М.Содон-Эрдэнэ
Зурагтынхаа удирдлагыг аваад асаа. Та юу үзэх гэж байна вэ? Кино юу? Хүүхдүүд чинь юу сонгон үзэж байна, анзаар. Хичээлээ үзэх гэж л ойрын үед монгол сувгууд дээр тохируулж байгаа байх. Өөрийнхөө хүүхдүүдийн жишээг бичье л дээ. Японы анимэ, солонгос Пороро, Консуни, Винкс араас нь youtube-ээс үздэг контентийг нэрлэнэ. “Baby shark” буюу “Abc song” гээд л. Тэдэнтэй өрсөлдөж, монгол уран бүтээлчдийн авьяас билиг хүсэл тэмүүллээр төрсөн “Маамуу”, “Ботгохон”, “Бонго” зэрэг нэвтрүүлэг бий л дээ. Хүүхдүүдийнхээ нүдийг боож, хүслийг нь хорьж, энийг үз гэж тулгадаггүй л юм бол энгийн дүрслэлтэй, даруухан хийцтэй, зурмал голдуу нэвтрүүлгийг тэд тоож үзэхгүй л байна.
Монголын телевизүүдийн чуулганы үеэр ХХЗХ-ны мэдээлэл, агуулга, чанарт стандартын зохицуулалт мониторингийн хэлтсийн мэргэжилтэн Н.Тогтохсүрэн илтгэл тавихдаа хүүхдүүд өдөрт дунджаар 2.5-3 цаг зурагт үздэг, тэгэхдээ ихэвчлэн хүүхэлдэйн кино сонгож байгааг нь судалгаагаар харуулаад үүний 96 хувь нь гадаад контент байгааг хэлсэн. Мэргэжилтэн бүсгүй хуулиа баримтлах хэрэгтэйг телевизийнхэнд сануулсан ч бүтээлээ бий болохоос нь өмнө хөрсөнд буугаагүй хууль баталсан нь үүгээр нотлогдоно. Зохиолч З.Төрмөнх хууль батлагдаж байх үеэр “Оюуны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нь огт дэмжихгүй тэгээд лангууг нь 50 хувь хаана гэхээр одоо яах хэрэг вэ? Их сайхан сонсогдох популизм. Дэлгүүрт гадны барааг 50 хувь монгол барааг 50 хувь зарж бай л гэсэн үг шүү дээ. Гэтэл өөрсдөө үйлдвэрлэх барааг нь дэмжих ёстой байсан Соёлын яамаа ч устгаад орхисон. Хүүхэлдэйн кино л гэхэд 100 хувь гадных. Манайд 50 хувь байтугай таван ширхэг ч байхгүй” гэж сануулж бичиж байж. Яг өөрийнхөө мэддэг монгол хүүхэлдэйн киног нэрлэх гээд нэг үзээрэй. Хуруу дараад тоолоод үз. Хариулт нь энэ л байна.
Хууль гаргачихаар бүх юм болчихгүй. Бодлого, уялдаа холбоотой дэмжлэг, тасралтгүй үйл ажиллагаагаар энэ нөхцөл байдал бий болох юм. “Герман улс кино урлагаа дэмжиж татварын мөнгөнөөс жилдээ 900 сая евро зарцуулдаг. Энэ мөнгө байхгүй бол Германы тэр олон кино компанийн 80 хувь нь дампуурах биз ээ” хэмээн Германы Потсдам хотын Бабелсбергийн кино, телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхан ярьж байсан удаатай. Энэ талаар тодруулбал, бодлого, шалгууртайгаар кино компаниудын уран бүтээлийг дэмжээд, эргээд орж ирсэн ашгаасаа дараа дараагийн төслийг санхүүжүүлэх байдлаар тасралтгүй бойжуулдаг онцлогтой юм билээ.
Тэгсэн манай Ерөнхий сайд үндэсний баяраасаа хоёр долоо хоногийн өмнө уралдаан зарлаж, дүгнэнэ гэж дайраад сүйд. Энэ шийдвэрт нь алга ташиж, талархал илэрхийлэгчид нь телевизийнхэн. Арга ч үгүй биз. Аль эрт гаргачихсан төлөвлөгөөтэй нэвтрүүлгээ үзүүлчхээд дээр нь мөнгө авна гэхээр таатай байгаа байлгүй. Эсвэл байгаа хүч нөөц бололцоогоороо хэдэн юм хийгээд өрсөлдөх байх л даа. Үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, хүүхэд залууст эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээл байх ёстой юм билээ,. “Үндэсний бүтээл бүхий долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй радио”, “Үндэсний бүтээл бүхий долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз”, “Үндэсний шилдэг бүтээл” (радио,телевизээр нэвтрүүлсэн бүтээл тус бүрээр) гэсэн гурван төрлөөр шилдгүүдийг шалгаруулах аж. Арилжааны телевиз, радио болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдлүүд энэ уралдаанд оролцох боломжтой гэнэ. Телевизийг 100 сая, шилдэг бүтээл буюу нэвтрүүлгийг 50 сая, шилдэг хүүхдэд зориулсан бүтээлийг 50 сая төгрөгөөр тус тус шагнана гэжээ. Харин радиогийн төрлийн шилдгүүдийг 20 сая ба 10 сая төгрөгөөр урамшуулах юм байна.
