Драмын театрт хүмүүс яах гэж очдог вэ? Жүжиг үзэх гэж. Жүжиг үзэж яадаг юм бэ? Ердөө л таашаал авах гэж. Бусдаар жүжиг үзээд мэдлэгтэй болохгүй, ухаантай ч болохгүй. Үзэгч цэвэр сэтгэлээ ажиллуулдаг гэсэн үг. Тиймээс сайн жүжиг, муу жүжиг гэх дүгнэлт бол тухайн үзэгчийн таашаал мэдрэмж хэр байснаас өөрөөр хэлбэл хүртэхүйхээс хамаарна. Улсын драмын эрдмийн театрын 2019 оны гурав дахь шинэ уран бүтээл “Надтай үлдээч” жүжиг эдгээр өдрүүдэд тавигдаж байна. Энэ жүжгийн тухай урлаг утга зохиол сонирхогч хэн бүхэн хэдэн үг хэлэх учиртай. Учир нь “Надтай үлдээч” олон анхны зүйлс бий. Найруулагч СТА А.Чингүний драмын тайзан дээрх анхны ажил мөн жүжигчин Д.Асардарийн анхны гол дүр. Театр залуу уран бүтээлчдээрээ дамжуулан залуу үзэгчдээ сүүлийн жилүүдэд эрчимтэй татаж байгаа. Энэ үнэхээр сайн хэрэг. Зөвхөн настнууд л жүжиг үзэж, зохиолын дуу сонсдог гэдэг хандлагыг Драмын театр өөрчилж чадаж байгаа нь нийгэмдээ авчирч буй том дэвшил. Театр үүргээ гүйцэтгэж байна гэж дүгнэвэл зохилтой. Тиймээс орчин үеийн дэвшилтэт сошиал медиаг идэвхтэй ашиглаж сурталчилгаагаа түгээдэг. Тун нь хэтэрчихгүй бол тэд үзэгчдэдээ нэг үеэ бодвол хүрдэг болсон. Жүжгийн талаарх сэтгэгдлүүдийг ч тэндээс харах боломжтой болсон тул театр хаа яваагаа мэдэрч жолоо цулбуураа хааш нь залахаа тэндээс хардаг байх.
Зохиол & Найруулагч
Хэзээнээсээ найруулагч нарын гомдоллодог сэдэв нь сайн зохиол алга гэдэг үглэл. Хэрвээ найруулагч агуу надад тэнцэх зохиол алга гэж хэлж байгаа бол “Уучлаарай” гэж хэлмээр байна. Учир нь дэлхийгээр дүүрэн зохиол бий. Дэлгүүрээр дүүрэн ном байдаг болсон. Тэднээс өөрийнхөөрөө сонгох, жүжиг болгон тавих ухаан, хөдөлмөр хоёр л одоо цагийн найруулагчид дутдаг мэт. Зохиолгүй юм энэ дэлхийд үгүй. Харин түүнийг найруулах найруулагчийн ур л дутдаг мэт санагддагаа нуух юун. “Надтай үлдээч” жүжгийн найруулагч А.Чингүн өөрийнхөө олж харсан нэг санаагаар жүжгийнхээ зохиолыг бичүүлсэн гэдгээ хэлж байсан. Түүний хэлсэн санааг О.Элбэгтөгс бичжээ. Тиймээс үндсэн зохиол нь ямрыг мэдэхэд хэцүү. Харин тайзан дээр тавигдсан жүжгийн зохиол маш муу байв. Гэхдээ ямар ч сайн зохиолыг муу тавилаа ч зохиол цаанаасаа “үнэртэж” байдаг нууцтай. Тиймээс О.Элбэгтөгсийн зохиолыг муу байсан гээд дүгнэчхэд хилсдэхгүй. Найруулагч зохиолоо захиалж бичүүлсэн нь хамгийн том алдаа. Өөрөө бичсэнээс ялгаагүй гэсэн үг. Харин түүний оронд маш сайн зохиолыг сонгож аваад түүнээсээ давах түүнийг жүжиг хэлбэрээр үзэх боломжийг эрэлхийлсэн бол илүү сайн бүтээл төрж магад. Ерөнхийдөө театр өмнө нь тавьж байсан Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз”, Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас” зэрэг жүжгүүдээс зохиол нь муу хэрнээ хайрын агуулга нь нэг. Хайрын сэдэвтэй төстэй нэртэй олон жүжиг тавихад зохиолын өгүүлэмж, найруулагчийн тавилтаараа ялгарна. Сүүлийн үеийн театрт тавигдсан залуусын хайрын сэдэвтэй жүжгүүд нэг нэгнээ давтсан шинжинд орж хооронд нь ялгахад хэцүүхэн болж байгааг энд хэлье.
