Таван жилийн өмнө эх орныхоо зүүн хязгаарт нэгэн жүжиг сурвалжлахаар очиж билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсны бичсэн “Өв залгамжлагчид” хэмээх тэр жүжгийн найруулагч нь гавьяат жүжигчин О.Бат-Өлзий. Хотоос ирсэн сэтгүүлчид оноож өгсөн өрөө, гол зорьсон сурвалжлах жүжгийн минь найруулагчийн хажуу хаалга байж таарсан. Ирэхээсээ өмнө найруулагчтайгаа утсаар холбогдож, танилцсан ч энэ том хүний дэргэд жирийн сэтгүүлч би хэн билээ дээ. Гэхдээ мэндлэхээсээ эхлээд, тоож ярьсан сэдэв, тогтож хуучилсан үгс нь халуун дотно санагдаж, сайхан сурвалжилга бичих, уншигчдаа баярлуулах сэдэл болсон гэхэд болно доо.
Сүрэн бүсгүйд дурласныхаа төлөө дүү нарынх нь гарын амтыг үзэж, басхүү сэтгэл нийлсэн хойноо гэрт нь очихдоо шорвог хуушуураар “шоглуулчихдаг” түүний “Гарын таван хуруу” киноны дүр, хадам ээжийгээ “өнгөрөхөд” алтан ээмэг, бөгжийг нь сэмхэн авч халаасладаг “Нандин эрдэнэ”-ийн хүргэн хүүгээр тэр надад илүү дотно санагдана. Басхүү “Мөн ч их хүлээсэн дээ” гэж охиноор нь хэлүүлж, тэр нэгэн аавыг үзэгчидтэй нь хамт уйлуулчихдаг “Зүрхэнд шивнэсэн үг”, гол дүрээ гогцоо болгож, нийгмээ шүүмжилсэн “Ноён солиот” түүнийх. “Уулын төмөр”, “Чиний эзгүйд”, “Нар сарны зааг”, “Маш нууц” гэж үргэлжлүүлсээр хамгийн сүүлд “Буруу өрөг” уран сайхны киног бичиж болно. Яг одоо кино театрын дэлгэцнээ үзэгчдийг хошууруулж буй бүтээл.
“Маш нууц” уран сайхны киноны нээлтэд “хажуу өрөөний ах”-ынхаа урилгаар бас очиж байлаа. Нээлтийн шоунаасаа л үзэгчдийг алмайруулсан энэ киноны тухай ярих нь илүүц биз. Кино урлагийн тэсрэлт шүү дээ. Дараа нь “Байтаг богд” уран сайхны киногоо бичиж суухад нь гавьяат жүжигчин болсонд нь баяр хүргэж ярилцлага авахаар Яргайт дахь зусланд нь очсон юм байна. Томоо өндөр хүн тэрлэг нөмөрчхөөд алхаж яваа нь бүр сүртэй. Гэргий нь түүнийг “Та” гэж хүндэтгэн ярина. Нэг л сайхан дотно сэтгэгдэл төрүүлсэн айл. Тэр гэрийн хүмүүжил, энэ аавын ухаан хүүг нь ч шилдэг найруулагчдын эгнээнд хүргэчихлээ. Ихэр хүүхдүүдийнх нь нэг нь Б.Тамир. Тэр нэгэн ярилцлагадаа ундаа зарж явснаа дурссан байсан. Амьдрал үзүүлэх гэсэн аавын ухаан нь тэр юм билээ. Энгийнээс энгийн, тэгсэн хэрнээ эгэлгүй ийм нэгэн айлын цайг амсч, хоёр гурван үг сольж байснаа би хүмүүст “гайхуулах” дуртай.
