ТЕАТР-АБСУРД утга учиргүй, хачин жигтэй энэ аялал зуун жилийн өмнө эхэлжээ. Гэтэл бид зуун жилийн өмнөөс утга учиртай хачин жигтэй бус төлөвлөгөөтэй, сахилга баттай, түүнийгээ тагнуул, цэргээр хамгаалуулсан захиргаан дор амьдрах нийгэм журам буюу социалист интернациональч хүүхэлдэйн театрт амьдарч эхэлжээ. Ийнхүү бид өрнийн ч биш, дорнын ч биш хүүхэлдэйн театртаа коммунизмыг байгуулагчдын үзэл суртлын, оюун санааны хүчирхэг зэвсэг болон 1990 онтой золгов. Нөгөө бөөсний онигоо гэдэг шиг сайн нөхрийн хүслээр л хэлэх үгээ хүүхэлдэйн театрын хөгжил дэвшил, уран чадвартай холбож байгаа нь энэ. 1920-оод оноос ерээд он хүртэлх 70 жил театрынхан бид ганцхан замаар В.И.Лениний заасан замаар тууштай холбиролтгүй үнэн цагаан сэтгэлээр социалист реализмын замаар замнаж явав.
-Социалист реализмын үед абсурдын үнэр түгсэн гэх гээд байна уу, та? -Аугаа их Владимир Ильичийн дүрийг бүтээнэ, социалист хэв шинжит хөдөлмөрчин хүний дүрийг бүтээнэ гэдэг бахархам. Уран бүтээлч болсон нь ганц хэрэг бүтэх, хүн болсон нь гавьяа байлаа. Мөн ч олон сайхан авьяас билэг энэ улаан өрөөнд хайлж үгүй болсон доо хөөрхий. Тэр үед бидний нүд боолттой, чих таглаатай, хамар хавчаартай, нэг мэдрэхүйтэй... Тэр мэдрэмж оюун бодлого сайтар ажигласан уран бүтээлч нь шагнуулаастай, шагналын төлөө алаантай, матаастай... Социалист реализмын өргөн дардан бартаагүй замаар коммунизмын оргил өөд авчирч байлаа. Хүн төрөлхтөн эзэд, эрх баригчдынхаа эсрэг хэлэх үгээ хүүхэлдэйгээр дамжуулж хэлчхээд би хэлээгүй, хүүхэлдэй хэлсэн гэдэг башир аргыг өнө эртнээс бодож олжээ. Тэр цагаас хойш хүүхэлдэйн театрын урлаг хүний амьдралд орж ирэв. Саяны хэлсэн өгүүлбэрийг би захиалагчдаа зориулж хэлчхээд хүүхэлдэйн театр гэсэн сэдвээ хаалаа.
-Абсурд гэж тэгээд юу юм бэ? -Одоо абсурд гэдэг сэдэв рүү халтиръя. 1970,80-аад оны үед ЗХУ-ын сэхээтний дэвшилтэт нийгэмд, “шүүмжлэлт реализм” хүч түрэн орж ирсэн үед манайд бас шүүмжлэл бүхий этгээдүүд сонины тал, номын хуудас, театрын тайзнаа цухалзах болж зураачид элдэв тунхгаа зурахын зуур бичиж эхлэв. Яруу найрагч Д.Урианхай “Дотоод шаталтын хөдөлгүүрээ” бичсэн нь үл олдох болж Р.Чойном шоронд шүлэглэж н.Доржсамбуу, И.Нямгаваа, н.Баатар тайзан дээр тарвалзаж, “Алтан үе”-ийнхэн гайхаж хоцорсон, н.Балжинням “Хачин хүн”-ийхээ зураг авалтан дээр хачиндаж шог зураач нар шүүмжлэн шогтож ажлаасаа халагдахуй дор Б.Галсансүх пост модернист урсгалын фронт удирдагчаар тодорч байв. Ийнхүү хувьсгалын дараа чөтгөрийн тоо ихэссэн гэдэг шиг энд тэнд социалист реализмын сэмэрхий хадаг нэвт хадагдаж завсар зайлхайгаар нь “үл бүтэх этгээдүүд” цухалзаж Намын төв хороо нүцгэн байна. Би хэлээгүй Ацерсон хэлсэн гэж гал тогоондоо шивнэлдэж эхлэв. Тэр үед Баабар “Бүү март”, мартвал яана гэлээ. Өнөөдөр тэгш ойн баяраа тэмдэглэж буй, тэмдэглэхээр дөхөж буй авьяас билэгт уран бүтээлчдэдээ, хахир хатуу үзэл бодлын хүлээсэнд автсан он жилүүдийн нэрийн өмнөөс “Театрт авьяас л үг хэлэх эрхтэй” гэдгийг амьдрал тэмүүллээрээ баталсан та нартаа сайн сайхныг хүсье.
