Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үнэндээ Бетховен Моцартаас ч дутахгүй нэртэй уран бүтээлч болж чадсан

Б.Мөнхбайгаль

 Хүн төрөлхтний түүхэнд өөрийн бүтээлээ мөнхөлсөн суут авьяастны нэг бол Германы хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен. Суут хөгжмийн зохиолчийн талаар сонсоогүй хүн байхгүй биз ээ. Тэрбээр барууны хөгжмийн урлагийн сонгодог ба романтизмын үеийн хоорондох шилжилтийн үеийн маш чухал хүн байсан бөгөөд одоо ч гэсэн хамгийн нөлөө бүхий, нийтэд таашагдсан хөгжмийн зохиолчдын нэг хэвээр байна. Түүний төгөлдөр хуур болон хийлд зориулсан бүтээлүүд нь хамгийн гайхамшигтайд тооцогддог. Тэрбээр симфони, дуурь, сонат зэрэг хөгжмийн олон төрлөөр бүтээл туурвисан нэгэн. Венийн сонгодог урлагийн төлөөлөгч гэгддэг түүний бүтээлүүд өнөөдөр хүртэл олны сэтгэлд хоногшсоор байна.
Бетховен амьдралынхаа сүүлийн жилүүдэд таг дүлийрч, зохиосон бүтээлүүдээ өөрөө ч сонсч чадаагүй. 45 настайдаа ямар ч сонсголгүй болсон ч хөгжим туурвихаа болиогүй нь шүтэн бишрэгчдийнх нь гайхшралыг төрүүлдэг. Гэвч энэ гэнэтийн өөрчлөлтийг хөгжмийн зохиолч хэрхэн хүлээн авч, юуг даван туулсан нь төсөөлөхөд ч бэрх. Энэ жил суут хөгжмийн зохиолчийн мэндэлсний 250 жилийн ой тохиож буй. Ийнхүү 2020 оны анхны дугаартаа жинхэнэ суут сэхээтэн Людвиг ван Бетховены тухай өгүүлье.

Суут зохиолч болох эхлэл тавигдсан нь

Сонгодог болон романтизмын үеийн томоохон төлөөлөгч хэмээн тодорхойлогдсон Бетховенийг аав нь багаас нь хөгжмийн зохиолч болгохоор бэлджээ. Түүний аав Иохан Бетховен нь хааны ордны дэргэдэх сүмийн дуучин байжээ. Хүүгээ Моцарт шиг агуу хөгжмийн зохиолч болгоно хэмээн мөрөөдөж байсан боловч санасанд нь хүрээгүй гэдэг. Хөгжмийн зохиолч Кристиан Готлоф Нефе гэгчийг Бонн хотноо ирэхэд Бетховен шавь оров. Багш нь бяцхан хүүг авьяастай гэдгийг ч мэдэрчээ.Багшийнхаа ачаар түүний анхны бүтээл олны хүртээл болсон. Ингээд 12 настайдаа хааны ордны хөгжимчний туслахаар ажиллаж эхэлсэн. Гэтэл Бетховений өвөө нь нас барж гэр бүл нь санхүүгийн хувьд тун хүнд байдалд оржээ. Тиймээс ч хүү аргагүйн эрхэнд сургуулиасаа гарсан. Гэсэн хэдий ч бие даан латин, франц, итали хэл сурсан. Түүнээс гадна маш их ном уншдаг байснаа хожим нь нэгэн захидалдаа дурдсан. Уг захидалдаа “Эрдмийн ямар нэгэн зэрэг горилох санаагүйгээр багаасаа л суут хүмүүсийн мөн чанарыг ойлгохыг хичээсэн” хэмээн бичжээ. Тэр үед Бетховен аль хэдийнэ хөгжим зохиогоод эхэлчихсэн байсан. Гэхдээ түүнийгээ олны хүртээл болгохыг яарсангүй. Хожим нь Боннд байхдаа тэдгээр бүтээлүүдээ янзалж улам сайжруулсан аж.