“Энэ зохиолд 1948 оны Байтаг богдын 10 баатрын тулааны тухай өгүүлэх юм. Гоминданы 150-160 цэрэгтэй хүч тэнцвэргүй тулаанд орж, эх орноо хамгаалсан домогт баатруудын тухай бичиж, энэ тухай уншиж, нарийн ширийн мэдээллийг нь мэдэх тусам л уран бүтээлч хүний хувьд сонирхол хөдлөөд байна. “Маш нууц” киног үзсэнийхээ дараа хүмүүс хоёрдугаар ангийг нь хийх эсэх талаар их асуусан. Бидэнд эхнээсээ тийм бодол байгаагүй, энэ кино үргэлжлэхгүй, тэр чигээрээ л үлдэнэ. Харин бид “Маш нууц” нэртэй төсөл үргэлжлүүлж байгаа. “Маш нууц 2” төсөлд өмнөх ангийн үйл явдал үргэлжлэхгүй, харин эх орон тусгаар тогтнолоо хамгаалсан 10 баатрын тухай өгүүлнэ. Нууцлагдмал, ам дамжсан яриагаар бол тэдний тулааны ард олон нууц бий. Хэнд ч задруулахгүй хав дарсан нууцууд ч бий. Байтаг богдын тулаан яагаад тэгж их нууцлагдсаныг тайлах юм” хэмээн О.Бат-Өлзий ах ярьж байжээ. Дөрвөн жилийн өмнөх яриа дуу хураагуурт хадгалагдан үлдэж. Саяхныг хүртэл түүнтэй холбогдоогүй удсан ч мэнд мэдээд, хаана ажиллаж буйгаа хэлэхэд “Дүү минь соёл урлагийн сэдвээрээ л дагнаарай” гэж захисан. Ийм л энгийн. Жирийн нэгэн сэтгүүлчийг ч марталгүй санаж, мэндтэй устай явдаг урлагийн “од” ховор доо. Тэнгэрт л од байдаг гэж тэр хэлэх байх. Гэхдээ соёл урлаг, тэр дундаа кино урлагийн салбарын оддын нэг нь яах аргагүй энэ хүн.
Манай ах хилийн цэргийн ангид алба хаасан болохоор цэргийн амьдралаа нандигнан дурсдаг түүнтэй ахынхаа өгсөн шипигээр нүүр хагарч байлаа. “Манаанд явдаг тэмээнүүд үнэхээр ухаантай. Хилийн зурвас тулаад ирэхэд ган гээд л хэвтээд өгдөг гэсэн. Би байнга манаанд явж байгаагүй болохоор энэ тухай бусдаасаа л сонссон доо. Тэгэхэд хятадаас хил давж орж ирсэн тэмээнүүд болохоор юу юугүй л урагшаа буцаад гүйдэг гэсэн. Уулзалтын застав буюу Гашуунсухайтын орчимд хил давсан малаа солилцдог байсан. Тэгж солилцохоосоо өмнө манайхан бас тэр тэмээг нь унаж эдэлнэ л дээ. Ялгаа байхгүй уналгад сургасан өвөрмонгол айлын л мал шүү дээ. Нутгаа үгүйлэх сэтгэл нь тийм айхтар. Би холбооны цэрэг болохоор нормын хоёр тэмээгээ бараг л унаж амжихгүй. Бусад цэргүүдийн тэмээ уналга, эдэлгээнээсээ болоод тамирдсан байхад миний тэмээний бөх нь сэргэр, зогдор нь сэргэг байдаг байлаа. Манайхан хааяа надаас гуйж тэмээг маань унана аа” гээд л тэртээ холын он цагийг дэргэдээ татан ярина. “Тэнд би дарга, цэргийн ялгаа, эрэмбэ дараа, хүнийг таних ухаан, нөхөрлөлийн үнэ цэнээс эхлээд хатуу хөтүү болгоныг үзэж туулж хүн болсон. Цэрэгт алба хааж байхдаа Соёлын сайдад захидал бичиж халагдаж очоод Кино драмын ангид орж болох эсэхийг асууж байлаа. Сонирхолтой нь тэр үед сайдаас хариу ирсэн юм шүү. Хязгаарын цэргийн ангийн жирийн нэгэн байлдагчид Соёлын сайд хариу илгээж намайг цэргээс халагдах жилд элсэлт байхгүйг дурдаад нэг жил бэлтгээд дараа жил нь шалгуулахыг зөвлөсөн байсан” гэж үргэлжлүүлж байжээ, яриагаа. Сайхан цаг үе байжээ. Энэ хүний цэргийн амьдралын гурван жилээс л бодит мэт дүрслэлтэй уран сайхны кинонууд “ургасан” болов уу. Сурсан эрдмийн үр шим хэзээ хойно ч өөрт нь эргэн ирдгийн жишээ энэ. Цэрэгт явсан түүх нь ч аавынх нь “даалгавар”. Кино үйлдвэрт ажилладаг байсан аав нь “Урлагт арын хаалга байдаггүй ээ” гээд шалгалтандаа “унасан” хүүгийнхээ араас явахаас татгалзсан юм билээ. Тэгээд цэрэгт явуулж, амьдрал үз гэхэд нь О.Бат-Өлзий хүү хязгаарын цэргийн анги руу л явна шүү гэж үүргээ улам хүндрүүлсэн байгаа юм. Он солигдох мөчид хилийн манаанд гарч, өөрийнхөө амьдралд дурсамж бүтээгээд амжсан гэж байгаа. Ямар ч хүн хилийн зурвас, хилийн баганын дэргэд очоод зогсохоор эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрч, хамрын самсаа нь шархирдаг гэдэг сэн. Залуу цэргийн мэдэрсэн тэр сэтгэгдэл насан туршдаа үнэнч, зүтгэлтэй, тууштай байх, бурууд нүд хурц байж эх орноо хамгаалах тангараг нь болсон юм болов уу. Түүний бүтээлүүдээс дандаа л энэ үнэнч сэтгэл мэдрэгддэг. Тэр одоо ч албаа хааж яваа. Буруутнуудтай бүтээлээрээ тэмцэж яваа.
