Мексикийн бэлэг тэмдэг, дэлхийн дүрслэх урлагийн сод төлөөлөгч Фрида Кало (Magdalena Carmen Frida Kahlo y Calderуn) нь 1907 онд төрсөн боловч өөрийгөө Мексикийн хувьсгал эхэлсэн 1910 онд Мехикогийн гудамжнаа мэндэлсэн гэдэг байжээ. Фрида гэдэг нэр нь “энх амгалан” гэсэн утгатай боловч тэр амар амгалан амьдралыг хэзээ ч үзээгүй хүн. Түүн шиг нэгэн насны амьдралаа дүрэлзсэн гал шиг өнгөрүүлсэн ч элэг эмтрэм хувь заяатай хүн энэ хорвоод ховор. Фрида зургаан насандаа хүнд өвчин тусан баруун хөл нь зүүн хөлнөөсөө нарийхан болж насан туршдаа доголон болсон байна. Бага наснаасаа хүмүүсийн дунд эрх тэгш амьдрахын төлөө тэмцэж ирсэн бөгөөд энэ нь түүнд мятаршгүй зан чанар, сэтгэлийн их хатыг төлөвшүүлжээ. Залуудаа биеийнхээ согогийг нуухын тулд баруун хөлөндөө олон давхар оймс өмсдөг байсан тэр хожим нь урт хормойтой мексик үндэсний хувцсаараа далдалдаг болжээ.
Арван таван настайдаа Фрида Препараторид элсэн орж анагаах ухааныг судалж эхлэв. Уг сургуулийн 2000 гаруй сурагчдын ердөө 35 нь эмэгтэй байсан бөгөөд Фрида “Качучас” хэмээх хаалттай бүлгэмийг байгуулж байжээ. Тэр үедээ Фрида сургуулийн ханын зураг чимэглэл хийдэг нэгэн залуутай танилцсан нь түүний ирээдүйн нөхөр хожмын зартай шалиг эр, нэрт зураач Диего Ривера байсан юм. Сургуулийн насны охины дурлал хожим бүтэж тэд 1928 онд Мексикийн коммунист намд элссэнээр дахин учирсан байна. Ийнхүү жилийн дараа давжаа биетэй доголон бүсгүй хорин насаар ах, асар том биетэй Диего Риверагийн эхнэр болжээ. Хосуудыг урлагаас гадна улс төрийн коммунист үзэл нэгтгэж байсан. Гэрлэснээсээ хойш дуулиан шуугианаар дүүрэн тэдний амьдрал бусдын хувьд домог гэмээр байв.
Арван наймтайдаа автомашины осолд орж хөл, мөр, нуруу, хавирга зэргээ хугалсан нь Фридагийн золгүй амьдралын эхлэл байсан төдийгүй хэвлийг нь хурц төмөр сүлбэсний улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй болжээ. Хөл дээрээ дахин босох найдвар тун бага байсан ч бүхнийг сэтгэлийн тэнхээгээр даван туулж жил гаруй эмнэлэгт хэвтсэний эцэст хөл дээрээ босч чадсан. Фрида хэдийгээр цөөхөн насалсан ч ахархан энэ хугацаандаа хэтэрхий хүнд ачаа үүрсэн нь түүний гуч гаруй хагалгааг даван туулснаас харж болно. Олон хоног сараар эмнэлгийн орон дээр хэвтэн тарчилж, ганцаардан шаналж байхдаа анх удаа эцгээсээ бийр будаг гуйж зураг зурсан гэдэг. Эцэг нь түүний орны дэргэд том толь, хэвтээгээрээ зурах боломжтой хэрэгсэл хийж өгсөн байна. Фридагийн анхны бүтээл нь өөрийнх нь хөрөг байсан бөгөөд цаашдын уран бүтээлийн чиг хандлага нь энэ үед тодорхойлогджээ. Тэр “Би бүх л цаг хугацааг ганцаардал дунд өнгөрөөдөг учраас бүхнээс илүү өөрийгөө л мэддэг. Тиймээс ч миний уран бүтээлийн гол сэдэв нь би өөрөө” хэмээн ярьсан байдаг. Харин өөрийгөө хэзээ ч инээсэн төрхтэйгээр зурдаггүй байсан бөгөөд хөмсөг, үл мэдэг сахлаа хүртэл ямар ч идеалист шинж чанаргүйгээр дүрсэлсэн нь өөрийн дотоод сэтгэл, итгэл бишрэлээ илэрхийлэн гаргахыг зорьдог байсантай холбоотой. Сэтгэл санаа болоод биеийн байдал нь түүний зураг зурах шалтгаан болж байсан нь төмөр дээр зурсан бүтээлүүд болон тэмдэглэлийн дэвтэр дээрх зургуудаас нь ажиглагддаг. Өвчинд шаналж зовсон үедээ өөрийгөө маш их ганцаардуулан зурж өвчин түүнийг хэрхэн шаналгаж, хэрхэн нөлөөлж буйг харуулахыг эрмэлздэг бол өвчин зовиур нь гайгүй үедээ өөрийгөө сармагчин юм уу, тотьтой хамт дүрслэх дуртай байжээ.
