Эрхэмсэг гэж хээнцрийг, эгэл гэж хэт энгийнийг хэлдэггүй юм шиг ээ. Төрөлх аалиа төлөвшлөөрөө гоёод төгөлдөр сайханд ойртон, үнэн оршихуйгаараа бусдад үлгэрлэж чадвал урлагийн хүний нэгэн бахархал болов уу.
Дуурь бүжгийн эрдмийн театрын авьяаслаг олон гоцлоочдын дотроос ярилцаад суухад сэтгэл нийлдэг, дууг нь сонсоход бахархал төрүүлдэг нэгэн бүсгүй бий. Түүнийг уншигчид таньж буй биз ээ. Он гарахаас урьтан “Есөн эрдэнийн орон” тоглолтоо хийж, шинэхэн уран бүтээлээрээ үзэгчдээ “дайлсан” Монгол Улсын гавьяат жүжигчин Содномцэрэнгийн Мөнгөнцэцэгтэй ярилцлаа.
Дуучин хүн бүтээлийнхээ эздийг хэрхэн хүндэтгэж, насаараа дуулах түрлэгээ ямар хэмжээнд мэхийн хүлээн авдгийг үлгэрлэн харуулсан түүний шинэ цомогт Монголын алдартай есөн хөгжмийн зохиолчийн бүтээл багтсан.
Мэргэжлийн дуучны хоолойгоор амилсан эдгээр бүтээл цаашдаа эх орноо сурталчлах нэрийн хуудас болно. Уран бүтээлдээ сэтгэлээ шингээн, чанар чансаатайг үзэгчдэдээ хүргэхээр сэтгэл чилээдэг уран бүтээлч бүсгүйн яриаг хүргэе.
-Болгарт ажиллаж байсан үеийг нь дурсаж, ярилцлагаа эхэлмээр байна. ДБЭТ-т ирж ажиллахаасаа өмнө Болгарт 10 жил амьдарч, сургуулиа дүүргээд тус улсын театрт ажиллаж байсан байх аа?
Сургуулиа төгсөхдөө А.Моцартын “Così fan tutte” дуурийн Фьордилижжигийн дүрээр дипломын ажлаа хамгаалж байлаа. Тэнд байхдаа Русэ хотын дуурийн театрт “Турандот” дуурийн Лиүд, Софи хөгжимт драмын театрт И.Штраусын “Цыганы Барон” дуурийн Сафигийн дүрд, “Богема” дуурийн Мимид дуулж Европын 10 гаруй орноор тойрон аялсан. Велико-Тырново хотод Константин Кисимовын нэрэмжит хөгжимт драмын театрт хоёр жил ажилласан. Энэ театр ихэвчлэн оперетта тоглодог. Энд Имре Кальманын “Циркийн гүнж” опереттад дуулж Болгарын бүх хотоор аялан тоглож байсан маань их сайхан дурсамж үлдээжээ. Оперетта бол яриан жүжигтэй дуурь шүү дээ. Тэгэхээр ийм бүтээлд тоглохын тулд буруу хэллэгтэй, гадаад хүн гэхээрээ хазгай дуудлагатай байвал яавч тэнцэхгүй. Яг л болгар хүнээс ялгарахгүй ярьж, жүжиглэж, дуулах ёстой. Опереттаг аль ч улс, үндэстэн өөрийн төрөлх хэлээрээ орчуулан тоглодог онцлогтой. Циркийн гүнжийн дүрд тоглож байхад ази жүжигчин дуулж байгааг сонссон үзэгчид хүлээлттэй, хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч байнга ярилцлага авах хүсэлттэй ирдэг байсан. Гэхдээ зарим нь тоглолт дуусан дуустал хэн нь тэр ази жүжигчин байсныг мэдэж чаддаггүй. Магадгүй миний биеийн өндөр, европжуу төрх үүнд нөлөөлсөн байх. Очсон хот болгоны гол сонинд ярилцлага минь нийтлэгдэж, үүнээс улбаалан Болгарын хамгийн алдартай Слави Трифоновын шоунд ази дуучин гэдэг утгаараа уригдаж байсан. Түүнээс хойш хүмүүс “Славигийн шоунд оролцсон ази охин байна” гээд таньдаг болчихсон байж билээ.