Моцарттай уулзсан залуу Бетховен

Хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховен Германы Бонн хотод төржээ. Авьяас билэг нь багаасаа тодорсон Бетховен арван насандаа даралтат хөгжим, бишгүүрээр тоглодгоороо Бонн хотын хүмүүст танигдаж эхэлжээ. Залуухан Бетховен 1787 онд Вена хотод ирж агуу Моцартад өөрийнхөө бүтээлийг тоглож сонирхуулжээ. Моцарт түүнийг нь сонсоод дуу алдан “Тэр бүх хүмүүсээр өөрийнхөө тухай яриулж чадлаа” хэмээн хэлсэн гэдэг. Ийнхүү хоёр агуу хөгжмийн зохиолч уулзсан түүхтэй.17 настайдаа Вена хотноо очиж хэдийнээс мөрөөдсөн алдарт В.Моцартын хөгжимдөхийг сонссон төдийгүй дотно танилцсан нь түүнд асар их урам зориг нэмжээ. Хоёр их хүний анхны учрал Бетховены ирээдүйг төгс тодорхойлж өгсөн. Уг нь Бетховен Моцартад шавь орох бодолтой байсан гэдэг. Харамсалтай нь ээж нь хүндээр өвдсөн тухай мэдээ ирж аргагүйн эрхэнд Бонн руу буцаж, түүнд өрх гэрээ авч явах хариуцлагатай үүрэг ногдсон.Үнэндээ Бетховен нь Моцартаас ч дутахгүй нэртэй уран бүтээлч болж чадсан билээ.
Улмаар Бетховен дуурийн театрын эрдүү хийлчээр ажиллаж чөлөө завандаа концертод хөгжимдөж, хөгжмийн хичээл заадаг болов. Тэрбээр ховорхон олдох амралтынхаа цагийг үзэсгэлэнт байгальтай Бонн хотын захад өнгөрөөх дуртай ба Рейн мөрний хөвөө тэгшхэн тал хөндий, ой модон дотор байгалийн сайхан авиа эгшиг сонсон сууж зовлонт амьдралаасаа түр амсхийдэг байжээ. Энэ үеэс Бетховен өөрийн болон хүн төрөлхтний сэтгэл санаа, зовлон жаргалыг зохиол бүтээлдээ аль болох тод тусгахыг эрхэмлэж анхныхаа сонат, эгшиглэнт аялгуу, дөрвөл, гурвалыг туурвижээ.

 Бетховен нийтдээ 32 эгшиглэнт сонат бичсэн байдаг. Аялгуу бүр нь хэн нэгэнд зориулагдсан эдгээр бүтээлд суут хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэл, зориг эрмэлзэл, зовнил, дуртгал нэвт шингэсэн нь илт. Догдлол мэдрэмж илэрхийлсэн есөн симфони бичсэний анхныхыг Вена хотноо тогложээ. Чин сэтгэлийн баяр баясгаланг илтгэсэн эхнийхээ хэсгээс төгсгөл хүртлээ хүний нинжин сэтгэл, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн нь энэ симфонийн гол онцлог.

 Людвиг ван Бетховений “Есдүгээр симфони”, “Сарны сонат”, “Фиделио” дуурь, хожим нь Европын Холбооны сүлд дуу гэгдэх болсон “Баяр баяслын ода” зэрэг бүтээлийг дэлхий даяараа сайн мэднэ.
Бетховенийг уран бүтээлээ ид туурвиж байхад Францад хувьсгал гарч Наполеон өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсөн. Үүнд ихэд эгдүүцсэн Бетховен түүнд гуравдугаар симфонио зориулахаас татгалзсан байна. Учир нь хааныг өөрийгөө хязгааргүй эрх мэдэлтэй болголоо хэмээн агуу хөгжмийн зохиолч дургүйцсэн аж. Тэрээр Наполеоны эсрэг үзэл бодлоо нэг бус удаа илэрхийлж байсан боловч маш нэр хүндтэй түүнийг эрх баригчид баривчилж зүрхлээгүй гэдэг.

Тэрбээр бүтээл туурвих оргил үедээ сонсголгүй болжээ

 Нэрт хөгжмийн зохиолч маань Венад ирсэн даруйдаа хөгжимчний хувьд алдаршсан гэдэг. Түүний төгөлдөр хуураар хэрхэн тоглохыг сонссон хүмүүс өөрийн гэсэн онцлогийг нь биширдэг. Хувцаслалтдаа төдийлөн анхаардаггүй байснаас гадна арзайсан үсээ самнадаггүй түүний төрх бусдаас эрс ялгаатай байв. Нэлээд зөрүүд, хурц ааштай түүнийг төгөлдөр хуур тоглож байхад нь нэгэн эр хажууд байсан эмэгтэйтэйгээ яриад байсан гэнэ. Үүнд бухимдсан хөгжмийн зохиолч “Би ийм гахайнуудад зориулж тоглохгүй” гэж хэлээд шууд л босч явжээ.

