М.Содон-Эрдэнэ
Улсын филармони хэмээх их айл шинэ даргатай болжээ. Байгууллагадаа 15 дахь жилдээ ажиллаж буй дуучин С.Баттулга оны өмнөхөн ажлаа хүлээн авч, хамт олноо удирдахаар болсон. “Войс” хамтлагийн ахлагч, Архангай аймгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийн тэргүүн, дуучин гэдгээр үзэгчдийн танил болсон тэрбээр урлагийн байгууллагын удирдах ажилтан болсон нь олон давуу талтай. Шинэ ажлаа аваад удаагүй байгаа түүнтэй ярилцлаа.
-Өмнө нь дуучин С.Баттулгатай ярилцдаг байсан бол энэ удаа хөгжмийн урлагийн томоохон байгууллагын удирдлагын хувьд ярилцах нь?
-Улсын филармонийн гоцлол дуучин, хөтлөгч, дуу ангийн дарга, захиргаа уран сайхны зөвлөлийн гишүүн гээд шат дараалан 15 жил ажиллажээ. Өнгөрсөн оны аравдугаар сард салбарын сайдын тушаалаар энэ том байгууллагын даргын албыг авлаа.
Ахмад, дунд үе болоод одоо ажиллаж байгаа хамт олныхоо итгэлийг даан хамтдаа зүтгэх хариуцлагатай үе ирлээ.
-Гурван том чуулгыг нэгтгэсэн учраас их олон хүн удирддаг байх шүү. Хэдэн ажилтантай вэ?
-Улсын филармонид 170 гаруй хүн ажиллаж байна. Ууган оркестр нь симфони найрал хөгжим, удаах нь Баянмонгол чуулга, отгон нь Морин хуурын чуулга. Хөгжимчдөөс гадна дуучид, захиргаа, аж ахуйн албаныхан нэмэгдээд энэ тоо гарч байна.
-Жил бүр тоглолтоо төлөвлөн хөгжмийн урлагаар үзэгчдэдээ үйлчилдэг. Цар хүрээ, давтамжийн хувьд хангалттай байж чаддаг уу?
-Харьцангуй ойлголт л доо. Бид төлөвлөгөө гарган уран бүтээлээ хийхээс гадна нийгэм, цаг үеийн захиалгаар Төрийн арга хэмжээ, тоглолтуудад оролцдог. Сүүлийн жилүүдэд тоглолтоо хүртээмжтэй, үр дүнтэй байлгахын төлөө анхаарч ажиллаж байна. Гурван оркестр тус тусын уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргаж, нэгтгэн ажиллахаас гадна орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ ойртуулах боломж эрэлхийлж, хамтын ажлын яриа хэлэлцээр эхлүүллээ.
-Манайд хөгжмийн тоглолт үзэх зориулалтын танхим алга. Улсын филармони нь Соёлын төв өргөөний нэг хэсэгт үйл ажиллагаа явуулдаг. Үзэгчдийн суудал нь хөгжмийн тоглолт үзэх зориулалтын биш. Шажигнаж дуугарахаас эхлээд тухгүй. Энэ байдлыг өөрчлөх, өөрийн гэсэн байртай болох, ядаж л Монгол Улсад хөгжмийн ганц мэргэжлийн заал танхим байгуулах боломж байхгүй гэж үү?
-Үеийн үед л яригддаг сэдэв ч биеллээ олоогүй л явна даа. Өөрийн гэсэн байргүй, өрөө танхим нь хүрэлцээгүй ч өдийг хүртэл энэ бүхэн шийдэгдээгүй л байна. Анхаарах ёстой чухал ажлын нэг нь энэ. Төр болон яамны зүгээс энэ бэрхшээлийг мэддэг, анхаардаг ч боломж бүрдэхгүй юм. Төрийн хамгийн том урлагийн байгууллага нь Нийслэлийнхээ харьяа Соёлын төв өргөөнд түрээс төлж, олон жил ажиллаж байгаа нь нэгэнт л ил болоод удаж байна. Ойрын жилүүдэд гарц олж, үүнийг шийдэх ёстой ч яг өнөөдөр тодорхой юм алга. Тус тусдаа суух ёстой хүмүүс нэг дороо орчхоод, тэдний ажиллах нөхцөлд саад учруулж л байгаа. Өнөөгийн байгаа орон тоог ч нэмэгдүүлэх ёстой, хөг нэмэх хэрэгтэй, ажиллах боловсон хүчиндээ анхаарах шаардлагатай. Ажил олгогч бид уран бүтээлч, ажилтнууддаа таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн үнэн ч алга хөрвүүлэх адил хэн нэг нь шууд хийчихдэг ажил биш. Шат дараатай ажил хийж байж хэрэгжих юм.