Тухайн үед урлагийн мэдрэмжтэй, уран бүтээлийг ойлгож хүндэлдэг Элчин сайд Болгарт суудаг байсан нь Б.Батхишиг гуай. Баян Монгол чуулгын удирдаач, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат ахын дүү нь юм байгаа юм. Б.Батхишиг гуай том хотуудад болсон тоглолтыг гэргийтэйгээ ирж үздэг, тухайн хотын удирдлага нь Монголын Элчин сайд ирлээ гэж хүндэтгэн хүлээн авдаг байсан.
-Тийм их нүргэсэн алдар хүнд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?
-Тухайн үед монгол хүнийг сайхнаар сурталчилж, зөв ойлгуулж байгаадаа баярладаг байсан. Анх намайг Болгарт очиж, найзуудтайгаа танилцаж байхад морин дэл дээр хийсэж яваад ирсэн мэт төсөөлөлтэй “Танайд төмс ургадаг уу, жимс байдаг уу?” гэсэн “тасархай” асуулттай угтаж байлаа. Монгол хүн гэхээр л хөдөөний амьдралаар төсөөлнө. Надаар л монгол хүнийг тэд төлөөлүүлж, таньж мэдэж байгаа гэж бодохоор би илүү хичээх ёстой мэт. Яваандаа надтай дотносоод, хэрхэн биеэ авч явж, яаж хичээж, адилхан суралцаж, хөл нийлүүлэн явааг харахаараа тэр төсөөлөл нь өөрчлөгдсөн байх. Нэг найз минь “Мөнгөө чи Монголын хамгийн баян айлын хүүхэд үү” гэж асуусан. Учир нь хөрслөг бор царайтай, дээлтэй, морь унасан хүнээр монголчуудыг төсөөлж байтал нэг охин ирээд тэдэнтэй ижилхэн орчин үеийн хувцас өмсөж, сонгодог урлагийн чиглэлээр сурахаар нь гайхсан хэрэг. Мэдээж би ч тэдэнд тайлбарлана л даа. Монголд ч гэсэн Софи шиг гоё хот бий. Залуус нь ямар гоё хувцаслаж, соёлтойгоор сурч, ажиллаж байдгийг ярина.
Тэр үед гаднын зарим аялагч, Монголд ирж аль болохгүй, бүтэхгүйг нь дүрс бичлэг, гэрэл зурагт буулгачхаад түүндээ их тохиромжгүй өмнөтгөл бичиж түгээдэг нь сэтгэл эмзэглүүлдэг байсан. Тухайлбал төрсөн бууцан дээрээ хөрвөөж, энерги авч байгаа монгол хүний зургийг дараад “Морь мал нь бэлчиж, ялгадсаа гаргадаг газар дээр ингэж өнхрөөд эрч хүчтэй болж байна гэж итгэдэг мухар сүсэгтэй монголчууд” ч гэдэг юм уу. Ийм байдлаар нийтлэхээр өвөг дээдсээсээ уламжилсан хүндэтгэл минь тэнэг, муухай, тэр ч бүү хэл тэр зураг дээрх хүн харанхуй бүдүүлэг болж бууж байгаа юм. Яг л саяхан дуучин Номинжингийн ямаатай холбоотой ярьсан зүйл шиг.
Ийм байдлыг өөрийнхөө хэр хэмжээгээр өөрчилж, монгол хүний нэрийг гаргаж байна л гэж бодож баярладаг байсан.
-Таны аав, ээж юу хийдэг, ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
-Бид социалист нийгэмд төрж, өсөж, картын барааны үеэр талхандаа дугаарладаг байсан үеийнхэн. Миний аав, ээж хоёр бусдын л адил энгийн амьдардаг байсан. Аав минь Алтанбулагийн техникум төгссөн агрономч мэргэжилтэй, ном их уншдаг хүн байсан. Аавынхаа ачаар би ч бас ном унших дадалтай болсон. Ээж гар хивсний үйлдвэрт олон жил ажиллаж байгаад сүүлд нь ээж, аав хоёр хоёулаа Цэргийн ангийн Цэвэрлэх байгууламжид ажиллаж байсан. Ямар нэг цэргийн цолгүй энгийн ажилтнууд. Аав, ээж минь 24 цаг ажиллаж 48 цаг амардаг ээлжтэй. Зөрөөд л ажилдаа явна. Айлын том охин болохоор гурван дүүгээ харж, асрах үүрэг надад ногддог. Багаасаа л өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлачихсан гэх үү дээ.