 Нэрд гарсан хөгжмийн зохиолч Бетховен урлагийг ядуучуудын сайн сайхны төлөө зориулна гэж тунхаглаж байх үедээ сонсгол нь муудаад байгааг анзаарчээ. Анхны шинж тэмдэг 26 насанд нь илэрсэн ч өөрөөсөө хүртэл нууж явсан нь удалгүй хүн бүхэнд ил болжээ. Хөгжмийн суут зохиолчийн авьяас билэг ийнхүү ид ундарч алдар хүнд хүлээсэн боловч хэдэн жилийн өмнө эхэлсэн чихний дүлийрэл нь улам даамжирчээ. Дунд чихний үрэвслийн улмаас сонсголгүй болсон хэдий ч бүтээлээ туурвисаар байв. Сонсгол нь дахин сэргэхгүй гэдгийг ойлгосон тэрбээр Хайлингенштат хэмээх жижигхэн хотод амьдарч бүтээлээ туурвисан аж. Тэр үед бичсэн захидлуудыг Хайлингенштатын захиас хэмээн нэрлэсэн. Түүндээ “Хийх ёстой юмаа хийж амжилгүйгээр энэ ертөнцөөс явна гэдэг миний хувьд төсөөлөхийн аргагүй” хэмээн бичжээ. Тэр дүлийрэв. 1801 онд түүний найздаа бичсэн захидалд “Би хамгийн гутамшигтай амьдрал туулж явна. Би хоёр жил хүмүүсээс цэрвэлээ. Өөр мэргэжилтэй байсан бол тэвчихсэн. Дайснууд минь мэдчихвэл яах вэ” гэж бичиж байжээ. Мөн өвчинд шаналахын зэрэгцээ дурлал нь бүтсэнгүй. Сэтгэлээ өгсөн бүсгүйн хувьд Бетховен ердөө л угсаа гарал муутай ядуу хөгжимчин байлаа.

Дорд нэгний хайрыг мөнхөлсөн “Сарны сонат”

 Алдарт хөгжмийн зохиолч Бетховений “Сарны сонат”-ыг мэдэхгүй хүн үгүй. Энэ бүтээлээ өөрийн шавь гүн Жульетта Гвиччардидад зориулан бичжээ. Сэтгэлтэй хосууд сартай шөнө уулзаж буй мэт намуухан аялгуу нь дурласан сэтгэлээс төрсөн аж. Харамсалтай нь Жульета Гвиччардид нь гүн Галленбергийг илүү авьяаслаг хөгжмийн зохиолч хэмээн сонгосон юм. Хэдийгээр нэрт хөгжмийн зохиолчийн хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн ч “Сарны сонат” агуу бүтээл нь мөнхөрч үлдсэн. “Сарны сонат”-ыг зарим судлаачид Бетховений уйлж буй зvрхний дуулал гэдэг.

 Сонатын эхний хэсэгт шөнийн чимээгүй, сэтгэлийн зовнил дүрслэгдэж, хоёрдугаар хэсэгт шаламгай, сэвэлзүүр хөнгөн ааль байдлыг илэрхийлнэ. Бетховений дурлал бүтэлгүй болж, биеийн зовлон дээр сэтгэлийн зовлон нэмэн даржээ. Энэ үедээ хоёрдугаар симфонио зохиосон бөгөөд түүнд залуу насных нь хайр дурлал хүсэл тэмүүлэл шингэжээ.