Тоон контентын хөгжлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд зохиогдох уг уралдаанд ирүүлэх бүтээлд монгол ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм түүх, соёл урлаг, шинжлэх ухаан танин мэдэхүйн үнэ цэн, ач холбогдолтой нэвтрүүлэг өрсөлдөх ёстой. Хамгийн сонирхолтой нь, энэ шалгуур нь хоёрдугаар сарын 6-нд тодорхой болж, зарласан хэрнээ тус сарын 22-29-нд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөр, бүтээлийг уралдуулах юм гэнэ лээ. Бараг л сугалаа шиг санагдав. Аль хэдийн төлөвлөөд хийсэн нэвтрүүлгээс сонгодоггүй л юм бол энэ сарын 20 хүртэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хүлээж авах шаардлагатай энэ уралдаанд ямар ч сод ухаантан оролцож амжихгүй. Зарласан өдөр нь сонсоод завсар зайгүй “нүдээд” ч уралдаанд дээрх шалгуурт нь нийцсэн өндөр чанартай нэвтрүүлгийг хоёрхон долоо хоногт хийчих “хоншоортой” уран бүтээлч байхгүй.
Цаашид уралдаанаа Монгол үндэсний уламжлалт баяр болох “Цагаан сар” болон “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан хийнэ гэсэн нь арай нааштай сонсогдсон. Засгийн газар солигдсоны дараа энэ уриалга, уралдаан нь хэр уялдаа холбоотой үргэлжлэхийг тааж хэлэхэд ч бас хэцүү.
Байгаа нэвтрүүлгээсээ ч болтугай шилдгийг нь шалгаруулж, Ерөнхий сайд нь телевиз, радиогийн хөтөлбөрт сугалаат шагнал өгдөг юм аа гэхэд өнөөг хүртэл өргөн нэвтрүүлэгт түүх, соёлын тухай нэвтрүүлэг 20 орчим хувь эзэлж байсан жишиг гэнэт өөрчлөгдөхгүй нь лав. “Нааштай хамтран ажиллая, найзууд аа” гэсэн шиг дараагийн эрх баригчдын сонгох тов ойртсон өдрүүдэд сэтгэл хөдлөлтэй огцом уралдаан зарласнаа, түүндээ оролцогчдыг ил биш ч их л ойлгомжтойгоор энэ, энэ телевиз гээд “хэлчих” шиг болсон. Тэд нар нь ч мэдээлэлд ойр байснаараа бэлтгэж амжицгаасан юм байлгүй дээ.
“Маамуу” төслийг санаачлагч, эдүгээ “Номадик” компаниа байгуулж “Ботгохон” шинэ төслөө үргэлжлүүлж буй Г.Гантуяа захирал олон нийтийн сүлжээнд “Судалгаа-Төлөвлөлт-Хөгжүүлэлт-Тест-Нэвтрүүлэлт.
Ерөнхий сайд гэнэт богино хугацаанд хүүхдэд зориулсан контент хийх уралдаан зарлалаа.
Нэг талаасаа анхаарч эхэлж байгаа нь сайн талтай. Нөгөө талаас нь харвал хүүхэд тоож үзэхгүй юм болох вий дээ.
Манай компани лав энэ уралдаанд оролцох гээд хичээсэн боловч боломжгүй хугацаа харагдаж байна.
Өнөөдрийн байдлаар монгол хүүхэд бүр үздэг “Маамуу” төслийг санаачилж, амжилттай хэрэгжүүлснийхээ хувьд төрийн өндөрлөгүүдэд хандаж хэлэхэд ингэж татварын мөнгө үрэн таран хийж байхаар дахиад нэг цогц төсөл хийгээч ээ” гэсэн байв. Санал нэгдэх үнэн энд л байна.
Монгол нэвтрүүлэг л гаргаж байвал сайн гээд гэнэт тургихаар нь “Ховдгийн гай”, “Толбот хивс” гаргаад суувал хэн үзэх вэ дээ. Тэгээд үзэгчид өгөөжгүй юм бол тэр нь яаж ч сайн контент болох вэ дээ.
Ерөнхий сайд уралдааны тухай телевизээр ярихдаа КОНТЕНТ гэдэг үгийг хэдэнтээ давтана лээ. Контент гэж юу вэ гэдгийг энгийнээр тайлбарлавал тодорхой агуулгын хүрээнд хийсэн, маш тодорхой форматтай мэдээлэл юм. Нийтлэл, постер, видео, и-мэйл, инфографик, е-вook зэрэг нь бүгд контентод багтана. Харин үнэ цэнтэй контент гэж юу вэ гэвэл өөр хэрэг. Контентын үнэ цэнийг хэрэглэгчид өгсөн өгөөжөөр л хэмжинэ. Үзэгчид тулгамдаж буй асуудлыг шийдсэн, хэрэгцээтэй контентыг зорилтот хүмүүстээ хүргэж тэдэнтэй эргэх холбоо тогтмол үүсгэсэн үү гэдгээр үнэлэх юм. Түүнээс биш яг Ерөнхий сайдын ивээлээр хийх гэж байгаа уралдаан шиг нь өдөр цаг зааж, уралдуулсан жаран чавганцын наадаан биш. Хошин юм их л болох нь дээ. Өөдөсхөн бяслаг тасдаж тавиад одоо гүйж ирээд идвэл ид, үгүй бол өлсгөлөнгөөрөө бай гээд зандрах нь дээ, уран бүтээлчид минь. Молиго сайдынхаа аманд багтаад мөд тэгээд хэдүүлээ загнуулах байх л даа.