УДЭТ-ын найруулагч А.Чингүнтэй найруулан тавьж буй “Надтай үлдээч” жүжгийн бэлтгэл сургуулилтынх нь үеэр уулзаж ярилцлаа. “Надтай үлдээч” жүжиг нь УДЭТ-ын 2019 оны гурав дахь шинэ уран бүтээл болон тоглогдох бөгөөд есдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийх юм. Жүжгийн Ерөнхий найруулагчаар А.Чингүн (СТА), Зохиолч О.Элбэгтөгс, Зөвлөх найруулагч Н.Наранбаатар (Төрийн соёрхолт), Тайзны зураач Ч.Батболд, Хөгжмийн зохиолч Ж.Батдөл нар ажиллаж гол дүрүүдэд Хосбаяр-Б.Шинэбаяр (СТА), Нандин-Д.Асардарь нар тоглож байгаа юм.
-Та театрынхаа маркетингийн албанд ажиллаж бас жүжигчин хийж байсан. Харин одоо “Надтай үлдээч” жүжгийг найруулан тавихаар ажиллаж байна. Энэ драмын театрын тайзнаа тавих анхны найруулагчийн ажил нь мөн үү?
-Би СУИС-ийг УГЗ, МУАЖ Б.Мөнхдорж багшийн удирдлага дор найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн. Тэр цагаас театрт ороод тасралтгүй 10 дахь жилдээ ажиллаж байна. Эхлээд студийн жүжигчин, туслах найруулагч, пи ар менежер, тайзны засагч хүртэл хийж байлаа. Манай театр залуусаа дэмжих бодлогын хүрээнд олон ажил хийж байгаа. УДЭТ-ын уран сайхны бодлого, төлөвлөлтийн нэг хэсэг нь биднийг дэмжиж ажиллахад чиглэгдэж байна. Ер нь ямар ч жүжгийг найруулахын тулд олон шалгалт давдаг. Жишээ нь миний хувьд “Надтай үлдээч” жүжгийг найруулахын тулд театрын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран сайхны зөвлөлийн хэд хэдэн удаагийн шалгалт, шалгуурт орж байж батлуулсан. Би оюутан байхдаа янз бүрийн бүтээлд найруулагчаар ажиллаж байсан. Театртаа бол анхны жүжгээ найруулан тавихаар сургуулилт хийж байна.
-Залуу уран бүтээлчдэд энэ жүжгийг тавь гэж даалгавар өгдөггүй харин өрсөлдөж байж эрх олж авдаг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Зохиолын үг үсгээс эхлээд үзэгчдийг зөвхөн цэнгэн хөгжүүлэх бус ухааруулах, хөгжүүлэх, соён гэгээрүүлэх талаас нь бүхий л өнгө будгийг нь театрын уран сайхны зөвлөлөөр орж батлуулдаг. Миний хувьд энэ жүжгийг найруулах эрх авахын тулд зургаан сар бэлдсэн. Манай театрт над шиг мэргэжлээр төгссөн олон залуу бий. Гэтэл жүжиг найруулах боломж олно гэдэг бол цензуртэй даваа шүү дээ.
-Ямар ч бүтээл найруулагчийн үзэл санаа, дотоод ертөнцөөр дамжиж үзэгчдэд хүрдэг. “Надтай үлдээч” жүжгээрээ үзэгчдэд юу хэлэхийг хүсч байна вэ?
