Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хагас зууныг элээсэн “Өвөлжих хун”

“Мядааг... Жолоогоо тавь, жолоогоо тавь” гээд л өвгөн Балдан уухилан гүйнэ. Болд хүү морины хурдаар анжисыг гүйцэж, жолоог тасаллаа. Гартаа жолоогоо зангидсан Мядаг ухаангүй хэвтэнэ...
“Анхны алхам” уран сайхны киноноос дурсах, бодогдох зүйл даанч олон. Амьдралын анхны алхмаа зөв тавих ухаан, хөх төмөр шиг идэгдэхгүй юм сан гэсэн сэтгэл, нандигнах өв соёл, бүхнээ зориулах ёстой ажил үйлс гээд л...
Хатуу зөөлөн нь хосолсон, хайр энэрэл шингэсэн монологтой энэ бүтээл найруулагч Г.Жигжидсүрэн гуайнх. Энэ хүний кино урлагтай холбогдсон түүх бүр эртнийх. Ная гаруй жилийн түүхтэй энэ “айл”-ын 60 онд нь тэр хамт байжээ.

Тангараг шиг эхлэл

“БНМАУ-ын Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны Боловсон хүчний хэлтсийн эрхлэгч танаа!
Өргөдөл гаргах учир нь:

 Миний бие урлаг, утга зохиолын ажилд багаас сонирхож дунд сургуулийн зургадугаар ангиас эхлэн утга зохиол сонирхон оролдож өөрийн хүч чадлыг дайчлан зорьж шүлэг өгүүллэгүүд бичиж эхэлсэн ба миний тэдгээр бичсэн зүйлүүдээс 1985-1989 онд бичсэн шүлгүүдээс заримыг нь сонгон авч сэтгүүлч Д.Найманжин найруулан засаад “Монгол эх” гэдэг шүлгийн жижиг ном хэвлэлд бэлтгэсэн ба мөн “Сэтгэлийн дуулал” гэдэг мөчлөг өгүүллэг Хэвлэл Утга Зохиолыг Хянах Газраар батлагдаж радио нэвтрүүлэгт саяхан шилжсэн. Мөн Зөвлөлтийн “Огонёк” сэтгүүлийн эрхлэгч А.Софроковтой харилцаж утга зохиолын талаар зөвлөгөө авдаг тулд сүүлийн үед бичсэн уянгын хэдэн шүлгээ явуулсанд “Огонёк” сэтгүүлд нийтлэхээр бэлтгэж байна гэж хариу ирсэн билээ. Утга зохиол оролдсон цагаас хойших миний ажлын өчүүхэн жижиг ахиц нь иймэрхүү. Би одоогоор бусадтай хамтарч богино хэмжээний кино зохиол нэгийг оролдож байгаа. Одоо би Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн аравдугаар ангид суралцаж байгаа ба утга зохиол оролдохын хамтаар кино найруулагчийн ажилд маш дур сонирхолтой учир сургуулиа төгсөөд кино найруулагч болж Монголын кино урлагийн ажилд өөрийн бүхий л авьяас оролдлого хүчин чадлыг дайчлан ажиллах хүсэл зориг төгс байгаа тул, миний дур сонирхолтой кино найруулагчийн сургуульд суралцуулж өгөхийг хүсч, энэхүү өргөдлийг гаргалаа. Үүнд: Намайг кино найруулагчийн сургуульд суралцуулбал би өөрийн бүхий л хүчин чадлыг дайчлан амжилттай сурч, кино урлагийн цаашдын бүтээлд өөрийн чадлын хэрээр зүтгэн суурьшилтай ажиллаж чадахыг баталъя.

Өргөдөл гаргасан Нийслэлийн Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн 10в ангийн сурагч Гомбожав овогтой Жигжидсүрэн
1960 оны дөрөвдүгээр сарын 15
Улаанбаатар хот

 

 Энэ өргөдлийн гар бичмэлийг нандигнан хадгалсныг хараад бүр баярлах, гайхах зэрэгцлээ. Хүн хувь тавилангаа ийм эрт олж мэдэж, түүндээ үнэнчээр хөдөлмөрлөснийг нь харахаар тангараг тавиад түүндээ хүрсэн баатар эр шиг л санагдсан. Магадгүй энэ өргөдлийн эх хувь байгаагүй бол түүний энэ хүсэл тэмүүллийг өнөө бид нотолгоотой мэдэхгүй ч байсан байж болох юм.

