Шинэ жилийн өмнөх өдрүүдэд хот тэр аяараа гэрэл чимгээ гялалзуулж, хүмүүс шинэ жилийн ширээний амттан идээн ундаанаа бэлтгэж, оройн цэнгүүний гоёлоо зэхдэг. Өрнийн тооллын нэгэн жилийг ардаа үдэж цоо шинэхэн нэгэн оныг угтан золгох нь дэлхийн ихэнх улс орнуудын нийтлэг баяр билээ. Өдөр тутамдаа өрнийн хэв маягийг нэвтрүүлсэн монголчуудын хувьд ч Шинэ жил бол шинэ урам зориг, эрч хүчийг олж авдаг нийтлэг баяруудын нэг юм. Баярын ширээгээ дүүргэж, ах дүү хамаатан саднаараа цэнгэн хөгжилддөг баяруудаас шинэ жил олон онцлогоороо ялгаатай. Түүний нэгэнд шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн, сонгодог хөгжим, оргилуун дарс, вальс тэргүүтэн зайлшгүй орно.
2019 оноо үдэх эдгээр өдрүүдэд сонгодог хөгжим, вальстай олон арга хэмжээнүүд шил шилээ даран өрнөж байна. Тэдгээрийн нэг нь Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иоханн Штраусын сонгодог зохиолуудаас бүрдсэн УДБЭТ-ын “PROSIT-2020” Улаанбаатарын шинэ жилийн концерт боллоо. Хөгжиж буй олон орноос монголчууд бол дэлхийн сонгодог урлагийн чамгүй боловсролтой мөн тэр чинээгээрээ сонгодог урлаг өндөр хөгжсөн орнуудын нэг . Дэлхийн сонгодог урлагийн алтан тайзуудыг монгол хүн эзэлж буйгаар нь бид бахархдаг. МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Д.Алтанхуягаар жишээлэхэд л тэдний алдар сууг том тайзууд мэддэг болжээ. Тиймээс ч Монголд сонгодог урлагийг сонирхон хүртдэг үзэгчид маш олон. Тэр утгаараа Дуурийн театрын танхим мөн л энэ удаад дүүрэв.
Энэхүү концертын утга учрын тухайд өгүүлбэл жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Австрийн Вена хотноо 11:15 цагт Филармонийн оркестр нь алдарт Musikverein-ийн (Венийн Хөгжмийн Холбоо) “Aлтан танхим”-д шинэ жилийн энэхүү концертыг тоглон 90 гаруй оронд шууд дамжуулдаг уламжлалтай юм. Уг концерт шинэ оны анхны өдөр ийнхүү дэлхий даяар 95 сая орчим үзэгчдэд хүрдэг байна. Энэхүү концертын Монгол хувилбарыг МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Австрийн хамтын ажиллагааны зөвлөл, УДБЭТ болон Австрид төгсөгчдийн холбоотой хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Австрийн сонгодог хөгжмийн зохиолчид тэр дотроо вальсын хаан Йоханн Штраусын сэтгэл сэргээсэн уянгалаг вальсын аясаар УДБЭТ-ын тайзнаа МУУГЗ Н.Туулайхүүгийн удирдлагаар уг концертын ганцхан удаа тоглолоо. Мөн энэ удаагийн концертын онцлог нь Төрийн шагналт, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны бурхны оронд залрахаасаа 12 цагийн өмнө МУУГЗ удирдаач Н.Туулайхүүд зориулж бичсэн “Бяцхан Вальс” бүтээлийг анх удаа сонгодог хөгжмийн хорхойтнууддаа өргөн барьж байгаа явдал юм.
Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иоханн Штраусын тухай товчхон дурдахад XIX зуунд хүн төрөлхтнийг вальс хэмээх гайхамшигтай аялгуунд умбуулж чадсан онцгой хоёр хүн байсны нэг нь И.Штраус нөгөө нь И.Ланнер байв. Тэд хоёулаа вальс зохиогчид, хоёулаа хувийн найрал хөгжимтэй, хоорондоо өрсөлдөлддөг байжээ.