Одоо миний охин 12 настай. Би тэр насан дээр дүү нараа харж асардаг байж. Мэдээж өнөөгийн нийгэм өөр л дөө. Гэхдээ би охиноо сурч боловсрохдоо анхаарахын зэрэгцээ тодорхой хэмжээгээр бие дааж, ажил сураасай гэж нэлээн хичээдэг.
-Нийгэм төдийгүй үе хоорондын ялгаа нэлээн бий болж л дээ, одоо?
-Огт өөр болчихсон л доо. Тиймээс би тийм байсан, чи ийм бай гэж тулгаж болохгүй. Тэгэхгүйг их хичээдэг. Зурагт, утасны хэрэглээ гэхэд л эрс тэс ялгаатай. Ням гаргийн 16.10-ын кино хүлээж, амралтаараа тусгайлан зориулсан хөтөлбөр гарахаар нь хөл газар хүрэхгүй баярладаг үе, одоогийнхоос ялгаатай.
Багадаа зуны амралтаараа эмээ дээрээ очиж, бараг 20 хүүхэд нэг дор цуглахаар хагас цэргийн зохион байгуулалтад орчихно шүү дээ. Хийж байгаа ажлаа тоглоом, наадгай болгож, эрүүл орчинд өсчээ. Боорцог хийж, хайрч идээд, нойтон түлээгээ өрж хатаангаа байшин бариад л, усандаа явангаа гулгаад л... Хар бор гурил гэлтгүй идэж, монгол хоолоо хүртээд сурчихсан минь одоогийн бидний яриад байгаа эрүүл, эко хүнсний хэрэглээтэй дүйж байна. Ийм амьдралын тэмцэл дунд өөрийнхөө дархлааг бий болгож, баргийн зүйлд бууж өгөхгүй болоход ч нөлөөлсөн байх.
Ийм айлын охины хувьд энэ сургуульд сурч байгаа боломжоо юутай ч зүйрлэхгүй нандигнана. Тэр хэрээр сайн суралцаж, аав ээждээ дэм болохыг хичээнэ. Хэдий энгийн айл байсан ч миний аав, ээж намайг гадаадад сургуульд сургаж, төгсгөх гэж бүх боломжоороо зүтгэсэн. Чадалтай айлын хүүхэд байгаад бүх зүйл нь бэлэн зэлэн өссөн бол бэрхшээлд би бүдрэх ч байсан юм бил үү.
Тийм болохоор хүүхдүүдээ ч гэсэн хэтэрхий их элбэг, хангалуун бэлэнчилсэн хүн болгож өсгөмөөргүй байна. Зарим хүн элбэг хангалуун амьдраад сурсан хүн хожим нь өөр нөхцөл байдалд амьдарч чадахгүй болохоороо тэр хэмжээнд аваад явах хүнтэй суудаг гэх юм билээ. Би санал нийлдэггүй. “Ээж ээ, энэ хүнд би хайртай” гээд хэн нэгнийг дагуулаад ороод ирэхэд нь “Үгүй ээ” гээд амьдралыг нь заах уу. Тийм байж болохгүй. Харин түүний оронд ямар ч нөхцөлд зохицоод амьдарч чадах хүчтэй л болгох юмсан.
-Хаанаас ирснээ, хаа хүрэхээ мартахгүй байх хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх үү?