Залуусын анхны алхам

 Г.Жигжидсүрэн найруулагчийн кино урлагт хөл тавьсан “Анхны алхам” уран сайхны киноны эхний нэр нь “Өвөлжих хун”. Тэрбээр энэ тухайгаа “Анх 1960 онд “Улаанбаатарт байгаа миний аав”-д Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжидийн туслахаар ажиллаж байлаа. Өөрийгөө их хувь заяатай нэгэн гэж боддог. Миний хувьд кино урлагт анх орохдоо сайн багш нараар хөтлүүлсэн. Монгол талаас мэргэжлийн багш гэвэл Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжид, Ардын жүжигчин Д.Чимэд-Осор нар. 1961 онд Д.Чимэд-Осор гуай Ц.Дамдинсүрэнгийн туужаар “Гологдсон хүүхэн” гэх анхны бие даасан уран сайхны киногоо хийхэд туслахаар нь ажиллаж, багш хэмээн хүндлэх болсон. 1962-1967 онд ОХУ-ын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд суралцсан. Очоод ОХУ-ын Ардын жүжигчин, доктор, профессор Л.Кулешова багшийн шавь болсон. Багшийн минь эхнэр ОХУ-ын гавьяат жүжигчин А.С.Хохлова гэж хүн бий. Нөхрийнхөө найруулсан олон кинонд тоглосон сайхан хүн байсан. Бас л миний багш. Энэ хоёр хүний шавь болж таван жил эцэг, эхийнхээ гар дээр байгаа юм шиг өнгөрөөсөн. Эндээс харвал хувь заяандаа баярлахгүй байхын аргагүй байгаа биз. Л.Кулешова багш том хүн. Манайхан тэр бүр мэдэхгүй байх. Дэлхийн киноны онолын түүхэнд “Кулешовын эффект” гэдэг томьёолол бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн кино урлагт эвлүүлгийг онолынх нь хувьд гаргаж ирсэн хүн. Ийм сайхан хүмүүсийн гараар дамжиж кино урлагт хөл тавьсандаа талархаж явдаг. Намайг кино урлагт оруулсан бас нэг хүн бол Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба гуай. Тэр ямар учиртай гэхээр би утга зохиолоор дамжиж кино урлагт орж ирсэн гэж боддог. Багаасаа шүлэг уншиж, бичдэг, ой сайтай хүүхэд байсан. Намайг дөрөвдүгээр ангид байхад“Пионерийн үнэн” сонинд эрх ишигний тухай миний анхны шүлэг хэвлэгдэж байлаа. Тэр цагаас хойш Хүүхдийн урлан бүтээх төв буюу Монголын пионерийн ордны утга зохиолын дугуйланд явах болсон. Манай дугуйлангийн багшаар хүүхдийн зохиолч М.Чимэд ажилладаг байв. Тухайн үед зохиолчдын хороогоор их гүйдэг байв. Тэгж яваад Ч.Лодойдамба гуайтай танилцаж, багш шавийн барилдлагатай болсон. Тэр үед арван жилийн хүүхэд сайд, дарга ч гэж айж эмээхгүй өрөөнд нь орж шүлгээ уншуулдаг байсан. Одоо ч надад багшийн минь өөрийн гараар зассан шүлгийн хуудсууд бий. Намайг кино урлагт хөл тавихад Ч.Лодойдамба багш хамгийн их нөлөөлсөн. Аравдугаар анги төгсөх үед хүүхдүүдийг гурав хуваадаг байв. Би ч гайгүй гадаадын сургуулийн хуваарьтай болсон байлаа. Тэр үед миний шүлэг, өгүүллэг сонин, радиогоор цацагдчихсан сургуульдаа шүлэгч хүүхэд гэгдэх нь холгүй байв. Утга зохиолын дээд сургуульд орно гэсэн чинь ганц хуваарь ирээд нэг даргын хүүхэд авчихсан. Ингээд надад Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн хуваарь ирдэг юм байна. Боломжтой, гайгүй айлын ганц хүү байлаа. Аав, ээж хоёр минь хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Аав минь Худалдааны яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад МОНЦАМЭ-гийн ерөнхий нягтлан бодогчоор 20 гаруй жил ажилласан. Тэгээд ээждээ “Хуулийн ангийн хуваарь авлаа” гэтэл “Би хүүгээ мөрдөн байцаагч болгохгүй. Хүүгээ Рагчаа дээр авч очиж эмч болгоно” гэдэг юм байна. Тэр үед ээж хуульчийг яагаад мөрдөн байцаагч гэж ойлгодог байсан юм бүү мэд. Рагчаа гэдэг нь манай улсын дотрын алдартай эмч. Энэ хүн аавын минь дотнын найз бөгөөд манайд ирж шатар тоглодог байсан. Гэхдээ хүний амьдрал их сонин. Тохиолдлын нэг уулзалт, учрал амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсан. Нэг өдөр гудамжинд Ч.Лодойдамба багштайгаа таарлаа. Багшдаа “Зохиолч болмоор байна” гэж хэлсэн. Багш намайг дагуулаад тухайн үеийн Соёлын яамны байранд очлоо. Тэгээд багш “Чи кино үйлдвэрт очоод нэг жил туслах найруулагчийн ажил хий. Чамайг дараа жил киноны зохиолчийн сургуульд явуулж өгье” гэсэн. Аав, ээждээ очоод багшийнхаа хэлснийг дамжууллаа. Аав, ээж ч үүнийг минь зөвшөөрч 1960 онд Д.Жигжид гуайн туслахаар очсон.
1969 онд “Анхны алхам” киногоо хийж байлаа. Энэ кино миний дипломын ажил. ОХУ-д улсын шалгалтаа өгчхөөд дипломын ажлын киногоо нутагтаа хийнэ гээд ирсэн. Дипломын ажил хийх гурван жилийн хугацааг сургуулиас өгдөг. Гурван жилийн дотор киногоо хийж ирэхгүй бол улсын шалгалт дахин өгөх шаардлагатай болдог. Тийм учраас зүтгэсэн. Намайг шалгалтаа өгөөд дипломын ажлаа хийх гээд иртэл “ашгүй сайн найруулагч ирлээ” гэж кино үйлдвэр хүлээж аваагүй юм. “Туслах найруулагч хий, баримтат кинонд ажилла, тэр ч байтугай орон тоо байхгүй туслах ажилтан болгоно” гэв. Яагаад энэ зовлонг ярьж байна вэ гэхээр өнөө сургуулиас өгсөн гурван жилийн хугацаа дуусах гээд байгаа байхгүй юу. Тэгээд Ч.Лодойдамба багш дээрээ орлоо. Бүх учир байдлаа тайлбарлалаа. Багш “Чамд зохиол байгаа юм уу” гэж байна. Уг нь надад өөрийн минь бичсэн “Эрт ниссэн бүргэдүүд” гэж 1932 оны хувьсгалын эсэргүү, бослого, лам нарын тухай зохиол байсан юм. Багш юу гэж ийм зохиолоор кино хийлгэх билээ. Тэгээд би зохиолынхоо эрэлд гараад явж байтал баримтат киноны найруулагч Ч.Гомбо надад нэг зохиолын санаа бий гэлээ. Бид нэг үеийнх, кино үйлдвэрт нэг жил ажилд орж байсан. Тэгээд Ч.Гомбо надад “Анхны алхам”-ын үйл явдлыг ярилаа. Ингээд бид нэлээн ярилцаж явсны эцэст “Анхны алхам” киноны “Өвөлжих хун” зохиол гарсан. Тухайн үед олон хүний анхны алхам болсон доо. Тухайлбал, Ч.Гомбо, Л.Шаравдорж, зураач Ч.Хишигдалай, манай гол дүрийн жүжигчин Б.Цэцэгбалжид нарын “анхны алхам юм” хэмээн ярилаа.

