Жүжигчин Д.Хосбаяртай уулзаж ярилцлаа.
-Ажиллаж буй шинэ уран бүтээлийнхээ тухай эхлээд ярина уу?
- 2019 он миний хувьд уран бүтээлийн ажил арвинтай жил байлаа. Шинэ уран бүтээл гэвэл “Үр” гэдэг аймшгийн (драмын) кинонд тоглож байна. Энэ кинон дээр бид зургаан сар ажиллалаа. Одоо арванхоёрдугаар сарын 12-нд нээх гэж байна. Намар Этик продакшны “Хэлгүй жим” гэдэг түүхэн уран сайхны кинонд бас тоглосон. Мөн Хүлэгү пикчерсийн “Бүтэн амьдрал” гэдэг кино бүтээгдээд явж байна. Он гараад цацагдах байх. “Үр” киноны найруулагчаар Chen гэдэг залуу ажилласан.
-Найруулагч нь монгол хүн юм уу киноны агуулгын тухай жаахан дэлгэрүүлж хэлээч?
-Найруулагч нь монгол хүн. Киноны агуулга нь үйлийн үрийн тухай юм. Хүн амьдралдаа санаатай болон санамсаргүйгээр маш их муу үйлийн үр тарьж явдаг юм байна л даа. Муу үйл хийх гэдэг нь эргээд заавал үйлийн муу үр дагуулж байдаг. Энэ тухай л найруулагч маань энэ нийгэмд сануулахыг хүссэн байх. Хүн муу үйл хийгээд тухайн үедээ аргалаад, нуугаад өнгөрч болно. Гэхдээ энэ муу үйлийн үрээ өөрөө элээж барахгүй бол үр хүүхдэд нь “өвлөгддөг”.
Энэ үйлийн үрийг нь үр хүүхэд нь үүрч барна гэсэн үг л дээ. Би энэ киноны эсрэг дүр дээр ажиллалаа.
-Үйлийн үрийн тухай киноны эсрэг дүр гэхээр маш муу хүний дүр гэсэн үг үү?
-Жүжигчин хүн ямар ч дүр байсан өөрийнхөө дүрийг хамгаалж тоглодог. Хүрлээ гэдэг залуу бол эцсийн зорилгынхоо төлөө маш олон зүйлийг золиослож ямар ч аргаар хамаагүй хамаг муу муухайг хийгээд түүндээ хүрч байгаа дүр л дээ. Өмнө нь би нэг их аймшгийн кинонд ажиллаж байгаагүй “Хараал” киног эс тооцвол. “Үр” кино бол драмын буюу сэтгэлзүйн аймшгийн кино гэдэг утгаараа надад таалагдсан.
-Таалагдана гэдгээ жаахан тайлбарлаад өгөөч?
-Уран бүтээлчдийн ажлын хамгийн сайхан нь юу вэ гэвэл өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс нь өөр байх чухал. Тэс өөр дүр дээр ажиллах нь сонирхолтой, мөлжүүртэй байхыг л дүр таалагдах гэж байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл зохиол таалагдаж байна гэсэн үг. Таалагдана гэдэг нь дурлаж байгаа хэрэг. Зохиолоо дүрсэлж нүдэндээ харж уншдаг. Дүрийн цаад мөн чанар буюу хүүхэд насандаа ямар мэдрэмж авсан юм, эцэг эх нь яаж амьдарч байсан юм, яагаад энэ нийгэмд ийм хүн болох шалтгаан болов гээд маш их ажиллах хэрэгтэй болдог.
-Зорилгынхоо төлөө хамаг муу муухайг хийсэн хүний эцсийн үйлийн үр нь тэгэхээр юу байх вэ?
-Үхэл.
-Гэсгээл биш харин ч шагнал мэт гаргалгаа байна. Гэхдээ өмнө нь таны хэлснээр үйлийн үр нь үр хүүхдэд нь үлддэг байх даа…?
-Шунал гэдэг чинь хүнийг ер нь галзууруулдаг эд юм байна.
-Жүжигчнийхээ хувьд зорилго чинь юу вэ?
