Б.МӨНХБАЙГАЛЬ
1990-ээд оны хүүхэд багачуудын аз жаргалтай дурсамж цирктэй салшгүй холбоотой. Сонин содон үзүүлбэрүүдийг циркийн жүжигчид өөрийн биеэр нугарч “хугаран” үзүүлэх нь үнэхээр л гайхамшигтай. Үзсэн хүн бүрийн бахдалыг төрүүлнэ гэдэг л энэ байх. Харин өнөөдөр хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх, урлагийн боловсрол олгох газар дутагджээ. Дэлхийн бусад улс оронд энэ салбарын хөгжил хаана явж байгаа тухай урлаг судлалын ухааны доктор, “Степпе Арена” компанийн гүйцэтгэх захирал Н.Батмөнхтэй ярилцлаа.
Тэрбээр Москва хотын Цирк-эстрадын дунд сургуулийг циркийн жүжигчний мэргэжлээр, Москва хотын Театрын урлагийн дээд сургуулийг цирк, драмын найруулагчийн мэргэжлээр төгссөнөөс хойш 30 гаруй жил Улсын циркт жүжигчин, найруулагч, дарга, уран сайхны удирдагч, Нарны циркт дасгалжуулагч багш, уран бүтээлийн зөвлөхөөр ажиллаж байсан.
-Урлаг тэр дундаа циркийн урлаг ямар байх ёстой вэ?
-Урлаг гэдэг хэн нэгэн хүний бүтээл. Хятад уу эсвэл эртний грек, египетийн хүн үү гэдэг нь хэнд ч хамаагүй. Хүний хэрэгцээнд зориулагдсан, сэтгэлийн таашаал авсан бүтээлийг урлаг гэх байх. Дуу, хөгжим, бүжиг, зураг, уран барилга, баримал бүгд үүнд багтана. Үе үе дамжиж ирсэн гайхамшигт сор бүтээлүүд бий. Тухайлбал, Шекспирийн эмгэнэлт жүжгүүд гэхэд л үзсэн хүмүүс ямар гайхамшигтайг нь шагшин магтдаг шүү дээ. Хэдэн жилийн дараа Харанга, Хурд хамтлагийн дуунууд, Б.Лхавгасүрэн гуайн шүлгүүд, Н.Жанцанноровын хөгжмүүд бидний дунд шилдэг бүтээл болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлд хүрсэн үе үеийн бүтээгчдийн бүтээл бол урлаг. Түүнээс биш А.С.Пушкиний шүлгүүд л сайн, бусдынх нь муу гэсэн юм байхгүй. Гагцхүү үүнийг цаг хугацаа л харуулна.
Циркийн урлагийн тухай маш олон хүн асуудаг. Циркийн урлаг нь дотроо хоёр зүйлийг агуулдаг. Нэгдүгээрт, хүн буюу циркчин. Хоёрдугаарт, циркчиний үзүүлбэр үзүүлэх байр. Аль нэгийг нь салгавал өрөөсгөл болно.
-Монгол циркчдийн гол ялгарах онцлог юу вэ. Үүнийгээ илэрхийлж чаддаг уу?
-Энэ бол циркчдийн өөрсдийн жүжигчний ур чадвартай холбоотой асуудал. Олон улсын тайз монгол циркчдийг сонирхож, үнэлж байгаа гол зүйл нь уламжлалт хэв маяг. Тэгэхээс гурван алим сөөлжүүлж шидэхэд монгол орос нь хамаагүй, техник нь адилхан. Гэтэл тэр гурван алим нь юу болох, ямар хувцастай, ямар авир ааш гаргаж шидэх үү гэдэг нь жүжиглэх ур чадвар. Манай залуучууд нэлээн сайн ажилладаг.
-Цирк хувьчлагдсаны дараа олон хүнд Монголын циркийн урлаг мөхөж буй сэтгэгдэл төрсөн. Циркчид маань одоо хэрхэн ажиллаж байгаа бол?
