М.Содон-Эрдэнэ
Циркт олон гайхамшиг бий. Хүч тамирын гайхамшиг, илбэ ухааны гайхамшиг, морьтны гайхамшиг гээд үзүүлбэрийн нэр ч юм шиг, үзүүлж байгаа хүмүүсээ гайхамшигтайг нь тодотгосон ч юм шиг нэршил олон жил бичигдсээр хэвшил болжээ.
Хүний санаанд багтамгүй зүйлсийг үзүүлж, харуулж, үзэгчдийг уухайлуулдаг болохоор нь циркийг гайхамшигтай гэдэг. Гэтэл тэр дундаасаа бүр жүжигчдээ, үе үеийн уран бүтээлчдээ гайхашруулдаг үзүүлбэрүүд ч бий. Уран нугараач Э.Цацрал Унгарт ажиллаж байхдаа зубник зууж тэнцэн, биеийн бүх жингээ шүдэн дээрээ төвлөрүүлж хоёр минут 34 секунд тогтсоноор Гиннесийн дээд амжилт тогтоосон байдаг. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бид сүүлийн үед энэ мэт амжилт тогтоосон уран бүтээлчдийн тухай уншиж, сонсч, бахдаж буй. Тэгвэл түүхийн шарласан хуудсанд ч бидний огт төсөөлшгүй олон гайхамшиг тэмдэглээстэй бий. Тэдний заримыг нь онцлон хүргэе.
ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ЭЗЭМШИГЧИД
Туяахүүгийн Номуунбаатар хэмээх циркчин залуу 2014 онд шидэх банзнаас үсэрч, агаарт зургаан удаа эргэж, дэлхийн дээд амжилт тогтоосон. Түүний энэ үзүүлбэрийг өнөө цагт дэлхийд хийж байгаа өөр улсын жүжигчин байхгүй. Өмнө ОХУ-ын жүжигчин л ийм хэмжээний үзүүлбэр хийж байсан. Тиймээс олон улсын тэмцээн уралдаанд Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид амжилт гаргаж, алтан цом гарддаг нь үүнтэй холбоотой. Тэгвэл “Zola and Bros” группийн жүжигчин Л.Тэлмэн 2016 оноос хойш энэ трюкийг хийдэг болсноор тэд дөрөө харшуулсан дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.
Цирк хил хязгааргүй урлаг учраас амжилтыг нь зөвхөн улсаар биш дэлхийн жишигтэй харьцуулж ярих учиртай. Хоёр долоо хоногийн өмнө Монакогийн вант улсад Монголын нэрийг алдаршуулсан циркчид ч дэлхийд үнэлэгдэх онцгой үзүүлбэр хийсэн. Тиймдээ ч хүрэл алиалагч атгачхаад, Германд аяллаа үргэлжлүүлэн тоглож яваа. Тэд гуравдугаар сарын 1-нд эх орондоо ирнэ.
Б.Золбаяр ахлагчтай энэ багийн гишүүн нь дээр дурдагдсан жүжигчин Л.Тэлмэн. Тэрбээр зургаан удаа эргэдэг амжилтаа бататгахын зэрэгцээ дан тулгуур хэмээх урт төмрийг хөлөндөө бэхлээд банзны үзүүрт зогсч байгаад, үсэрч агаарт гурав эргэж буудаг. Энэ нь мөн л зөвхөн монголчуудын эзэмшиж буй дээд амжилт юм. Шидэх банзнаас үсэрч дан тулгууртай хоёр эргэсэн амжилтыг саяхныг хүртэл М.Мягмарсайхан эзэмшиж байсан бол Л.Тэлмэн ийнхүү шинэчилжээ.
Хүрэл алиалагч хүртсэн эдгээр жүжигчин акробатын үзүүлбэрт “долоон давхар” буюу долоон хүн бие биедээ давхарлан зогсдог трюкээрээ мөн л дээд амжилт эзэмшдэг.
