Үнэхээр л хүн үхтэлээ дурлаж чаддаг юм болов уу? Хайр сэтгэлээс болж амиа өгөх нь гэм нүгэл үү эсвэл ариун хэрэг үү?
Бүх цаг үеийн хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсэн “Жизель” балетийг ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин үүрээр нас барсан гунигт түүхийг өгүүлдэг Виктор Гюгогийн “Фантомууд” хэмээх найраглалаас хэсэглэн авч бичсэн юм. Өнөөг хүртэл дэлхийн олон оронд өөр өөр тавилтаар тоглогдож буй гайхалтай сонгодог бүтээл аж.
Францын зохиолч, яруу найрагч, театрын шүүмжлэгч Т.Готтье нэг удаа Г.Гейнегийн номыг уншиж суутал гайхалтай сайхан санаа толгойд нь орж иржээ. Тэрээр хожим нь Гейнед хандан “Эрхэм Гейне таны “Германы тухай” гэсэн гайхамшигтай сайхан номын хуудсыг эргүүлж суугаад Граце ба Рейн мөрний эрэг хавийн өтгөн манан, сарны гэрэл зэрэг үзэгдлүүд болон цагаан хувцастай эльфүүд, усны дагинас, бүжиглэх хүслэнд автсан виллисүүдийн талаар бичсэн сэтгэл догдлом хэсгүүдийг олж уншлаа. Тэгээд би үүгээр чинь хачин сайхан балет хийж болох юм байна гэж дуу алдсан билээ” гэжээ. Ийнхүү “Жизель” балетын сэдэв санаа урган гарчээ. Түүнд жүжгийн цомнол болгон бичихэд зохиолч Ж.Сен-Жорж тусалсан.
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараа 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тоглож байсан. 1884 оноос Marius Petipa-гийн дэглэлт илүү өргөн хүрээтэй, дээд зэрэглэлийн болсон бөгөөд өнөөгийн бидний үзэж буй алдарт хувилбар юм. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулжээ.
Монголд анх удаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд ОХУ-ын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэн тавьсан байна. Хөгжмийн ерөнхий удирдаачаар ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, тайзны зураачаар А.Морозов, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх нар ажиллаж байв. Ардын жүжигчин Ю.Оюун Жизелийн дүрийг бүтээж байсан бол, Альберт гүнийг залуу жүжигчин О.Батсайхан, Гансыг залуу жүжигчин Д.Батхүрэл, Миртагийн дүрийг жүжигчин Б.Энхээ нар бүтээж байжээ.
Түүнчлэн энэ сарын 26-27 өдрүүдэд УДБЭТ-т “Жизель” балетын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Балетын анхны болон 40 жилийн турш гоцлон бүжиглэсэн бүжигчид, хөгжимчид болон уран бүтээлийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан ажиллаж байна. Тус балет нь дэлхийн сонгодог балетын оргил билээ. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид жинхэнэ сонгодог балетчин болж чаддаг гэж мэргэжлийнхэн үздэг.
“Жизель” жүжгийн хэсгээс
Усан үзмийн тариалан, түнэр шугуйн завсарт эгэл жирийн хүмүүсийн аз жаргалаар бялхсан бяцхан тосгон байдаг. Ядуу тариачны охин Жизель тариачны дүрд хувирсан гүн Альбертад чин сэтгэлээс дурласан байлаа. Охин ойд цэцэг түүж яваад ан хийхээр ирсэн хааны ханхүүтэй учирч, тэд хайр сэтгэлтэй болжээ. Ханхүү Альберт охинд үргэлж цэцэг бэлэглэдэг байв. Тэр ойн нэгэн гацаанд байшин хөлслөн амьдардаг байсан тул Жизель дурлалт залуугаа язгууртан гэдгийг мэддэггүй байлаа. Харамсалтай нь, тэдний үлгэрийн юм шиг аз жаргалтай өдрүүд удаан үргэлжилсэнгүй. Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн цагдаа Ганс түүний хайртай залуу Альбертыг тариачны хувцас өмссөн язгууртан гэдгийг илчилснээр бүх зүйл өөрчлөгдлөө.
Жизель хайртай хүнийхээ худал хуурмагт гомдон, сэтгэлээр унаж шаналсаар ухаан санаа нь самуурч, эцэстээ амьсгал хураажээ.
Уй гашуу, ганцаардлын туйлд хүрч, хүний биеийг орхин одсон охин дээр сүнсний хатан ирж, түүнийг цэцгээр илбэджээ. Ингээд Жизель бүтэлгүй хайр дурлалаасаа болж өөр ертөнцийнх болсон охидын сүнстэй шөнө бүр бүжиглэдэг болов.
