ы Монгол Улсад Циркийн сургууль байгуулагдаад 80 жилийг үджээ. Өнөөдөр Монгол Улсын консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуульд циркийн жүжигчдийг бэлтгэдэг болсон байна. Анх 1940 оны наймдугаар сарын 12-нд энэ чиглэлээр бие даасан сургууль нээсэн түүхтэй. Улмаар Зүүн хүрээний Эх дагинын аймгийн Цогчин дуганын нэг хэсэг буюу бага дуганыг засварлан циркийн сургуулийг 1941 оны нэгдүгээр сарын 5-наас шинэ хичээлийн байранд хичээллүүлэх болсон байна. Улмаар Ардын хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Яармаг дахь наадмын талбайд барьж байгуулсан 2000 суудалтай, тусгайлан зассан задгай ордонд 1941 оны долдугаар сарын 10-нд Циркийн сургуулийн анхны төгсөгчдийн бэлтгэсэн төрөл бүрийн 25 үзүүлбэр, хоёр том атракционыг толилуулсан нь үзэгчдийг үнэхээр алмайруулсан гэдэг. Ийнхүү уран бүтээлчдээ амжилттай бэлтгэж чадсаны үрээр Сайд нарын зөвлөлөөс “Монгол цирк” байгуулах шийдвэр гарсан байдаг. Түүхийн шарласан хуудаснаас түүвэрлэн авсан баримт энэ.
Эхэлсэн цэгтээ...
Бөмбөгөр ногоон театраас үүдэн түүнээс салаалсан мөчрүүд нь өөр өөрийн гэсэн барилга байгууламжтайгаар үйл ажиллагаа явуулдаг болжээ. ДБЭТ, УДЭТ, ҮУИТ гээд л циркийн дэргэд “юмтай” яваа газрууд. Гэтэл Улсын цирк өдгөө үгүй болж, нэгэнт 13 жилийн өмнө хувьчлах шийдвэр гарсан тул циркчдийг бэлтгэн гаргадаг Циркийн сургууль дээр гал голомт нь оршиж буй. Энэ гал голомтоо бараадан үе үеийн циркчид энэ хавиараа эргэлддэг. Ардын зураач Л.Намхайцэрэн гуайн сэргээн засварлаж асан модон хийцлэлтэй сүмийн байшин буюу Хуучин цирктээ тэд сууна. 80 жилийн өмнөх эхэлсэн цэгтээ гэсэн үг шүү дээ нэг ёсондоо.
Албан бус тоогоор Циркийн сургуулийг төгссөн 400 орчим, мөн дагалдан суралцаж, өөр салбараас энэ урлагт орсон 200 гаруй жүжигчин бий гэх. Мөн уран нугаралтын дугуйлан, акробатын студи, хувийн циркээр дамжин өдгөө ч хүүхдүүд энэ мэргэжлээр суралцсаар байна. Тэд сайн үзүүлбэртэй болж, гадаадад ажиллана гэж хүсэхээс цаашгүй. Харин эх нутагтаа ямар ч үнэлэмжгүй хэвээр. Хэрийн хүний хийж чадахгүйг хийж, айж зүрхшээн, алмайрч, гайхширмаар эрсдэлтэй урлагаар хичээллэснийхээ төлөө тэд золиос болж буй.
Дуртайдаа энэ урлагаар хичээллэж байгаа болохоор юу сайхан дур сайхан гээд гээсэн байж мэдэх ч гадаадад эх орныхоо нэрийг сурталчлах үүрэг ч бас тэдэнд ногддогийг нэхэн сануулъя.