-Одоогийн Засгийн газрын бодлогын хүрээнд соёл урлаг, тэр дундаа сонгодог урлагийн бүтээл туурвилд ямар дэмжлэг үзүүлж, анхаарч байгаа вэ?
-“Сонгодог урлаг” хөтөлбөр, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого гээд баримт бичиг хангалттай ч хэрэгжүүлэх явцдаа эдийн засгийн хүчин зүйлсээс шалтгаалан хязгаарлагдах нь бий. Зарим хүн төрөөс анхаарахгүй байна, бодлого алга гэж шүүмжилдэг. Гэхдээ Төр оршиж байгаа л бол соёл урлагийн салбартаа анхаарсаар л байх болно, хэзээ ч гудамжинд орхихгүй.
Олон жил гацсан асуудал эхнээсээ шийдэгдэж, мэргэжлийн урлагийн байгууллагын засвар, шинэчлэлтэд тодорхой дэмжлэг үзүүлэхээр боллоо. Хүний нөөцийн тухайд ч анхаарна гэсэн. Өнгөрсөн онд 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян монгол чуулгын хөгжмийг бүрэн шинэчилсэн. Энэ бол Төрөөс анхаарч, салбарын яам бодлогоор дэмжиж ажилласны үр дүн.
Өнгөрсөн жилээс хойш мэргэжлийн урлагийн байгууллагууд давуулж олсон орлогоо захиран зарцуулах эрхтэй болсон. Мэдээж дураараа биш, тогтсон журмын дагуу зарцуулна.
Цаашдаа зөвхөн гаднах хүчин зүйлд анхаарч, төрөөс бүгдийг шаардаж, бэлэнчлэх биш олон талт хамтын ажиллагаагаа сайжруулж ажиллана. Бэрхшээл тоочоод байвал түмэн зүйл бий. Дотоод нөөц бололцоогоо ашиглаад ямар шийдэлд хүрч болохыг эрэлхийлнэ. Өнгөрсөн онд Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд ОХУ-д очиж Филармонийн даргатай нь уулзаж, танилцлаа. Орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудтай ч харилцаагаа өргөтгөж байна. Тухайлбал Булган, Орхон аймагт ажиллалаа. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрынхантай холбогдсон.
-Зарим хүн урлагийн байгууллагуудыг улсаас мөнгө аваад үр дүнгүй ажилладаг мэтээр ярих нь ч бий. Цаана нь соён гэгээрлийн асар их үр дүн байгааг анзаардаггүй байх. Харин таны ярианд дурдагдсанаар давуулсан орлогоо захиран зарцуулах эрх бий болдог гэснээс үзвэл ашигтай ажилладаг гэж ойлгож болох нь ээ?
-Ашигтай ажиллах боломжтой. Өнгөрсөн жилийн хувьд манай орлого, зарлага тэнцсэн. Энэ онд өмнөхөөсөө илүү орлого олохын төлөө төлөвлөн ажиллаж байна. Давуулсан орлогоо захиран зарцуулах эрх нээгдсэнээр боловсон хүчнээ сургах, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхаарах зэрэг олон давуу талтай.
Дотоод үйл ажиллагаа, нөхцөл сайжруулах гээд бодсон төлөвлөсөн зүйл байна. Том тоо хэлж ам гарахгүй ч боломж байгаа. Бусад театр ч хэдийнэ давуулж олж байна.
Тийм яриа байлаа гэхэд үүнээс болж дагаж ашиггүй ажилладаг урлагийн байгууллагыг татаасаас салгаж, хувьчлах хэрэгтэй гэдэг. Гэтэл сонсогчдын боловсрол, төлөвшил бүрэн бий болсны дараа ийм зүйл ярихгүй бол хөл дээр нь тогтоосон мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааг үгүй хийх эрсдэл ард нь бий. Гадаад, дотоод орчин нөхцөл тогтворгүй байгаа үед мэргэжлийн урлагийн байгууллагыг хувьчилбал мөхөл рүү ойртоно.
Сонсогчдын боловсрол төлөвшсөн газар бол өөр хэрэг. Тухайлбал ОХУ-д 70 гаруй филармони бий. Монголд ганц. Орон нутгийн бүх иргэндээ хүрч, үйлчлэх боломж ч бий болохгүй байна. Гэхдээ бид хичээнэ. Үзэгч, сонсогчдодоо хүрч, нийгмийн сэтгэлзүйг соён гэгээрүүлэх үүрэгтэй хүмүүс шүү дээ.