-2008 онд циркийн байрыг менежментийн хувьчлал хэмээн хувьчилсан. Оносон оноогүйг цаг хугацаа харуулж байх шиг байна. Түрүүн хэлсэнчлэн циркийн урлаг хүн, байр гэх хоёр зүйлээс бүрдэнэ. Өнөөдөр манайд хүн нь байна. Байр нь алга. Циркийн жүжигчид өөрсдийнхөө эзэмшсэн мэргэжил, дурласан сэтгэлийнхээ эрч хүчээр л оршиж байна. Гэтэл тэднийг бүхэлд нь циркийн урлаг гэхээр өрөөсгөл болж байгаа юм. Яагаад гэвэл тэдний бэлтгэл сургуулилт хийх, өдөр бүрийн тоглолт хийх, шинэ үзүүлбэр үзүүлэх байр нь байхгүй. Жүжигчид аргагүйн эрхэнд өндөр түрээсийн төлбөр төлсөн эсвэл биеийн тамирын зааланд боломжоороо газар олж бэлтгэлээ хийдэг. Тиймээс Монголын циркийн жүжигчид гадаадын зах зээлд л амьдарч, эрэлт хэрэгцээгээ хангаж байна. Тэд маань маш хүнд зовлон бэрхшээлийг даван туулж байгаа. Гэсэн ч эрсдэлээ үүрээд зарим нь амжилтад хүрч, зарим нь амжилтад хүрч чадахгүй л яваа.
-Монголд ажиллах нөхцөл дутмаг болохоор чадвартай уран бүтээлчид маань харь орон руу гарсаар байгаа. Тэдэнд ажиллах нөхцөл боломжийг нь хэрхэн бүрдүүлэх вэ?
-1970, 1980 онд байсан шиг аливаа хөгжлийг бүтээе гэхэд дийлэнх хүмүүс төр лүү дайрдаг. Төр бүтээж, хийх хэрэгтэй гэдэг. Төрийн оролцоо хэрэгтэй нь үнэн. Зөвхөн оролцоо. Гэхдээ төр бүгдийг хийдэг нь биш. Түүнчлэн төрийн оролцоо юунд байхыг хэлэлцэх хэрэгтэй. Жүжигчинг нь цалинжуулаад л байх юм уу, байрыг нь бэлдэж өгөх юм уу гэж. Төр лүү дайрч хийлгэх нь хамгийн амархан зам.
Зах зээлийн нийгэмд бид ардчилалд шилжсэн. Гэхдээ ухарч битгий социализмыг мөрөөдөөд байгаач ээ. Тэнд таны эрх байгаагүй. Магадгүй зарим хүмүүс тэр үед гоё байсан, сайн уран бүтээл хийдэг байсан гэнэ. Тэр үнэн, “Браво” гээд алга ташна. Гэхдээ сонголтгүй зөвхөн даалгавраар л хийсэн шүү дээ. Зөвлөлтийнхөн инээгээгүй болохоор чи инээж болохгүй гэдэг байсан. Энэ бол хүний эрхийн тухай ноцтой асуудал.
Монголд төрийн оролцоотойгоор сонгодог болон циркийн урлагийг сэргээх хэрэгтэй. Одоохондоо арай сөнөөгүй байгаа. Сэргээхийн тулд бүжигчдийг сургуулилт хийх мэргэжлийн сургалтуудыг түлхүү явуулна. Мөн дотоодод буй бэлтгэл хийх байруудыг олж өгөн дэмжих ёстой. Тэднийг чөлөөтэй бүтээлээ туурвихад нь анхаарах хэрэгтэй. Тэгэхээс цалинг нь өгөөд нийгмийн даатгал төлөөд байвал хөгжлөөсөө ухарна. Олон хүн ингэж тогтмол цалинтай болохыг хүсдэг.
-Циркийн найруулга бусад найруулгын төрлөөс юугаараа ялгагддаг вэ?
-Циркийн урлаг өөрөө тайзны урлаг. Яг тухайн секундэд өрнөж байдаг амь эрссэн үзүүлбэр. Өөрөөр хэлбэл, амь эрссэн үзүүлбэрийг өдөр бүр тэд бэлдэж хийдэг. Циркийн жүжигчид үүгээрээ л бахархуулж, үнэлүүлдэг. Ийм л ялгаатай. Түүнчлэн эдгээр үзүүлбэрээ хийхдээ жүжиглэх, бүжиглэх урлагийг давхар үзүүлж, үзэгчдэд айдсыг мэдрүүлж болохгүй.
-Тэгэхээр бусад урлагийн хүмүүсээс циркчид илүү хөдөлмөрлөдөг гэсэн үг үү?