Алдах шахсан ч аварч чадсангүй
Циркчдэд үлдсэн сүүлчийн байр Хуучин цирк шатсан удаатай. Дээвэр нь шүүрэн шанага шиг болж, хөө тортог дүүрсэн “амбаар” шахуу болсон. Тухайн үед дарга нар морилж, хэдэнтээ “шоудсан” ч засч өгсөнгүй. Соёлын өв болсон байшинд хамаагүй гар хүрч болохгүй гээд буцацгаасан. Шийдэлд хүрээгүй. Арга буюу хүйтнээс урьтаж Циркийн сургуулийн хэдэн сурагч, багш нар өөрсдөө зассан юм шүү “гэрээ”. Мэдээж энд бэлтгэл хийдэг циркчид боломжоороо тусалцгаасан. Улс бол мартсан. Төрийн өмчийн хорооны данс бүртгэлд энэ байшин байдаг л байх. Гэхдээ өдий хүртэл эзэнтэй мэт эргэж тойрсон нь үгүй. Шатсаны дараахан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дашчойлин хийдийнхэн энэ барилгыг авахаар яаманд удаа дараа хандаж байсан нь ил болсон байдаг. Хашаандаа Майдар бурхан бүтээж, том дуган барьж байгаа хийдэд газар хэрэгтэй. Бас хамгаалалтын бүстэй байх ёстой гэсэн Засгийн газрын тогтоол байдаг ч хаяа дэрлэн орших энэ дуганыг циркчид эзэмшдэг нь тэдэнд саад болж, хашаагаа тэлж чадахгүйд хүрэв.
Румыны Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улсын циркийн цэнхэр дээвэртэй барилгыг 1971 онд барьснаас хойш хойд циркийг агуулах болгон ашиглаж байсан гэдэг. Хожим нь 2007 онд циркийг хувьчлахад энэ байшинг ч АСА хамт авахыг хүсчээ. Ахмад циркчдийн холбооныхон тэмцсээр авч үлдсэн нь зол. Аварч үлдсэн байшин нь даанч арчилгаа, тордолгоо, урсгал зардлын ямар ч төсөвгүй болж Улсын халааснаас гээгдсэн юм. Мөнгө өгч хайхрахгүй ч мөрөөр нь байлгавал л боллоо гээд циркчид баяртай л байсан. Гэхдээ нөөц хязгаартай юм болохоор байр байшингийн дулаан, цахилгааны зардлаас эхлээд л түүртсээр бүр сүүлдээ Ахмад циркчдийн холбооны тэргүүн Г.Доржнамжил машинаа барьцаалж, зээл аваад төлбөрөө төлсөн тохиолдол ч бий.
Ядуугийн зовлон хэцүү. Байргүй, ажилгүй болсон жүжигчид бэлтгэл хийх газартай үлдсэн ч түүнийхээ урсгал зардлыг дийлэхгүй болохоор хамар хашааны “баяныхаас” тусламж авдаг болжээ. Тэр нь Дашчойлин хийд. Хуучин циркийг шатсанаас хойш Дашчойлин хийдийнхэн байнга дулаан, цахилгааных нь төлбөрийг төлдөг болжээ. Ядарсан хэдэн циркчинг гээд гар тэнийлгэж байхад татгалзаагүй байлгүй. Дулаан, тогтой байртай байгаа нь л барав болов.
Хөөрхий хөөрхий гэж байгаад “хөб” гээд залгих уу
Буян номын газар болохоор нь Дашчойлин хийдэд хэн ч хир халдаахгүй юм билээ. Ахмад циркчдийн холбоо, Циркийн сургууль руу ажиг сураг тавьсан ч ганц ч үг ган хийсэнгүй. Гэхдээ хөөрхий хөөрхий гэж тэднийг энхрийлэн төлбөр тооцоог нь таван жил тасралтгүй төлж яваа Дашчойлин хийдийнхэн 2019 оны сүүлчээр БСШУСЯ-д хандаж Хуучин циркийн газрыг өөрийнхөө хамгаалалтын бүс болгон баталгаажуулж авчээ.
Өөрөөр хэлбэр айлын газарт гэрээ бариад буусан “цагаач” нар нь циркчид боллоо. Яваандаа байшинг нь шашны дурсгал, сүм дуган байсан гэдгээр өөрийн болгох ч санаархал байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь энэ байшинг музей болгох санаачилга гаргаж харьяа яамандаа хандаж асан түүх Дашчойлин хийдийнхэнд бий. Эдүгээ Төрийн өмчийн хороонд данстай ч улсаас ямар ч татаас авдаггүй, гэрээгээр Дашчойлин хийдээр цахилгаан, дулааны төлбөрөө төлүүлдэг, хашаандаа машин зогсоож, үйлчлэгч, манаачийнхаа цалинг аргацаадаг ийм нэгэн байгууламж бага тойрогт бий. Хуучин бол Зүүн хүрээний нэг хэсэг байсан газар гээд Дашчойлин хийд энэ хэсгийг өөрийнхөө мэдэл рүү шахдаг бол Циркийн урлаг үүссэн газар шүү гэж хааяа нэг жүжигчид сөөнгө хоолойгоор хэлдэг гэлтэй. Алсын хараатай нүүдэл, ахиулсан барьцаараа Дашчойлин хийд газраа баталгаажуулж амжлаа. БСШУСЯ тэр дундаа Соёл урлагийн бодлогын газар нь энэ ажлыг дэмжсэн гэхээр мэргэжлийн урлагийн салбараас шашны хүчийг илүүд тооцсон дүгнэлт гэлтэй.
