Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Асрамжийн газрын хүүхдүүдэд “Урлагаар анагаахуй” төслийг хэрэгжүүлж байна

Б.МӨНХБАЙГАЛЬ

 Монгол Улсын нийт хүн амын 36.6 хувь нь хүүхэд эзэлдэг. Хүн амын ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт, хорт зуршил, хүчирхийлэл гэх зэрэг олон сөрөг асуудлаас болж гэр бүл задран, хүүхэд хаягдан, өнчирч хоцордог. Эдгээр хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэн, харж хамгаалах үүргийг төр хүлээх ба үүнийг нийгмийн халамжийн болон хүүхдийн асрамж, халамжийн байгууллагууд гүйцэтгэнэ.
 Манай улсын хэмжээнд нийт 31 асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 1057 хүүхэд амьдардаг. Асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдүүд нас биед хүрч, гэр бүлийн амьдрал зохиож, бусадтай адил бие даан амьдрах, гэр бүл зохиох, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх зэрэг олон үүрэг хариуцлагыг хүлээнэ. Иймээс хүний хөгжлийн суурь болсон хүүхэд насанд амьдрах ухаан болон сэтгэл зүйн боловсролыг олгох нь нэн чухал.
 Иймд “Орчин үеийн соёл урлагийн цогцолбор” ТББ-аас асрамж халамжийн төвд өсч буй өсвөр насны хүүхдүүдэд урлагийн сэтгэл заслаар дамжуулан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн, амьдрах ухааны боловсрол олгох зорилготой “Урлагаар анагаахуй” төсөл хэрэгжиж байгаа юм.
 Төслийн хүрээнд Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвөөс 20 хүүхдийг сонгон галерейн аялал, амьдрах ухааны боловсрол олгох сургалт, урлагийн сэтгэл засал болон бүтээл туурвих хөтөлбөрт хамрууллаа. Төслийн үр дүнд асрамж халамжийн төвд өсч буй хүүхдүүд зан чанарын төлөвшил, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ зөв удирдах, тулгамдсан асуудлыг даван туулах чадвар эзэмшихээс гадна өөртөө итгэх итгэлийг олж авч буйгаараа ач холбогдолтой юм.
 Төслийн тухай “Орчин үеийн соёл урлагийн цогцолбор” ТББ-ын үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч, арт терапист Д.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Сэтгэл зүйг урлагаар эмчлэхэд давуу тал нь юу байдаг вэ?
-Орчин үеийн сэтгэц оношилгоонд судалгаа шинжилгээний олон арга хэрэглэж байна. Эдгээр аргууд нь өөр өөрийн зориулалтаар ялгаатай байдаг. Түүхэн хөгжлийн явцад урлагийн агуулга илэрхийлэл өөрчлөгдсөөр хэрэгцээ шаардлагын дагуу олон салбарт ашиглагдаж байгаагаас тэр дундаа сэтгэл судлалын салбарт нэгэн томоохон аргачлал болгон ашиглаж байна. Урлаг нь зөвхөн уран зургийн галерей, музей, соёл урлагийн газарт байдаг ба тэрхүү газарт зөвхөн мэргэжлийн уран бүтээлч, судлаач хүмүүс багтдаг гэсэн ташаа ойлголт саяхныг хүртэл байсан. Харин өнөө цагт хүний бүтээлч байдал дээр тулгуурлан ажилладаг “Арт терапи” буюу урлагаар анагаах арга бий болсон. Энэ нь хүнд зөвхөн сэтгэлийн таашаал, гоо зүйн боловсрол, мэдрэмжээ гаргах боломжийг олгохоос гадна хүний сэтгэл зүй дэх олон асуудлыг олж илрүүлэх, оношлох түүнчлэн анагаах боломжтой нь олон судалгаа шинжилгээн дээр батлагдсаар байна. Урлаг нь богино хугацаанд хүний далд ухамсарт хүрч, түүнийг бүтээлээр дамжуулан илэрхийлж чаддагаар давуу юм. Өөрөөр хэлбэл хүн үгээр илэрхийлэх, ойлгуулах боломжгүй асуудал, бэрхшээл, мэдрэмжээ өнгө, дүрс, хэлбэр, билэг тэмдэг, зүйрлэл ашиглан илэрхийлэх явдал юм.
-Асрамжийн газрын хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог ямар байдаг вэ? Арт терапи үүнд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Асрамж халамжийн төвд өсч буй хүүхдүүд маань өөрсдөөс үл шалтгаалан хайрлуулах, халамжлуулах, хамгаалагдах эрх нь зөрчигдөж буй хүүхдүүд юм. Тэдний хувьд ирж байгаа шалтгаанаас хамааран сэтгэл зүйн байдал харилцан адилгүй байдаг. Хүүхдүүд маань ихэнхдээ өөртөө итгэлгүй, өөрийн үнэлэмж муу, зан төлвийн өөрчлөлттэй болон харилцааны асуудалтай байх нь цөөнгүй. Хүүхдийн сэтгэл зүйд урлагийн сэтгэл заслын бүтээлч үйлээр дамжуулан хүрэх нь өөрийгөө таньж мэдэх, өөрийн давуу талаа ухаарах, сөрөг мэдрэмжээ таних, бусдыг ойлгох чадвар нэмэгддэг тул богино хугацаанд үр өгөөж өндөр байдаг. Ялангуяа асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд урлагаар дамжуулан сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь нэн тохиромжтой аргачлал юм.