Гэрийн эзэн, хүүхдүүдийн аав, хүний хань гээд тэр бусадтай л ижил. Гэхдээ түмний хайртай жүжигчинг тийм эрхэмсэг оршиход нь хажууд нь даруухан манддаг нар даа. Бүсгүй хүний царайг нь хараад ханийнх нь тухай мэдэж болно гэдэг. Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяаг харахад л ханийнх нь халамжийг тааж болно. Энэ айл олны нүдэнд ил явдаг болохоор уншигчид ч хэдийнэ өөрсдөдөө таамаг бий болгон ажигладаг биз ээ.
О.Бат-Өлзий ах гавьяат жүжигчин болчхоод Хүүхэд залуучуудын театрынхнаа дурсч, тэднийхээ өмнөөс шагнал хүртсэн гэж ярьсан удаатай. Сэтгэл зүрхнийх нь нандин дурсамж чухам энэ л театртай холбогдоно. Ажилд хэрхэн орсон, ямар жүжигт тоглож байсан, хүүхдийг нь хамт олон нь ээлжлэн харалцдаг байсныг дурсан ярихдаа түүний нүд нь гялалзана. Халуун дотноор дурсагдах энэ театр нь үгүй болоогүйсэн бол тэр жүжиглэсээр л явах байсан байх. Харин тэгсэн бол та бидний хүндэтгэдэг найруулагч театрын урлагтаа түлхүү анхаарах байсан ч юм бил үү.
“Буруу өрөг”-ийг үзэж амжаагүй яваа болохоор О.Бат-Өлзий ахтай тухтай ярилцмаар санагдахгүй явна. Тэр энэ бүтээлээрээ ямар үг хэлснийг нь олж “сонсчихоод” л дараагийн ярилцлагаа төлөвлөнө. Үзэгчдийн санал шүүмжийг онцгойлон сонсох дуртай түүнд хэлэх үгтэй болчхоод нэг тухлан уулзана даа.
Харин энэ киноны нэгэн үзэгчийн “Буруу өрөг” Монголын уран сайхны киног үзлээ. Сүүлийн үед “JiiJ” продакшны найруулагч, гавьяат жүжигчин О.Бат-Өлзийн ажлууд анхаарал татаж, “Фантастик”-ын жүжигчдийн амилуулсан дүрүүд үзэгчдийг талцуулж дөнгөөд байгаа учраас энэ кинонд зорьж очсон хүмүүс олон байв. Кино шүүмжлэгчид удахгүй “Буруу өрөг”-ийн зохиол, найруулга, агуулга, дүр бүтээхүйд задлан шинжилгээ хийгээд “шатар нүүчих” байх аа. Мэргэжлийнхнийг зүгээр орхихооргүй кино болсныг жирийн үзэгч миний бие гадарлаад байгаа юм. Харин би энэ киноноос юунд дурлав аа?
Холливудын “Хурга майлахаа болино” киноноос хэрцгий гэмт хэрэгтэн, басхүү чадварлаг сэтгэлзүйч Ханибал хуулийн байгууллагын залуу ажилтан Клэристэй хөөрөлддөг хэсэгт үзэгчдийн анхаарал хэрхэн төвлөрдөг, харилцан яриа гэдэг зүйл жүжигчдийн ур чадвараар кинонд ямар чухал болохыг бид мэднэ. Тэгвэл “Буруу өрөг”-т бага насны охин хүчиндэж егүүтгэсэн байж болзошгүй сэжигтэн мөрдөгч болон өмгөөлөгчтэйгөө ярилцаж буй харилцан яриатай хэсгүүд кино сонирхогчийн хувьд дурлахгүй байхын аргагүй гайхалтай бүтээгджээ. Ялангуяа Олдохын дүрийг бүтээсэн Б.Барслхагва. “Гэм зэмтэн” гэж үзэн ядах харцыг бусдад бий болгож, эргүүлээд өөртөө тулгуулж тэр чадав.
Киног төгсгөл хүртэл таавар болгосонд, гэм зэмүүд дотроос жинхэнэ гэм зэмийг ялгах гэж хичээлгэсэнд, сөрөг дүр нь хэн ч биш байсанд, сайн болжээ гэж найруулагч О.Бат-Өлзийд баяр хүргэе” гэсэн сэтгэгдлийг энэхүү тэмдэглэлдээ хавсаргая.