Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Түвшинбат: ДБЭТ-ыг шимэгчилж амьдардаг, ажил хийлгэдэггүй хүмүүстэй л би тэмцсэн

 Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Б.Түвшинбат тус театрт болоод байгаа үйл ажиллагааны согогийн талаар анх хэвлэлээр мэдээлж, үүнээс улбаалан өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт сурвалжилга хийж сониндоо нийтэлсэн. Тухайн үед ДБЭТ-ын ерөнхий балетмейстр А.Өлзий-Оршихоос тодруулга авч, байр суурийг нь илэрхийлсэн бол энэ удаа “шүгэл үлээж” тус театрын булхайг илчилж буй уран сайхны удирдагч асан Б.Түвшинбаттай ярилцлаа. Тэрбээр зөвхөн яриад өнгөрсөнгүй, маш олон баримт бичиг үзүүлж, нотолгоотой ярьж байсан.

-Таныг хамт олонтойгоо бүдүүлэг харилцдаг учраас хоёр удаа ажлаасаа халагдчихаад “хоол идсэн тогоо руугаа нулимж байна” гэх хүмүүс байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Реформ хийе гэхээр намайг хавчаад “Мэргэжил боловсрол, ур чадваргүй” гэж ажлаас халсан. Би таван улсын долоон театрт бүжигчнээс захирал хүртэлх ажил хийж байсан. Монгол орны шаардлагад нийцэхийн тулд СУИС-ийг бакалавр, магистраар төгссөн. Өмнө нь Киевт төгссөн. Мэргэжлээрээ 25 жил ажилласан хүн. Хоёр дахь удаагийн “хайрын захиа” нь хоёрдугаар сарын 14-нд надад ирсэн. Намайг удаа дараа арга хэмжээ авч байгаад халсан байсан. Өмнө нь ажлаас чөлөөлсөн үндэслэл нь буруу байсан учраас шүүхийн шийдвэрээр эргээд ажилдаа орсон. Тэгэхээр дараагийн удаад илүү няхуур зохион байгуулж, уран бүтээлчдээс өргөдөл авч байгаад халсан. Энд хоёр өргөдлийг сонирхуулъя. Эхнийх нь П.Т-гийнх. Энэ хүүхдийн эцэг эхийг гутаан доромжилсон гэж өргөдөл өгсөн гэнэ. Уг нь энэ хүүхдийг ажлаа тасалсан, нэгдсэн бэлтгэлд ирээгүй гээд ерөнхий балетмейстр нь дараагийн шатны арга хэмжээ авч, ажлаас чөлөөлүүлэхээр хандахад нь би ар гэрийг нь судлалгүй, ямар бэрхшээлтэйг нь мэдэхгүй байж ингэж болохгүй гэж өмөөрч байлаа. Тэр ч бүү хэл яг энэ асуудлыг нь тэр үед шийдвэрлэхийн тулд тэр даргын өрөөнд ерөнхий балетмейстр Ц.Чинзориг, бүжигчин бид дөрөв байж байхад нь “Энэ хүүхэд хаа хол Налайхаас 3-4 нийтийн унаа дамжиж явж ирдэг. Ээж нь бие муутай, аав нь архи уудаг, дүү нь хөгжлийн бэрхшээлтэй” гээд ярьсан. Түүнээс улбаалан унааны зардал нэмж өгөхөөр болсон шийдвэр нь он сартайгаа байна. Би ХБК-д багшилж байхад ангийн багш нь надад хэлж байсан учраас энэ хүүхдийн нийгмийн асуудлыг анхаарах ёстойг мэддэг юм. Тиймдээ ч дөрвүүлээ байж байхад л энэ тухай ярьсан. Гэтэл эргээд ар гэрийг нь гутаан доромжилсон гэдэг өргөдөл бичсэн гэхээр гайхмаар. Албаар бичүүлсэн ч байж болох юм. Нөгөө нэг өргөдөл нь М.Нандинцэцэг гэдэг хүүхдийнх. Энэ бүхнийг ярих утгагүй л байна л даа уг нь. Жижиг л асуудал. Намайг халахын тулд зохион байгуулсан, цуглуулсан зүйлс байх. Хариу болгож хэлэхэд энэ хүүхдүүдийг жил гаруй дагалдан хийлгээд 300 мянгахан төгрөгийн цалин өгч байсныг би жинхлүүлэх хэрэгтэй гэж ярьж, хэлж жинхлүүлсэн. Тэр өргөдөлд дурдагдсан ярианы тухайд хэн уншсан урмыг нь хугалах гэсэн яриа юу, эсвэл урагшлуулж, дайчлах гэсэн яриа юу гэдэг нь ойлгогдоно. Бас долдугаар сарын 4-11-нд Бусанд олон улсын тэмцээний шүүгчээр эх орноо төлөөлж оролцоод ирэхэд сахилгын арга хэмжээ авч цалинг 20 хувьдсан. Явах хүсэлтээ бичгээр гаргаж, хариу өгөхгүй болохоор нь мессеж хүртэл илгээсэн. Утсаа авахгүй, уулзахгүй болохоор өөр арга байгаагүй. 