-Ямарваа юмыг хүн өөрт төрсөн анхны мэдрэмжээрээ хийх ёстой. Бас ямар нэг бүтээл хүний эмзэглэлээс төрдөг. Урлаг өнөөгийн үзэгчдэд бэлэн оюуны талх өгөхөөс гадна энэ нийгмийг өвчлүүлээд байгаа тэр зүйлд эмчилгээ болох, дархлаа тогтоох вакцин хийх ёстой. Үүнийг л манай театрын болон бидний нийгмийн өмнө хүлээх үүрэг гэж харж байна. Энэ нийгэм тэр чигээрээ “дайны” юм шиг тогтворгүй байдалд амьдарч байна. Энэ бол миний эмзэглэл. Нэгэн эрдэмтэн 2060 он гэхэд хайр дурлал устана. Зөвхөн эх үрийн хайр үлдэнэ гэж бичиж. Гэтэл “дайны” байдалтай ийм нийгэмд зөвхөн эрх ашиг үйлчилж хайр хүртэл тооцоолол дээр тогтож жинхэнэ хайр устаж үгүй болсоор байна. Хоёр хүн гэрлэхэд танайх юутай вэ, манай тал юутай вэ бид хоёр гэрлэвэл амьдралдаа юу худалдаж авч нэмэх вэ гэдэг л тооцоо байна шүү дээ.
Надад тэгвэл асуулт байна. Эрх ашигт суурилсан хайр дээр боссон амьдралаар хэр удаан амьдарч чадах вэ? Ийм хүмүүс аз жаргалтай байж чадах уу? Хүмүүсийн оюун сэтгэхүйд орчин цагийн сошиал ертөнц яаж нөлөөгөө үзүүлээд байна? Үүнд л би өөрийнхөөрөө хариулахыг хүссэн юм.
-Жүжгийн зохиолоо хэрхэн сонгосон бэ?
-Энэ жүжгийн зохиол бол бодит түүх. Зохиолынхоо санааг хэлээд О.Элбэгтөгс гэдэг найзаараа бичүүлсэн.
-Нийгэмд байгаа муу муухайг эргүүлээд үзэгчдэд үзүүлэх уран бүтээлч нар олон байдаг. Үүнээс та хэрхэн зайлсхийж байна вэ?
-Энэ маш зөв асуулт. Би нэг найздаа жүжгийн урилга өгдөг байлаа. Тэр ирж үздэггүй. Нэг өдөр таараад чамд урилга явуулаад байхад яагаад ирж жүжиг үздэггүй юм гэж асуутал “Амьдралаар дүүрэн драм байхад би жүжиг үзэж яах юм” гэж хариулсан. Жүжиг үздэггүй хэрнээ ийм ойлголттой үзэгчдэд тэгвэл “үзэгдэх”, нөлөөлөх хэмжээний уран бүтээл тавих нэг зорилго болох нь. Энэ бол нэг мессэж. Нийгэм хэцүү байна гээд дан цэнгэн баясуулах гээд байж болохгүй. Хүний өөрийнх нь тархиар бодуулах ажил хийх нь чухал. Хүнээр бодуулах юм хийхийн тулд түүний цаана бодох ёстой болно. Байгаа асуудлыг байгаа чигээр нь тайзан дээрээс үзэгч рүү цацчихаж хэн ч чадна шүү дээ. Тийм учраас бид залуу хүний хувьд өөр эрэлхийллийг чадах хэмжээгээрээ хийж байна. Уран сайхан гэж нэг юм байгаа шүү дээ. Сэдэв уран сайхны хэл, илэрхийлэл, өнгө будагт орж байж уран сайхны бүтээл болно. Үзэгч байгаа юмыг тэр чигээр нь тайзан дээрээс харж өөрсдийгөө шоолохыг, үзэн ядахыг хүсэхгүй. Хүн театраас жүжиг үзээд гарсан хойноо гурав хоног мартахааргүй юм бодох хэмжээний байх ёстой. Гэхдээ олон нийт ойлгох хэлээр хүргэхгүй бол хүн болгон ойлгохгүй шүү дээ. Найруулагч өөрийнхөө дотоод ертөнцийг харуулах гээд хүн бодоод ойлгохгүй юм хийж бас болохгүй. Энэ жүжигт олон өнцөг бий. Манай туршлагатай найруулагч нар надад битгий олон юм хөө гэж зөвлөгөө өгсөн. Гэхдээ залуусын олон өнгө будагтай бодит амьдралыг урлагаар дамжуулж урнаар харуулах нь л миний ажил гэж бодож байна.
