Монголын соёл урлаг. Ямар ч улсын урлагийн салбар тухайн улс орныхоо нүүр царай болдог. Гэхдээ үргэлж хойгуур эрэмбэлэгддэг. Учир нь уран бүтээлчид нүүрс олборлож, алт ухдаггүй, төмс тариалдаггүй. Хэзээнээсээ хүн төрөлхтний хувьд ахуй анхдагч байсаар ирсэн учраас ийм байхаас ч аргагүй. Гэхдээ амьдралд гэрэл гэгээ оруулагч нь үе үеийн туршид соёл урлаг байсаар ирсэн байх ч болно. Өнөөдрийн Монголын урлагийн тухай ярихад дэлхийтэй зэрэгцүүлж харахаас өөр аргагүй. Аливаа зүйлийн хөгжлийг өөр нэгтэй харьцуулж байж л хаана яваа вэ гэдэг нь харагдана. Үүнийг хийлч О.Байгаль “Бид Монголдоо тааруулаад юм хийсээр байвал тэгээд үхээ...” гэж тодорхойлж байна. Тийм шүү, урлагт хил хязгаар байдаггүй. Тиймээс урлаг нийт хүн төрөлхтөнд зориулагдан бүтээгддэг. Тиймээс л бид Ван гог, Пабло Пикассо, Моцарт, Бетховен, Габриэль Гарсиа Маркес, Пушкин, Ахматова, Майкл Жексоныг бүгдээрээ “таньдаг”. Урлаг ингэж үлдэхийн төлөө хөгждөг байх.
Монголын урлаг дэлхийн тавцанд гарсан. Гаргасан нь цөөхөн ч дэлхийн урлагийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөхүйц урлагтай ард түмэн, монголчууд. Марзан хэмээх Шарав, агуу дуучин Н.Норовбанзад түүнээс ч өмнө дэлхийд Монголын урлаг гарсан. Хамгийн сүүлд гэхэд дуурийн дуулаач Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар дэлхийн дуурийн хамгийн том тайзыг эзэлж өндөр дээд шүүгчдийг алмайруулсан. Харин HU хамтлаг дэлхий дахиныг хуйлруулж байна.
Эндээс харахад бидэнд урлагаар дэлхийтэй ойртдог гурван зам байна. Эхнийх нь манай үндэсний урлаг бол дэлхийд хаана ч байхгүй. Үндэсний урлагаараа дэлхийд гарах. Хоёрдугаарт, дэлхийн сонгодог урлагаар өөрсөдтэй нь өрсөлдөх. Тухайлбал, манай сонгодог урлагийн суурь болоод уран бүтээлчдийн түвшин маш өндөрт яваа гэдгийг бид бүхэн харж сонсч байна. Дараагийнх нь үндэсний орчин үеийн хоёрын синтез. HU хамтлаг үүнийг батлан харууллаа.
Уртын дуу, морин хуур төлөөлөлтэй нүүдэлчид бидний урлаг бол дэлхийд бидний гарах гарц. Харин түүнийгээ ардын урлаг, язгуур урлаг гэх мэтээр хумин нэрлэдэг нь бидний алдаа. Монголд буй мэргэжлийн урлагийн тавхан байгууллагууд болон бие даасан хувийн студи продакшн, чуулга, хамтлагууд үндэсний урлагаараа гол барьж Монголд ирсэн хэдэн жуулчинд тоглолтоо тавин, мөнгө олдог. Гадаадад ч аялан тоглолтоор сайн явдаг. Үндэсний урлагаа сайн дурын уран сайханчаас дэлхийн түвшинд аваачсан тэдний гавьяа их.
Социализмын үед сууриа сайн хатгаж авсан сонгодог урлагийн тал дээр бид маш амжилттай яваа. Өөлөх юмгүй. Харин орчин үеийнхэн үндэсний урлагийг орчин үетэй хослуулбал амжилт олно гэдэг яг энэ цаг үед харуулж чадсан нь HU хамтлаг болоод байна. Аваргыг давж аварга болдог, алдартныг давж алдарт хүрдэг нь урлаг, спорт хоёрын замнал. Урлагт арын хаалга үгүй гэдэг энэ.
Монголын урлагийн салбар “хөөрхөн” том талбар. Кино, ном, жүжиг, бүжиг дуу гэх мэт бүхий л төрөл жанруудаараа хөгжиж буй. Хамгийн түгээмэл ном, кино уран бүтээл дэлхийд гарч чадсан уу? Олон улсын фестивальд оролцож тэргүүн дэд байруудыг эзэлсэн нь олон бий. Гэхдээ одоо болтол дэлхийн 26 гран приг хамсан “Нохойн орон”, арав гаруй шагналтай “Алсын удирдлага” киноны амжилтыг давсан нь цөөхөн байна. Яагаад тэр вэ? Хөрөнгө мөнгөгүйн зовлон бий. Киночидтой уулзаж явахад олон зовлон тоочдог. Хөрөнгө мөнгөгүй, техник хэрэгсэл түрээсийнх, зохиол олддоггүй гэх мэт. Гэхдээ гаднаас нь харахад байхгүйн зовлон биш “бий болгох” амбиц дутдаг мэт. Учир нь ихэнх киночид бүтээл биш мөнгө хийхийг хүсдэг. Дээр өгүүлснээр Монголдоо зориулсан, монгол үзэгчдэдээ тааруулсан кино хийдэг. Тийм ч болоод Монголоос өдий болтол дэлхийд яригдах нэг ч найруулагч төрөөгүй байна гээд хэлчхэд нэг их буруудахгүй байх. Бүх төсөв хөрөнгө, санаа оноо жүжигчдийг нь нийлүүлээд базчихвал гайгүй кино болчих ч юм бил үү гэх кинонцрууд театр, телевизүүдээр дүүрэн.