Харамч хүн хоёр төлдөг
Төсөвт дараа болдог жилийн 340 сая төгрөгийн татаастай Улсын циркээ 2007 онд 1.5 тэрбум төгрөгөөр зарж санаа амарсан юм, манай мяндагтнууд. Тэгсэн хэрнээ циркийн мэргэжилтнээ өнөө хүртэл Монгол Улсын консерваторидоо бэлтгэсээр л байгаа. Хувийн болгосон цирк нь жүжигчин ажилд авдаггүй горимтой. Төгссөн жүжигчид нь шууд л чөлөөт уран бүтээлч болж, амьдрал, урлагийн далайд сэлүүргүй самардаж эхэлнэ. Бодлого нь хаанаа байдгийг бодоод ч олохгүй юм.
Тэгснээ зарчихсан циркийн тайзаа сарын 15 сая төгрөгөөр түрээслэж, Циркийн сургуулийн хүүхдүүдийн бэлтгэлийг хэсэгчлэн хийлгэдэг. 12 сараар үржүүлбэл 180 сая төгрөг. Адлаад байсан татаасаа өгсөөр л яваа нь энэ. Гэхдээ өнөө цагт хүмүүс байр худалдан аваад амьдрахыг илүүд үзэхээс биш түрээс төлөөд явахыг зорьдоггүй сэн. Төрийн мөнгө ёолдоггүй болохоор сэтэртнүүд эсрэгээр нь ажилладаг. Толгой эргүүлмээр энэ мэт төвөгтэй зүйлс хийж яваа бодлого мэддэг эрхмүүд юун төлөө циркчдийг бэлтгэн, сургуулилуулдаг, цаашдаа ямар алс хэтийн бодлоготойгоор зарсан байраа түрээслэсээр явааг нь мэдэх сэн. Үлгэрийн гэмээр л хоосон амлалт өгөхөөс бодит болсон зүйл үгүй нь харамсалтай. Бас нэг зүйл сануулахад, аль 4-5 жилийн өмнө зураг төслийг нь гаргачихсан Циркийн сургуулийн барилгыг барих төсвийг нь баталчихгүй унагасаар явааг нь бодохоор хэлэх үггүй төгсдөг юм даа. Монгол Улсын консерваторийн хашаанд барилга барих газар нь ч бий.
Соёл, урлагийн салбарын нэгдсэн бодлого алдагдаж, дагавар хүүхэд шиг алагчлуулж явсаар өдий хүрсэн болохоор наашаа гэж дуугарсан л бол алга тосон хүлээж авахаас өөр аргагүй болжээ, циркчид. Урлагийн сонгодог төрөл болох циркийг хөгжүүлэхийг хүсдэг л бол байрыг нь хувьчлах хэрэгтэй байсан уу. Тухайн үеийн шийдвэр, хувьчлал болсон үйл ажиллагаанд өдгөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Төрийн алба ээлж, халаатай үргэлжилдэг ч залгамж чанар, нэгдсэн бодлого байх учиртай. Аль нэгэн даргын эсвэл тухайн үеийн Засгийн газрын үед гаргасан шийдвэрт одоогийнх нь хариуцлага хүлээхгүй хэмээн булзайруулж суух нь даанч харамсалтай.
Шашин нь дийлээд газраа авчихлаа, дараа нь барьцаа ахиулаад байшингаа өмчлөх вий. Эцэст нь “ЦИРК Монголд байсан юм аа” гэсэн гунигт түүх тэрлээд суух вий дээ, бид.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"