Шөнийн дуудлага сонин сэдэл

 1970 онд үзэгчдийн хүртээл болсон уран сайхны киноныхоо тухай “Анхны алхам-50” номыг Г.Жигжидсүрэн гуай энэ өдрүүдэд бүтээн туурвиж буй. Бараг л бэлэн болж байгаа шахуу. Энэ номыг бичих болсон сэдэл нь их сонирхолтой. Нэг шөнө утас нь дуугарчээ.
-Дөнгөж саяхан би чиний нэг киног үзэж дуусаад ярьж байна.
Найруулагч түүнийг дуугаар нь Монгол Улсын хүний гавьяат эмч, авьяаслаг зохиолч Цүрэмийн Мухар гэдгийг танив.
-Чиний энэ хэдэн өвгөчүүлийг ер нь хэчнээн үзсэн ч уйдахгүй юм аа. Үнэхээр агуу жүжигчдийг сонгож авчээ...
Ц.Мухар эмч “Анхны алхам” киног телевизээр үзээд ярьж буйг тэр ойлгов.
-Энэ чинь хэдэн оны кино вэ?
-Өнгөрсөн зууны кино. 1969 онд бүтээгээд 1970 оны нэгдүгээр сард дэлгэцэнд гарсан.
-Үгүй ер өө! Тийм дээр үеийн кино юм уу?
-Тийм ээ, дэлгэцэнд гараад хагас зуун жил болж байна.
-Чи тэгэхэд хэдэн настай байсан юм?
-Би юу? 25-26 орчим л байсан болов уу.
-Хн...Чи тэр өвгөчүүлийг яаж олсон юм бэ?
Энэ асуулт Г.Жигжидсүрэн гуайд олныг бодуулжээ. Гол дүрийнхээ жүжигчдээ хэрхэн сонгож авч байснаа бодоод энэ тухай яривал “их сонин, урт түүх болно” гэж хариулжээ. Харин утасны цаана хэсэг зуур чимээ тасраад эргэн яриа дэлгэхдээ
-Үгүй, чи наадахаа мартаагүй дээрээ бичээч! Хүмүүс сонирхоно доо
-Харин ээ... Цаг бага байна.
-Залхуураад байх юм үгүй. Чи бич!
-Бодъё. Чамд баярлалаа...
Энэ ярианы дараа киноны түүх “амилж” номын хуудаст буугаад байна. Найруулагч Г.Жигжидсүрэн гуай гэргий Д.Цэцэгтэйгээ хамтран энэ бүтээлээ туурвисан. Хоёр хөгшний сэтгэл, зүтгэл, архивын баримт, олон жилийн цуглуулгаар баяжсан энэ бүтээл нямбай, чамбай нь аргагүй юм билээ. Зах зухаас нь харж, сонссоноороо миний дүгнэх ч жулдана. Харин хэвлэх зардал бас л “асуудалтай”. Энд тэнд очоод ивээн тэтгээч гэж явахдаа тэд минь жаахан маруухан улс. Энэ нийтлэлийг уншиж байгаа танд харин сэтгэл санаа төрвөл холбогдоод үзээрэй. Тэд баяртай угтах болно.

