М.СОДОН-ЭРДЭНЭ
Дэлхийн хэмжээний мэргэжлийн тайзтай хэмээн сэтгэлээ дэвтээж, харж бахархаж явдаг театр яг үнэндээ нүүрээ хөөрхөн будаж, хувцсаа цэвэрхэн өмсчихөөд яваад байгаагаас биш дотор нь тавигдсан эд хогшил, тоног төхөөрөмжөөсөө эхлээд стандарт хангахгүй байгааг хэр олон хүн мэдэх бол. Сонгодог урлагийн театрыг нураах гэлээ гэж олон нийтийн сүлжээнд лоозон баригсадын хэд нь театраар орж, үзвэрийн танхимд суусан бэ. Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгыг нураахгүй гэдгийг салбарын сайд, одоо хариуцаж буй захирал нь баталсан. Харин яалт ч үгүй үнэнд гүйцэгдсэн учраас шинэчлэх сайжруулах шаардлагатай болсон гэж тэд хэлээд байгаа.
Хэдэн жилийн өмнөөс ДБЭТ-ын үзэгчдийн ариун цэврийн өрөөний өмхий үнэр нэгдүгээр давхрын хөндийг бүрхсэн. Боломжоороо жил бүр засварлана. Гэхдээ өөрчлөлт бага. Хамгийн сүүлд гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэгийн тоглолтыг үзэхээр очихдоо жиндүү байсан. Байнга очдог үзэгчид яаж дулаалахаа бараг л төлөвлөдөг байх. Үүнд шалтгаан бий. 1945 онд энэ барилгыг анх барихдаа таазны хэсгээс буюу дээрээсээ халдаг байдлаар шийдсэн нь ажиллахаа болиод уджээ. Одоо бүхэл бүтэн сонгодог урлагийн хамгийн том театр маань танхим дахь үзэгчдээ дааруулахгүйн тулд цахилгаан тень тавиад сууж байгаа. Хөгжимчдийн хэсэгт ч ялгаагүй. Босоо, хэвтээ халаагуурынхаа тоог захирал нь хүртэл дуржигнатал хэлж чадна.
Шинэ зууны театрын нүүр царай нэг иймэрхүү. Гаднах ягаан өнгө, ган бат баганууд, сэтгэлд дотно хийц нь энэ хэвээрээ үлдэг, харин яаралтай дотоод засварыг хийж бүрэн шинэчлэх хэрэгтэй байгаа юм.
Яг одоогийн байдлаар ДБЭТ-ын захирлаар ахлуулсан барилгын зураг төслийн багийнхан ажиллаж байгаа. Тэд энэ жилдээ зураг төслөө гаргана. Дараа нь засварлана. Тэр үед нь хөрөнгө оруулалт маш их шаардана. Урлагт ийм хэмжээний хөрөнгө оруулж байсан түүх байхгүй тул маргах хүн ч олширно. Гэсэн ч энэ бол бодит үнэн. Энэ барилгын гол шувуун нуруу нь мод. Ихэнх хийц нь модон материал. 70 жилийн турш энэ модон хийцийг шинэчлээгүй. Одоо хөөрхий дээрээ байгаагаа ч даахгүй, хүнээр бол ёолж байгаа.
Өнгөрсөн жил тус театрт ажилласан мэргэжлийн байгууллага болон мэргэжилтнүүдийн хийсэн орчны стандартын судалгааны тайлан хэдийнэ хэвлэгджээ. Энд дурдагдсан үзүүлэлтүүдийг хараад сэтгэл шимширмээр. Харахад эрүүл мэт хөөрхөн бүсгүй, харин доторх таван цул эрхтнээс нь эхлээд, яс нь хүртэл гэмтэлтэй. Нурууны үеэ солиулж, бөөр, зүрхээ эмчлүүлж, элгээ шилжүүлэн суулгуулах хэрэгтэй болчихсон. Тэгсэн хэрнээ хандив тусламж гуйхгүй гээд гүрийнэ. Үнэн байдлаа бусдад мэдэгдэхгүй гэж хичээнэ. Хараад л баймаар гоо үзэсгэлэн нь дотроосоо хатаж үгүй болоод давтагдашгүй сайхан сэтгэл, гайхамшигт авьяасаа аваад үгүй болох гэж байгаа мэт мэдрэмж...
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга 1945 онд баригдсан дөрвөн давхар газар доорх давхрын хамт таван давхар барилга юм. Барилга нь тоосгон ханатай, хаалга, цонх нь модон хийц ихтэй. Баганагүй модон араг ясанд бэхлэгдсэн тааз, төмөр дээвэртэй. Үзэгчдийн танхимд нь партер, бель-этаж нийлээд 532 хүний суудалтай. Театрын урт 22 метр, өргөн 16 метр, өндөр нь 17.5 метр.
