“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуулийн хоёрдугаар зүйлд заажээ. 70 жилийн тэртээ хөгжмийн мастеруудын ур ухаанаар бүтэж өдгөөг хүртэл эгшиглэсээр байгаа Төрийн дууллаа монголчууд хүндэтгэдэг. Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн дууллын түүхэн тэгш ой энэ онд тохиож буй.
“Бор шувуу” ба Б.Дамдинсүрэнгийн
хамтын бүтээл
Дэлхийн хоёрдугаар дайны дараахан буюу 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн тохиосон. Түүхэн ойг сүр жавхлантай тэмдэглэхээр Намын төв хороо хэдэн жилийн өмнөөс бэлтгэжээ. Тухайн үед Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим дөнгөж байгуулагдаж байсан гэдэг. Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын үеэр социалист орнуудын Төрийн дууллыг эгшиглүүлэхээр Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид Төрийн шагналт Г.Бирваагийн хамт бэлтгэж байв. Харамсалтай энэ үед БНМАУ-ын Төрийн дуулал гэж байсангүй. 1923 оноос одоогийн Төрийн дууллыг зохиогдох хүртэл С.Буяннэмэхийн шүлэг н.Насанбатын аялгуу “Монгол интернационал” дууг төр, улсын томоохон үйл ажиллагааны үеэр тоглуулдаг байсан аж. Угаас энэ дууг Төрийн дуулал болгохоор зохиогоогүй юм билээ.
Ийнхүү Төрийн дуулалтай болох шаардлага тулгарсан учраас 1940-өөд оны сүүлчээр Улс төрийн товчоо театр, чуулгын уран бүтээлчдийн дунд уралдаан зарлажээ. Уралдаанд ирүүлсэн бүтээл бүрийг симфони найрал хөгжим болон үлээвэр хөгжим гэсэн хоёр хувилбараар сонсдог байв. Тухайн үед хөгжмийн зохиолчид бүтээлээ нууц нэрээр ирүүлдэг байсан ба төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай “Бор шувуу” гэдэг нэртэй байжээ.
Төрийн дуулал сонгох шүүгч нь маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар байв. Нэлээд олон бүтээл сонссон ч тохирох хөгжим олдохгүй л байлаа. Харин нэгэн өдөр хөгжмийн бүтээлүүд сонсоод гарахдаа тэд “Л.Мөрдоржийн хөгжмийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн бүтээлийн төгсгөлийг нийлүүлбэл зүгээр юм” гэсэн санаа хэлжээ. Үүний дараа Б.Дамдинсүрэн Л.Мөрдоржтой уулзан, санал тавьж, тэд хамтран тус тусын зохиолоо бага зэрэг өөрчлөөд шалгуулсан тухай Л.Мөрдорж гуай дурсан ярьсан байдаг. Тэдний хамтын бүтээлийг симфони найрал хөгжимтэй тоглоход Б.Дамдинсүрэн удирдаж, үлээвэр найрал хөгжмийг Г.Бирваа дохисон түүхтэй.
Ийнхүү Улс төрийн товчооныхон Төрийн дуулал болгох хөгжмөө олсноор ЗХУ-д сурч байсан Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнд шүлэг бичих үүрэг өгчээ. Үүний дараа Улсын бага хурлаас дөрөвдүгээр сарын 26-нд “1950 оны тавдугаар сарын 1-ээс энэхүү сүлд дууллыг эх орон даяар эгшиглүүлсүгэй” гэсэн зарлиг гаргасан байдаг. 1990 оноос хойш энэ Төрийн дууллын шүлгийг ихэнх хэсгийг ашиглаж байгаа ч В.И.Ленин, И.Сталин, Д.Сүхбаатар гэсэн нэр орсон мөрийг хассан байдаг. Түүнчлэн 2006 оноос УИХ-аас Монгол Улсын Төрийн дууллын үгийг шинэчлэн өдгөөгийн хувилбарыг сонгожээ.
Монгол Улсын төрийн дууллыг хаана, хэрхэн эгшиглүүлэх вэ?
Монгол Улсын Төрийн дуулал өглөө, үдэш бүр МҮОНР-гоор эгшиглэж, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог нарын дуулснаар зарим телевиз хөтөлбөрөө эхлүүлдэг болохоор нэг үеэ бодоход иргэн бүр Төрийн дууллаа мэддэг болж байгаа. Бас хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагтай Төрийн дууллыг өөр нэгэн хувилбараар дуулсан нь ч бий. Төрийн бэлгэ тэмдгийн тухай Монгол Улсын хуульд Төрийн тугийг хүндэтгэн залах ёслол үйлдэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн тангараг өргөсний дараа, Монголын ард түмний баяр ёслолд зориулсан баярын хурал, цуглаан, ёслолын ажиллагааг нээхэд, Монгол Улсын түүхэнд холбогдох болон эх орон, ард түмнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөө, цогцолборыг нээхэд, радио өргөн нэвтрүүлгийг үндсэн хөтөлбөр эхлэх, төгсөхөд, бүх ард түмний баяр ёслолд зориулсан телевизийн хөтөлбөрийн анхны өдрийн нэвтрүүлэг эхлэхэд, бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа эхлэхэд болон хуульд өөрөөр заагаагүй бол тангараг өргөдөг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа төгсөхөд, хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлнэ хэмээн заажээ. Түүнчлэн Олон улсын чанартай биеийн тамир, спортын уралдаан, тэмцээн, наадам, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээний үед олон улсын жишгийг баримтлан Төрийн дууллыг эгшиглүүлж болдог аж.