-Үүнээс илүү ноцтой шалтгаан байгаа учраас таныг халсан гэж та хэлж байгаа. Тэгвэл үүнийг тодруулж болох уу?
-Хамгийн гол зөрчил “Баядерэ” балетаас эхтэй. Яамнаас энэ балетыг 80 сая төгрөгөөр тогло гэсэн байхад ерөнхий зураач Г.Ганбаатар 120 саяар хийнэ гэж зүтгэж байгаа юм. Энэ хүн 2011-2018 оны хооронд өөрийнхөө хувийн болон үүсгэн байгуулсан компанийнхаа дансаар 200 гаруй сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь авлигатай тэмцэх газарт шалгаж байгаад хохирогчгүй гээд дуусчээ. Угтаа бол хохирогч нь энэ театр. Энэ хүний хувийн компани нь “Гэсү”. Түүнийг театрт ажиллаж байгаа эсэхэд энд ажилладаг хүмүүс ч эргэлздэг. Театрын ерөнхий зураач гэсэн хэрнээ цалингаараа ажлаа хийхгүй байнга л тендерээр дамжуулан өөрийнхөө компанийг шургуулж, шинэ уран бүтээлийн ажлыг авч, ашиг олдог. Түүний төрсөн дүү Г.Оюун нь хувцасны зураач. Мөн л бөөн урт мөнгөний жагсаалт бичээд ажилд саад болдог. Энэ хүнээс болж уран бүтээлийн хөтөлбөрт бичигдчихсэн “Испани бүжгийн цоморлиг” тоглохоо болилоо. “Би хийхгүй, та нар тендерээ зарла” гэсэн. Энэ байгууллагаас цалин авдаг байж цалингаараа ажлаа хийхгүй байгаа юм. Төрсөн ах, дүү хоёр нийлчхээд ДБЭТ-т тоглох шинэ уран бүтээлийн зардлыг яриад л сууж байна. Хүсвэл “Баядерэ”-г 60 сая төгрөгөөр ч тоглож болно. Энэ театрт улсаас сар бүр 20 сая төгрөг шинэ уран бүтээлийн зардал гэж олгодог. Нэг, хоёр, гуравдугаар сарынхыг нийлүүлээд балет хийхэд болохгүй зүйлгүй. 80 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол тендер зарладаг. Үүнээс л бүх зөрчил эхэлж, би түүний бүх бузар булхайг шалгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хоорондоо бичилцэж, бас Авлигатай тэмцэх газарт түүнийг шалгуулсан. Гэтэл хохирогч байхгүй гэдэг нь утгагүй хэрэг. Театрыг шимэгчилж амьдардаг бүлэг этгээдтэй тэмцсэнээрээ би тэдний ад болж, зайлуулахын тулд ийм гүжир гүтгэлэг зохион байгуулж байна.