 1804 онд тэмцэл, ялалтын билэгдэл болсон гуравдугаар симфонио бичив. Түүнчлэн дүлийрсэн зохиолч концертод тоглох, удирдаач хийхээ бараг больсон боловч гайхамшигт симфониуд, дуртгал ая, сонат, дөрвөлүүдээ туурвисаар байлаа. 1812 онд долоо, наймдугаар симфонио хэдхэн сарын дотор бичжээ. Сонсголгүй болсныхоо дараа Бетховен гэрээсээ гарахаа болив. Гэсэн ч энэ үедээ хамгийн сайн бүтээлүүдээ туурвисан. Түүний нэг нь “Фиделио” дуурь юм. Харамсалтай нь энэ бүтээлийг их хожуу үнэлсэн бөгөөд анх Вена хотноо тогложээ. Харин 1824 онд Бетховений алдарт есдүгээр симфонийг анх тайзнаа тоглосон. Бетховений есдүгээр симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен есөн симфонитой. Түүний хамгийн сүүлчийн бүтээл нь хүн төрөлхтний эв нэгдлийн дуулал хэмээгддэг есдүгээр симфони юм. Түүнийг суут зохиолчийн алдарт бүтээлүүдийнх нь сайн бүхний цуглуулга гэдэг. Дор хаяж хөгжимчин, дуучин, удирдаач гээд 200 хvний бүрэлдэхүүнтэй энэ нүсэр бүтээлийн нээлтийн тоглолтыг хийжээ. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа сонсголын эрхтэн тогтолцоо нь бүрэн ажиллагаагүй байсан юм.Тэрбээр найрал хөгжмийг өөрөө удирдаж симфонийг тоглож дуусахад хүмүүс алга нижигнүүлэн ташиж байв. Харин Бетховен үзэгчид хэрхэн баяр хүргэж байгааг сонсч чадахгүй байсан. Хөгжимчдийн нэг түүнийг үзэгчид рүү эргүүлэхэд тэрээр танхимд цугларсан хүмүүс баяр хүргэж байгааг харжээ. Алга ташилт үргэлжилсээр байсан тул цагдаа нар түүнийг хүчээр зогсоосон түүхтэй. Тоглолт дуусахад эргэж ёслохдоо Бетховен нулимс цийлгэнэсэн нүдээр өөрийгөө юу бүтээж өгснөө ойлгожээ. Тэгэхэд “Би амиа хорлохоос татгалзсан минь зөв байж” хэмээн уулга алдаж байв.

Түүний үхлийн тайлал

 1826 онд Л.Бетховен амьдралынхаа сүүлчийн бүтээл болох чавхдаст хөгжмийн дөрвөлийг дуусгах үедээ салхинд цохиулжээ. Нэрт хөгжмийн зохиолч амьдралынхаа сүүлчийн өдрүүд хүртэл уран бүтээлээ туурвисан. Эрэгтэй дүүгээ нас барсны дараа хүүхдийг нь өөр дээрээ авч хүмүүжүүлсэн. Хөгжимчин болгохоор хамгийн сайн сургуульд оруулсан байна. Харамсалтай нь дүүгийнх нь хүү мөрийтэй тоглоомонд орж амиа хорлохыг хүртэл завдсан байна. Энэ нь Бетховенд сэтгэл санааны хувьд маш том цохилт болж бие нь эрс мууджээ.Тэрээр бөөрний өвчний улмаас 1827 оны гуравдугаар сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг оршуулахад 20 мянга гаруй хүн ирж салах ёс гүйцэтгэсэн байна. Тэрбээр 1770 оны арванхоёрдугаар сарын 16-аас 1827 оны гуравдугаар сарын 26-ны өдөр хүртэл амьдарчээ.

 1990-д онд шүтэн бишрэгчид нь дуудлага худалдаанаас түүний үсийг авч дүлий байсан гэдэг нь үнэн эсэхийг шинжлүүлэхээр болсон. Түүнийг мөнгөн ус эмчилгээний зорилгоор хэрэглэснээс болж дүлийрсэн тухай яриа байдаг. Гэвч түүний үснээс авсан дээж ямар ч мөнгөн усны шинж тэмдэг олоогүй. Түүний тус үс одоо Сан Хосе их сургуульд хадгалагдаж байгаа. Мөн 2007 онд Бетховений шарилд шинжилгээ хийсэн. Үсийг нь шинжлэхэд биед нь нэлээд хэмжээний хар тугалга байсныг илрүүлсэн аж. Өөрөөр хэлбэл түүнийг эмчилж байсан эмч нь буруу эм хэрэглэсэн гэж үзжээ.

 Юу ч сонсохоо больж, тэр байдалдаа өдрөөс өдөрт дасал болсон тухай хүн төрөлхтөн бүр хожим л мэдсэн билээ. Суут хөгжмийн зохиолч дүлийрснээсээ хойш найз нөхөд, гэр бүлийнхэн болон уран бүтээлчидтэй ярилцахдаа тэмдэглэлийн дэвтэр, үзэг авч явдаг болсон бөгөөд тэд түүнээс асуух зүйлээ бичиж өгөхөд Бетховен амаараа хариулдаг байсан аж. Бетховений ийм тэмдэглэлүүд анх 1970 онд хэвлэгджээ.
Хэдийгээр Бетховен хорвоогийн мөнх бусыг үзүүлээд олон жил өнгөрсөн боловч түүний зохиосон аялгуу дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэсээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com