Кино архивын ихэнх нь устаж, хальс нь мөнгөн аяга, хальсны сав нь хашааны манаас болоод дууссан шахуу энэ эмгэнэлт цаг үед судалгааны ийм нандин бүтээл төрж, хойч үеэ гал алдуулахгүй байх боломж бий болсныг дуулгая. Нандин өв юм шүү дээ.

Дууны шүлэг нь найруулагчийнх

 Г.Жигжидсүрэн найруулагчийн анхны бүтээл “Анхны алхам” киноны тухай Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан “Тэр энэ киногоороо монголын кино урлагт шивнэж биш хашхирч орж ирсэн найруулагч. Анхны алхмын зохиомж нь урьд өмнө байгаагүй энгийн хүүрнэл, эгэл амьдралыг өгүүлсэн монгол киноны анхны эгэл алхам байсан. Найруулагчийн ажил нь ч тийм “дэлбэрэлт” байсан” хэмээн бичжээ. Энэ киноны дуу нь хүртэл зуун дамжин дуулагдаж, бүтээлээ чимэн мөнхөрч буй. Дууныхаа шүлгийг Жийгээ найруулагч өөрөө зохиожээ.

Өвөлжих хун киноны дуу

Хөнгөн жигүүр ургаж гүйцээд
Холын тэртээг шувууд зорилоо
Онгон насны хосгүй учралд
Хайрын дээдээр чамдаа даслаа
Түмэн бээрийг гатлах замдаа
Төрсөн нутгийн уянга хоногшино
Үнэн баатар амьдрах замдаа
Зорьсон сэтгэлийн уяа чангарна
Хорвоо ертөнц уужим гэдгийг
Хунгийн дэгдээхэй мэдсэнгүй
Хонгор чамтай учирна гэж
Хорьхон насандаа бодсонгүй.
Энэ шүлгийн мөрт хэдийнэ бидний танил болсон бол эхний бадаг нь байгаад хасагдсан дөрвөн мөрийг уншигчдадаа сонирхуулъя.
Өсч төрсөн үүрэндээ хоргодсоор
Ангаахай аяндаа агаарт даслаа
Онож алдсан амьдралд хөтлөгдсөөр
Анхилхан бие минь чамдаа даслаа
/Хасагдсан мөр/

Найман бүлэгтэй, хар цагаан энэ киноны зохиолыг Чимэдийн Гомбо бичиж, зураглаачаар Луузаншаравын Шаравдорж ажиллажээ. Зураач нь Ч.Хишигдалай, хөгжмийн зохиолч нь Л.Мөрдорж. Нүүр хувиргагч Д.Найданжав, П.Ичинхорлоо, эвлүүлэгч Ж.Норолхоо нар ажиллажээ. Киноны гол дүрд Мядагт Б.Цэцэгбалжид, Базарт С.Цэрэндаш, Балданд Н.Цэгмэд, Доржид Д.Дондог, Болдод Ч.Хүрэлсүх, Жүгдэрт Ё.Шаравдоо, Пүрэв Ц.Гантөмөр, Равданд С.Балданпүрэв нар тогложээ. Энэ хүмүүсийн овог нэрийг жагсаагаад бичихэд л алдар суу, авсан шагнал, дуурсагдсан хүндлэл нь шууд бууж байх юм. Алдар нь өөрөө хөшөө болж, туурвил нь домог болох нь энэ буюу.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com