“Надтай үлдээч” жүжгийн зохиолд шинэ юм түй ч байхгүй гэхэд болно. Хайр гэтэл хүний дотоод сэтгэлийн олон хөгийг агуулдаг, мөн чанарыг ухаж төнхөж зовоож жаргаадаг өгүүлшгүй олон салаа мөчиртэй мод лугаа адил. Хайр бол юу ч байж болно. Дурлах, сэтгэл алдрах, нуух, үзэн ядах, зогсоож чадахгүйгээр тэмүүлэх, бүхнийгээ золих, урвах бүр өшөөгөө авах, үхэх хүртэл....
Гэтэл хайр бол зөвхөн гэгээн, романтик байх ёстой гэсэн ганцхан шугамаар жүжиг тавигдав. Хайр яагаад гайхамшигтай гэвэл хүний сэтгэлээс гарч болох зүйрлэшгүй олон хувирал шинжийг агуулж хүмүүсийг өөрчлөх хүчтэй учраас л тэр. Жүжгийн гол агуулга нь өнөөх л хэвшил болсон мөнгөний төлөөх хуурамч хайр буюу хоёр өрөө байрыг нь авахын тулд хайртай болж жүжиглэсэн Анужин, гэнэт таараад салж чадахаа байчихдаг буюу шоудаад Хосоогийнд сэрж буй Нандин гурав. Хаа сайгүй байдаг хайрын гурвалжинг хэн ч зохиож чадна. Мэдээж Хосоо Нандин хоёр нийлэхэд Анужин саад хийнэ. Түүнээс гадна жижиг саад бэрхшээл тулгарна. Эцэст нь эвлэрээд хар нь хараараа, цагаан нь цагаанаараа ялгараад “үлгэр амар сайхандаа жаргаж” төгсөнө. Товчхондоо жүжгийн агуулга ийм. Найруулагч А.Чингүн “энэ бол бүхэлдээ хайрын эрх чөлөөний тухай жүжиг” гэж мэдэгдэж байсан.
Харин тэр хайрын эрх чөлөө нь хаана байв аа? Нандин хэмээх бүсгүй дурласан залуу Хосоог нь зөв ойлгож өөрийг нь гэрийн хорионоос гаргасан нь хайрын эрх чөлөө юү? Эсвэл өөрийг нь бүтэн хоёр жил хуурсан Анужин болон түүний залууд зүгээр л байрны түлхүүрээ өгч орхисон нь хайрын эрх чөлөө юм уу? Найруулагчийнхаар хайрын эрх чөлөө юу ч байж болно. Гэхдээ тэрхүү гол санааны зангилаагаа жүжгийн хэн, хаана тайлсан нь бүрхэгдэж алга болов. Жүжиг тэр чигтээ залууст зориулсан тэдэнд юм бодогдуулахад чиглэсэн.
Мэдээж ойлгож байна. Тэдэнд хүрэхийн тулд тэдний хэлээр ярьж таарах байх. Гэхдээ тайзны гэмээргүй тэнэгдүү, болхи үг хэллэг, оновчгүй зүйрлэл нь жүжгийг үзэгчдээ чирэх биш үзэгчдэдээ “тааруулсан” мэт. Дунд насныхны нүдээр харвал өнөөгийн залуус ямар ядмаг хэлээр ойлголцож, ямар ч хөнгөн хийсвэр сэтгэдэг юм бэ гэмээр.