Шидэх банзнаас үсэрч дөрөв эргэсэн бүсгүй
Монголын төдийгүй дэлхийн циркийн урлагийн дээд амжилтыг эвдэж, шидэх банзнаас үсрэн, агаарт гурван удаа эргэсэн, соёлын тэргүүний ажилтан Д.Шүрэнтуяагийн 37 жилийн өмнөх амжилт бахдам. 1976 онд “Эмэгтэйчүүдийн шидэх банз” хэмээх үзүүлбэр үзэгчдийн хүртээл болоход тэрбээр энэ амжилтаа тогтоожээ. Түүнээс энэ үзүүлбэрийг хийснийхээ дараа өөрөөрөө бахархсан уу гэж асуухад “Үгүй ээ. Зүгээр л чадчихлаа гэж бодсон. н.Цэндээ багш минь бидэнд их тус болдог байсан. “Шүрээ, надаас өөр хүн үүнийг хийгээгүй шүү гэж бодоод итгэл төгс ёсолж бай. Сандраад хазгай гишгэвэл тэр тал руугаа өвдгөө нугалж суугаад ч атугай сайхан ёсол” гэдэг байсан” хэмээн ярьсан.
Тэгвэл 1997 онд Д.Отгонжаргал хэмээх жүжигчин бүсгүй энэ эргэлтийг нэгээр ахиулж, банзнаас үсэрч дөрөв эргэсэн байна. Өдгөө “Есөн өрлөг” хамтлагийн жүжигчин Б.Үржинханд банзны үзүүлбэрт тоглож буй бүсгүйчүүдээ хошуучлан дөрвөн янзын рекорд тогтоогоод буй.
Уран нугаралтын амьд домог Б.Норовсамбуу
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай циркийн жүжигчин Бэгзсүрэнгийн Норовсамбуу 18 настайдаа Монгол Улсын Гавьяат жүжигчин, 23 настайдаа Төрийн шагнал, 32 настайдаа Ардын жүжигчин цол хүртсэн бахдам авьяастан билээ. Төрөлхийн уян биетэй охин байсан болохоор Д.Мажигсүрэн багшийн хараанд өртөж, улмаар 1958 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Т.Цэнд-Аюушийн шавь болж 1959 онд “Ваартай уран нугаралт”-аар уран бүтээлийн гараагаа эхэлжээ.
Зубник зууж, шүдэн дээрээ бүх жингээ тэнцүүлэн тогтсон анхны жүжигчин бол Б.Норовсамбуу. Олсон дээрх уран нугаралтыг агаарын олстой хослуулан тоглож, түүнээс хойш уран нугаралтын түүхэнд нэг гар, мөрөө гаргасан стойк, суга жийм зэрэг олон трюкийн анхдагч болжээ.
Түүний тухай циркчид болон ахмадууд “Б.Норовсамбуугийн тоглолтын онцлог нь зөвхөн өө сэвгүй, алдаагүй байхдаа бус харин хэн бүхэнд байдаггүй төрөлхийн авьяас, байгалиас заяасан төрөлхийн өгөгдөл, өндөр ур чадварт нь байдаг” хэмээн ярьдаг.
Хамгийн олон уран нугараачтай орон
Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд байгаа уран нугараачдынхаа тоглолтыг үзэж, шинэ дээд амжилт тогтооход оролцох жүжигчдээ сонгож явахдаа “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт, Ардын жүжигчин Б.Норовсамбуу нар Монголд өдгөө 378 уран нугараач байна хэмээх тоолж байсан.
Тэгвэл гадаадад ажиллаж байгаа уран нугараачид нэмэгдсээр Монголын брэнд болж чадсан өв соёлоо алдаршуулж, бахархуулах гайхамшигтай нэгэн үйл явдал 2016 оны наймдугаар сарын 6-нд Төв талбайд болсон. Даншиг наадмын хүрээнд зохион байгуулсан “Уул усны домог” уран нугараачдын чуулганд 4-59 настай 427 уран нугараач оролцож нэгэн зэрэг нугарсан түүхтэй. Эхлээд 21 дарь эхийн дүрээр нугараачид тайзнаа гарч энэ тоо 21-ээс 40, 72, 120 уран нугараачийн үзүүлбэрээр үе шаттайгаар нэмэгдэж, төгсгөлд нь дэлхийд анх удаа 427 уран нугараач нэгэн зэрэг нугарсан.
