Дуу авианы засалч Л.Маандаатай уулзаж ярилцлаа.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
- Миний жинхэнэ нэр Мандуухай. Түүхийн багш мэргэжилтэй. Багаасаа сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Энэ мэргэжлээрээ магистрт хүртэл сурсан. Гэхдээ мэргэжлүүдээрээ ажиллаагүй. Төгсөөд л бясалгал, хөгжим, цагаан хоол гээд явчихсан л даа.
-Анх бясалгах болсон шалтгаан нь юу байв?
-Би багаасаа л дотогшоо, бясалгангуй хүүхэд байсан. Өсвөр насандаа өөрийгөө их хайж эхэлсэн юм билээ. Ер нь мэдрэмтгий зөн билэг ихтэй хүүхэд байсан. Ошо-гийн болон амьдралын утга учрын тухай номнууд уншихаар бясалгал гэдэг үг тааралддаг байлаа. Тэгээд бясалгалыг таньж мэдэх хэрэгтэй юм байна, бясалгах хэрэгтэй юм байна гэж ойлгоод оролдож эхэлсэн. Насанд хүрээд тэр бүхнийхээ зангилааг тайлахын тулд хамгийн анх 20 настайдаа үүргэвчээ үүрээд тайга руу явж байсан.
-Гэнэт явмаар санагдсан юм уу, тэнд тэгээд ямар байв?
-Хөвсгөлийн баруун тайгын цаатнууд дээр очсон. Автобус, машин дамжиж суугаад очсон л доо. Үнэхээр гайхалтай санагдсан. Тайгын айл маань найрсаг таатай хүлээж авсан. Тайгад бөө бөөлөхийг хараад урцанд амьдарч байгаад ирсэн. Энэ бол миний амьдралдаа хийсэн богинохон аялал хэрнээ маш чухал алхам болсон. Тэндээс ирэхдээ зөн мэдрэмжээ илүү их хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон.
-Бясалгахын тулд цагаан хоол идэж эхэлсэн юм уу?
-Өмнө нь бясалгаж үзээгүй учраас илүү хүчтэй мэдрэмжийг авах, бие махбодоо бэлдэхийн тулд эхлээд цагаан хоол идсэн. Хэрвээ би бясалгахгүй байвал бусад хүмүүстэй яг адилхан нэгэн хэвийн амьдралаар амьдрах нь тодорхой. Тэгээд өрөөгөө бясалгалын өрөө болгоод бясалгасан. Өөр оршихуйд орох нь надад маш их таалагдсан.
-Хэдэн жил бясалгаж байна вэ?
-Таван жил гаруй бясалгасан байна.
-Мэдээж өөрчлөлтүүд ирсэн байх?
-Маш хурдан өөрчлөгдөж байгаагаа мэдэрсэн. Хүн бясалгахаар нүдний харц хүртэл зөөлрөөд өөрчлөгдөж эхэлдэг. Хамгийн сонин нь хүн өөртөө маш их дургүй байдаг юм билээ. Би бараг өөрийгөө үзэн яддаг юм байна гэдгээ ойлгосон. Өөртэйгөө нүүр тулаад өөрийгөө бага багаар хайрлаад эхлэхээр өөр бусад хүмүүсийг хайрлаад өмнөх зөрчилдөөнүүд хүртэл арилсан. Найзархаг сайхан харилцаанууд үүсээд эхэлсэн.
-Бясалгаад өөртэйгөө нүүр тулсан чинь чи ямар хүн байх юм?
-Би уг нь их нийтэч, бүтээлч хүн байсныгаа маш их дардаг байснаа мэдсэн. Бясалгаад шүлэг бичих, дуулах, хөгжим тоглох бүтээлч хандлагуудаа эргэн олж авсан.
-Тэгээд урлаг руу орсон уу?
-Би яаж бясалгавал илүү гүн транс байдалд ордог юм бол гээд ажиглахаар дуу авиа, хөгжмөөс л өөр ертөнцөд очсон юм шиг мэдрэмж авч байсан. Манай ээж аав Москвад амьдардаг л даа. Би Москва яваад бясалгалын сургалтад сууж, олон улсын бясалгалын багш нартай танилцсан. Цоо шинэ өөр юм л хайгаад явж байтал Энэтхэгээс гаралтай гоё дуугардаг хөгжим олж сонссон. Оросоос бясалгалын хөгжмүүдээ олж аваад өөрөө тоглож сурсан.
-Чиний тоглодог хөгжмийн зэмсгүүд ямар нэртэй юм бэ?
-Бөмбөгөр хэлбэртэй гуулин зэмсэг нь habi drum. Урт хулсан зэмсгийг нь “Бороон дусал” гэдэг. Дотроо үр тариатай тэр нь гулсаад маш гоё дуу авиа гаргадаг. Мөн Гонг гээд харанга шиг хөгжмөө бясалгалдаа түлхүү тоглодог.
-Энэ хөгжмүүдээ тоглоод хэр удаж байгаа вэ? Сонсгол, мэдрэмжээрээ л тоглодог юм байна, тийм үү?
-Тоглоод гурван жил болж байна. Сонсголоороо өөрөө баяжуулаад тоглодог. Нотоор биш үелзлэлээрээ дуу авиаг удаан барьдаг учраас өөрөө тохируулаад тоглоно гэсэн үг л дээ.
-Хүмүүст бясалгал заадаг гэл үү?
-Өөрөө гоё сайхныг нь мэдрэхээр хүмүүстэй үүнээсээ хуваалцъя гэдэг үүднээсээ зааж эхэлсэн. Хөгжим сонсонгоо бясалгаж яагаад болохгүй гэж гээд йогийн төвүүдээр сайн дураараа очиж хичээл заадаг байсан.