-Ардчиллын салхиар уран бүтээлчдийн хүссэн тэр эрх чөлөө ирсэн...? -1990 он шүү дээ. Бид хэн бэ, Би хэн бэ? Хаашаа явах, юу хийх, юу бодох, гол нь юу хэлэх гэдэг асуудалтай бид бүгд нүүр тулсан. Энхрий хайрт социалист реализм ерөнхийдөө нуран унав. Сүүлийн үед толгойгоо өндийлгөөд байсан “Шүүмжлэлт реализм” ердөө ч сонин биш боллоо. Москвад шүүмжлэлт реализмийн гол байлдагч Юрий Любимовын театр түр зуур дуугаа хураалаа. Шүүмжилж байсан сэдэв нь үгүй болчихсон. 1920 оноос хойш салаалсан сэтгэлгээний олон урсгал хачин толгой эргэм салаа зам өмнө минь тодорсон. Бидний урагшилж ирсэн зам бүдгэрсээр малын хөлийн жим болов. Маркс, Лениний замаар замнаж явсан “Бидний хөөрхий уран бүтээлчид хөгжихийн замаа эрсээр. Ядаж дээр нь гадаад хэлгүй бол хөлгүй гэгч болов. Ийнхүү хүүхэлдэйн театр удирдагчгүй, найруулагчгүй, урын сангийн бодлогогүй явсаар, театр өөрөө, өөрийнхөө эрхээр, хачин толгой эргүүлсэн утга учиргүй мөртлөө гайхам эрх чөлөө сэтгэлгээний хязгааргүй орон зайд орж явлаа. Хүүхэлдэйн театрынхны өмнө абсурд сэтгэлгээ хаалга үүдээ цэлийтэл нээлээ. Бид тэрхүү гайхамшигт орон зай руу барималч н.Очирболдын “Бодол” баримал шиг явах замын өмнө гайхшран зогсох шиг. Энхүүхэндээ гэхэд н.Очирболдын “Бодол” Огюст Родены “Сэтгэгч” –ээс даван ниссэн эрин цагийн шилээвэр бүтээл юм. Он цаг түүнийг “HU” хамтлаг шиг дэлхийн хүн, баримал нь дэлхийн өв болох цаг удахгүй.
-Бид аль замаар нь явах вэ, эсвэл шинэ зам нээх үү гэдгээ сонгосон. Ганцхан зам уу эсвэл олон зам салаалав уу? -Уг нь монголчууд шинэ зам гаргахаараа гаргуун сэхээлэг хүмүүс. Биднийг явуулаагүй тэр замуудыг эргээд нэг харчихвал яанам.
Ситуационизм. Тэд төр засаг сөнөтүгэй, хөрөнгөтний урлаг сөнөтүгэй. Нэр төрөөрөө далайлагчид сөнөтүгэй. Хувьсгал бол бараа таваар биш. Бүхнийг утга учиргүй болгоод эргэн харцгаая гэжээ.
Футуризм. Сонгодгууд сөнөтүгэй, академчид сөнөтүгэй. Урлаг бол хуучин зарчмыг эвдэгч хүчирхийлэл. Уламжлалт урлаг сөнөтүгэй. Тэд Данте, У.Шекспир, Лев.Толстой, Гёте нар чөтгөр лүүгээ тонил гэжээ.
Суперматизм ба Конструктивизм. Байгалийн бүтээлийг бүү давт. Тийм бүтээл хүн төрөлхтөнд хэрэггүй. Абстракт хэлбэр, хурц өнгө, хавтгай дүрслэл бол бидний хэлбэржилт гэж архитекторууд голчлон тунхаглав.
Дедайзм. Уламжлалт гоо зүй сөнөтүгэй, дэг жаяг дүрэм журам сөнөтүгэй. Үүний төлөө пост модернизм төрсөн.
Флуксус урсгал. Бүх уламжлагдан ирсэн хэлбэр дүрс, хязгаар хэмжүүр сөнөтүгэй. Урлагийн бүтээл агшин зуур төрөхөөс биш төлөвлөгөө заавраас ангид юм. Оргилон гарах урлагийн бүтээлийн төлөө. Үүний дүнд Антитеатр, Хэппи урлаг төрсөн билээ. Тэд ертөнцийн хүн ардыг сэхээтэнлэг ба мэргэжлийн гэх худалдагддаг соёлын эсрэг зогсохыг уриалсан.
