Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Гашууныг гансрах Модун хаан “Тэнгэрийн хүү” юм гэж үү?
Б.МӨНХБАЙГАЛЬ 
Туурга тусгаар оршин тогтнох нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй их хувь заяа. Дархан хилээ манах цэргүүд “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн тангаргаа өндөр дуугаар өргөнө. Тэд айхыг үл мэднэ. Хурд нь үл цуцна. Ухаан нь үл ажирна. Ингэж л эх орон тусгаар тогтнол энхийн манаанаас эхэлдэг. Монголчууд бид эдүгээ тэнгэр өөд харан дэлхийн талыг туулсан гэх сэтгэлээр бахдах хэдий ч дэлхийн талд нь очиход тэд биднийг эзэлсэн мэт айдас төрнө.
Өнөө цагийн техникийн дэвшил, их хурд, том гүрнүүдийн ашиг сонирхол, хүч чадлыг давж дийлэхгүй, барж идэхгүй цаг дор “Тэнгэрийн хүү” бидэнд ийн өгүүлрүүн.
 
“Газар гишгэхгүй хөл, шороо үзэхгүй нүд гэж байгаад яах юм”
 Газар шороо, төр улсынхаа энх амгалан байдлын төлөө зүтгэсний хүчээр “Хүн улс”, тусгаар тогтнол, улсын үндэс болсон газар шороогоо хар дайсан Хан улсаас хамгаалан үлдсэнийг театрын тайзан дээр өрнөх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг олон хурц үйл явдлаар дүрслэн харуулжээ. Уг жүжгийг Хүн гүрнийг байгуулсны 2220 жилийн ойд зориулан бичсэн юм.
 Уг бүтээлд төрт улсын хаан Их Шаньюй бор дарсанд шунан дурлаж, найр наадамд ташууршсаны гайгаар “Хүн улс”-д урвагч нар үүрлэж хүчийг дарна.Харин түүний эсрэг ууган хүү Модун Шаньюй хатуу шийдэж хайртай бүхнээ золиослон байж улсаа мандуулах тэр мөчид үзэгч бүр дотроо нэгийг бодож хоёрыг тунгаасан биз.
 Төрт улсынхаа төлөө эцгээ цөхөрч гүйцэхийн эрхэнд хөнөөхөд ангир уураг амласан ээж нь хүүгийнхээ үйлдлийг хүлцэж чадалгүй эцгийнх нь “цайг чанаж” өгөхөөр өөрийнхөө амийг егүүтгэн одсон их уй гуниг, цөхрөл, харуусал дууссангүй. Түүний хайртай хатан Шиваг эцэг нэгт дүү Арвайдаа усанд боомилж алсан тухай мэдээ ирнэ. Гэсэн ч Модун хаан тэсвэрлэн гарч цаашдын үйл хэргээ үргэлжлүүлэх их хүчийг энэ их золиос өгсөн гэлтэй.
 “Газар гишгэхгүй хөл, шороо үзэхгүй нүд гэж байгаад яах юм” хэмээн Модун Шаньюй өгүүлэх нь чухам энэ жүжгийн өгөх гэсэн гол санаа нь. Өөрөөр бол “Газар хэмээгч улсын үндэс болой” гэх үндэстний маань гүн ухаан эндээс үүсэлтэй.
 “Тэнгэрийн хүү” жүжиг “Гэгээн муза” наадмын найман номинацийн зургааг нь хүртэж байсан удаатай бөгөөд өнөөг хүртэл жил бүр Улсын драмын эрдмийн театрын нээлтийн тоглолтуудад тавигдсаар байна.
 Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжгээ найруулан олны хүртээл болгосны дараа төрийн соёрхол хүртсэн нь энэхүү уран бүтээлийн чанар чансааг тодорхойлж буй. Модун Шаньюгийн дүрд УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг тоглодог байсан бол энэ жил тус театрын жүжигчин Г.Алтангэрэл тайзыг амилууллаа. Гол дүрийг бүтээнэ гэдэг чамгүй их авьяас, хөдөлмөр, ур чадвар шаардах бөгөөд үзэгчдэд энэ чадвараа хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг асар их хөдөлмөр. Үзэгчид төдийгүй судлаач шүүмжлэгчдийн санаанд хүртэл гайхалтай дүр бүтээж чадсан юм.Тэрбээр аугаа удирдагчид эх орон, газар шороо ямар их үнэ цэнтэй олддогийг харуулахын зэрэгцээ хувь хүний эрэмгий дайчин мохошгүй чанарыг харуулж чадлаа.
 
“Суларсан төр үлдэв. Гэвч надаас хойш тэд нэгдэх болно”
 Залуу насны омгоор гаргасан шийдвэр нь эхийнх нь үхлийн шалтгаан болсон ч тэр төр улсынхаа төлөө хугарч, нугарсангүй хаан шиг хаан байж чадав.
Үзсэн хэн бүхэн жүжгийг өнөөгийн төртэй харьцуулах нь тодорхой. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт, хэрэгжилтгүй бодлого, цоорхой хууль, чадваргүй танилын сүлжээ. “Төрийн хууль цааз хэрэгждэг ч болоосой” гэж уулга алдтал эмзэглүүлэх хөндүүр сэдвүүд нийгэмд хаа сайгүй оршино.
 Модун Шаньюй болон түүний эцэг хоорондоо эрс ялгаатай дүрүүд энэ нийгмийг тольдон харуулах аж.
 Зохиолын үйл явдал Түмэн шаньюй өргөөндөө найр хийж буйгаар эхлэх бөгөөд энэ үед Аргун хэмээх нэгэн баатар Кушаны цэргүүд довтолсон тухай мэдээг дуулгадаг. Тэрбээр Модун хүүгээ хувийн эрх ашгийг үл ойшоосон шалтгаар харь улс Кушан руу барьцааны хүн болгон явуулна. Харин Модун тэдний хавчилт шахалт, цээрлүүлэлтээс оргон ирэхдээ эцгийн сул бодлогыг таслан зогсоох, өөрийн үндэстнээ хүчирхэгжүүлэх, шинэчлэхээр зориг шулуудсан байдаг. Түүний их жанжин, аугаа удирдах чадвараас гадна хувь хүний дотоод мөн чанар, ертөнцийг үзэл үзлийг зохиолын үзэгдэл бүрт товойлгон үзүүлжээ. Жүжигт “Тэнгэрийн хүү” хэмээх түүнийг үнэ цэнтэй золиосынх нь хариуд мөнх хөх тэнгэр ивээлдээ багтаан туслах болно. Мөн Монгол төрийн уламжлалт ёс, эх орноо хайрлах үзэл, газар нутгаа хайрлан хамгаалах чин шударга сэтгэл хар санаа, атаа хорсол, хувиа хичээх төрийн ялзрал, хулчгар занг ялан дийлэх учиртайг мэдрүүлж чаджээ.
Их зайрангийн амнаас цагаан шонхор шувуу нисэн гарч Модуны нэрийг чангаар дуудан сэрээж түүнд их хүчийг хайрлаж байгаа нь чухамхүү түүнд тэнгэр тусалж буй хэрэг. Монголчуудын тэнгэр үзэл хэмээгч нь шашин бус зөвхөн монгол хүн ойлгож ухамсарлах, тэнгэрлэг мэдрэмж, ертөнцийг үзэх үзэл төдийгүй монгол хүний цогц итгэл үнэмшил юм.
 МУИС-ийн багш, ШУ-ны доктор, профессор Д.Галбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг “Бүхэл бүтэн романы дайтай энэ жүжиг орчин үеийн монгол уран зохиолын жүжгийн салбар, нэн ялангуяа түүхэн жүжгийн салбарт шинэ нэрийн хуудас, түүхэн зүйн томоохон туршлагыг бий болгосон” хэмээн дүгнэсэн байдаг.