Дээр бичсэн ариун цэврийн өрөөний стандарт нь энд огтхон ч байхгүйг мэргэжлийн байгууллага мөн тогтоожээ. Нийтийн ариун цэврийн өрөө үзэгчдийн танхимын 60 суудал тутамд нэг угаагуур, 70 эрэгтэй, 30 эмэгтэй тутамд нэг суултуур байх ёстой ч энэ стандартаасаа дөрөв дахин бага тоотой. Завсарлагааны хэдэн минутад ариун цэврийн өрөөнд дугаарлалт урт болдог нь ч аргагүй юм билээ. Энэ бол энгийн бидний нүдэнд харагддаг бэрхшээл. Зогсоолгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан гарц, орц, суудал, ариун цэврийн өрөө байхгүй гээд хэний ч хэлж чадах шүүмжлэлтэй театрынхан нүүр тулахад бэлэн. Тэд хоёр гараа өргөөд бууж өгнө.
Харин хаалганы ард, хөшигний цаана байдал бүр ч эмзэг. Энэ театрыг Монголдоо нэгдүгээрт бичигдэх акустиктай гэж хөгжмийн урлагийнхан хэлдэг. Судлаачид акустикийг нарийн хэмжиж үзсэн нь тоо баримтаар, мэргэжлийн хүнд ойлгогдохоор графиктай байгааг энгийн үгээр тайлбарлах гэж үзье. Үзэгч байхгүй үеийн хэмжилт болон үзэгчтэй тоглолтын үзүүлэлт өөр гарсан. Дууны шингээлтээс шалтгаалж акустик өөрчлөлт ордог нь энэ. Мөн байрлалаас шалтгаалаад ялгаатай байгаа. Энэ танхимын акустикийн доголдолтой. Түүнчлэн үзэгчдийн суудлын бүрээс нь зөөлөн материалаар хийгдсэнээр дуугаралтыг өөрчлөх нөлөө үзүүлдэг гэх.
Бас жирийн үзэгчдийн хэлж гомдоллодгоор бельэтажны зарим сандал дээр суухад тайз бүрэн харагддаггүй, босч зогсохоос өөр аргагүйд хүрдэг нь бас л үнэн байж.
Мэргэжлийн урлагийн байгууллагын тайзны тоног төхөөрөмжийн тухай өгүүлэхэд бүр цочирдом. 1995 оноос хойш техник төхөөрөмжийг шинэчлээгүй гэнэ. Техник, технологи, тайзны шийдэл, гэрэл өндөр хөгжчихөөд байхад 25 жил гар хүрээгүй гэхэд гайхмаар. Энэ хүртэл инженер техникийн ажилтнууд нь гамтай хэрэглэж, тордож л явсан бололтой. 2010 онд ганц дууны пульт тавьсан ч бүрэн гүйцэд ажилладаггүй зургаан микшер нь гэмтэлтэй. Ер нь Монголын урлагийн байгууллагуудад нүүрлээд байгаа нийтлэг гамшиг энэ.
Улаанбаатар чуулгын пультны 10 микшер гэмтэлтэй бол Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театрын дундын өмчлөлтэй “Ямаха” пультны зарим зам нь бас эвдэрхий гэнэ. Соёлын төв өргөөнийх ч ижил. Бүрэн ажиллагаатай пульттэй мэргэжлийн урлагийн байгууллага алга байгаа нь, өрөвдмөөр.
Бүх тоног төхөөрөмжийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Ийм нөхцөл байдалтай Сидней хотын “Опера хаус”-ыг харьцуулах ч хэрэг байна уу даа. Гэхдээ мэргэжилтнүүд харьцуулж үзжээ. Танхим дахь дууны тохируулах тоног, төхөөрөмжөөс гадна бичлэгийн студитэй, түүнийгээ хадгалдаг архивтай, дууны өрөөний цонхоор тайзан дээрх тоглолт чөлөөтэй харагддаг гэх мэт энгийн үзүүлэлтийг бараадах ч аргагүй юм. Бас гар ажиллагаатай гэрэлтүүлэг нь нөгөө сайхан уран бүтээлийнхээ аялгуунд “хөг” нэмээд хөгөө чирэх нь ч бий.
Гадаадын улс оронд очиж, тоглолт үзэж, тайзны шийдэл, гэрэлтүүлгийн шинэ тоног төхөөрөмж, давуу талыг олж мэдсэн үзэгчид тайз, гэрлээ голоод эхэлчихсэн нь ч аргагүй.