Поп Арт урсгал. Абстракц урлаг сөнөтүгэй. Урлагийг ард түмний таашаалд нийцүүл. Сурталчилгаа бол бас урлаг мөн. Зүгээр л нэг нөөшилсөн хоол урлаг мөн.
Концентуализм. Уран зураг, уран баримал, дуу бичлэгийн хуурцаг бол урлаг биш. Ердөө нүдэнд харагдах, гарт баригдах, чихэнд сонсогдох зүйл. Урлаг бол цэвэр шинэ санаа, хөдөлгөөн, агуулга юм. Догма 95 тунхаг дээр “Киног төрөлжүүлэхээ боль. Гэрэлтүүлэг хиймэл хөгжим, тусгай эффект тэр ч бүү хэл найруулагчийн нэр хэрэггүй. Камераас бусад бүх техник хэрэггүй, хог дээр хая.
Сюрреализм. Зүүд, зөн мандтугай. Ухамсартай, ухамсаргүй бүхэн мандтугай. Улс оронд болж буй хувьсгал хувьсгал биш. Чиний тархинд өртөж буй хувьсгал жинхэнэ хувьсгал мөн.
Вортацизм ба абстракт экспрессионизм. Нүцгэн абстакц, хуурамч хөгжил дэвшил реализмтайгаа сөнөтүгэй. Тэд амьдрал бол өнгөрсөн ба ирээдүй, өнөөдрийн урлагийн хөрс гэжээ.
Суперреализм. Сүүлчийн тодрон буй харгуй. Эргэн тойрноо харцгаая. Ид шид, зөн билиг, далд утга, дохиолол, суперменүүд, робот, хиймэл оюун ухаан, компьютер, гар утас, сансар огторгуй, шинжлэх ухаан техникийн нээлтүүд, хүний эрхийн тэмцэл, дэлхийн дулаарал, элдэв оюун санааны хомсдол, тэнэгрэл, эдийн засгийн дайн, дарангуйлагчид, хар нүх, медиа урлаг. Хүн төрөлхтөн түүний дундаас уран бүтээлч, зохиолчид тэргүүлэн шинэ соёл урлагийн төлөө олон салаа замаар нэгэн зүг урагшилсаар дээшээ тэмүүлэх юм. Харин бидний уран бүтээлчид эзгүй таван ханатай гэр театртаа эрх чөлөөгөө, сэтгэлгээний эрх чөлөөгөө өлгийдөн бүүвэйн дуу аялсаар. Гэтэл улс гүрнүүдийн урлаг үйл хөдлөлөөс текст рүү хүний сэтгэлийн гүнд шингэсээр. Бид социалист реализмын нэг хөл маань дүрээстэй, нөгөө хөл маань агаарт өлгөөстэй, гарт маань хүнийг ойртуулсан гар утас атгаастай, түүнийгээ өдөр шөнөгүй маажаастай. “Буран үхчихсэн” гэж Ницше үглэнэ.
-Өнөөдөр Монголд урлаг эрх чөлөөтэй байж чадаж, уран бүтээлчдийн сэтгэлгээ чөлөөлөгдөж чадсан уу? -Зохиолчид, зураачид, хөгжимчид, жүжигчид, найруулагч нар минь ээ өөрийн зам мөрөө олж, өөрийн тунхгаа бодож бичиж тунхаглаж сэрцгээе л дээ. Цаана чинь биднийг удирдан чиглүүлэхээр хиймэл оюун ухаан айсуй. Тун удахгүй тэр бидний оронд ажиллаж эхэлнэ. Аз жаргалтай хотдоо амраглаж суугаа сэхээтнүүдээ санаж театраасаа гарч цэнгэг агаар амьсгал. Өнөөдөр хачин сонин үл итгэм абсурдаар амьдран улс төр урлагийн олон салаа зам дээр бодол болон зогсов.
Бодлын төгсгөл рүү ойртоход нэгэн бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Тэр бодол бол театрт маань аль урсгалын хэн гэдэг зохиолчийн ямар хөндүүр сэдвээр ямар зохиолоор жүжиг найруулан тавих вэ, хэнд зориулж, хэний захиалгаар...Эсвэл манай нэг найруулагчийн хэлснээр оюун ухааны түүчээ, соён гэгээрүүлэгч юм бол өөрийн дур зоргоор хэлэх гэснээ хэлэх үү, хэлэхдээ сүрлэг бадрангуй хэлэх үү, харилцан ярилцах уу, үзэгчдээ эрхэмлэн хүндэлж хамтран хүний сэтгэлийн мөн чанарт хөвөх үү?
-Тэгээд урлаг үүрэггүй юм уу, театрын хийх ёстой ажил нь юу юм бэ? -Миний бодоход театр сургаал хайрладаг, тахин шүтүүлдэг, ном номлодог ариун гэгээн сүм биш. Театрын үзэгчид сүмд ирж гэмээ нь наминчилдаг мөргөлчид биш. Театрын тайз алтан ч биш, мөнгөн ч биш. Театрын жүжигчид номоо цээжилсэн лам ч биш, баньд ч биш.
Миний бодоход театр харилцан ярианы талбар, дотоод сэтгэлийн хүүрнэл, үзэгчид өөрөө өөрийгөө олох, бодол санааны огтлолцол, ухамсартай ухамсаргүй хүний ёс суртахуун, хүний сэтгэлийн ертөнц юм. Энэхүү хоосон орон зайд өөрийгөө хуурах, үзэгчээ хуурах дур татам хоолой, нүд эрээлжлэх хувцас, тайз чимэглэл гоё уран хөдөлгөөн, босон хараймаар хөгжим сэлтээ шоундаа хэрэглээд, зөвхөн сэтгэлийн хаалгаа нээмэгц театр амь орох биз. Тэр цагт театрт урлаг ирж, зөвхөн үг үлдэнэ.
Өнөөдөр бид гар утсаа нүүрэндээ тулган амьдарч байна. Түүн дотор кино, театр, соёл урлаг, уран бүтээл бүгд байна. Яг өнөөдөр хэдхэн мянган км-ийн цаана 4,5,8 жи шинэ медиа хиймэл оюун ухааны тухай ярьж байна. Хойд зүгт хиймэл оюун ухааныг удирдах дайнаас хамгаалах илүү ухаалаг оюун ухааны тухай ярьж байна.
Кино бүтээхэд камер хэрэггүй болж байна. Бродвейн театрт жүжигчингүй жүжиг үзүүлж байна. Тэр театрт зөвхөн үг л үлдэж. Хүн төрөлхтөн сонинд итгэдэг байсан бол телевизэд итгэхээ больж одоо зөвхөн гар утсандаа итгэж байна.
Ухаалаг утас биднийг ухаалаг байхгүй л бол эзнээ гэж бодохгүйгээр баримт үзүүлж байна. Тун удахгүй театрт ирж буй үзэгчдийг “Тайзан дээр зовж зүдэрч буй жүжигчнийг харах гэж садист сэдлээр ирэв үү, цэвэр хүн хоорондын харьцаа, сэтгэлийн өгүүлэмж үгээр дамжиж нүдэнд нь илрэхийг харах гэв үү” гэж асуухаар болж байна.
-Төгсгөлд нь орчин үеийн ухаалаг технологи урлаг хоёрын талаар...? Киночид кино хальс, камер, гэрэлтүүлэг, эвлүүлгээсээ татгалзаж байна. Барималчид уламжлалт материалаасаа татгалзаж хаягдлаар агуу санаагаа урлаж байна. Зураач нар санаагаа л илэрхийлж байвал юун дээр юугаар дүрсэлсэн нь хамаагүй болж байна. Театр үзэгчдэдээ ойртож гудамжинд гарч утсан дотор чинь тоглож байгаа. Харин нийтийг хамарсан шоу тоглолт уйдсан хүмүүсийн халаасан дотор орчхоод уужим амьсгалж байна.
Урлаг амьдралын хэлбэржилт л юм бол урлаг бүтээгч нар өнөөгийн амьдралын хэлбэрийг анзаарахгүй бол үзэгчдийн бидэнд итгэх итгэл нь улам холдоно. Итгэлгүй үзэгч театрт ирэхгүй. Бид үйл хөдлөл хөөсөн урлагаас үг ухсан урлаг руу харах нь орчныхоо амьдралын хэлбэржилтийг дүрслэхэд хэрэгтэй мэт. Үгийн ард гүн ухаан бий. Сэтгэлгээний абсурд хоосон орон зай мандтугай. Уран бүтээлчдийн амь хоргодох байр төрийн албан хаагчийн өчүүхэн цалин өгчхөөд бие, сэтгэл, хэл гурвыг уягч элдэв хүмүүс бас шагнал сөнөтүгэй. Бидний сүнсийг худалдан авагч нар сөнөтүгэй. Театрт авьяас л үг хэлэх эрхтэй.