-Цалин авчхаад ажил хийхгүй байгаа хүмүүст дарга нь арга хэмжээ авдаггүй юм уу?
-Тэдний тухай яривал их л юм байна. Би аливаа холын зорилгод хүрэхийн тулд сууриасаа зөв байх учиртай гэж боддог. Тиймдээ ч эхнээс нь бүгдийг нь задалж, эмх цэгцтэй ажиллахыг хүссэн. ДБЭТ-т дуучдын сонгон шалгаруулалт зохион байгуулсан, БНСУ-д балетын жүжигчдийг тоглуулсан гээд шинэ салхи оруулах гэж хэрэндээ үзлээ. Гэхдээ ажил хийгээд байгаа минь олон хүний эгдүүцлийг хүргээд байгаа бололтой. “Номадик” балетынхан мэдэгдэл хийж ярилцлага өгсөн байна лээ, би харсан. Тэднийг анх би ч гэсэн дэмжсэн. Гэхдээ ямагт ДБЭТ-ын ажил нэгдүгээрт гэсэн зарчимтайгаар. 2018 оны турш тэднийг хүлээцтэй ажигласан. Өмнөх орой нь “Шангрилла”-д шөнийн 00.00 цаг хүртэл “халтуур” хийчхээд маргааш нь ажилдаа цагтаа ирээгүй. Санамсаргүй тэр орой нь тэдэнтэй таарсан. Маргааш нь бэлтгэлдээ хэн ч ирээгүй байхаар нь асуутал “Саруул, Эрдэнэжаргал хоёр өвдсөн, Өлзий-Орших” түгжрээд ирж байгаа гэх мэтээр ярьсан. 10 минут ажлаас хоцорсон, эсвэл нэг хоёр удаагийн үйлдлээс болж би эгдүүцээд, номчирхоод явах хүн би биш.  Угтаа бол энэ продакшн гэдэг нь байгууллага дотор байгууллага байгуулчхаад хувийнхаа ажлыг улсын зардлаар хийгээд байгаа юм. ДБЭТ-аас цалин авдаг гоцлол бүжигчид нийлээд “Номадик”-ийг байгуулсан. Ерөнхий балетмейстр А.Өлзий-Орших нь өөрөө захирал нь. Тэр ч бүү хэл ДБЭТ-ын бэлтгэл хийж байхад наана нь “Номадик”-ийнхан давхар бэлтгэл хийгээд орой тоглолттой гээд байх жишээтэй. Бүх гоцлоочид нийлчхээд байгаа болохоор хүүхдүүд цаана нь юм хэлэхгүй л дээ. Энэ гоцлол бүжигчин хүүхдүүд ч гэсэн хэтэрхий жижигхэн зүйл хараад, цаана нь гарч томоор харах нүд нь хаагдчихаад театраа гэж бодохгүй байна. Сонгодог дасгал, контемпорари хоёр ялгаатай. Булчин өөрөөр ажилладаг. Би 25 жил бүжиглэсэн болохоороо мах, ясаараа мэдэрснээ хэлж байгаа юм. Энэ хүмүүс найман цаг бүжиглээд, найман цаг амраад, найман цаг унтах ёстой байтал театрын бэлтгэл, хувийн бэлтгэл, халтуур гэж яваад ачааллаа хэтрүүлээд бэртдэг. 2-3 удаа хагалгаа хийлгэсэн гоцлооч нар ч бий. Гэтэл үүнийг нь хэлсний төлөө ойлгохгүй, дарамталлаа гэх. Контемпорариг сонирхоод, хөгжүүлэх гээд хийж болох ч сонгодгоосоо давамгайлуулах хэрэггүй. Энэ хоёр ялгаатай. Тэгээд ачаалал нь хэтэрч ядарсан хүмүүс үндсэн ажилдаа сэтгэл гаргахгүй, шинэ уран бүтээлдээ бэлтгэ гэхээр татгалзаж байгаа юм. Үнэнийг хэлэхэд "Хунт нуур"-ын 32 эргэлтээ бүтэн хийчихдэг бүжигчин ч алга. 
-Таныг уран сайхны зөвлөлөөр баталж, захиргаанаас дуудлага гаргаагүй балетыг сургуулил гэж бичлэг өгсөн гэж байсан...
-Энэ бүжгэн жүжгийн тухай би гурван жил ярьж байгаа. Уран бүтээлийн төлөвлөгөө нь аль эрт гараад 2018 онд БСШУСЯ-ны хийх ажлын жагсаалтад “Игорь ван”, “Баядерэ” хоёр орсон байна. 2018 оны аравдугаар сард энэ хоёроор ДБЭТ нээлтээ хийнэ гээд байж байна. (бичиг, баримт үзүүлэв). Тэгэхэд огт байгаагүй зүйлийг би ганцаараа хийх гэсэн мэт ярих юм. Тэр ч бүү хэл ажлаа тасалж, тасалж ирчхээд хоёр солист нь миний өөдөөс “Бэлтгэл хиймээргүй байна” гэхээр нь тэгвэл өргөдлөө бичээд өг гэхээр зааланд бэлтгэл хийж байсан бусад эрэгтэй бүжигчдээ турхираад тэдэнд шаардлага тавих ёстой балет хөтлөгчөөрөө өргөдөл бичүүлээд бүгд гарын үсэг цуглуулаад миний эсрэг өгч байгаа юм. Бүр нэг нь “Чи миний өмнө чаддаг юм бол хоёр эргэчих”, нөгөө нь “Гомдолгүй гээд гарын үсэг зурчих, чамайг цөм цохиод өгье” гэх жишээтэй. Би 25 жил дэлхийд бүжиглэчхээд, тэр хүүхдийн өмнө нотлох гээд 50 гарсан хүн эргэх үү. Хамраа цохиулах уу. Маш ёс зүйгүй. Түвшинбатыг хүлээн зөвшөөрмөөргүй байсан ч уран сайхны удирдагч хүн ажил үүргийнхээ хуваарийн дагуу шаардлага тавьж байгааг ухамсарлах сэхээгүй байгаа нь харамсалтай.
“Ютүб”-ээс бичлэг үз гэснийг их гуйвуулж ярьж байна. Би 13.30-д бэлтгэлд очих хуваарьтай байсан өдөр балет хөтлөгч Долгормаа өглөө залгаад “Бүжигчид явах гээд байна, бэлтгэлээ наашлуулж болох уу” гэсэн. Би 10.00 цагт яаман дээр хуралтай байсан, хуваарийнхаа дагуу цагтаа очих ёстой байсан ч тэд ингэж ярьсан учраас “за тэгвэл ютүбээс бүх театрын тавилтыг хараад, балетаа бүтэн үзээд судалгаа хий” гэсэн. Үүнийг л гуйвуулаад л яриад яваа юм.