-Мэдээж. Аливаад аль болох шударга байхыг л хичээдэг. Өнөөдөр сайхан амьдарч байгаагаараа насан туршдаа л тийм байсан мэт өмнөхөө мартсан хүн миний эргэн тойронд цөөнгүй л бий. Хэн нэгэн өмнөх амьдралыг нь тийм байсан гэж гэрчлэхгүй ч гэсэн тэгж худлаа баг зүүгээд яах билээ. Дутуу явлаа гээд түүнээсээ ухаажин, хэрсүүжиж, дараа зөв алхах боломжтой болдог. Харин ч ийм байдлаас охиноо өдий зэрэгтэй болгосон аав, ээжээрээ бахархаж, ачийг нь хариулахсан гэж хичээдэг юм. Тийм болохоор хөдөө өссөн, энгийн нэгэн айлын хүүхэд гэдгээ би нуулгүй л ярьдаг.
-Үр хүүхэд нь сайхан явааг харах, хааяа зорьж ирээд цайг нь уугаад мордоход л ээжүүдийн сэтгэл тэнийж гялайдаг санагддаг. Хоолыг нь идчхээд гийгүүлсэн хүн шиг гарахдаа тэдэнтэйгээ өнгөрүүлсэн хором мөч бүрээ нандигнамаар санагддаг шүү?
-“Ээж ээ, бид салхинд гарангаа очлоо шүү” гэж ярихаар ээж нь ямар хоол хийх вэ гээд л сандардаг юм. “Сайхан хонины гэдэс, чанасан толгой эсвэл цус идмээр байна шүү” гэхээр бэлдээд л тавьчихна. Намайг хойно арван жил болоод ирэхэд эмээ минь бас ямар хоол идэх вэ гээд л сандарсан. “Хярамцаг л идмээр байна” гэхэд эмээ минь бүр уйлж “Хүний газар ийм олон жил болоод ирэхдээ монголоо марталгүй, элдэв өнгөтэй, үнэтэй цайтайд дасалгүй хярамцгаа хүртэл санаж байна” гээд баярласан. Одоо бас нагац эгч минь “Мөнгөөг баярлуулахад амархан, атгыхан чинээ хярамцаг байхад л болно” гэдэг юм.
Юу өгөх вэ, юугаар дайлах вэ гэж өгөх байхаа олж ядан байгаа тэднийгээ зовоохгүй байхсан гэж бодох юм. Намайг очно гэхээр сандарч, тэвдээд гарч гүйгээд байхааргүй, тайван таван үг солих амгалан юу юунаас ч үнэтэй.
-Таны энэ эгэл байдлаас гадна нөхрийн тань гэр бүлийн хүрээллийн амьдрал хүүхдүүдэд чинь сайхан нөлөөлөл үзүүлдэг байх даа?
-Тэр мундаг хүмүүжил, боловсрол, төлөвшил, мэдрэмж мэдээж залгамжлагдана. Урлаг ойлгох мэдрэмжтэй, ухаалаг, хэрсүү энэ байдал нь нөхөр бид хоёрыг дотносоход ч нөлөөлсөн. Би бараг өөрийнхөө мэргэжлийн үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгоогүй байхад манай хүн аав болон гэр бүлээсээ мэдэрч өссөн тэр хүмүүжил, соёлоороо урлагийг нандигнаж чаддаг байлаа.
Борогшуу байдалд дадуулах, хоол ундаа голдоггүй, зөв сайхныг хэрэглээд явах дадал хүүхдүүддээ бий болгох гэж хичээдгийг минь манай хүн ойлгоно оо.
-Найзалж, нөхөрлөж байгаад салж холддог хосыг алийг тэр гэх билээ. Харин та энэ хүнтэй насаа элээж, ханилж болно гэдгээ юунаас илүү ойлгож ухаарсан бэ?
-Миний мэргэжилд хандаж байгаа хандлага. Урлагаар хөглөгдөж, тэр хэмжээгээр намайг үнэлж, хүндэлж байгаа нь л юм болов уу. Магадгүй зарим хүн боломжтой айлын хүүхэдтэй суулаа гэж ярьж байсныг ч үгүйсгэхгүй. Гэхдээ надад тийм зүйл сонин байгаагүй ээ.
Тухайн үед Европт амьдарч байсан болохоор үерхэж, найзалж болох ч хэрэв таалагдахаа боливол салчхаж болдог гэсэн сэтгэлгээнд дассан байсан. Европчууд тийм шүү дээ. Найз залуу, бүсгүйгээсээ салах бол тийм ч хүнд асуудал биш. Тэгж явсаар 30 нас нэлээн хол гарч, 40 хүрээд шахуу, төлөвшсөн үедээ гэрлэж, хүүхдээ төрүүлдэг.