 Жүжгийн өрнөл хэсэгт Модун хаан “Суларсан төр үлдэв гэвч надаас хойш тэд нэгдэх болно” хэмээн үнэнч цэргүүдээ дагуулан улсаа нэгтгэн сэргэн мандуулна.
Хүннү гүрэн хүн бүхний сэтгэлд өндийн босов
Домогт “Модун цэргүүддээ хандаж би өөрөө хаашаа юуг харвана, та нар ч тэр зүг хандаж түүнийг харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвал толгойг нь авна хэмээн тушааж, хатуу журам тогтоодог. Тэрбээр нумаа татаад тавимагц сум нь исгэрэн дуугарч оддог байв. Нэгэн өдөр Модун ан хийж явахдаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Тэгэхэд цэргүүдийнх нь дийлэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь харваж зүрхэлсэнгүй. Харин Модун харваагүй цэргүүдийнхээ толгойг тас цавчжээ. Хэд хоногийн дараа Модун өөрийн хатандаа сум зоож орхижээ. Зарим дагалдагчид нь айж балмагдаад хатны зүг сум тавьсангүй үлдээд дараа нь толгойгоо авхуулжээ” гэсэн энэ үйл явдал мөн л жүжгийн зохиолд оруулсан.
 Удирдагчид хувийн эрх ашиг гэж үгүй. Харин удирдуулж буй цэргүүд үүрэг даалгавраа биелүүлэхгүй байж болохгүй. Модун ганцаараа төрт улсаа байгуулж чадахгүй нь лав. Түүнийг хүндлэн хүрээлэх дайчин анд нөхөд байсан. Тэдний сэтгэл зүрх нэгэн зүг рүү чиглэж байсан юм. Тиймээс хүн бүхэн “Хүн” гүрнийг хүчирхэгжүүлэхийн тулд дор бүрнээ хичээж байсныг нөхдийн дүрээс харагдана.
 Одоо цагт багаар ажиллах чадвар гээд байгууллагуудын эрэл хайгуул хийгээд байгаа зүйл чинь энэ. Олны дундаас багаа бүрдүүлэх хэцүү давааг удирдагч чиглүүлэн хамтатгаж, цул бие мэт барьдаг. Чухамхүү төрийн эргэлтийг ийн хийжээ. Тиймээс ч залуу сэхээтэн үзэгчдийн сэтгэлийг хөглөж, үзэгдэл бүрт алга ташилтын цуурай нэмэгдэж байсан юм. Тэндээс сэтгэл нь огшоогүй гарахгүй.
 Жүжгийн Түмэн Шаньюгийн дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Могол хатны дүрийг Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээж Монголын театрын урлагийн нэгэн сод бүтээлд өөрсдийн авьяасыг мөнхлөн үлдээцгээв.
 Тайзны голын дэлгэцэн дээр нар, сар ээлжлэн гарч өдөр, шөнийн алин болохыг зааглан харуулна. Жүжгийн төгсгөлд тайзны гол хэсэг саран хэлбэртэй болж, арын дэлгэц нарны хэлбэртэй болсон нь сайны билэгдэлтэй.
 “Тэнгэрийн хүү” бол Хүннү гүрэн тухайн үеийн дэлхийн улс үндэстэн дундаас төрт ёсыг хамгийн анх дээдлэн, төрийн бодлого, хууль цаазыг хэрэгжүүлсэн том гүрэн улс байсныг баталсан түүхэн туульсын жүжиг. Газар шороо ямар их үнээр олддог гэдгийг оюун ухааны гүнд шингээсэн жүжиг. Монголын түүхээрээ бахархаж эх орондоо үнэнч байх үзлийг түгээн дэлгэрүүлж, Монгол хүн бүрийн дотоод ертөнцийг сэрээж, итгэл найдварыг бэхжүүлсэн урлаг өөр юу байх билээ дээ.
 Гагцхүү амьдралын гашуун амтыг гансран туулахаас өөр замгүй үлдсэн Модун хаан “Тэнгэрийн хүү” гэдгээ одоо ч эх орондоо харуулсаар байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com