-Хамт олныхоо дундаас дарга болсон хүний хувьд мэргэжил нэгтнүүдийнхээ нийгмийн асуудал, цалингийн бэрхшээлийг сайн мэдэх байх. Нэмэгдүүлэх боломж байна уу?
-Зөв зүйл асуулаа. Мэдээж энэ мөнхийн сэдэв болж байна. Үнэлэмжийн тухайд үнэхээр харамсалтай. Өнөөдөр бизнесийн байгууллагын харуул, үйлчлэгч хийхийн тулд ямар ч боловсрол шаардахгүй. Ийм ажил хийгээд сая гаруй төгрөгийн цалин авах боломжтой байхад нэгдүгээр ангид орж, ерөнхий эрдмийн хичээлтэйгээ зэрэгцүүлэн хөгжим тоглож эхэлсэн, хамгийн багадаа арван жил сурсан хүмүүс иймхэн цалин авч байгаа нь харамсалтай. Монгол Улсын консерваторыг төгсөөд зогсохгүй гадаадад сурч, мэргэжил дээшлүүлж явсаар 20 жил сонгодог хөгжим тоглочхоод 500 мянган төгрөгийн цалин ярих нь хэцүү. Цалингийн зэрэглэлийг өөрчлөх боломж нь хууль тогтоох дээд байгууллагаасаа эхлэлтэй. Улсын Их Хуралд соёл урлагийн лоббий бүлэг бий болоосой. 2016 оны сонгуулийн үр дүнг хараад горьдлого төрж л байлаа. Урлагийн салбараар овоглодог бие даагч гишүүн, соёл урлагтай ойр явсан хүмүүс нийлээд ийм зорилготой ажиллах болов уу гэж харж байсан ч тус тусдаа популист мэдэгдэл хийсээр л дууслаа. Зөвхөн уул уурхай хардаг биш хүнээ соён гэгээрүүлдэг салбартаа анхаардаг хууль санаачлагчид бий болоосой.
-Дуучин С.Баттулгын хувийн уран бүтээл энэ бүх ажлын хойно тавигдсан уу?
-Яалт ч үгүй том байгууллага удирдаж байгаа болохоор ажлын ачаалал нэмэгдчихлээ. Дарга боллоо гээд дуучнаа болихгүй. Уран бүтээлээ хаяад удирдах албан тушаалтан гээд гараа хумхихгүй ээ.
Би урлагийн гэр бүлд төрж, өссөн хүн. Өнгөрсөн жил ээж минь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж, “Хүний сайхан хорвоод” тоглолтоо ээждээ зориулж, өргөн хүрээнд хийсэн. Жил бүр л тоглолт хийдэг байлаа. Энэ жил тийм боломжгүй ч дуугаа бичүүлнэ, уран бүтээлээ орхихгүй.
-Та аялах дуртай бололтой. Таны цомогт хөдөө аялсан зураг арвин харагдаж байна?
-Би хотод төрж, хөдөө өссөн болоод ч тэр үү хээр хөдөө аялж явах дуртай. Байгалийн сайхныг харж, зурах бас гэрэл зураг авах дуртай.
-Бас уран зураг зурдаг байх нь ээ?
-Яах вэ, жаахан оролддог юм. Ажил мэргэжлийнхээ буянаар хээр, хөдөө аялдаг.
-Зарим хүн гүн хөх тэнгэр хараад сэтгэл тэнийлээ гэдэг. Өөр нэг нь зах хязгааргүй мэт харагдах нуур харах дуртай байдаг. Харин таны сэтгэл байгалийн ямар үзэсгэлэнд татагддаг вэ?
-Өвөл, зуны алинд ч хөдөө гарах хамгийн эхний шалтгаан бол агаар. Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалчхаад, өргөн уудам талд нүд бэлчээх сайхан. Тухайн газрын үзэмжээс гадна хөдөөгийн ард түмний зан байдалд татагдана. Хүн бүрийн харилцаа таатай сайхан байдаггүй ч ихэнх малчид уужуу тайван сэтгэлтэй, зочломтгой зантай хэвээрээ.
-Хотод төрчхөөд яаж яваад хөдөөний хүүхэд болчхов?
-Миний аав, ээж хоёр урлагийн хүмүүс. Бүжигчин, бүжиг дэглээч мэргэжлээр насаараа ажилласан. Дээр үед Соёлын яамны тушаалаар гэр бүлээр нь хөдөө орон нутагт томилон ажиллуулдаг байлаа. Аав, ээж хоёр минь намайг дунд сургуульд орох жил Архангай аймагт очсон. Аав Их тамир сумын соёлын төвийн эрхлэгч, дараа нь аймгийн театрын дарга, ээж бүжигчин, драмын жүжигчнээр ажилладаг байлаа. Хүүхэд нас минь Тамирын гол, Тайхар чулууны дэргэд үлдсэн.