Мөн энэ хуульд зааснаар Төрийн дууллыг найрал, үлээвэр хөгжим, дуу бичлэгийн хэрэгсэл ашиглан эгшиглүүлэх буюу найрал дуу, найрал дуу-хөгжим зэрэг бусад хэлбэрээр дуулж, хөгжимдөж болно. Мөн төрийн дууллыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогч бүх иргэн босч зогсон хүндэтгэл үзүүлэх ёстойг заажээ.
Тэгэхээр зарим нэг хүн “Төрийн дууллыг зүрхэн тус газраа гараа тавин сонсоно эсвэл Монголчууд айхдаа л аюулхай дээрээ гараа тавьдаг болохоос биш, Төрийн дуулал сонсч хүндэтгэл үзүүлэхдээ аюулхай дээрээ гараа тавих учиргүй” гэсэн шүүмжлэл ортой бололтой. Гаднын бусад улс орон Төрийн дууллаа эгшиглүүлэхэд иргэд нь зүрхэн тус газраа гараа тавин хүндэтгэл үзүүлдэг ч монголчууд бол босч зогсох л хуультай юм байна.
Төрийн бэлгэ тэмдэг хэдий ч урлагийн бүтээл
Монголын Улсын төрийн дуулал зохиосныхоо төлөө хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар Төрийн шагналыг хоёр дахь удаа хүртэж байсан гэдэг. Ц.Дамдинсүрэнд ч гэсэн Төрийн шагнал олгосон аж. Тэгэхээр Монголын суу билигт зохиолч, хөгжмийн зохиолч нарын ур ухаанаар бүтсэн энэ бүтээл урлагийн шилдэг бүтээлийн тоонд багтахаар хүндтэй болов уу. Гэсэн ч урлагийн байгууллага, уран бүтээлчид ч “Төрийн дуулал учраас төр нь мэдэх биз” хэмээн алгуурлаж, Төр нь дууны бүтээлийн ой гээд тоодоггүй учраас бэлгэ тэмдгийнхээ “нас нэмсэн” ойг тэр бүр тоодоггүй. Энэ жил 70 “нас” хүрч буй Төрийн дууллын 60 жилийн ойг лав хэн ч тоогоогүй юм даг. Харин Монгол Улсын нэгэн жирийн иргэн Төрийн дууллынхаа үг, аяыг торгон дээр зүү ороон хатгаж, хүндэтгэл үзүүлсэн. Ш.Цэнд хэмээх энэ эмэгтэйн сэтгэлийн өргөл Төрийн дуулалд үзүүлсэн хамгийн том хүндэтгэл байсан юм.
Монгол Улсын Төрийн Дуулал
Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж
Монгол Улсын Төрийн Дуулал
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
МОНГОЛ ИНТЕРНАЦИОНАЛ
Бүх дэлхийн ард түмэнд
Бүрэн эрхийг олгогч интернационал
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч интернационал
Хамаг дэлхийн ядуу ардыг
Харанхуйгаар мөлжигч харгисуудыг
Хашин арилгахаар эсэргүүцсэн
Хасын замтай интернационал
Гэмгүй суусан орчлонг
Гэмтүүлэн дарлагч капиталтанг
Хийсгэн арилгахаар эсэргүүцсэн
Гэгээн мөртэй интернационал
Гайхамшигт жавхлант улаан тугаар
Газрын бөмбөрцгийг бүрхээд
Гал усны гашуун зовлонгоос гэтэлгэгч
Гайхамшигт гуравдугаар интернационал
Дорно өрнийн олон тив дэх
Доромжлогдсон дарлагдсан ард түмэн
Даруйхан бүгдээрээ босоцгоож
Догшин харгисуудыг дарцгаагтун
Баялаг ноёдуудын эрх мэдэлд
Балбагдан дарлагдсан ард түмэн
Багын хайран наснаасаа
Үйлдвэрт зүтгэсэн ард түмэн
Эдгээр олон зовлонтон нар
Эв хамтын интернационалд нэгдэж
Эрчимтэй ангийн чанарыг баримтлан эзэрхэг баячуудыг эсэргүүцье
Жаргалант байдлыг зохион чадагч
Жавхлант туг юугаа байгуулсан
Журамт эв хамт намуудын
Журам холбоот интернационал
Гэгээн тунгалаг эрдэм соёлоор
Дөрвөн зүгтээ цэцэг дэлгэж
Гэрэлт нарны эрдэнийн туяагаар
Ертөнц дахиныг гийгүүлэх болтугай.
Энэхүү дэлхийн ард түмнийг
Эрхбиш нэгтгэх зорилготой
Эв хамтын гуравдугаар интернационал
Үүрд наран мэт мандах болтугай.
(1950 он. Ц.Дамдинсүрэн)
БНМАУ-ЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхөжнө
Дахилт
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулъя
Ачит Ленин Сталины заасан
Ардын чөлөө, жаргалын замаар
Агуу Монгол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан
Дахилт
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Дахилт
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"