Бас гоцлол бүжигчин М.Од формоо алдаад таргалаад байхаар нь дараагийн үеийг нь бэлдээд хоёр хүүхэд сургаж байтал нэгийг нь ариун цэврийн өрөөнд оруулаад эвхэртэл нь цохисон байсан. Байр сууриа алдахгүй гэж тэр. Гэхдээ хоорондоо үгсээд, нөгөө хүү нь үгүй гээд л гүрийдэг. Нэг удаа өрөөндөө Хувьтөгөлдөр, Тэмүүлэн хоёроор массаж хийлгэж байхаар нь шууд хориглоод “Энэ театр ямар шорон уу, цэргийн анги уу” гээд болиултал дараа нь өнөөдүүл нь бид зовлон нэгтэй хүмүүс, бие биедээ массаж хийж болохгүй юу гэсэн. Эргээд нийлээд л хүн гүтгэцгээсэн. Би энэ бүхнийг нь тоохгүй л дээ. Хувцсанд наалдсан тоос мэт гүвээд орхино. Гэхдээ ДБЭТ-т бий болсон энэ муухай булхай, луйвар, хамаатан садан, гэр бүлээрээ удирдлагын статус руу хошуурсан, нэгнээ татсан үйлдлийг таслан зогсоохын төлөө шүгэл үлээлээ.
-Тухайн хүн хүн рүү хандаж яриад байхаар том асуудал гэхээсээ илүү хувийн зөрчил мэт харагдаад байх юм.
-Тэд л хувийн зөрчил болгож тусгаж авч байгаа. Би бодлого, зөв голдирол, алсын хараа, уран бүтээл л ярьсан. Ийм ч шаардлага тавьж ажиллаж, уран сайхны зөвлөлийн бодлого шийдвэрийг даргадаа танилцуулж ажилласан. Н.Туулайхүү удирдаачийн охин Гэрэлтцэцэг удирдаач болсон. Би “Гэрэлтцэцэг ээ чи аавынхаа асссистент болчих оо. Аавдаа байгаа бүхнийг өвлөөд, уламжлуулаад ав аа” гэж хэлсэн. Ингэхээр Н.Туулайхүү нь “Чи миний охиныг дарлаа” гэнэ. Ингээд ажлын буюу зөв шударга шаардлага нь хувь хүний хандлага болж тэдэнд тусаад байгаа юм. “Номадик” продакшныхан танхимд дуурь тоглож байхад зэрэгцээд бэлтгэл хийдэг. Тэр үед дуурийн харилцан яриатай хэсэгт хөгжим ч дуугарахгүй нам гүм болж байхад бүжгийн зааланд тавьсан чанга хөгжим нь тоглолтын танхимд үзэгчдэд сонсогдох жишээтэй. Шившиг биз дээ. Үүнийг болиулж, шаардлага тавих нь миний үүрэг.
Бас арваннэгдүгээр сард “Аида” дуурь тоглож байхад будаг, гаазны айхтар хурц үнэр зааланд үнэртэж, дуучид хахаж, цацаад, үзэгчдээс 20 гаруй хүн гарч, хоёр эмэгтэй эмчийн тусламж авсан. Би шалгах гээд дээшээ гартал зургийн өрөөнд ерөнхий зураач Г.Ганбаатарын даалгавараар манай зураач Ганзориг ажиллаж байсан. Тэр хийж байсан зүйл нь баримт болно, битгий гаргаарай гэж байхад орой хоёр портер авчраад аваад гарсныг харуулын рапортод бичсэн байгаа. Г.Ганбаатарын хувийн ажлаа хийдэг газар нь ДБЭТ болчихсон. Дуучин Доржхорлоо энэ актад “Шар цавуу шиг зүйл үнэртээд ханиалгасан” гэх мэтээр энд бичсэн байна. Би баримттай зүйл хэлж байгаа. Үүнээс шалтгаалж хэнд хариуцлага тооцсон гэхээр нөгөө гүйцэтгэсэн зураач Ганзоригт. Цалинг нь хувьдсан. Би шууд эсэргүүцсэн ч тоогоогүй. Нөгөө зураач нь ч гэсэн “Та нар шударга бай л даа. Би зүгээр л хий гэснийг нь л хийсэн шүү дээ” гэж байгаа юм. Гэтэл Г.Ганбаатарт арга хэмжээ авахгүй явж байгаад намайг шаардаад байхаар дөнгөж сануулга өгч байгаа юм. Энэ мэтээр улсын байгууллагаас цалин авч, шимэгчлээд хувийн ажлаа хийж байна, энэ хүмүүс.
Тэгээд зөв шударга ажиллаж байгаа хүмүүсийг шахаж гаргаад өөрсдөө бөөгнөрдөг. Ерөнхий удирдаач Н.Туулайхүү, түүний хүргэн А.Өлзий-Орших нь ерөнхий балетмейстр, Туулайхүүгийн охин Т.Гэрэлтцэцэг нь удирдаач хийж байгаа. Эхнэр, бага охин хоёр нь ч энд ажилладаг. Гэр бүлээсээ энэ газраас хооллож байж илүү сэтгэлтэй баймаар юм.  Ах дүү хоёр ерөнхий зураач Г.Ганбаатар, хувцасны зураач Г.Оюун гээд байж байна. Аль ч театрт ерөнхий зураач нь хувцасны зургаа хамт хийчихдэг. Харин манай театрт хоёр орон тоо бий болгочихсон байдаг. Г.Оюун нэг тоглолтын нэг хүний хувцасыг 790 мянгаар үнэлсэн байхад тэр тоглолтын нийт орлого нь 900 мянга байгаа юм. Ямар брэндийн хувцас болоод ийм үнэтэй байдаг юм бэ. Миний яриад байгаа зүйлс бүгд баримттай гэдгийг дахин хэлье. Хэрэв энэ хүмүүс ажлаа чин шударгаар хийгээд явдаг бол хэний ах дүү хамаатан байх хамаагүй. Гэтэл бүхэл бүтэн театрын ажлыг гэр бүлээрээ нийлж унагаж, хувьдаа завшиж, өөр хэн нэгнийг оруулахгүйгээр хяхаж хавчиж байна. Өөр зураач нар өчнөөн байгаа. Гэтэл тэднийг оролцууулдаггүй, сонгон шалгаруулалт хийлээ гэхэд санааг нь аваад ашиглачихдаг.