-Одоо хаана зааж байгаа вэ?
-Хүмүүст таниулах ажлаа хийж байгаа. Нэг заал нээчхээд хүмүүсийг хүлээгээд суугаад байж болохгүй шүү дээ. Янз бүрийн төслүүдэд оролцдог. Хүмүүс орой ажлаа тараад 45 минутыг хөгжимтэй бясалгавал маш сайхан стрессээ тайлж, энергиэ цэвэрлэнэ.
-Цагаан хоол идсээр л байгаа юу?
-Гурван жил тасралтгүй идсэн. Одоо бол уур амьсгалдаа тааруулаад зохицуулж хооллодог.
-Биед чинь өөрчлөлт гарсан уу?
-Хүний таван мэдрэхүй илт сэргэдэг. Оюун санаа, нойр сэргэг, энерги зөөлөн, хүний байгаа байдал арай тунгалаг тал руугаа болдог юм байна гэж ойлгосон. Ажиглах мэдрэмжээ энэ тунгалаг байдлаа ашиглан илүү ажиллуулбал үр дүнтэй. Уур уцаар багасаад ирэхээр хүн их найрсаг болдог.
-Гэтэл цагаан хоол болон махны тухай туйлширсан үзэл их байдаг шүү дээ...?
-Надад ямар нэг зүйлийн хувьд ямар ч изм байхгүй. Хүн тухайн уур амьсгал болоод нутаг, байгальтайгаа зохицоод амьдрахад л болно гэж боддог. Байгальтай л илүү ойр байхыг эрхэмлэдэг.
-Хүмүүс йог, бясалгалаар хичээллэхээр “Би яг ямар болох вэ” гэж үр дүн хүсэх нь элбэг. Хүн яагаад бясалгах хэрэгтэй вэ?
-Хүн төрснөөсөө хойш л ижил замналаар явж, бүгд нь ижил загвартай байхыг шаарддаг хорвоо ертөнцөд бид амьдарч байгаа юм шиг санагддаг. Маш цөөхөн хүн өөрийнхөө дотоод мэдрэмжийг зоригтой илэрхийлдэг бол ихэнх нь нийгмийн хайрцганд амьдардаг. Тэгвэл бясалгаснаар дотоод эрх чөлөөгөө олно. Хүн өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө илүү нөөц боломжийг нээнэ гэж хэлмээр байна.
-Чи юуны төлөө амьдарч байгаа билээ гэдгээ бодож байсан уу?
-Миний явж байгаа зам бол гэгээрэл ч юм уу энэ амьдралаас дээгүүрх зүйл биш. Хийж байгаа бүхнээсээ сэтгэл ханамжийг авч энэ амьдралдаа илүү уусдаг мэдрэмжийг авдаг болсон нь хангалттай. Агшин хором бүртээ уусах.
-Чинийхээр аз жаргал гэж юу вэ?
-Хайртай дотны хүмүүсээ жаргалтай байгааг харах. Тэр аз жаргалыг бэлэглэж чадахын тулд өөрөө жаргалтай байх.
-Гэхдээ бусад хүмүүсийн ааш араншингаас болоод өдөр бүр аз жаргалтай байх боломж тэр бүр олддоггүй. Тэр тохиолдолд яадаг вэ?
-Багаасаа л тийм мэдрэмжүүдийг авсаар ирсэн. Намайг “их сонин, өөр” гэдэг нүдээр харах тохиолдол их байсан. Хүмүүсийн хандлагад тавгүйтдэг үеэ одоо давчихсан. (инээв) Одоо бол заавал тэр хүнд хүлээн зөвшөөрөгдөх гээд байдаггүй.
-Өдрийн хэдэн цагийг хүмүүстэй, хэдэн цагийг ганцаараа өнгөрөөдөг вэ?
-Хүмүүстэй байх албан ёсны цагаасаа бусад цагийг өөртөө зарцуулах дуртай шүү.
-Ганцаараа байх юу нь гоё вэ?
-Хэн ч намайг зааж захирахгүй, загнахгүй. (инээв) Ганцаараа байхад шинэ санаанууд орж ирэх зэргээр илүү төвлөрдөг. Ганцаараа байхдаа ном уншина, хөгжмөө тоглоно, бясалгана.
-Чи яагаад гэр бүлээсээ ганцаараа Монголд амьдардаг юм бэ?
-Монгол бол залуус бидний хувьд өөрийн гэсэн орон зайгаа олох боломжтой газар.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Би маантра дуучин болохыг хүсдэг.
-Маантра дууг ямар хэлээр дуулдаг билээ?
-Санскрит хэлээр дуулдаг.
-Гэрлэлтээс айдаггүй биз дээ?
-Яг ч айдаггүй гэж хэлж чадахгүй нь.
-Яагаад?
-Би илүү эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Эмэгтэй хүн заавал өдөр бүр шал угааж, хоол хийх гэж төрдөггүй шүү дээ.
-Олон жилийн дараа ганцаараа байвал харамсахгүй гэж үү?
-Харамсана. Гэхдээ манай нэг бясалгалын багш энергиэ хөгжүүл тэгвэл ижил энергитэй хүн татагддаг гэж хэлдэг.
-Зөвхөн үүний төлөө юү?
-Яалаа гэж дээ. Өөртэйгөө ижил сонирхолтой, ойлголцож чадах хүнээ таартал хүлээнэ л гэсэн үг. (инээв)