Сто граммын ард төрсөн бууцаа бичсээр л
байх уу?
Утга зохиол. Реалистаас эхлээд пост модернистоо хүртэл Монголын утга зохиолд монголчуудад л зориулагдаж ирлээ. Л.Өлзийтөгсийн хэдхэн номоос өөр олон хэлээр хэвлэгдсэн нь тун цөөхөн дөө. Мэдээж мэр сэр бий. Харин саяхан зохиолч, найруулагчийн хоёр зохиолыг дэлхийн номер нэг гэгддэг Пингвин хаус хэвлэхээр санал ирүүлж гэрээгээ үзэглэсэн байна. Зохиолч өөрөө номоо гадаад хэлээр хэвлээд энд тэнд гаргах эсвэл амазон худалдааны цахим талбар дээр байршуулах нэг хэрэг. Харин олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судлаач, шүүмжлэгч, хэвлэлийн газруудын хараанд өртөж тэдэнд тоогдож санал авах шал өөр хэрэг. Яагаад Монголын нууц товчоо тэргүүтэй өнө эртнээс улбаатай, өв их сантай Монголын утга зохиол дэлхийтэй ойртож өгөхгүй байна вэ? Асуудал бидэнд л байгаа. Өнөөдрийн шинэ үеийн бидний “номын санг” харъя л даа. Хэрхэн баяжих, хэрхэн хурдан амжилтад хүрэх вэ, хэрхэн амархан аргаар амьдрах вэ гэсэн агуулгатай усан орчуулгууд дэлгүүрүүдийн тал хувийг эзлэн тэвхийж буй. Үлдсэн нь эрээвэр хураавар. Үнэтэй цэнтэй гэгддэг хуучны уран зохиолууд чансааны хувьд сайн ч одоо дэлхий дахин ертөнцийн мухар дахь аргалын утаа үнэртүүлж, амрагаа хүлээх цэвэр ичимтгий монгол хүүхний тухай уншихгүй. Уншдаг байлаа ч түүний хэл найруулга, утга уянга, философийг орчуулж чадах орчуулагч үгүй.
“Дэлхий өнөөдөр ямар уран зохиолыг сонирхож байна вэ?” гэсэн миний асуултад олон улсын шинэ үеийн зохиолчдын дунд бужигнаж яваад ирсэн Тагтаа паблишингийн үүсгэн байгуулагч орчуулагч Б.Баясгалан дэлхийн уншигчид өнөө үед улс үндэстнүүдийн соёлын ялгааны зохиолууд сонирхон уншиж байна хэмээн товчхон өгүүлсэн. Тухайлбал хүсэл мөрөөдөлтэй эгэл жирийн нэгэн монгол охин Америкийг мөрөөдөж, түүндээ хүрч хөл тавьж хэрхэн будилж төөрч замаа олж байгаа тухай ч юм уу. Өөрөөр хэлбэл монгол хийгээд америк хүний тухай тэр зохиолд тод томруун тусгагдаж, эсрэгцсэн хоёр амьдрал, ахуй соёл, зан заншил гээд олон зүйлийг уншигч нэг дор мэдэх боломж олгогдох нь.
Уран зохиолд зохиомол зүйлс хол явахаа больж байгааг бид өөрсдөөсөө, өөрийнхөө уншиж буй номоос олж харах боломжтой. Учир нь Монголын оюуны салбарт орчуулгын уран зохиол далай мэт цутгаж буй. Учир нь бид орчин үеийн даяаршсан уншигчид. Харин ихэнх зохиолчид маань “тэнгэр харан үлгэр зохиож суутнууд цаг үедээ хүлээн зөвшөөрөгддөггүй юм” хэмээн уншигчаа загнасан байдалтай байгаа нь хэвээр. Хатуухан хэлэхэд дэлхийд зохиолчид сэтгэгчид гэдгээр тодордог бол манайд “Зохиолчид бол хундага хатуу юмнаас хэзээ ч буцдаггүй эзэд” гэх хандлага нь амь бөхтэй оршсоор л буй.