Нэгэн өдөр ханхүү охины булшин дээр ирж, толгой гудайлган суулаа. Тэр маш их харамсал тээсэн нь илт. Жизелийн сүнс түүнтэй бүжиглэхийг хүсч байлаа. Тэд бүжиглэв. Шөнөжин бүжлээ. Үүр цайх үед дурлалт хоёр бие биенээсээ хагацаж ядсаар бүсгүйн сүнс булшиндаа оров. Гэтэл дараагийн шөнө нь охинд сэтгэлтэй байсан ойн цагдаа Ганс Жизелийн булшин дээр цэцэгтэй иржээ. Тэр бас л гунигтай. Ойн цагдааг гэнэт охидын сүнс тойрон бүчиж, түүнээс хэн нэгний хариуг авах мэт хаашаа явуулахгүй хашсаар хавцал руу түлхэн унагаав.
Удалгүй гүн Альберт дахиад Жизелийн сүнстэй уулзахаар ирсэн байлаа. Охидын сүнс энэ удаа түүнийг зүгээр явуулахыг хүссэнгүй. Жизель хайртай залуутайгаа яг л амьд мэт, хамт мэт мэдрэмжийг амсч байх мөчид сүнсний хатны ятгалгаар охидын сүнс Альберт гүнг хавцал руу бүчин унагааж дөнгөв. Тэд охидын хайр сэтгэлээр тоглосон хуурамч эрийг залхаан цээрлүүлж, хариугаа авахыг хүсчээ.
А.Аданы хоёр бүлэгт “Жизель” хэмээх бүжгэн жүжгийн нэгдүгээр бүлэгт тариачин бүсгvй Жизель хараа булаам сайхан залуу Альбертад дурлаж, тэд хамтдаа бүжиглэнэ. Гэхдээ энэ жаргал нь үүрдийнх бус зуурдынх байсныг хэн ч мэдэхгүй. Гэтэл Жизельд сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс Альбертийн гэрт нууцаар орж, түүнийг язгууртан угсааны хүн болохыг мэднэ. Ганс Жизелийг хууртаж байгааг нотлохын тулд Альбертын гэрээс сэлмийг нь хулгайлна. Энэ үед дурлалт хосууд бүжин наадаж, нэг нэгнээсээ хагацаж үл чадна.Ан хийж явсан язгууртан ноёд тосгонд ирлээ. Тэдний дунд Альбертийн сүйт бүсгүй Батильда байв. Гэтэл ойн захирагч Ганс цугласан олонд Альбертийн үнэн төрхийг хэлж, сэлмийг харуулахад Жизель үл итгэнэ. Жизель ганцхан Альбертийн үгэнд л итгэв. Гэсэн хэдий ч Альбертийн сүйт бүсгүй Батильда Жизелийн гэрээс гарч ирэн Альберт дээр очиж, Жизельд өөрийгөө Альбертийн сүйт бүсгүй болохыг хэлнэ. Хайртай залуугийнхаа үнэн төрхийг мэдсэн хөөрхий тариачин охин солиорсон мэт бүжиглэж, улмаар зүрх нь өвдөж нас барна. Альберт Жизелийн гарыг атгасаар хөшиг хаагдаж нэгдүгээр бүлэг дууслаа.
Хоёрдугаар бүлэг эхлэхэд шөнийн харанхуйд ойн захирагч Ганс Жизелийн булшин дээр ирнэ. Гэтэл хуримын хувцас өмссөн, цэцгэн эрхтэй үзэсгэлэнтэй хэрнээ сэтгэл сэртхийм сүнсүүд гарч ирэн Гансыг өршөөлгүй хатуу их сүнс Миртагийн зарлигаар түүнийг сүнснүүд тойрон бүжиж амийг нь авч одно. Альберт хайрт бүсгүйгээ эргэн ирж булшин дээр нь баглаа дүүрэн цэцэгс тавин харуусч суухад гэнэт хаа нэгтээгээс Жизелийн үзэсгэлэнт царай харагдах шиг болно. Альберт дахин Жизелийн царайг харахыг хүснэ. Гэтэл их сүнс Мирта болон түүний бусад сүнснүүд дахин гарч ирэн Альбертийг тойрон бүжиж амийг нь авах гэтэл үзэсгэлэнт бvсгvй Жизелийн сүнс гарч ирэн хайртай залуугийнхаа аз жаргал, сайн сайхны төлөө сvнснvvдтэй тэмцсээр үүр цайж нар мандана. Нар мандах тэр мөчид Жизелийн сүнс эргээд булшиндаа орж хайрт залуу Альберттай дахин хэзээ ч уулзахааргүй хагацна.
Мөн ойн хүрээнд УДБЭТ-ын уран бүтээлчид БНСУ-ын Сөүл хотноо Солонгосын бүжигчидтэй хамтарч “Жизель” балетыг тоглохоор бэлтгэлдээ ороод байна.
Б.Мөнхбайгаль