“Болор цом”-ын эзэн Б.Жамбалдоржтой ярилцлаа. Түүнийг Ховд нутгийн хүү гэдгийг хүмүүс андахгүй байх. Зураг шаггүй зурдаг. Багаасаа зурагчин болохыг мөрөөдсөн ч хувь заяаны эрхээр Радио, телевизийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгсчээ. Одоо тэрээр Монголын үндэсний радиод найруулагчаар ажиллаж байна.
-Та яруу найрагч болсон тухайгаа яриач, танд хэн нөлөөлсөн бэ?
-Бага байхад ээж маань өөд болж нагац ах манайд амьдардаг байсан юм. Тэрээр ОХУ-д дээд сургууль төгссөн өндөр боловсролтой хүн байсан. Маш гоё зурдаг. Надад орос ном ярьж өгнө. Өвөө маань бас бага байхаас л үлгэр домог уншиж өгдөг байв. Би тэдний яриаг их сонсдог байсан. Гэхдээ би яруу найраг биш зураач болох мөрөөдөлтэй байсан. Багаасаа зураг их зурдаг байлаа.
Багшдаа зургаа үзүүлэх гэж шөнөжин сууж зурж, ганц цаг унтчихаад өглөө хичээлдээ явж байсан тохиолдол бий. Их хүссэн юм бас бүтдэггүй юм билээ. Дунд сургуулиа төгсөөд Радио, телевизийн дээд сургуульд орсон. Гэтэл тэнд “Бадрангуй” нэртэй утга зохиолын дугуйлан байсан. 10-13 насандаа шүлэг бичдэг байсан. Тэгээд сургуулийнхаа дугуйланг сонирхож эхэлсэн. Дугуйланг нь хэн удирдаж байсан?
-Зохиолч Д.Нямаа.
-Тэр том хүн та нарыг тоосон уу?
-Тоохоор барах уу, дөрвөн жил сургууль төгстөл магтсан.
-Та нар тийм мундаг байсан юм уу?
-Бид бас гайхдаг байсан сүүлд бодохноо бидэнд урам өгч, зоригжуулж байсан гэдгийг ойлгосон.
-Багадаа ном их уншдаг байсан уу?
-Дунд сургуульд байхдаа л Р.Чойном, Ш.Сүрэнжав гээд мундаг зохиолчдын зохиолуудыг уншиж эхэлсэн. Тэгээд дээд сургуульд ороод сонирхож, яруу найрагч болох зам шулуудсан. “Хүлгийн зоонд одод гялалзана”, “Сүмтэй будрын чулуу” зэрэг зохиолуудыг амтархан уншсаар яруу найрагт дуртай болсон. Бүр хонь мал хариулахдаа сумынхаа номын сангаас ном гуйж уншина. Шүлгүүд цээжилнэ.
-Юу зурдаг байсан бэ?
-Юу ч хамаагүй. Гэрийнхээ тавилга эд хогшлоос эхлээд морь мал хүртэл зурна гол нь өглөө багшдаа зургаа харуулах гэж яардаг байсан.
-Та өмнө нь Цомын наадамд оролцож байсан уу?
-Өмнө нь хоёр удаа оролцож байсан. Өнгөрсөн жил тавдугаар байрт шалгарсан. Түүнээс урам их авсан. Хүн шинээр сэтгэж эхэлдэг юм байна. Зүгээр шүлэг бичээд байх биш. Их юм унших, мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
-Энэ жил цом гардана гэж бодож байсан уу?
-Мэдээж түрүүлэхийн төлөө уншиж байгаа шүү дээ. Гэхдээ яг цомын тухай бодоогүй. Нас арай залуудах байх. Өнгөрсөн жилийнхээ амжилтыг ахиулчих болов уу гэж бодож байсан. Эхний 30-д үлдээд, дараа нь 15-д гараад ирсэн. Их догдолдолдог юм билээ. Миний хувьд их юм даа гэсэн бодол орж ирсэн. Дараа тавд үлдээд, тэр их нэр хүндтэй шагналыг гардаж авахад айх, гайхах зэрэгцсэн. Бас баярлах ч хаашаа юм. Их сонин сэтгэгдэл төрсөн.
-Яагаад баярлаагүй гэж?
