгүй хажууд дэргэд шахуу улс орнуудад популизмын жишээ зөндөө. Зүүн өмнөд Азийн Филлипин, Тайланд, Мъянмар, Индонези зэрэг улс орнуудад популист удирдагчдын хийрхэл оргилдоо хүрчээ. Хамгийн яруу тод жишээ нь Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте. Тэрээр 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш богино хугацаанд олон популист алхмууд хийж, энэ талаараа Польш, Унгарын популист удирдагчдыг ч хол хаяад байгаа юм. Хамгийн аймшигтай нь популизмынхаа хүчээр Дутерте хэнд ч дийлдэшгүй дарангуйлагч, хүчирхийлэгч болж хувирсан явдал. Түүний санаачилсан хар тамхины эсрэг тэмцэл гэгчид хамгийн багадаа 12-13 мянган хүн амиа алдаад байгаа гэсэн таамаглал бий. Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Дэндүү нимгэн хөрстэй хийрхэл. Тиймдээ ч популистууд фашизмаас зарим үзэл санааг нь зээлдэж, цэргийн коммунизм байгуулах маягийн үйлдлүүд хийдэг гэдгийг Филиппиний Ерөнхийлөгчийн үйлдлүүд харуулсаар буй. Ер нь Дутертегийн хувьд есөн шид нь гүйцнэ гэдэг шиг популист бөгөөд дарангуйлагчийн бүх шинжийг агуулсан нэгэн. Тухайлбал, популистууд ихэвчлэн гадуурхагдсан хүмүүс болон гэмт хэргийн эсрэг тэмцэх, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулах зэргээр эрх мэдлийг гартаа оруулдаг. Энэ стратегийг Дутерте сайн хэрэглэж хар тамхины эсрэг тэмцэл гэгчид дулдуйдан аймшигт аллага үйлдэж байгаа юм.
Популистууд ийнхүү худал хэрэг зохиож, хуурамч гэрчийн мэдүүлэг авч, тэдний зааснаар шууд баривчилгаа явуулдаг. Ийм байдлаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн кампанит ажлыг зохион байгуулах нь ч бий гэдэг.
Дээр өгүүлсэн бүхэн бидэнд нэг л танил, дотно санагдаж байгаа биз. Шударга ёсыг тогтооно гэх сүржин уриа, даржин өрнөл. Сахилга хариуцлагыг чангатгана, хална, барина гэх жижүүрийн үгс. Араас нь үргэлжлэх халаа сэлгээ, баривчилгаа, онц байдал. Лиценз, зөвшөөрлийг хураах, нийгэмчлэх алхмууд. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, хааж боох эх оронч бодлогууд. Түүн дээр нь уухайлан уулгалж, алга ташсан улстөрчид.
Эдийн засгийн хүндрэл, авлига хээл хахууль, хууль завхруулагчид, оффшорчидтойгоо тэмцэхгүй хэрнээ энгийн иргэдийнхээ бизнестэй “дайн” зарлаж улсын сүрийг үзүүлж байгаагаас нь харахад өнөөгийн төр популизмын бүх хам шинжийг бүрдүүлжээ. Олон жилийн турш явж ирсэн алдаатай бодлогынхоо золиосонд төсвийн тодотгол хийгээд л, татваруудаа нэмж, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нуруун дээрх ачааг улам нэмнэ. Дээр нь хяналт, шалгалтаар иргэдээ дарамтална. Бүтээн байгуулалт хийх гэсэн иргэд, хувийн хэвшлийнхнийг хэдэн зуун зөвшөөрөл, гарын үсгээр дарамталж, хүнд суртлын хонгил үүсгэнэ.
Төр өөрийн чиг үүргүүдийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар аль болох цомхон бөгөөд ухаалаг болох чиглэл рүү дэлхий нийтээрээ явж байхад Монголын төр үүний эсрэгээр зүтгэж байна. Иргэд нь ядуу дорой, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэтгэвэр, тэтгэмж горьдож халамж хүлээсэн байдалтай байх нь популистуудад ашигтай.
Өнгөрсөн хавар АН-аас МАН-д хүргүүлсэн шаардах бичигт “Монгол төрийг явцуу эрх ашиг, авлига, шуналын хүслээ хаацайлах тэмцлийн талбар болгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж, үүнээс үүдэн, валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, тулгамдаж байгаа асуудлууд шийдлээ хүлээсээр гацаанд орсон нь иргэдийн амьдралд туйлын хүндээр туссаар байна.
Гэтэл эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлого бүрэн орхигдож, 2017, 2018, 2019 онуудын төсвийн алдагдал Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу долоон их наяд төгрөгт хүрлээ. Монгол Улсын нийт өр 2016 оноос хойш 3.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 2.1 тэрбум ам.доллароор огцом өссөн байна. Чингис, Самурай бондын мөнгөн дүнгээс хоёр дахин их хэмжээний өр нэмсэн гэсэн үг. Та бүхнийг Засгийн эрх барьж эхэлснээс хойш ганц ч дорвитой бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй. Өнөөдрийн эрх баригчид чөлөөт зах зээлийн эдийн засгийн мөн чанарыг алдагдуулан бүхнийг төрд авах санаархал цухалзуулан, нийгмийн баялаг бүтээгчдийг айдаст хүргэх оролдлогуудыг хийсээр байна” хэмээн онцолсон юм. Энэ бол өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд тавьсан онош.
Товчхондоо, Монголын эдийн засгийг “Зах зээлийн үл үзэгдэгч гар” биш Засгийн газрын тэргүүний булчинлаг гар удирдан залах болов. Эрх баригчид эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, улс төрөө угаар нь самрахад тун ойрхон буй. Популистууд худалч. Худал хэлэхээсээ ичдэггүй, үр дүнгээс нь эмээдэггүй. Үүгээрээ тэд зоригтой, шийдэмгий, эх оронч болж харагддаг. Энэ бүхний эцэст ардчилал үгүй болж, авторитар дэглэм, дарангуйлал тогтдог. Уго Чавесын популизм, Дутертегийн дарангуйлал үүний тод жишээ билээ. Популистуудын түүх зөвхөн энэ хоёроор дуусахгүй. Хамгийн харамсалтай нь, манай эрх баригчид тэдний араас ойрхон нэхэж яваад л учир байна.
Г.УУГАНБАЯР