-Өөрийнхөө хувьд “түүхэн” буюу үлдэх дүр бүтээхийг хүсдэг. Жишээ нь Мандухай цэцэн хатан гэхэд хүн бүхний нүдэнд Н.Сувд гуай харагддаг шүү дээ. Яг түүн шиг надаар тэр дүрийг төсөөлдөг дүр үлдээнэ гэж боддог. Магадгүй Чингис хааны дүрийг дэлхий дахинд хэн нэгэн монгол жүжигчний дүрээр мэддэг байвал бидний хийх ажил энэ байх болно. Жишээлэхэд би яагаад Чингис хаанд тоглож болохгүй гэж.
-Чиний хувьд үлдэх дүр нь ямархуу дүр байх бол?
-Олон янзын Чингис хааныг үзэж байлаа. Зарим Чингис хааныг жанжин дайчин, тулаанчаар зарим нь эрэлхэг баатраар харуулсан байдаг. Би хэрвээ тогловол маш их ухаантай байдлаар гаргах байх гэж мөрөөддөг. Тооцоолон бодох чадвартай ч гэдэг юм уу тийм дүрийг хүсдэг. Шоушенкийн шоронгоос оргосон нь киноны гол дүр гэхэд нэг их тоглолт ордоггүй шүү дээ. Тэр бол супер дүр. Би өөрийгөө тэгж л хардаг. Аймаар жүжиглэх биш амьдрах ёстой гэж манай мундгууд хэлдэг. Өөрөөр хэлбэл характерын биш ухааны жүжигчин байхыг хүсдэг гэж хэлж болно.
-Хүссэн дүрээ хүссэн хэмжээгээрээ гаргахад танд саад тээг болдог зүйлс нь юу байдаг вэ?
-Зөвхөн миний хувьд ч биш кино багийнхны хувьд хамгийн том саад бэрхшээл бол хөрөнгө мөнгө. Жишээ нь жүжигчний хувьд нэг кинонд тоглохын тулд ар гэртээ санаа зовохгүй, дундуур нь өөр ажил авахгүйгээр тэр кинондоо жинхэнээсээ орж амьдрах боломж манайд байхгүй шүү дээ. Асуудлаасаа бүрэн салаад бүрэн өмнөх ажилдаа орж ажиллах гэсэн үг. Гадны кинонууд бол тэгж л хийгддэг юм билээ. Хоёрдугаарт, бэлтгэл маш муу байдаг. Өнөөдөр найруулагч нь над руу яриад хүрээд ирээч гэнэ. Очлоо, хоёр цаг зохиол уншаад л бараг маргааш нь зураг авалт эхэлнэ ч гэдэг юм уу. Муулж байгаа юм биш бодит байдал ийм л байгаа. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдсэн газруудад нэг кино хийхэд зохиолоо уншиж судалж өөрийн болгоход зургаан сар хүртэлх хугацааг зарцуулж байх жишээний. Энэ зургаан сарынхаа хугацаанд жүжигчин биеэ бүрэн бэлддэг. Тарган байх юм уу туранхай байх юм уу үс гэзэг нь ямар байх юм гэх зэргээр вакум орчинд байлгаад дагаж мөрдөх дэглэм болон дасгал сургуулилтаа хийдэг байна. Тэр хооронд тухайн кинонд гарах цаг хугацаа болон түүхийн тухай гээд судлаачид яриа хийдэг.
-Үзэгчдэдээ тааруулж буюу ашиг орлого олохоо нэгдүгээр зорилготой кинонуудыг манайхан ихэнхдээ хийдэг. Кассовый кино байж болох ч хэмжээнээсээ хэтрэх гэж байх болов уу?
-Стресстэй хар бараан үйл явдал олонтой нийгэмд ар араасаа инээдмийн кинонууд хийгдэж байгаа нь буруу биш. Хүмүүс үзээд инээж баясч эрэлт хэрэгцээгээ хангаж байна. Жинхэнэ үлдэх бүтээл хийх үү эсвэл мөнгө олох кино хийх үү гэдэг найруулагчийн л сонголт. Жинхэнэ уран бүтээл хийхийн тулд маш их зүйлс хэрэг болох нь мэдээж.
-Үндэсний кино урлагт үлдэх монгол эр хүний шинж чанар, дүр төрхүүдээс танд хэр их байгаа гэж боддог вэ? Учир нь олон улсад тухайн үндэснийхээ хэв шинжийг харуулсан дүр төрхийг чухалчилдаг юм шиг санагдсан.
