Монголын XX зууны нэрт эрдэмтэн, урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ыг СГЗ, зохиолч Г.Аюурзанад олгосон юм. Тус сангийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатартай уулзаж ярилцлаа.
-С.Лувсанвандан сангийн байгуулагдсан түүхээс яриагаа эхлэх үү?
-С.Лувсанвандан сан нь одоогоос 22 жилийн өмнө буюу 1997 онд байгуулагдсан түүхтэй. Монголд анхны гоо зүйн сурах бичгийг зохиож байсан хүн бол С.Лувсанвандан агсан байдаг. Урлаг соёлыг хөгжүүлэх, гоо зүйн тухай ойлголтыг дэлгэрүүлэхэд энэ хүний оруулсан хувь нэмэр асар их. Урлаг соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст гоо зүйн дээд шагнал олгох үйл ажиллагаа 2005 оноос эхэлсэн. Манай сан үүсэн байгуулагдсанаасаа хойш олон санал санаачилгыг гаргаж, нэлээд ажлыг хийж хэрэгжүүлж ирлээ. Түүний нэг нь “Гоо зүйн дээд шагнал”-ыг бий болгож уран бүтээлчдийг дэмжих ажил юм. Энэ хугацаанд есөн гоозүйн шагналтан төрлөө. Нэрлэвэл 2005 онд архитектурч Ө.Ганболд , 2006 онд уран барималч, зураач Б.Дэнзэн, 2007 онд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, 2008 онд тользүйч Л.Амарсанаа, 2010 онд Төрийн соёрхолт, АУЗ, яруу найрагч Б.Лхагвасүрэн, 2012 онд дуурийн дуучин Э.Амартүвшин, 2014 онд бүжиг дэглээч Д.Энхгэрэл, 2016 онд хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, 2019 онд зохиолч, яруу найрагч СГЗ Г.Аюурзанад сая шагналыг нь гардууллаа.
С.Лувсанвандан сангаас СУИС-д “Баримтын сан”-г байгуулж өгсөн. Аливаа баримт бол цаг хугацаа өнгөрөхөд гол эх сурвалж болдог түүхийн хамгийн үнэ цэнтэй хэсэг нь байдаг. Тиймээс ийм үнэтэй эх сурвалжуудыг хадгалж, хамгаалж үлдэх зорилгоор байгуулж өрөө танхимыг нь тохижуулж өгсөн. С.Лувсанвандан гуайн бүтээлүүдээр есөн боть хэвлэсэн. Өнгөрсөн жил дахин гурван ботийг нэмж гаргалаа.
Ер нь хүний амьдралын хамгийн эрхэм үйл хэрэг бол эцэг эх, өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжлуулан үргэлжлүүлэх байдаг. Энэ тал дээр С.Лувсанвандан гуайн хүүхдүүд олон түмэнд тустай ажлуудыг хийж хэрэгжүүлдэг гэдгийг хэлмээр байна.
Энэ ч үүднээс энэ сангийн маань ажил үйлс өөдрөг явж байна. Тухайлбал, хагас тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг сэргээн засварлах, уран бүтээлчдийг дэмжих ажил хийлээ. Баянхонгор аймгийн Богд, Өлзийт сумын сургуулиудыг дэмжиж сангаас автомашин бэлэглэж, тохижилтын тодорхой ажлуудыг хийсэн. Мөн оюутан залуучуудыг сургах, суралцахад нь дэмжих, тэтгэлэг өгөх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
-С.Лувсанвандан сан гоо зүйн дээд шагналаа одоогоор есөн хүнд олгоод байгаа юм байна. Ямар шалгуураар шагналыг олгодог вэ?
-Манайд шагналтанг тодорхойлох зөвлөл ажилладаг. Энэ багт өмнө нь сангийн шагнал хүртсэн авсан хүмүүс голчлон оролцдог. Гоо зүйн шагнал учраас мэдээж өндөр шалгуур тавьж сонгодог. Үндэсний урлаг, соёлыг хөгжүүлж, урлаг соёлын салбарт шинэчлэл хийсэн, орчин үеийн гоо сайхан, технологийн ололтыг нэвтрүүлсэн, үйлдвэрлэл, бизнесийн гоо зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгодог шагнал.
Тухайлбал, зохиолч Г.Аюурзана Монголын уран зохиолын өвийг шинээр харж цэгнэсэн, Монголын сонгомол яруу найраг, өгүүллэг, туужийн антологууд, шинэ үеийн номын сан цуврал 10 ботийг санаачлан эрхлэн хэвлүүлж, дэлхийн сонгомол яруу найраг, өгүүллэгүүд, өвөрмөц сэтгэгч зохиолчдын оюуны сор болсон бүтээлүүдийг орчуулж, үндэсний уран зохиол дахь гоо зүйн үнэлэмжийг орчин үеийн түвшинд хүргэсэн зэрэг үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, түүнд “Гоо зүйн дээд шагнал”-ыг олголоо. Манай сан цаашдаа ч зөвхөн урлаг уран сайхны салбараар хязгаарлахгүй бусад салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст ч олгодог байх нь зөв гэж үзэж байгаа.
-С.Лувсанвандан сангийн дэргэд уран зургийн галерей ажилладаг юм байна. Энэ галерейн үйл ажиллагааны тухай танилцуулаач?
-Сангийн дэргэд Лувсанвандан галерей ажилладаг. Энэ галарейн гол чиглэл нь залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Галерей зураач нараас сар бүр үндсэн ажилтнаар авч цалинжуулан ажиллах нөхцөл бололцоогоор хангадаг. Үүнийхээ үр дүнд үзэсгэлэнгээ гаргасан зураач нар бий. Зураач нарын бүтээлээр цомог гаргаж, ахмад уран бүтээлчдийн бүтээлийг худалдан авч дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллаж байна.
-Та уран бүтээлийн салбарт ажиллаж байсан хүн. Гоо зүй гэж таныхаар юуг хэлэх вэ?
-Энэ ертөнц дэх энгийн гэж бодсон бүх юмст гоо зүй байдаг. Энэ ертөнцийг ер нь гоо зүй аварна гэдэг дээ. Сайхныг хардаг, сонсдог, боддог хүн муугаас зайлж явдаг. Нийгэм их бухимдалтай, хар бараан байгаа нь сайн сайхан нь дутаад байгаа хэрэг. Сайн сайхан юмс энэ хорвоод элбэг шүү дээ. Түүнийг олж харах мэлмийгээ тунгалаг байлгах нь чухал. Бусдаар дан муу муухайгаас бүрдчихсэн юм гэж байхгүй. Гол нь хэрхэн харж, хүлээж авахаас л шалтгаална. Олон нийтийн сүлжээнд хүртэл сайн сайхныг түгээх, зам дээр ч гэсэн хүлээцтэй нэгэндээ зам тавьж өгөх гээд хүн өөрөө сайхныг бий болгох бүрэн боломжтой. Сайнаас сайн, сайхнаас сайхан зүйл л төрнө.