Фрида эмэгтэй хүмүүсийн л нэгэн адил ээж болохыг маш их хүсч жирэмсэн болсон боловч бүтэлгүйтсэн эмгэнэлт явдлаа “Хенри Фордын эмнэлэг” /1932/ бүтээлдээ тусгажээ. Тэрээр энэ үеийнхээ ганцаардлыг хотын том үйлдвэрүүд дор эмнэлгийн орон дээр байгаагаар дүрсэлсэн байна. Фрида гурван ч удаа жирэмсэлсэн боловч харамсалтай нь бүгд үр зулбалтаар төгсчээ. Энэ биелээгүй хүсэл мөрөөдөл бүхэн нь уран бүтээлд нь тусгалаа олсон байдаг. “Би болон миний хүүхэлдэй” /1937/ бүтээлд нь хоосон орон дээр өөрийгөө зэрвэс харахад жинхэнэ хүүхэд мэт хүүхэлдэйтэй зэрэгцэн суугаагаар, “Мексикийн дөрвөн оршин суугч” /1938/ бүтээлдээ жирэмсэн эхийг, жаахан охинтой нь дүрсэлсэн байдаг. Эх үрийн холбооны тухай эргэцүүлэл, ертөнцийг үзэх үзлээ “Моисей” бүтээлдээ цогц шийдэл болгон гаргаж чаджээ. Уг бүтээлд түүхийн эртнээс орчин үе хүртэлх үе шатуудыг зургийн дээд хэсгээс доод хэсэг хүртэл хүүрнэлийн хэлбэрээр өгүүлсэн байна. Зургийн зүүн дээд хэсэгт Ольмекчуудийн бүтээн байгуулсан эртний Майяагийн уран баримал, бурхдыг дүрслэн доор нь уг соёл нь устаж үгүй болсон санааг илэрхийлсэн хэвтэж буй араг ясыг зурсан байна. Доод хэсэгт нь Нефертити, Сталин, Ганди, Бурхан багш, Чингис хааны дүрүүдийг гаргаж баруун талд эртний Египетийн бурхад, Зевс, Зараостр, гурван нүүрт Есүс, Дарь эх Мария, Венера, чөтгөр болон хэмхэрсэн араг ясыг дүрсэлжээ. Доошоо Эхнатон, Есүс, Гитлер, Наполеон Бонапарт нар ч түүний уран бүтээлд багтсан. Энэ зургийн төв хэсэгт үр хөврөлийн үйл явц, эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийг билгийн нүдтэй дүрсэлсэн нь таван тивийн улс төр, нийгмийн болоод шашны олон төлөөллүүдийг багтаасан шалтгаан нь тодорхой юм. Тэд түүхийг бүтээсэн гавьяатай хэдий ч энэ хорвоод шинэ хүн мэндлэхийн дайтай агуу зүйл биш гэсэн гол санааг Фрида бүтээлдээ тусгажээ. Энэ бүтээлийг ерөнхийд нь ажиглахад түүний өндөр боловсрол, бясалган бодох цараа, итгэл үнэмшил нь харагдана. Фрида уран зургийн ямар нэгэн сургууль төгсөөгүй ч өөрийн зөн совинд хөтлөгдөн бүтээлээ туурвиж хэн нэгнийг даган дуурайх хүсэлгүй байсан нь илт байдаг.