Шүдэн дээрээ бүх жингээрээ тогтсон охин
Эрдэнэбилэгийн Цацралын биеийн жин 48 кг. Дөрвөн настайгаасаа уран нугарч буй тэрбээр анх хоёр минут гаруй хугацаанд зубник зууж тогтдог байсан бол дараа нь энэ амжилтаа дөрвөн минут 17 секунд болгон ахиулж Гиннесийн номд бүртгүүлжээ. “Нарны цирк”-т ажиллаж жилдээ 400 орчим шоунд оролцдог түүний амжилтыг давтсан нугараач үгүй.
Аваргын амжилт 800 кг
Монгол Улсын Гавьяат жүжигчин Дарийн Дамдин аварга хүнд жингийн гайхамшиг үзүүлбэрийг 1972 онд анх тоглохдоо 550 кг жинтэй хүн болон туухайг хамтад нь өргөж байжээ. Энэ үзүүлбэрийг түүний шавь Гавьяат жүжигчин Я.Амаржаргал, Г.Хишигдаваа нар залгамжлан тоглож, өдгөө олон залуус өвлөж авсан ч бодит жин нь өсөөгүй байгаа. 1977 онд Д.Дамдин аварга бүх жин нь 800 кг-тай тэнцэх хэмжээтэй ачааллыг бие дээрээ авсан тухай цирк судлаач Ё.Батболд агсан “Монгол циркийн нэвтэрхий толь” номдоо бичсэн байдаг.
Улаан номонд орсон амьтдыг ч сургасан Гавьяат жүжигчин Д.Амгалан
Монголын циркийн урлагийн амьтны төрлийн авьяаслаг нэгэн уран бүтээлч Дүүрэнжаргалын Амгалан бол алдарт амьтан сургагч Ц.Цэрэндоржийн шавь билээ. Ямаа, хонь, чоно, морь, сармагчингаас эхлээд “Улаан ном”-нд орсон аргаль, янгирыг сургасан тэрбээр хамгийн анх холимог амьтны үзүүлбэр буюу ямаа, сарлаг, нохойг хамтад нь тоглуулж үзэгчдэд хүргэж байжээ. Амьтдыг чадварлаг сурган, үзэгчдийг гайхашруулах олон гайхалтай тоглолт хийж байсан тэрбээр 1997 онд БНХАУ-ын Ухань, 2001 онд Италид болсон олон улсын циркчдийн тэмцээнээс тусгай шагнал хүртсэн. 2006-2007 онд БНСУ-ын Чежү аралд аялан тоглож байхдаа имж сургаж байсан нь нэгэн сонирхолтой түүх болон үлджээ. Тэрбээр 1992 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон байна.
15 см диамертэй утсан дээгүүр гүйдэг хүн
Циркийн жүжигчин М.Мягмарсайхан 2009 онд өндөр утсан дээгүүр хэн хамгийн хурдан гүйхийг шалгаруулдаг High wire championship уралдаанд оролцохдоо БНСУ-ын Сөүл хотын Хан мөрөн дээгүүр татсан нэг км утсан дээгүүр 12 минут 55 секундэд гүйснээр Монголдоо анхдагч болсон. Энэ уралдаанд тэрбээр дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд түрүүлсэн жүжигчин нь швейцарь хүн байжээ.
Түүнчлэн өнгөрсөн жил Улаан цутгалан хүрхрээн дээгүүр 15 см диаметртэй төмөр утас байрлуулж, ямар ч хамгаалалтгүй тэнцвэрийн үзүүлбэр хийснээрээ тэрбээр шинэ амжилт тогтоогоод буй.