Гэхдээ би 20 настайдаа тэнд очоод, анх л энэ хүнтэй үерхсэн. Ингээд нэг жил, хоёр жил гэж нэмэгдсээр таван жил боллоо. Бараг бид яагаад ийм олон жил үерхсэн юм бол гэж гайхмаар санагдтал цаг хугацаа нисээд өнгөрсөн. Таван жилийн дараа эргээд харахад бидний дунд бий болсон дурсамж дэндүү нандин болчихсон байлаа. Юун Европ сэтгэлгээ. Салахад, орхиход хайран байгаа биз дээ. Тэгээд ч би хэзээ ч гадаадад насаараа амьдарч, гэр бүл ах дүүсээсээ хол байна гэж төсөөлж байгаагүй ээ.
-Үерхсээр байгаад та хоёр ч бас төлөвшсөн үедээ гэрлэжээ?
-Монголд залуус төлөвлөлгүй, их эрт гэр бүл болдог л доо. Аливаа зүйл хоёр талтай. Өөрсдөө төлөвшиж амжилгүй аав, ээж болохоор тэр золионд хүүхэд зовдог. Магадгүй тийм айлд хэрсүүжиж өсөх нэгэн байхад ийм амьдралыг давтддаг нь ч байна.
-Урлаг, спорт, бизнес гээд юм юм амжуулдаг аав, ээжтэй. Өөрсдөө ч гэсэн багаасаа урлагийн тайзан дээр гарчихсан гээд танай хүүхдүүд дурсамж дүүрэн түүх бүтээж амьдарч байна шүү, тийм ээ. Сүүлд бага хүү нь А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн дэгдээхийд тоглов уу?
-Манай театрынхны хүүхдүүд нас, өндөр нь тохирвол дуурьт орчихно шүү. Хүүхдийн дүртэй дууриудад тэдэн настай хүүхэд хэрэгтэй байна гээд хайхад л манайхан дунд байж л байдаг. Охинтойгоо “Чио Чио сан”, “Чингис хаан” дуурьт, дунд хүүтэйгээ бас “Чио Чио сан”-д гарлаа. Дунд хүүгийн бие нь тохироод “Чио Чио сан”-д 7-8 удаа тоглоод, бүр хилийн дээс алхаж Буриадад хүртэл очсон. Саяхан “Үүлэн заяа”-д гарлаа. Бага маань “Увдист лимбэ”-ийн дэгдээхий болсон.
Багаас нь хариуцлага мэдрүүлж, басхүү ийм сайхан дуучидтай тоглож байжээ гэсэн хожмын дурсамж бүтээж байгаа нь сайхан. “Чио Чио сан” дуурийн ойн баярын тоглолтоор энэ дуурьт тоглож байсан хүүхдүүд ирдэг юм. Хамгийн том нь гэхэд УДЭТ-ын жүжигчин, “Унаган хайр”-ыг дуулдаг Б.Нармандах эгч байна. Дуучин Д.Болд ч бас тоглож байсан юм билээ.
Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ хүртэл “Ийм гоё дуурьт тоглодог хүүхэд ингэдэггүй юм” гэх мэтээр бас хэлж захина. Өөрсдөө ч бас тэр хэрээрээ ухаажин, урлагийн хүмүүс дандаа гоё байдаг гээд л. Хөөрхөн шүү дээ. Хүүхдүүдээ хүмүүжүүлж, өсгөнгөө өөрсдөө тэднээсээ суралцаж явна даа.
Бид өмнө нь дуурь, уран бүтээл ярилцаж хэдэнтээ уулзаж байсан ч энэ удаа энгийн ээжүүд шиг л ярилцчихсан. Уулзах бүртээ дотно сэтгэгдэл төрүүлж, хэнийг ч алагчлахгүй харилцаж, Монголын дуурийн урлагийн примадонна гэж хэлж болохоор өндөрлөгт байдаг хэрнээ даруухнаар бүхнээ дэлгэн хөөрөлддөгт нь дандаа баярладаг шүү.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин