Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хариуцлага

Японы улс төрчдийн ёс зүйтэйг гайхсан шагшаан сошиалд бишгүй таардаг. Фэйсбүүкийн найз маань саяхан “Японы парламентад гурван удаа сонгогдсон, 35 настай Х.Марүяма гишүүн халамцуудаа болчимгүй үг хэлсэн. Амнаасаа унагаасан үгэндээ уучлалт гуйсан тэрбээр парламентын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ” хэмээн бахаджээ. Үүнийхээ зэрэгцээ, “Харин манай ЖДҮчид ингээд даапаалаад суудаг” хэмээн ЖДҮчин гэгддэг гишүүний зургийг хавсаргасан байлаа. Үнэндээ Японы улстөрчид хүмүүжилтэй, манайхан ёс зүйгүйдээ ийнхүү ялгаатай байгаа юм биш. Тэнд хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо нь байгаад л хамаг учир бий.


“Ёс зүй нь тухайн хүний зан, төлөвшилтэй холбоотой учир хуульчлах нь зохимжгүй гэдэг ч өндөр хөгжилтэй орон, тухайлбал Канад, Япон зэрэгт энэ харилцааг зохицуулсан дүрэм, хууль байдаг” хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны жилийн өмнөх мэдээлэлд дурджээ. Эдгээрийг судлан Монголын онцлогтой уялдуулан Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулсан юм байж. Уг төсөлд дурдсанаар бол төрийн албан хаагчийн хариуцлага нь ёс зүйн болон сахилгын гэсэн хэлбэртэй байх ажээ. Ёс зүйн хариуцлагад уучлал гуйх, сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөх зэрэг багтах гэнэ. Харин сахилгын хариуцлагад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар тусгажээ.


Төрийн албанд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, төрийн албаны соёлыг төлөвшүүлэх зорилготой гэх уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ахалсан.
Ийнхүү хариуцлагын тухай яригдаж байгаа нь цөөнгүй ч аанай л дээдэст хамааралгүй нь эмгэнэлтэй. Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуультай болъё хэмээн олон жилийн турш ярьж байгаа ч урагшгүй байгаа нь улстөрчидтэй холбоотой. Зүй нь зөвхөн төрийн албан хаагчид гэлгүй Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуультай болох нь шударга.


Гэсэн ч эрх баригчид өөрсдөдөө хариуцлага тооцох хуулийг батлах, гаргах улстөрийн хүсэл эрмэлзэлгүй нь тодорхой болсон.
Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өмнөх УИХ-аар хэлэлцүүлэх болоход хүлээж авалгүй буцаасан. “УИХ тогтворгүй болно” хэмээн буцаасан шалтгаанаа тайлбарласан ч хариуцлага хүлээхээс бултаж, зайлсхийсэн хэмээн хэвлэлүүд оношлоод орхисон.
Улс төрийн хариуцлагыг сонгогддог болон томилогддог төрийн өндөр албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах, тодорхой хугацаанд дахин нэр дэвших эрхийг хязгаарлах замаар тооцдог. Ийм нөхцөлд албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээдэг соёлыг төлөвшүүлдэг гэж үздэг.


Дээрх буцаагдсан хуулийн төслөөр Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэхээр зорьжээ. УИХ аль хэдийнэ УИХ-ын даргыг олонхын саналаар огцруулсан болохоор үүнээс болоод УИХ тогтворгүй болсон юм байхгүйг аль хэдийнэ бодитоор харуулсан.
Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд оногдуулахаар уг төсөлд санал болгосон байна.


Харин Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эгүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг хоёр эсвэл дөрвөн жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан байж.
Мөн ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон оруулж ирснээрээ онцлогтой. Хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тусгаж байжээ. Иймэрхүү нөхцөлд Японы улстөрчид шиг уучлал гуйгаад огцрох жишиг Монголд ч тогтох учиртай.
Харин манай хууль дүрэм журмууд доодост хатуу мөртлөө дээдэст хариуцлага тооцох зүйл заалт бүрхэг явж ирсэн нь үнэхээрийн шударга бус явдал. Ийм нөхцөлд УИХ-ын 76 гишүүнийг иргэдээ төлөөлж байгаа гэж итгэхэд бэрх.


Итгэж сонгосон гишүүд нь иргэдээ бус хувийн эрх ашигтаа хөтлөгдөх нь зөвхөн монголчуудын бус дэлхийн олон оронд тулгарч байгаа сорилт бололтой.
Ардчиллын иймэрхүү гажгийг хэрхэн залруулах нь дэлхийн бусад орнуудад ч асуудал болсон. “Эрх баригчид ард түмнийг төлөөлж, төр иргэний нийгмийн зуучлагч байх үүргээ умартсантай холбоотойгоор ардчиллын гажиг үүсч байгаа”-г судлаачид тайлбарлаж буй. “Намууд нь иргэний нийгмийн ашиг сонирхлыг илэрхийлэхийн оронд улс төрчидтэй холбоотой, далд бизнесийн ашиг сонирхлыг хамгаалдаг болсон” нь зөвхөн бидэнд тулгараад байгаа хэрэг бус гэнэ.
Мэдээж хамгийн том хариуцлагыг сонгуулийн үеэр тооцох боломжтой. Харин үүнээс наана дээдэст хариуцлага тооцох үйл ажиллагааг тэд хийхгүй бол олон нийт иргэд нь шахалт үзүүлэх учиртай. Үүний тулд иргэдээ мэдээлэлжүүлэх хэрэгтэй байна даа.


Юутай ч сөрөг хүчний зүгээс эрх баригчидтай хариуцлага тооцох талаар сөхөж эхэллээ. АН-аас УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлагадаа “60 тэрбумын гэгдэх авлигаар 65 суудал авсан эрх баригч та бүхний сонгон байгуулсан Засгийн газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгөөр Улсын Их Хурлын гишүүдийг хахуульдаж улмаар тэднээр дамжуулан хууль хулгайлах замаар хулгайгаа хариуцлагагүй, худал хуурмагаа үнэн болгож хүчирхийлэл, аллагыг өөгшүүлж ардчиллын үндэс болсон иргэний сонгох сонгогдох эрхийг хүртэл үгүйсгэн дарангуйллыг тогтоох эхлэлийг тавилаа” хэмээн дурдсан байна лээ.
Шударга ёсыг тогтооно, хуулийг гууль болгож байгаа эрхтэн дархтануудтай хариуцлага тооцно хэмээн иргэдийн найдаж хүлээсэн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, МАН-ын УИХ-ын гишүүд харин ч өөрсдөдөө ашигтай засварыг хуульд “сүхдэж” оруулах болсон билээ.


Саяхан Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбоотой энэ хуулийн үр дагаврын талаар хуульч Ж.Эрхэмбаатар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийнхүү тайлбарласан байна лээ.
-Захиргааны ерөнхий хуульд ямар өөрчлөлт оров, ямар сөрөг үр дагавар үүсч болох вэ гэдгийг хоёр үндсэн асуудал дээр төвлөрч харах ёстой.
Нэгдүгээрт, Засгийн газар, яам, агентлагийн даргын тушаал, шийдвэрээс эхлээд багийн Засаг даргын шийдвэрүүд, захиргааны хэргийг шүүхийн хяналтаас гаргачихлаа. Өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийг удирдахтай холбоотой даргын “дур зорго”-оор гаргах шийдвэрүүдээс эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй болж байна.
Хоёрдугаарт, олон нийтийн анхааралд төдийлөн өртөхгүй байгаа, нэн тэргүүнд онцолж ярих ёстой нэг сөрөг үр дагавар нь Засгийн газрын гадагш чиглэсэн, иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашигт нөлөөлөх аливаа шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлэх үүргээс өөрийгөө чөлөөлчихлөө. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргахдаа баримтлах үйлчилгээний стандартыг тогтоож өгсөн буюу дарга дур зоргоороо шийдвэр гаргахаас хамгаалах тогтолцоог бий болгосон юм.


Тодруулбал, аливаа гадагш чиглэсэн шийдвэр гаргахдаа тэрхүү шийдвэрийн үйлчлэлд эрх ашиг нь хөндөгдөх иргэд, ААН-үүдэд энэ талаар урьдчилан мэдэгдэх, тандалт судалгаа хийх, үр дагаврын үнэлгээ хийх, үүсч болох эрсдэлийг тооцох, сонсгох ажиллагааг заавал хийх үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн.
Ингэж гэмээнэ аливаа шийдвэрийн сөрөг үр дагаврыг бууруулах, иргэд, ААН-ийн эрх ашгийг хохироохоос хамгаалах ёстой юм. Гэтэл 3.1.7-д өөрчлөлт оруулснаар дээр дурдсан дөрвөн бүлэг асуудлаар шийдвэр гаргахдаа энэ стандартыг баримтлахгүй болчихлоо. Дур зоргоороо, гэнэтийн, тооцоо судалгаагүй шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргачихсан гэсэн үг.


Ийм хоёр сөрөг үр дагавар бий боллоо” гэсэн байна.
Өмнөхөн нь төрийн өндөрлөг гэгддэг гурван эрхэм Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг өөрийн дураар халж солих гэж шүүх засаглалын эрх мэдэлд хэрхэн халдсаныг иргэд мартаагүй байгаа. Энэ мэтээр дур зоргоор засаглаж байгаа эрх баригчидтай хариуцлага тооцох өдрийг хүлээн олон иргэд тэвчиж байгаа. Эрх мэдэлтэнд хариуцлага тооцох өдөр холгүй биз ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com