Фрида 1930-аад оны үед нөхөртэйгөө АНУ-д амьдарч байхдаа үндэстний ялгааг гүнзгий мэдэрч түүнээс хойш мексик соёлдоо ихэд хүндэтгэлтэй хандах болж, өөрийн орныхоо урлагийн бүтээлүүдийг цуглуулж үндэсний хувцсаараа гоёдог байв. Түүний энэ үзэл санаа нь “Миний даашинз тэнд өлгөөтэй байна” /1933/, “Америк, Мексикийн хил дээрх хөрөг” /1932/ зэрэг Америкт байхдаа бүтээсэн бүтээлүүдэд нь нэвт шингэсэн байдаг. Эдгээр бүтээлүүд зохиомж болон тулгуур санааны хувьд төстэй боловч “Америк Мексикийн хил дээрхи хөрөг” бүтээл нь илүү их анхаарал татдаг. Баруун талд нь Мексикийн эртний соёл иргэншлийг харуулcан эртний баримал цац суваргыг нөгөө талд нь хөгжил дэвшлийг билэгдэн Америкийг үйлдвэрийн яндан, барилга байшингуудаар, өөрийгөө голд нь уламжлалт хувцас гоёл чимэглэлтэйгээр дүрсэлсэн байна. Эртний соёл иргэншил, үйлдвэр, техник технологи хоёрын ялгааг илүү тодотгох гэсэн мэт зургийн зүүн доод хэсэгт цэцэг нөгөө талд нь гэрэл болон трансформаторыг байрлуулсан бөгөөд эртний баримал, барилга нь тогтонги тайван оршиж байхад үйлдвэрийн яндан, хоолой зүүн тал руугаа давших мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь нэг талаас европ төвт үзэл буюу эзэгнэх ноёрхох гэсэн хүсэл эрмэлзлийг харуулахаас гадна эртний соёлын өв устаж үгүй болохоос сэрэмжлүүлсэн санаа юм.
Энэ агуу зураач бол нээлттэй экстраверсив хүн байв. Америкт амьдарч байхад нь нөхрийнх нь янаг амрагийн явдал түүнд бас нэг зовлонг нэмж байв. Ялангуяа нөхрийгөө өөрийнх нь төрсөн дүү Кристинатай нь янаг амрагийн холбоо тогтоосныг мэдсэнээс хойш илүү ихээр шаналах болов. Диего Кристинагаас янаг амрагийн холбоогоо тасалсан гэсэн ч 1935 оноос дахин сэргээсэн нь Фридад эрчүүдийг бүр мөсөн үзэн ядах сэтгэлийг төрүүлжээ.
1937 онд ЗХУ-ын алдарт хувьсгалч Лев Троцкий тэднийд орогнож байсан бөгөөд Фридаг түүнтэй янаг амрагийн холбоотой болсныг нь гэрийн эзэн Диего мэдсэнээс хөөгдсөн хэмээн судлаачид үздэг. Ийнхүү Фрида түүхэнд өөрийнхөө нэрийг агуу зураач, мятаршгүй эмэгтэй гэдгээс гадна Троцкийн сүүлчийн амраг гэдэг тодотголтойгоор үлдээсэн юм.
Фрида эх болох хүсэл нь бүтэлгүйтсэн учраас хайр сэтгэлээ зөвхөн нөхөртөө зориулан, түүний янаг амрагийн явдлуудыг уучилдаг байсан боловч 1939 онд тэр хоёрын харьцаа улам хэцүү болж нөхрөөсөө салсан нь уран бүтээлд нь хатуу, омголон гэмээр сэдэв гарч ирэх шалтгаан болсон. Энэ үед хамаарагдах “Хоёр Фрида”, “Хоёр нүцгэн ой модонд” хэмээх бүтээлүүдэд байгалиас заяагдсан хосоор байх жамыг эвдсэн, хувь хүний хоёрдмол шинж чанар эсвэл хоёр эмэгтэйн хайрыг харуулсан нь тухайн үеийн амьдралаа тусгасан зургууд байлаа. Диегог үзэн ядах, түүнд гомдох сэтгэл нь тайтгараагүй боловч Фрида түүнийг эмэгтэй хүний нинжин сэтгэлээр уучилж 1940 онд тэд эргэн нийлжээ.