“Сто граммын ард төрсөн бууцныхаа тухай” бичдэг цаг үе хэдийнээ хоцрогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч зохиолч хамгийн орчин үеийн нэгэн болохгүй бол Монголын уран зохиол хэзээ ч орчин үе рүүгээ ирэхгүй. Яруу найргийн уншлага хэмээх янз төгөлдөр нэртэй заал дүүрэн хүнтэй цугларалтад ганцхан удаа очиход эхүүн архи сэнгэнүүлсэн зохиолч эрхмүүд тайзан дээрээс төр засгаа муулж, хөгшид өвгөдөө үл тоож, залуу үеэ доош нь хийсэн байдалтай харагдсан. Яг үнэндээ зохиол бүтээлд төр засаг ямар ч хамаагүй билээ. Соёлын гавьяат өгсөнгүй гэж агсрах соц үеийн сэтгэлгээнээс хэзээ сална тэгэхэд утга зохиол хөгжинө. Зохиол бүтээл туурвидаг хүнд зохиолч гэж дуудуулахаас өөр эрхэм хүндлэл үгүй. Зохиолч гэдэг нэрийг хүн авдаггүй өөрөө эзнээ олж ирдэг гэвэл зохистой.
Төр жинхэнэ үзэгчийг бэлдэх үүрэгтэй
Дүрслэх урлаг. Монголын дүрслэх урлаг үүссэн цагаасаа гайхамшигтай байсан. Гэхдээ бид түүнийгээ дэлхийд гаргаж чадаж байна уу? Зураач Б.Шаравын бүтээлийг өнгөрсөн жил үзсэн олон улсын шүүгчид алмайран дуу алдаж Дэлхийн шилдэг 10 бүтээлд багтаасан байх жишээтэй. Авдарт байсан алт эрдэнээ бид гаргаж үзүүлж чадаагүй л явсан зураг. Зураач Сосэгоос эхлээд Монголын суутнууд Монголдоо үлдсээр л байна. Өнөөдрийн түвшинд харахад маш олон зураач бүтээл туурвидаг. Улаанбаатар нэлээд хэдэн буюу сая гаруй хүнтэй хотод хүрэлцэхүйц галарей ажилладгийг олонх нь мэддэггүй байх. Харин менежмент, маркетингийн тал дээр ихээхэн саад бэрхшээл байдаг. Сайн зураачтай улсад сайн кураторууд хэрэгтэй. Одоогийнхоор бол гарын таван хуруунд багтах куратор бий. Гэхдээ тэд багшилдаг. Учир нь кураторын ажил бол цэвэр чин сэтгэлийн бараг хүмүүнлэгийн гэж болохоор тул хийх хүсэлтэй хүн байдаггүй. Монголын орчин үеийн уран зургийг ОХУ-аас ирсэн урлаг судлаач арван жилийн өмнө ирж байсантай харьцуулбал өөрийн гэсэн дэг сургуультай, дэлхийд ялгарах онцлогтой, маш гэгээн гэрэлтэйгээр хөгжиж байна гэж дүгнэсэн. Монгол зураачид зохиолчдыгоо бодвол боловсрол өндөртэй, хэлтэй, гадагшаа явж үзэсгэлэнгээ гаргадаг бие биеэ дэмжин, төр засгаас юм нэхэлгүйгээр чимээгүй хөдөлмөрлөдөг хүмүүс. Тиймээс ирээдүйг нь гэрэлтэйгээр харж болохоор. Зураач нарт барималчид багтаж байгаагийн зэрэгцээ Монголд маш олон урсгалаар бүтээлээ туурвидаг уран бүтээлчидтэй, шинээр төрж байгаа нь сайхан хэрэг.
Монголын соёл урлагийн салбарт чөдөр тушаа болсон саад бэрхшээлээс нэрлэвэл оюуны хулгай. Энэ сэдвийг хөндвөл өргөн дэлгэр болох тул түр орхиё. Мөн уран бүтээлчдийн оюуны хөдөлмөрийн үнэлгээ доогуур, мөн л маркетинг менежментийн асуудал яригдана. Бас нэг дурдалгүй өнгөрч болохгүй магадгүй хамгийн чухал нь байж болох асуудал бол үзэгчийн боловсрол. Урлаг бус “урлагаар” үзэгчээ бахь байранд нь байлгадаг “сайн дурын уран сайханчид” буюу халтуурчид хамаг салбарыг эзэлж байна. Хойч үе хүүхдэдээ урлагийн боловсрол олгох биш “их мөнгө олдог хүн болгох дамжаанд” суулгахыг л ихэнх хүн хүсдэгээс урлаг, үзэгч хоёрын хүч харьцаа тэнцвэргүй. Урлаг үзэгчээсээ “цалинжина”. Өнөөдөр үзэгчийн мөнгө хөгийн кино, ам баригчдын халаасанд, хошин шогийнхны солиоролд төлөгдөж байгаа нь үнэн. Төр засаг эдгээр хүмүүст СТА, гавьяат цол тараах биш жинхэнэ урлагийн жинхэнэ үзэгч, сонсогч, уншигчийг л бэлдэж өгөх үүрэгтэй. Бусдыг нь уран бүтээлчид өөрөө хийчихнэ. Тэгсэн цагт Монголын урлаг мандан бадарна.