-“Тунгалаг тамир” уран сайхны киноны Тайхар чулуунаас мөсөн чихэр гуйдаг хэсэг байдаг. Та хүүхэд байхдаа хүслээ хэлж байв уу?
-Би Тайхар чулууны дэргэд өссөн хэрнээ хүслээ хэлж юм гуйдгийг киноноос л харсан. Харин чулуу давуулж шиддэг байсан. Манай тэнд хол ойрын зочид ирэхээрээ хүслээ бодоод Тайхар чулуун дээгүүр чулуу давуулж шиддэг. Давбал хүсэл нь биелнэ, үгүй бол саадтай гэж бодно.
-Та хэр олон чулуу шидэж, давуулав?
-Миний шидсэн ихэнх чулуу давсан.
-Ямар хүсэл шивнэсэн бэ?
-Сургуулиа амжилттай төгсч, их сургуульд орох юм сан. Хурдан том хүн болох сон гэж хүснэ. Тухайн үед ээжийн минь бие тааруу байсан болохоор хурдан эрүүл болоосой гэж боддог байсан.
-Хүүхэд насны мөрөөдлөөс биелсэн нь...
-Эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөж урлагийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ би бүжигчин бололгүй дуучин боллоо. Хоёр сургууль дамжиж, найман жил сурч байж дуучин боллоо. Эхлээд ХБК-ийн дуулаачийн ангийг гавьяат жүжигчин А.Бүтэд, концермейстр Б.Солонго багшийн удирдлаган дор, СУИС-ийг Б.Найдалмаа, төгөлдөр хуурч Т.Энхтуул багшийн удирдлагад төгссөн. Намайг урлагт хөтөлсөн багш бол урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач М.Булган. Надад дуулаачийн хичээл заагаагүй ч урлагийн хүн болох эхлэлийг тавьж, дараа нь өөрийнхөө бүтээлүүдийг өгч, одоо бол хамтран зүтгэгч, найзууд болсон байна. М.Булган багш манай ХБК-ийн дуулаачийн тэнхмийн эрхлэгч байсан.
-Багаасаа л дуучин болохыг хүсч байсан уу?
-Уг нь жүжигчин болно гэж боддог байсан. Манай аймагт СУИС-ийн хуваарь ирдэггүй болохоор дунд сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөхөөр хотод ирсэн. Тэгтэл аав араас утасдаад “Миний хүү, ХБК-д аравдугаар анги төгссөн хүүхдүүдийг анх удаа авч байгаа юм. Дөрвөн жил сургаад дуулаачаар төгсгөх юм байна. Их сайн сургууль шүү дээ” гэж зөвлөсөн. Кино драмд шалгалт өгөх гэж байсан ч аавынхаа зөвлөгөөг дагаж ХБК-д шалгуулж, сургуульд орсон.
Анх намайг долдугаар ангид сурдаг байхад том эгч минь ятгаж “Ирээдүйн одод” нэртэй тэмцээнд оролцуулж байлаа. Би оролцохгүй гээд л, эгчтэйгээ сайдаж, муудан байж оролцоод алтан медаль авсан. Түүнээс хойш сургууль болон аймгийнхаа урлагийн тоглолтод байнга дуулдаг байсан.
-Танай гэр бүлд урлагийн мэргэжилтэй хэдэн хүн байна вэ?
-Аавыг минь Лувсандоржийн Сүхбат, ээжийг минь Чимэдийн Лхагваахүү гэдэг. Энэ сайхан хоёр хүнээс төрсөн долоон хүүхэд бий. Аав, ээжтэйгээ нийлээд манай гэр бүлд урлагийн зургаан хүн байна. Ер нь урлаг хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлж цогц мэдлэг өгдөг. Ямар ч сургууль, сургалтад заахгүй мэдрэмж авьяасыг өвлөж авсан нь сайхан.
-Ажлаа эхлүүлээд удаагүй байхад нь ярилцлаа. Магадгүй хэдэн жилийн дараа үр дүн гарсны дараа эхэлсэн үеэ эргэн санахад энэ ярилцлага баримт болно байх аа. Ярилцсанд баярлалаа.
-Танай редакцын хамт олонд баярлалаа. Ажлаа авснаас хойш анх удаа хэвлэлд өгсөн ярилцлага энэ боллоо. “Ардчилал таймс” сониныхондоо амжилт хүсье. Тодорхой үр дүн гарсны дараа эргээд уулзаж, ярилцацгаая.