Айхтар үнэтэй хийнэ гэсэн зүйлийг нь би өөр хүнээр хийлгэх гээд санал авч үзэхэд тэнгэр газар шиг зөрүү гарсан. 

 Би эдэнтэй тэмцэж, судалж байхдаа Г.Ганбаатарын тааз харж байгаад санаанаасаа биччихсэн үнийн дүн нь ямар их зөрүүтэй болохыг олж мэдсэн. Өөр хүн болохоор хямд зардлаар ижлийг хийчих гээд байдаг нөхөр болохоор өндөр төсөв гаргачихаад гэдийдэг. Тэр ч бүү хэл өмнө нь байгаа, өөр балетад ашигладаг юмнуудаа шинэ уран бүтээлийн захиалгад үнэлж, мөнгийг нь авчхаад агуулахаас хуучин зүйлс ашиглачихдаг. Тухайлбал “Тэнгэрийн ташуур” балетад “Риголетто” дуурьт ашигладаг сандал, “Аида” дуурийн дугуй, “Жизель”-ийн ширээ, “Чингис хаан” дуурийн сэнтий гээд хольж хутгаад хэрэглэдэг. Тэгснээ энэ балетыг хийхдээ тийм, ийм юмны ком гээд мөнгө авсан байгаа юм. Хяналтгүй, нягтлан нь айгаад дуугарахгүй, олон жилийн турш эрх дархтайгаар эзлэн түрэмгийлсэн хүнтэй би тэмцэж байгаа. Яривал үүнээс ч их юм бий. Би ажилгүйдээ, хийх юмгүйдээ ингэж яваагүй ээ. Нэг л жишээ харуулъя. "Дэггүй Лиз"-д хэрэглэдэг зүйлсийг би бүр ингэж бичүүлж авч байлаа. Тэгэхэд эдгээрийг ком комоор нь үнэлсэн төсөв өмнө нь бичсэн байсан.