Магадгүй энэ нь найруулагчийн нэг “арга” байх. Найруулагч зохиолдоо биш найруулахдаа л хамаг анхаарлаа тавьсан нь илт. Тиймээс шинэ юм юу ч үгүй зохиолыг шинэлэг хэлбэрээр илэрхийлэхэд тайзны аргаар “бөмбөгдсөн нь” илт.
Худал хуурмагаар дүүрэн бузар муухайгийн жишээ сошиал медиа хосын хайр дурлалыг хэрхэн сүйтгэж байгааг тун ядарсан аргаар үзүүлэв. Сүртэй хөгжим чимээ, чих толгой эргүүлсэн дуу шуугиан гуаглан дэвэх хэрээ шувууд. Цочмоор бас залхмаар. Дунд сургуулийн урлагийн үзлэгээс муу талын баатруудыг харуулсан ийм үзүүлбэрийг олонтоо үзэж болох юм шүү. Найруулагчийн хувьд их хичээж хөдөлмөрлөсөн нь харагдаж байлаа. Гэхдээ үг хэллэг, үйлдэл, монолог гээд хүний сэтгэлийн уг руу ёг хийн ордог гол хэсгүүд дээрээ ажиллаагүй мэт санагдана. Ерөнхийд нь харах юм бол жүжгийн гол шугам, дуу, тайз гэх зэргээр багтайгаа хамтрах, жүжигчидтэйгээ тулж ажиллахдаа сайн найруулагч төрж байгаа юм байна. Харин хүний сэтгэлээс хүний сэтгэл рүү ямар уургаар ямар өгөөш шидэхээ одоохондоо ойлгоогүй яваа нь залуу хүний л “алдаа” биз. Эцэст нь нуршихад жүжигт гол санаагаа часхийтэл хэлчихгүй орооцолдуулаад хэтэрхий олон шугам хөөгөөд мохоо болчихсон тал бий.
Дүрүүд
Хосбаяр хэмээх гол дүрд СТА Б.Шинэбаяр тоглосон. Тэр өсч яваа сайн жүжигчин. Гэхдээ театрын гол дүр бүхнийг түүнээс харахаас одоо жаахан залхаад байх шиг. Ихэнхдээ эерэг дүрд тоглодог учраас түүнд нүүр хувиргалт бараг хийдэггүй. Тиймээс энэ жүжигчний тайз дэлгэцэн дэх олон дүрүүдийг хооронд нь ялгахад төвөгтэй болж байна. Хосбаярын дүрд тэр үүргээ сайн гүйцэтгэсэн. Ер нь тэр ажлаа сайн хийдэг. Гэхдээ дүрдээ бүр автаж орж нэг хүн болох тал дээр сул жүжигчин. Магадгүй тэр айдаг юм шиг санагддаг. Ямар нэгэн дүрийн амьдралаар амьдрах нь хүний бие махбод, сэтгэл санааны хувьд хэцүү. Гэхдээ агуу Ардын жүжигчин Л.Жамсранжав шиг дүрээрээ амьдарч, тайзнаас буухдаа түүнийгээ “тайлж тавьж” чаддаг гайхамшигтай жүжигчинтэй түүнийг харьцуулж бодох нь хэт эртэдсэн хэрэг байх. Харин Хосбаярын дүр бол манай өнөөгийн нийгмийн нийтлэг төрх мөнөөсөө мөн. Ямар ч насных байсан монгол эрчүүд сул дорой, өөрийн гэсэн толгойгүй, өрсөлдөх тэнхэлгүй, хайртай хүнийхээ төлөө золиосгүй, ямар нэг шийдвэр гаргах зориггүй болсон цаг. Хосбаяр бол тийм л залуу. Эцэг эхийнхээ байранд шигдэж, өөрөө ирсэн эмэгтэйг хүлээн аваад энэ л миний хайр юм байна гээд хүлээн зөвшөөрчихдөг залуусын нэг. Тиймээс тэр Анужинд ашиглуулсан. Хамт байсандаа түүнтэй ямар нэгэн холбоотой гэж итгэсэндээ л тэр үргэлж бууж өгсөөр байдаг. Тэр өөрөө Анужин намайг хүүхэдтэй болъё гэхэд “үлбэгэр сулбагар, унжгар улцгар... чи ер нь эцэг болж чадахгүй” гэдэг гэж Нандинд гомдоллодог. Найруулагч Хосбаяраар өнөөгийн эрчүүдийг өөрсдөд шууд шулуухан харуулсан дүр нь энэ байв.