-Театр залуу уран бүтээлчдээ их дэмжиж ажилладаг нь харагддаг. Үүнийг дагаад залуу үзэгчдэд зориулсан бүтээлүүд төрж байна. Жүжиг дунд насныханд зориулагддаг гэсэн үеэ өнгөрөөсөн ойлголтыг танай театр халсан. Залуу үзэгчид хэр нэмэгдэж байгаа вэ?
-Маш олноор нэмэгдэж байгаа. Ромео Жультегаас хойш улам их нэмэгдсэн. Н.Наранбаатар найруулагч энэ жүжгийн зөвлөх найруулагчаар ажиллаж байгаа. Ямар ч театрт найруулагч нарын үе гэж байдаг юм билээ. Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч театрт маш олон сонгодог, томоохон жүжгүүд тавьсан, тавьсаар ч байгаа. Одоо харин миний үеийнхэн, шинэ үеийг эхлүүлэхгүй бол болохгүй. Театр ингэж залгамж чанараараа явж үе үеийн үзэгчидтэйгээ харилцдаг. Ингэж бодоод л ажиллаж байна. Драмын театр тасрахгүй мөнхийн гурван цагийн хэлхээ дээр тогтдог.
-Найруулагч хүний нүд гэж бий. Жүжигчдийнхээ юуг голлон харж сонгосон бэ?
-Олон чанарыг нь харж сонгосон. Ер нь араншинг нь голлон харсан.
-Араншинд нь дөхүүлж дүрээ өгсөн үү эсвэл эвдсэн үү?
-Өөрт нь байдаг зан араншин. Гэхдээ хүмүүс тэр болгон олж хараагүй нуугдмал зан араншинг нь нээхийг бодсон.
-Уран бүтээлч хүн бүхэнд идеал байдаг. Чиний хувьд?
-Би Монголын л бүтээгдэхүүн. Гадаадад сурч ирээд гайхамшиг бүтээх гэж яваа залуу биш л дээ. (инээв) Миний хувьд Монголын нэгэн зуун, нэгэн жарны идеал болсон уран бүтээлчдийг бүгдийг нь л хайрлаж хүндэлдэг. Заримд нь тусалж, ард нь гүйж, хамт ажиллаж, суралцаж байснаараа бахархдаг. Хамгийн түрүүнд би Б.Мөнхдорж багшийгаа хэлнэ дээ. Багш маань намайг жүжигчнээр суралцахаар ороход найруулагч болно гээд давхар сургасан хүн. Ахмад найруулагч нарын үлдээсэн ном, өв бүтээл, үг сургаалиуд бидэнд байгаа учраас бид азтай шүү. Хүн өмнөхөө мэдэрч бас мэдэхгүйгээр гэнэт супермэн болох боломжгүй.
-Уран бүтээлч хүнд дотоод шаталт гэж байдаг. Жүжигчин, найруулагч хоёрын алинд нь илүү дуртай, түүгээрээ ажиллая гэж боддог вэ?
-Би өөрийгөө жүжигчин гэж нэг их боддоггүй. Миний замыг багш маань эхнээсээ заагаад өгсөн. Жүжигчний амбицийн тухай ч боддоггүй. Тийм бодол байсан бол аль хэдийнээ сошиалаар өөрийгөө янз янзаар сурталчилаад тоглож болох бүх л юманд тоглоод явж байх байсан. Харин миний хувьд театрт хийх ёстойгоо хийж, үзэж туулах ёстойгоо туулаад ар талд чимээгүйхэн хөдөлмөрлөөд гарах ёстой замаараа л гарна. Ер нь найруулагч хүн нууц байх ёстой. Найруулагч бүтээлээрээ л ил гарах учиртай гэж боддог. Би энэ эх орны эд эс. Энэ улсад үлдэх юм л хийхийг хүсч байна.