“Ардчилсан хувьсгал 30” баримтат кино саяхан цоо шинээр мэндэлжээ. Энэ түүхэн киноны зохиолч С. Шаарийбуутай киноны талаар товч ярилцлаа.
-Таныг баримтат киноны мастер болсон тухай сонслоо. Ямар баримтат кинонуудыг бүтээв эндээс хоёулаа товчхон ярилцлах уу?
-Баримтат кино бол гайхалтай бүтээл. Бодит үнэн түүхийг, цаг хугацаанд нь буцааж харуулдаг эд. Монголын нөлөө бүхий академичдыг амьд сэрүүнд нь, бурхан болсон хүмүүсийг нь 90,100 жилийн ойд нь зориулан бүтээж үлдээе гэсэн хүсэл санамсаргүй төрсөн юм. Үүнээс улбаалан баримтат кино гэдэг гайхалтай, хэцүү ажил руу ханцуй шамлан ороод явж байна. Өнөөдрийн байдлаар 160 орчим баримтат кино хийж. Тодруулбал Б. Ренчин, Ц. Дамдинсүрэн, Лувсанвандан, Х. Пэрэнлэй, н.Батсуурь, түүхийн Ш. Нацагдорж , зүрхний Шагдарсүрэн, биологийн Шагдарсүрэн, Д.Цэгмид, газар зүйн н.Цэгмид зэрэг академичдын кино хийхийг хүссэн, хийсэн. Ер нь ихэвчлэн кинонууд маань шинжлэх ухааны том мастеруудын тухай хийгдсэн.
-Та сая Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан “Ардчилсан хувьсгал 30” баримтат киног бүтээжээ. Саяхнаас гарч эхэлж байх шиг байна. Энэ киноны тухай эргэн харвал?
-Энэ баримтат кино маань үндсэн гурван хэсэгтэй. 57 минут үргэлжилнэ. Гол утга санаа нь Ардчилсан хувьсгалын түүх, ололт амжилт, саад тотгор үзэл бодлуудыг хүн бүрийн санаатайгаар нэгтгэж чадсан нь гол онцлог юм. Тус кино гурван хэсэгтэй. Эхний хэсэгт Ардчилсан хувьсгалын төлөөх тэмцэл, дунд хэсэгт Монгол Улсаа хөгжүүлэхэд мохошгүй зүтгэсэн он жилүүд, сүүлийн хэсэгт Зорилгоо тодорхойлж чадсан зогсонгүй урагшлах ардчилал гэсэн гурван бүлэгтэй, агуулга бүрийг нарийн гаргахыг зорьсон. Киног бүтээж байхдаа тэнд оролцсон бүх хувьсгалчдын ярианаас олон зүйлийг өнгөтөөр нь ойлгосон. Хүн ер нь аливаа асуудлийг тухайн цаг үед нь биш, өнгөрсөн хойно нь ойлгож, мэдэрдэг юм байна. Олон гайхалтай түүхийн үнэнийг тэд ярьсан, бас чин сэтгэлийн үгс, 30 жилийн дараа юун дээр алдсан, юун дээр оносон тухайгаа дүгэсэн нь бас том ололт гэж би бодож байгаа. Эдгээр залуус тухайн цаг үед эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө хэнээс ч хамаарахгүй, хэн нэгнээс асуухгүй, бие дааж өнөөдрийн энэ Монгол Улсын төлөө эр зориг, ухаан гарган, нэг ч хүний хамраас цус гаргалгүй шийдсэн нь үнэхээр бид бахархах ёстой зүйлийн нэг гэж бодож байна. Монголчууд бидэнд ардчилалаас өөр зам байхгүй. Бид хүрэх газраа хүрчээд байна, харин одоо цааш яаж хөгжүүлэх вэ гэдэг нь өнөөдрийн бидний ухаан мэднэ. Тухайн үедээ Азийн улсуудаас хамгийн анх ардчилалыг сонгосон ганц орон бол Монгол Улс юм. Киноны тухай олон зүйл яримаар байгаа хэдий ч хүмүүс өөрсдөө үзээд оюун ухаанаараа дүгнэж ойлгох байх.
-Ямар хугацаанд ажилласан бэ, саад бэрхшээл хэр тулгарав?
-Гурван сарын хугацаанд энэ баримтат кино бүтсэн. Ажил нэлээн орсон. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ надтай биечлэн уулзаж тус киног хийх санал тавьсан юм. Мэдээж надад Ардчилсан хувьсгалын тухай бүтээл хийнэ гэхээр сайхан санагдаж, эргэлзэх зүйлгүй зөвшөөрсөн. С.Эрдэнэ чинь харин сүрхий, мундаг хүн юм билээ. Ингээд би маргаашнаас нь ажилдаа хамцуй шамлан орсон. Саад бэрхшээл тулгарсан гэхээсээ илүү цаг хугацааны хувьд жаахан давчуу байсан тул эхлээд кинонд оролцох хүмүүсийн нэрс болон, бүтээлийн зохиол, асуулт гээд бүтцээ гаргасан. Ингэхийн тулд нэлээн их түүх уншиж судалсан. Бас ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулж бүтээж буй Т.Лхагваа докторын боть номыг уншсан. Олон янзын эх сурвалж олон хүнтэй ярилцаж байж энэ бүтээл гарсан. Оролцсон хүмүүс нь саналыг сайхан хүлээн авч цаг товлон нэг бүрчлэн явж авсан даа яриагаа. Мөн энэ бүтээлийг бий болгоход хүчин зүтгэсэн, анхаарал сайн тавьж ажилласан АН-ын дарга С.Эрдэнэ, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Мэндбаяр, намын ажилтнууд гээд олон хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх нь зөв байх. Бас кинонд оролцсон бүх ардчиллын алтан хараацайнууддаа цаг заваа гарган ярилцлага өгсөнд маш их баярлалаа. Үнэнээс хүн бултах аргагүй. Энэ бүтээлийг монголчууд заавал үзэх ёстой гэж мунхаг би бодном. Тус киног бүтээснээрээ өөрийгөө би их хувь заяатай хүн юм гэж бодож сууна.