-Нэгдүгээрт, их балмагдсан. Энэ чинь зохиолч нарын хувьд маш том шагнал шүү дээ. Би нас залуу гэтэл надаас мундаг олон хүн хүртээгүй байгаа шүү дээ гэсэн бодол орж ирээд байсан. Гэнэт ийм мэдээ сонсохоор юу болчхов гэсэн бодол орж ирээд байдаг юм билээ. Миний хүндэлж биширч явдаг олон сайхан яруу найрагч нар байгаа. Оюутан байхдаа шүлгүүдийг нь сонсч байсан олон ах нартайгаа оролцож байгаа болохоор санаа зовдог юм байна.
-Болор цом, яруу найрагчийг хэр хөглөдөг бол?
-Маш их. Би өмнө нь шүлэг бичихэд нэг их сураад байх юм юу байх вэ дээ гэж боддог байсан. Харин Болор цомд орсноос хойш сурах, мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Цаашдаа бас сурах бодолтой байгаа. Сая цом авсны дараа бяцхан алгадалтууд ирж байсан.
-Яагаад?
-Би дэврүүн явахдаа, сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө жаахан дэврүүн юм ярьдаг байсан. Шүлэг бичихэд хүнээр заалгаад байх юу байх вэ дээ гэх мэтээр. Болор цом харин надад тийм биш гэдгийг ойлгуулж өгсөн. Хүн өөрөө мэдэхгүй сураад явдаг юм байна.
-Ажил, миний их сургууль гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Монголын радио гэдэг бол мэдээлэл, мэдлэгийн маш том уурхай. Энд Монголын томчуудтай уулзаад зогсохгүй дэлхийн томчуудтай уулзана шүү дээ.
-Танай радиод ирдэг юм уу?
-Үгүй ээ.(инээв) Манай радиогийн дэлхийн уран зохиол гэдэг нэвтрүүлэг байдаг. Тэр нэвтрүүлгээр дэлхийн сонгодгууд явна. Түүнээс маш их мэдлэг, мэдээлэл олж авна.
-Цом авахын өмнөх өдөр, маргааш хоёр ямар ялгаатай байсан бэ?
-Манай ажил чөлөө зав багатай. Эфир гэдэг нь салж болдоггүй ажил. Наадмын өмнө эхнэр хүүхэд, сургууль, цэцэрлэг түүртэм их ажилтай байсан шүү дээ. Ховд руу явах автобусандаа сууж амжихгүй ажлынхаа хүнээр хүргүүлж байлаа шүү дээ. Цомоо авсны маргааш маш их хүн баяр хүргэсэн. Хэвлэлийнхэн ч их ирсэн.
-Том найр болно биз?
-Элдэв архи дарс хэрэглэж болдоггүй. Сайхан баяр хүргэлцсэн. Надад бол ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Би өмнө нь ямар байсан тэр хэвээрээ л үлдэнэ.
-Та өөрийн ажлаа нийгмийг харах цонх гэж хэлсэн. Тэгвэл “Хүүхдүүд сошиалаас илүү гарахгүй байна” гэж ярьдаг нь үнэн үү?
-Үнэн. Зөвхөн ажлын мэдээллээс ч биш ахуй хүрээнд ч харагдана.
-Яаж?
-Таны үед хүүхдүүдэд үлгэр их ярьж өгдөг байсан байх. Бас хүүхдийн номын жагсаалт гаргаад уншуулдаг байсан гэсэн. Цэцэрлэгээс нь эхлээд юу үзэх харахыг зохицуулдаг байсан байх. Оросын цэцэрлэгийн хүүхдүүд өөрийн өв соёлоо хадгалсан зурагт номтой багаасаа нөхөрлөж байна. Энэ цаашдаа ном унших суурь болж өгнө.
-Манайд яаж байна?
-Хүүхдүүд ном уншихгүй байна, сошиалаас хэтрэхгүй байна гэсэн шүүмж өрнүүлээд байгаа. Хэдийгээр тэр нь үнэн боловч, ном уншуулдаг байсан уламжлалт бодлого алдагдсанаас үүдэн залуус ийм байдалд орсон гэдгийг хэн ч ярихгүй байгаа юм. Багаас нь дасгахгүй бол гэнэт 20 хүрэнгүүтээ ном уншаад эхэлдэг хүн байхгүй.
-Цэцэрлэгт багш нар юм заадаг байлгүй дээ.