Зургаан настайдаа анхныхаа вальсыг бичсэн И.Штраусын нэр Европт тэр үедээ түгэн дэлгэрч алдаршиж байв. Тэр 1872 онд Америкт очиж Бостон хотноо 100 мянган хүнд зориулж тусгайлан зассан танхимд 14 удаа концерт тоглож, дуучин, хөгжимчин 20 мянган хүн оролцсон концертыг туслах 100 удирдаачийн хамт тоглуулж байжээ. Энэ нүргээнтэй аяллынхаа дараа И.Штраус концертоо цөөлж, хошин дуурь бичиж эхэлсэн байна. 1870 оноос нас бартлаа 16 хошин дуурь бичсэнээс “Сарьсан багваахай”, “Цыганы барон”, “Хөгжөөнтэй дайн”, “Венецийн шөнө” зэрэг нь ихэд алдартай юм. Тэдгээрээс “Сарьсан багваахай” дуурийг Монголын Дуурийн театр тавьдгийг бид мэдэх билээ. Иоханн Штраус 74 насалсныхаа 55 жилийг уран бүтээлд зориулсан нэрт хөгжмийн зохиолч хүн юм. И.Штраус зөвхөн бүжгийн хөгжим 500 орчмыг бичсэний бараг тэн хагас нь вальс, түүнээс дэлхий дахинаа алдаршсан нь “Цэнхэр Дунай”, “Венийн шугуйн үлгэр”, “Жүжигчний амьдрал”, “Хаврын дуун” зэрэг бүтээл юм. И.Штраус бол Венийн гэж алдаршсан сонгодог вальсын урлагийг үндэслэсэн хөгжмийн зохиолч ажээ. Алдарт “Цэнхэр Дунай” вальс нь Вена хотын сүлд дуу болсон түүхтэй.
Энэ концертод мөн “Сарьсан багваахай”, “Цэнхэр Дунай” зэрэг бүтээлүүдийг нь МУУГЗ Н.Туулайхүүгийн удирдлагаар УДБЭТ-ийн найрал хөгжимчид тоглож үзэгчдээ баясгалаа.
Дэлхий даяар 95 сая хүн үзэж сонсдог шинэ жилийн их найрлыг Монголд хоёр дахь удаагаа найруулан тавихдаа үндэснийхээ шилдэг хөгжмийн зохиолуудаас цөөнгүйг багтаасан байна. Удирдаач МУУГЗ Н.Туулайхүүгийн удирдлагаар З.Хангал, Б.Шарав, Ж.Чулуун, Д.Түмэнжаргал, С.Гончигсумлаа зэрэг Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс толилуулав. Тэр дотроос С.Гончигсумлаагийн “Улаанбаатарын вальс”, Ж.Чулууны алдарт “Уран хас” зохиолыг мэдэхгүй монгол хүн үгүй бизээ. Баярын оргилуун гэгээн мэдрэмжийг төрүүлж сэтгэл догдлуулан баясгах тэнгэрлэг сайхан энэ аялгууг Монголын төдийгүй гаднын хөгжимчид ч олонтоо тоглодог. Тэр л янзаараа “Уран хас”-ыг төгсөхөд гадна, дотны үзэгчид халуун дотноор алга ташиж хүндэтгэл үзүүлж байв.
Уг тоглолтыг зохион байгуулагчид завсарлагааны 20 минутыг австри оргилуун дарстай шинэ жилийн вальсанд зориулан гаргасан ч бүжиглэх үзэгч бараг олдсонгүй. Өнөө өрнийн сонгодог соёлтой үзэгчид хүйтэн театрт пөөнийтлөө дулаалж ирснээс болсон биз ээ. Тэгээд ч памбагар зузаан хивсэнцэр дээр өвлийн гуталтай вальс эргэхийг урьдаг театр манайхаас өөр үгүй биз. Дэлхийн тавцанд нэрээ гаргаж, дэлхийн урлагтай эн зэрэгцэн заримдаа илүүрхэн шагшуулдаг Монголын дуурийн театр “байшиндаа багтаж” амьдрахын зовлонг эдлээд олон жилийн нүүрийг үзэж буй. Алдарт дуурийн дуучид, бүжигчид нь үнэндээ “тайзандаа томдоод” ирэхээ байсныг олон удаагийн тоглолтуудаас нь харж болно. Сүүлийн хэдэн жилд Г.Ариунбаатар тэргүүтэй Ө.Уянга, Д.Отгонжаргал гэх зэрэг театраас төрөн гарсан мундгууд нь театрынхаа тайзан дээр үзэгдэхээ байсан нь нууц биш. Хоцрогдсон жижиг тайз, үзэгчдэдээ гологдсон театрын дотоод орчин, хүйтэн танхим, хэзээний л бахь байдгаараа хууч үнэртүүлэн хүлээж байдаг хивс тэргүүтэн нэг тийм бүгчим, харанхуй мэдрэмжийг төрүүлдэг хэвээрээ. Монголын нэрийг дэлхийд дуурсгасан их авьяас хөдөлмөрийн өлгий дуурийн театраа Монголын төр хэзээ ядаж орчин үеийн үзэгчдийнхээ зэрэгт авчран шинэчлэх юм бол доо...