1940-өөд оны үед Фридагийн бие улам муудаж хар тамхи, өвчин намдаах эм, согтууруулах ундааг хэрэглэх нь ихэсчээ. Энэ үед түүний бүтээлд хүсэл мөрөөдөл, шаналал зовлонгийн сэдэв зонхилох болсон бөгөөд “Зүүд” /1940/, “Үхлийн тухай бодол” /1943/, “Итгэл үгүй” /1945/, “Хүсэл мөрөөдлийн мод” /1946/, “Нар ба амьдрал” /1947/ зэрэг бүтээлүүдээс нь харагддаг. Энэ үеийн бүтээлүүдээс “Эвдэрсэн багана” /1944/ зураг нь судлаачдын анхаарлыг татсаар ирсэн. Хорь гаруй жилийн турш өвчиндөө шаналсан ч шуурга сөрсөн бамбар мэт амьдралын төлөө тэмцэгч энэ эмэгтэй өөдрөг дэврүүн харагддаг байсан ч ямар их сэтгэлийн тэнхээ гаргаж ийнхүү амьдарч байсныг эл зургийг харахад ойлгомжтой. Ослын улмаас гэмтсэн нуруугаа энэхүү бүтээлдээ хугарсан баганаар дүрсэлжээ. Хугарсан ч энэхүү багана нурж унахгүй босоо байгаа нь гайхамшигтай. Бүх биед нь шигдсэн олон жижиг хадаас өөрийг нь өвтгөн зовоож нүднээс нь нулимс урсавч царай нь тайван хэвээр зоримог харцаар өөдөөс ширтэнэ. Фрида өвдөлт зовиурыг хатуужилтайгаар даван туулж уран бүтээлдээ өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээ шууд илэрхийлэн гаргадаг байсан.
Парис хотноо 1939 онд Бретоны зохион байгуулсан мексик гаралтай зураачдын үзэсгэлэнд Фридагийн бүтээлүүд тавигджээ. Парисын богем ертөнц түүний бүтээлүүдийг гайхан шагширч хүлээж авсан төдийгүй алдарт Лувр их сан хөмрөгтөө худалдан авсан. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд үнэхээр шуугиан тарьсан. Лувр зургуудыг нь худалдаж авснаас үзэхэд Фридагийн бүтээлүүд ямар их үнэлэгдэж байсан нь тодорхой.
Фрида нийт 200 гаруй бүтээл туурвисан бөгөөд эдгээр бүтээлүүдийн тэн хагасыг өөрийнх нь хөрөг эзэлдэг. Фридагийн бүтээлүүд нь эерэг энергийг эрхэмлэсэн тод өнгийг голлож, өөрийн уламжлалт соёлыг энгийн аргаар илэрхийлж тухайн үед юу мэдэрч, юу бодож байгаагаа өвөрмөц шийдэлтэйгээр илэрхийлдэг бөгөөд “уншигддаг” онцгой шинж чанартай.
Тэрээр нас барахаасаа өмнө өрөөсөн хөлөө тайруулсан нь хүнд цохилт болсон ч 1953 оны хавар сүүлчийн үзэсгэлэнгээ гаргаж чаджээ. Хамгийн сүүлчийн үзэсгэлэнгийнхээ нээлтэд Фрида хагалгаанаас гараад удаагүй байсан тул эмнэлгийн машинаар хүргүүлэн ирж заалны голд зассан орон дээр хэвтэн текила ууж хошигнож “Марьячи” оркестрийн хөгжимд өөрийн дуртай дуунуудаа дуулж үзэгч олныг гайхшруулж, бахархах сэтгэлийг төрүүлж байв.
“Би баяртайгаар энэ хорвоогоос явна... Дахин эргэж ирэхгүй гэдэгт найдна... Фрида” хэмээн хорвоогоос одохынхоо өмнө сүүлчийн мөрүүдээ тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж үлдээсэн. Ийнхүү Фрида Кало 47 насандаа буюу 1954 оны долдугаар сарын 13-нд уушгины хавдраар таалал төгсч түүний оршуулган дээр Мексикийн сор болсон уран бүтээлчдээс гадна Мексикийн Ерөнхийлөгч асан Ласаро Карденас ирж алдарт зураачийг сүүлчийн замд нь үджээ.