Жүжигчин Д.Асардарь буюу жүжгийн Нандин. Нээлттэй, цайлган цагаан охин. Үүнээс цааш түүнийг тодорхойлоход үг олдохгүй. Гэхдээ яг хэн бэ гэдэг нь тун бүдэг. Хосоогоос ч тодорхойгүй дүрийг үзэгчдэд “өгөв”. Анхны гол дүрээ бүтээх гэж гурван сар хөдөлмөрлөсөн жүжигчин Д.Асардарь дүрээ гадна талаас нь өөрийн гоо үзэсгэлэн бүжгийн эвслээрээ сайтар харуулсан ч дотор хүнийг нь “нуучхав”. Өөрөөр хэлбэл зүгээр л нэг өрнөсөн хөвөрсөн үйл явдлын дунд “дэрвэсэн” нэг охин. Жүжиглэхээ тэр сайн хийсэн. Харин анхных тул дүр бүтээхэд одоохондоо сайн суралцаагүй байх. Ямартаа ч түүнд амжилт хүсье. Учир нь 10 гаруй тоглолтын дараа тэр огтхон ч цуцаагүй хөнгөхөн ажиллаж байсан юм.
Уг жүжигт МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА О.Гэрэлсүх, СТА Ц.Баясгалан, СТА М.Тогтохжаргал СТА Э.Тодгэрэл, Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид ажилласныг дурдах хэрэгтэй. Драмын театрт тавигддаг жүжгүүдэд Б.Шинэбаяр гоцолж, Э.Тодгэрэл дагалддаг нэг дүр зургаасаа энэ удаа бас л салсангүй. Амьдрал дээр найзууд, ажил дээр хамтрагч нарыг тайзан дээр бас л хамтдаа харах нь таатай биш. Э.Тодгэрэл бол өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй “тод” жүжигчин. Түүнд содон дүр гойд тохирдог. Тэр дундаас сошиал медиа гэгчийг ч мэдэхгүй үнэнээрээ амьдарч, үнэнээрээ хайрладаг Цэцэгийн дүрийг бүтээсэн жүжигчин СТА Ц.Баясгалан шигтгээ мэт гялалзаж дүрээ үзэгчдэд хүргэв. Тэр хэрхэн дүр бүтээхээ маш сайн мэддэг, чадварлаг гэдгээ дахин мэдрүүлэв.
Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТеатрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатар, тайзны зураач СТА Ч.Батболд, хувцасны дизайнер СТА Д.Мягмарсүрэн, Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээчээ СТА Х.Хашхүү, Хөгжмийн зохиолч Ж.Батдөл, дууны найруулагч СТА Я.Батсайхан нар ажилласан. Тайз, гэрэл, хувцасны хувьд өөлөх юмгүй болсон Драмын театр.
“Надтай үлдээч” жүжгийн тайз гол санаагаа оновчтой илэрхийлсэн мөн хувцсыг онцгойлон хэлэх хэрэгтэй. Дүрүүдийн “хэн бэ”, “ямар араншинтай хүн бэ” гэдгийг нүдэн дээр зурсан маш сайн ажил байв. Дууны найруулгын хувьд La la land soundtrack зэргийг ашигласан мөн дууг дуучин Ука дуулсан нь залуусыг хуйлруулах нэг шалтгаан байв.