Энэ мэтээр нэг юмаа нөгөөд ашиглачихаад дахин дахин мөнгө аваад байдаг хүн.
Тэдний нэг болоод “Өө та минь мундаг зураач, та минь мундаг захирал” гээд явж болно. Гэхдээ би тийм хүн биш. Ийм зүйл байж болохгүй. 1987 онд ажил амьдралын гараагаа эхлүүлсэн энэ театртаа би их өртэй хүн. Тийм болохоор зөв голдиролд нь оруулж, энэ мэт паразитуудаас ангижруулмаар байна. Би хаана ч ажилд орж чадна. Солонгос, Хонконг, Америкт ч очоод ажиллаж болно. Таван улсын хэл мэддэг болохоор орчуулга ч хийгээд явна. Би ажил голдоггүй. Өмнө нь "Зөгийн үүр" хөтөлбөрийн дуудлагаар 2012 онд эх орондоо ирчихээд нэг хэсэг уур уурхайн компанид зөвлөхөөр ажиллаж л байсан. Миний мэдлэг боловсрол гологдохгүй бас би эдэнтэй тэмцэх чадалтай гэж бодсон учраас ямар эсэргүүцэлтэй тулгарахаа мэдсээр байж би ийшээ орсон юм шүү. Ажлаа ч гэсэн зөв шударга, чанартай хийхийг л зорьдог. Цааш нь ч үзүүлэх баримт олон бий. Театрын даргатай ч холбоотой зүйлс бий. Хүсвэл дэлгэж болно. 

-Таныг эргээд ажилдаа ор гэвэл орох уу?

-Ц.Түвшинтөгсийг даргаар ажиллаж байгаа үед орохгүй. Угтаа бол энэ театраа хамгаалж, идээ бээрнээс нь салгаж, шимэгчийг нь татаж хаямаар байна. Нэг хэсэг нь шимэгчилж, нөгөө хэсэг нь тэдний бүлэглэлд багтаж, өөр бүлэг хүмүүс нь усны урсгалаа дагаад л хөвөөд байна. Маш том цэвэрлэгээ хэрэгтэй. Ийм төсөв улсаас өгч байхад үүнээс илүү ажиллаж болно доо. Бид энд удаан, олон жил ажилласан гээд царцанги, залхуу, хойш суусан байдалтай байж болохгүй. Шинэчлэх зүйл их байна. Би байдаг чадлаараа шүгэл үлээлээ. Анхааралдаа авах ёстой газруудад нь ч хандлаа. Одоо би өөр яах юм бэ?

 

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com