Манай театрт найруулагчийн шийдэлд тохируулж, гэрэлтүүлгийн найруулга хийх боломж хомс. Эдүгээ ДБЭТ-ын гэрэлтүүлэгт 16 хүн ажиллаж байгаагийн зургаа нь гэрлээ тусгайлан хариуцдаг. Тус ангийн дарга Д.Энхбаатар нь театрт 23 жил ажиллаж байгаа. Тусгай мэргэжлээр биш дадлагаар энэ ажлаа эрхэлж буй. Гэтэл гэрлийн найруулагчийн мэргэжлийн хүн хэрэгтэй болсныг анзааралгүй өнгөрч болохгүй. Орчин үеийн тоног төхөөрөмж нь автомат удирдлагатай. Гар аргаар биш тусгай кодоор удирдах ёстой ч энэ ажлыг хийх мэргэжилтэн, тухайн гэрлийн найруулгыг зохиох найруулагч ч алга.
1953 оноос хойш хэрэглэж байгаа ОХУ-ын гэрлүүд тайзны гэрэлтүүлгийг нуруундаа үүрч буй. Бага сага гэрэл нэмдэг ч хоорондоо уялдаа холбоогүй, тохиромжгүй байдгаас бүрэн ашигладаггүй аж. Гэрлэндээ улаан, ногоон, шар өнгийн гэрэлтүүлэгч цаас хийж өнгө оруулдаг гэвэл та итгэх үү. Ийм эртний эд ашиглаж байгаа учраас шатаж, эвдрэх нь их. Тиймдээ ч сүүлийн долоон жилийн турш 70 гаруй сая төгрөгөөр зөвхөн гэрлийн чийдэн, запас худалдаж авчээ. 2012 онд Протек компаниас авсан 450 сая төгрөгийн үнэтэй гэрэл авсан ч эдүгээ ашиглахгүй байгаа нь ч энэ байгууллагын үйл ажиллагааны доголдолтой холбоотой. Ухаалаг гар удирдлага, мэргэжлийн гэрэлтүүлэгч гээд мэдээд байгаа хэрнээ хөрөнгө мөнгө, бодлогын зохицуулалтгүйгээс шийдэгдэж чаддаггүй бэрхшээл нь ДБЭТ-ыг эртний эдлэл өрсөн амьгүй тайз болгох вий.
Шинэ уран бүтээл хийж, баахан төсвөөр хувцас тайз хийчхээд түүнийгээ хадгалах өрөө тасалгаа хомс байгаагаас шалтгаалан амархан муудаж хуучирч байгаа нь ч бас нэг асуудал. Тэр ч бүү хэл хэчнээн сайхан алдар гавьяатнууд амьд дуу хоолойгоороо энэ тайзан дээрээс үзэгчдээ баярлуулдаг ч тэдний бичлэгийг шаардлага хангасан хэмжээнд хийж чадахгүй байгаа нь гачлантай. Ганц камертай архивын ажилтан нь камерныхаа микрофоноор л тайзнаа тоглож байгаа дуурь, балет, симфонийг бичдэг. Гэтэл дэлхийн хэмжээний ямар ч театр өөрийн гэсэн дуу бичлэгийн студи, тусгай тоног төхөөрөмжтэй байдаг. XXI зуун шүү дээ. Урлагийн бурхан тэнгэр Янжинлхамаас эхлээд жирийн нэгэн үзэгч ч уулга алдам ямар их гачлан бэ.
Үндэсний болон дэлхийн сонгодог 100 гаруй дуурь, 60 орчим балетыг симфони найрал хөгжимтэй тоглодог тайз сан. Ардын жүжигчин Г.Хайдав, Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн, Д.Жамъянжав, А.Долгор, Ц.Ерөөгөөс эхлээд одоо алдар суу нь дэлхийн тайзнаа түгээд буй Э.Амартүвшингийн дуулдаг танхим юм шүү дээ. Алдарт Э.Оюун, А.Ганбаатараас Д.Алтанхуяг, О.Ганцоож, М.Одоор дамжаад залуу үеийн бүжигчдэдээ залгамжуулсан алтан тайз шүү дээ.
Түүх дурсамж нь арвин баялаг ч тордож, додомдсон ч цөөн болохоор хүнээр бол ёолоод байна, хүрч ирээд нэг сонсоорой. Засч, шинэчлэхгүй л юм бол хэдэн зууны түүх хүүрнэх боломж ч олдохгүй холоо үлдэнэ. Бүх зүйл өөрчлөгдөж шинэчлэгдээд байхад бид агуйдаа амьдарна гэж зүтгэдэггүйтэйгээ ижилхэн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй хөл нийлүүлж, гаднах өнгийг нь ч гэсэн, доторх бүрэлдэхүүн хэсгүүдийг нь ч гэсэн шинэчлэх цаг тулаад ирснийг сануулъя. Шижир алт мэт авьяастнууд минь шилэн биш модон хоргонд хоригджээ. Дуулж, бүжихдээ тэд цуцаагүй ч нууж, хаацайлсаар залхжээ. Театрыг бүрэн шинэчлэх хэрэгтэй болсныг даанч сайн ойлгоосой доо, ард түмэн минь.