-Жүжигчин хүнд өгөгдөл байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийнхэн хардаг. Миний хувьд монгол хүний нийтлэг шинж буюу хэт өндөр биш намхан бас биш дундаж нуруутай. Үс сахал гэвэл ургуулбал бас ургачихна. Бага хаадын үеийн цувралд тоглож байлаа. Мөн монгол ёс заншил, соёл, ёс журам, амьдралын хэв маяг байдаг. Надад монгол хүнд байвал зохилтой хэв шинж байна. Дээрээс нь мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллачихлаа. Хангалттай туршлагатай болсон гэж бодож байна.
-Та ямар байгууллагад харьяалагдаж ажилладаг юм бэ?
-Би 2009 онд сургуулиа төгсөөд Драмын театрт ажилласан юм. Гараад 2014 оноос хувиараа ажиллах болсон. Яг одоо аль нэг газарт харьяалагддаггүй чөлөөт уран бүтээлч. Гэхдээ 3-4 студитэй хамтарч ажилладаг. Жүжигчнээс гадна зургийн даргаа хийдэг. Жишээ нь Ланз студийнхэнтэй “Буцаагүй амлалт” гэдэг аутизмтэй хүүхдүүдэд зориулсан маш гоё кино хийлээ. Энэ жил би бүрэн хэмжээний дөрвөн кинонд ажилласан.
-Чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, байнга ажилтай байхын тулд өөрийгөө хэрхэн сорьж, ур чадвараа яаж сайжруулж, зах зээл дээр өөрийгөө “борлуулдаг” вэ?
- Энэ бол маш том шалтгаантай шүү дээ. Би гурван хүүхэдтэй гэр бүлийн тэргүүн.
Энэ бол шаргуу хөдөлмөрлөх шалтгаан минь. Зогсоо зайгүй л хүмүүстэй ажил ярьж хамтарч явдаг. Жүжиглэхийн зэрэгцээгээр арга хэмжээ хөтөлнө. Шинэ сэргэг, ур чадвараа хөгжүүлэхийн тулд байнга л уншиж судалж, хөдөлмөрлөж байх ёстой. Энэ амархан шүү дээ. Ажлаа хийж байхдаа л ур чадвараа хөгжүүлнэ. Одонгийн найр хөтөллөө гэхэд эхийн тухай шүлэг, найраглал ч юм уу цээжилдэг. Өөртөө нэг босго тавиад түүндээ хүрч ажил болгондоо өөрийнхөө санааг байнга шингээдэг. Өөрийгөө байнга бүтээлч байлгадаг гэх юм уу.
-Одоогоор хэдэн бүтээлд тоглоод байгаа вэ?
-Би одоогоор 30 гаруй дэлгэцийн бүтээл, 10 гаруй жүжигт тоглосон байна.
-Тоглох бүтээлдээ тавьдаг цензур нь…?
-Зохиол, зохиол, зохиол.
-Зохиол нь ямар байх ёстой вэ?
- Шинэлэг, содон, “дотортой”.
-Үзэгчдэд чи ямар дүрийг хүргэхгүй вэ?
-Би ямар ч дүрд тоглоно. Гэхдээ улс үндэстнийхээ эрх ашиг, үзэл санаанд нийцэхгүй дүрээс татгалзана.
-Тэгвэл одоо ямар дүрд тоглохыг хүсч байна вэ?
- Би аймаар архичинд тоглохыг хүсч байна.
-Яагаад?
-Өнөөдөр залуус маш их архи ууж байна. Аймаар ууж байна. Ингээд байвал ангал руу нисэх юм байна шүү гэдгийг л мэдэртэл нь тогломоор байна. “Амьдралын нахиа” гэдэг кино байдаг шүү дээ. Одоо нийгэмд түүн шиг кино дутаад байна.
-Та дахиж цагдаагийн дүрд тоглохгүй гэсэн байсан. Яагаад?
- Хэт олдчихсон юм. “Ус дээшээ урсдаг”, “Амьдрал чиний төлөө” цувралын дараа нэг ангит, хоёр ч кинонд цагдаад тоглосон.
-Аймшгийн киноноос зарим үзэгчид яагаад таашаал авдаг юм бол?
-Өдөр тутам хүмүүс тархи толгойндоо ямар нэг өөр зовнил, айдастай байдаг. Харин аймшгийн кино үзээд өөр зүйлээс айдаг. Эргээд яагаад би айдаг вэ, миний айдсын учир шалтгаан юу вэ гэж боддог байх.
-Та юунаас айдаг вэ?
- Өөрийгөө айлдахаас айдаг.