-Урлагаар сэтгэл засах арга нь зөвхөн зургаар л дамжих хэрэг үү. Өөр бусад урлагийн төрөл үүнд багтдаг уу?
-Урлагийн сэтгэл засал илэрхийлэх урлагийн хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, драм, тоглоомын гэсэн төрлүүдэд ангилагддаг. Өнөөдөр бид энэхүү төсөлд дүрслэх урлагийн аргачлалыг хэрэглэж байна. Хүүхдүүд өнгө будаг, бийр, баримлын шавар ашиглан урлагаар дамжуулан өөрөө өөртэйгээ илүүтэй танилцаж буй.
-Яагаад “Өнөр бүл” төвийг сонгож энэ төслийг эхлүүлсэн бэ. 20 хүүхдээ хэрхэн сонгов?
-“Өнөр бүл” төв нь Монгол Улсын хүүхдийн төв асрамжийн 45 жилийн түүхтэй байгууллага юм. Энэхүү төв нь 2-18 насны асрамж халамжийн үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдэд тусалдаг. “Урлагаар анагаахуй” төсөл нь зорилтот бүлэг тэр дундаа өсвөр насны хүүхдүүдэд хүрэхийг зорьсон учраас тус байгууллагыг сонгон төслөө хүргэж байна. Эдгээр 20 хүүхэд бол асрамж халамжийн төвд өсч буй хүүхдүүдийн төлөөлөл бөгөөд цаашдаа энэхүү төслийг бид урт хугацаанд үргэлжлүүлэхээр зорьж байгаа.
-Эдгээр 20 хүүхэд сонгогдсон гэдгээ мэдээд ямар хариу үйлдэл үзүүлсэн бол?
-Энэхүү төслийн үйл ажиллагаа нь хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон, оролцооны аргад суурилсан, хүүхдийг урлаг, уран сайхан, танин мэдэхүйн ертөнцөөр аялуулсан арга хэлбэрээр хэрэгжиж байгаагаар онцлог. Хүүхдүүдийн сэтгэл зүй болон боловсролд эерэг нөлөө үзүүлж хүүхдүүд маань сэтгэл хангалуун байгаад маш их баяртай байна.
Тэд хэдий асрамж халамжийн төвд өсч байгаа ч нэгэн цагт тэд үүрээ орхиод нисдэг шувуу адил амьдралын их далайд хөл тавих болно. Харин бид тэднийг амьдралд бэлтгэн бодит ахуйн хэрэглэлээс илүүтэй тэдний сэтгэл, оюун ухаанд зөв хөрөнгө оруулалт хийхийг зорьсон. Мөн бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан Монгол арт галерей, Mesmerism, Худалдаа хөгжлийн банкны хамт олонд туйлаас талархаж буйгаа илэрхийлмээр байна.
Уг төсөл энэ сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Арт Галерейд ийнхүү зохион байгуулагдсан. Мөн цаашид санхүүжилтээ нэмэгдүүлж чадвал төслийг үргэлжлүүлэн хийх аж.
Ингээд уг төсөлд хамрагдсан хүүхдүүдийн сэтгэгдлээс хуваалцъя.

“Би илүү хүчтэй, тэвчээртэй, мэдлэгтэй удирдагч хүн болохыг
хүсч байна”

 15 настай Б.У “Өнөөдөр ёстой гоё өдөр байлаа. Энд ирээд их юм сураад, их юм мэдэж авлаа. Амжилтад яаж хүрэх, өөрийн дотоод сэтгэл хөдлөлөө яаж удирдан захирах, хүнтэй хэрхэн харьцах, урлагаар дамжуулан сэтгэл засах гээд мэдэхгүй олон зүйл байсан. Цаашдаа ч гэсэн амралтын өдөр, чөлөөт цагаа ингэж өнгөрүүлдэг бол маш гоё байхсан. Бас зураг яаж зурдгийг сурлаа. Өнгө хольж болдог юм байна. Өнөөдрийн сурсан зүйлүүдээс зураг зурах хамгийн сайхан байсан. Би өөрөө том болоод загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг. Тиймээс урлаг, зураг зурах тухай мэдлэг олж авсандаа баяртай байна. Маш таатай, аз жаргалтай байна” гэв.
 15 настай А.Х “Өглөө төв дээрээ байхдаа өнөөдөр юу болох бол, надад хэрэгтэй юм заах болов уу гэж их бодсон. Одоо харин сургалтад суугаад дууссаны дараа сэтгэл санаа өндөр, баяртай байна. Уран зураг гэхээр дандаа л зурах юм байх гэж бодсон чинь сургалт лекц ороод гоё байлаа. Өнөөдөр лекцийн үеэр хүнтэй яаж харьцах, сэтгэлийн хөдөлгөөнөө яаж барьж, даван туулах вэ гэдэг талаар сурсан. Урлагаар дамжуулан анагаах сургалтын үеэр би өөрийнхөө хүчирхэг байх ёстой талыг илүү харж чадсан. Би илүү хүчтэй, тэвчээртэй, мэдлэгтэй удирдагч хүн болохыг хүсч байна. Бүтээл туурвих цагт гэрэлт цамхаг сонгож зурсан. Гэрэлт цамхаг өөрөө хүмүүсийг зөв зам руу нь чиглүүлж өгдөг. Төөрсөн, замаа олохгүй будилсан хүмүүст чиглүүлэгч, үлгэр жишээ хүн болмоор байна” хэмээн баярлан хөөрч байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com