-Би өөрийн нүдээр харсан. Цэцэрлэгийн анги бүрт нэг том зурагт байна. Түүгээр нь юу гардгийг та мэдэхгүй байх. Би багцаалдаж байна. Дандаа гадны хүүхэлдэйн дуусашгүй сериалууд.
-Том хүний кино үзүүлж болохгүй биз дээ?
-Би киноны хэлбэрийг биш. Агуулгыг яриад байна л даа. Тэр хүүхдийн гээд байгаа кинонууд цөм далд агуулгатай. Шашны, харь соёлын өв тээсэн байдаг. Дээр нь бөөн бизнес.
-Мөнгөөр үзүүлдэг юм уу?
-Үгүй ээ. Эхлээд киногоо хямд оруулж ирээд хүүхдүүдэд хүргэнэ. Дараа нь киноны гол баатруудын дүртэй тоглоомуудыг оруулж ирж худалдана. Хамгийн ихээр борлогдоно шүү дээ. Хүүхдүүд тэр тоглоомоо харах бүр хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь санадаг. Энэ бол үнэхээр харамсалтай хэрэг. Цэцэрлэгээсээ ингэж хүмүүжсэн хүүхдүүд том болоод гэнэт Нууц товчоо, Жангарыг уншаад эхлэхгүй нь ойлгомжтой байх. Тэдний багадаа үзсэн кино, тоглосон тоглоомууд өөр шүү дээ. Тиймээс тэр хүмүүжлээрээ хөгжилд хандана. Өөрөөр хэлбэл монгол сэтгэлгээгээр амьдралд хандахгүй. Ийм байхад залуусыг шүүмжлээд яах юм бэ. Түүний оронд хүмүүжих орчинд нь анхаарал хандуулах хэрэгтэй.
-Болор цомын наадам олон жилийн Цагаан сартай дүйцхүйц том баяр болдог байсан. Одоо зохиолчдын баяр л мэт харагддаг болж.
-Утга зохиолын хүрээнийхэн уншиж байна аа. Бие биенээ хурцалсан маргаан ч их өрнөнө.
-Нударга зөрүүлнэ.
-Тийм ээ. Нударга зөрүүлэх юм гардаг. Гэхдээ бид мөнгө төгрөг, уул уурхай, байшин сав булаалдахгүй, оюун санааны тулаан л даа. Нэг үеэ бодвол залуус унших нь нэмэгдэж байна. Орчуулдаг залуус ч олон болсон. Та анзаарсан бол дотоодын болон гадаадын номнуудыг ямар сэдвээр ч хайсан олдоно. Тэр хэрээр номын үйлдвэрүүд олширсон. Нэг үеэ бодвол ном унших, бичих, орчуулах байдал ихээр нэмэгдсэн.
-Та сошиалд ордог уу?
-Аль болохоор бага орохыг хичээдэг. Хэрэгтэй мэдээллээ аваад гардаг. Элдэв ёс суртахуунгүй юмнуудыг унших дургүй. Зав ч гардаггүй.
-Залууст ч бас орчин цагт нэг их зав гарахаа больсон байх аа.
-Мэдээж хэрэг зав гарахгүй. Гэхдээ цагийн менежмент хийж сурах хэрэгтэй байгаа юм. Хэрэв тэд багаасаа ном уншиж өссөн бол ямар ч тохиолдолд ном унших зав гаргана. Сошиалд хэдэн цагаар суугаад байгаа нь зав гаргах боломжтой гэсэн үг. Ажил, замын түгжрэл гээд олон асуудал амьдралд байна. Номын дэлгүүрт худалдан авагчид нэмэгдэж байна. Би унших номоо ил тавьчихдаг. Бага ч гэсэн зав гарвал харна.
-Улстөрчид, нутгийн зөвлөлүүд бөх, морийг өндрөөр байлах юм. Оюуны хөдөлмөрийг нэг их үнэлэхгүй байна уу даа гэж харагдах юм?
-Бас л нааштай харагдаж байгаа. Нутгийн зөвлөлүүд зохиолчдыг байраар шагнасан тохиолдлууд бий. Сүүлийн үед бизнесменүүд ном ивээн тэтгэх нь нэмэгдэж байна. Гэхдээ сайн номонд хөрөнгө оруулж байгаа.
Х.БАТТӨГС