-Урлагийн төрлүүд хоорондоо өөр өөр. Кино драмын жүжигчид дүрийнхээ дотоод сэтгэлийг гаргахын тулд уйлж, эмгэнэл гашуудлыг илэрхийлэх гэж зовж байгаа. Нулимс чинь шууд л гарчихдаг эд биш. Инээхэд ч хэцүү. Гэтэл сэтгэлээсээ тас тас хийн хувирах гэж жүжигчид өөрсдийгөө золиослодог. Энэ бол жүжиглэх өөр нэгэн арга техник. Циркийнхэн бол өөр. Өдөр бүр уйлаад байхгүй. Харин хүн гэдэг биеэрээ гайхамшиг хийж болдог юм байна гэсэн гайхшралыг бий болгодог. Циркчин хүний хийж буй үйл хөдлөлөөр үзэгчид бахархдаг. Тиймээс л цог жавхаатай байх шаардлагатай болно.
-Дэлхийн циркийн чиг хандлага хаашаа явж байгаа вэ?
-Ерөөсөө л хүнийг өөрт нь харуулж таниулах. Хүн гэдэг чинь сонирхолтой амьтан. Зөвхөн хоёр хөл дээрээ явах ёстой биш толгой дээрээ явж болно гэдгийг үзүүлнэ. Ингэхдээ сүүлийн үеийн техник технологийг ашиглах болсон. Хүний амьдрал тэр чигтээ цахим сүлжээнд тулгуурлаж байхад цирк ч энэ дэвшлийг дагаж байна. Циркийн жүжигчний үйл хөдлөлөөс гадна тайзанд бас хэрэглэдэг. Энэ бүхэн үзэгчийн хэрэгцээнээс үүссэн.
Үзэгчид интернэтээс бүхнийг мэддэг цаг болсон. Уран бүтээлчдээс түрүүлээд л үзчихсэн байх нь бий. Цахим ертөнцөөр аялчихсан хүнд урд нь очоод алиалж, илбэ үзүүлэх шаардлагатай. Нэг ёсондоо тэр хүний үзсэн зүйлээс давж үзүүлнэ гэсэн үг. Тэгж чадахгүй бол үзэгчид хэзээ ч үнэлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс бүтээлээ цахим ертөнцтэй л холбох нь үзэгчийн хэрэгцээ юм.
Хошин шог, кино урлагийнхныг би зөв замдаа орчихсон гэж боддог .Тэд өөрсдөө бүтээж борлуулж байна. Дэлхийд, олон улсад гарч байна. Th HU хамтлаг маш их шуугиан тарилаа. Бүгд л алдаж онож суралцсан. Үүнтэй адил тайзны урлагийнхан хойноос нь явах ёстой. Продюссер гэдэг театрын дарга биш. Продюссер гэдэг хувийн мөнгөө гаргаад, хийх гэсэн бүтээлийн захиалгыг гаргаж буй хүмүүс. Манайх бол зах зээлийн нийгэмд шилжсэн ч юм шиг, үгүй ч юм шиг саарал яваад байна. Энэ үеийг зоригтой давах хэрэгтэй. Үндэсний урлаг, драм, дуурь,цирк, кино, номын сан, музей гээд бүгдийг нь төр авч явна гээд овоолоод байвал хэцүү. Мөнгөтэй бол хамаагүй овоолж болно.
-Та циркийн урлагийг хөгжүүлсээр байгаа юу?
-Олон улсад тайзны урлагийн продюссер, продакшн технологийн сургуулиудтай хамтарч ажилладаг. Найруулагч суут байж болно. Гэхдээ хэзээ ч ганц хүн бүтээл хийдэггүй. Энэ бол хамт олон, багийн ажил.
Аливаа хөгжил үе үеэрээ байдаг. Миний үе байсан, хийсэн. Тодорхой амжилт байгаа, алдаа ч бий. Бидний үе нэг шат ахиулж хөгжүүлсэн. Би одоохондоо өөр зүйлд хүч үзэж байна. Монгол Улсад анхны болон мөсөн спортын битүү ордны бүтээн байгуулалтад оролцож байна. Мөсөн өргөө ордон нь 105 метр урт, 65 метр өргөнтэй, 7897 метр квадрат бүхий барилга. Энд циркийн үзүүлбэр, жүжиг, уран гулгалт, хоккей зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм. Ордон нь олон төрлийн онооны самбар, гулгуурын талбай цэвэрлэх, мөс сэргээн засварлах тусгай машин, дуу авианы тоног төхөөрөмж зэрэг олон стандартыг хангаж буй. Энэ ажил 70 хувьтай явагдаж байна. Төсөл ирэх оны наадмын үеэр нээлтээ хийнэ.