Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Гантүлхүүр: Би гэдэг үзлийг хаяж, бид гэсэн сэтгэлээр ажиллах нь сайхан

 Хил дамнан уран бүтээлээ тоглож, тив алгасан амьдардаг хүмүүс бол циркчид. Урлагийн бусад төрөлтэй харьцуулахад спортод илүү ойр болоод ч тэр үү, эрсдэлтэй үзүүлбэр их хийдэг энэ урлагийн төрөлд акробатын үзүүлбэр чухал байр суурь эзэлдэг. Өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг циркчин Д.Гантүлхүүртэй ярилцлаа. Тэрбээр 2012 онд багийнхантайгаа Монакогийн вант улсад болдог Монте Карлогийн олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл цом хүртсэн бол Испани, ОХУ, Унгар, Франц, БНХАУ, БНАСАУ-д болсон тэмцээнээс алтан цом хүртэж байсан. Амжилт болоод аяллын түүх нь урт жагсаалт үүсгэх түүний яриаг хүргэе.

-Та циркт анх яаж хөл тавьсан бэ?
-Ээж минь Улсын циркийн тасалбар түгээгүүрт ажилладаг байсан болохоор багаасаа хөх асарт зочилж, циркийн жүжигчдийг харж биширч явлаа. Миний хүсээд ч хүрч чадамгүй оргил нь болж харагддаг байсан ах, эгч нарынхаа дунд амьтан сургагч н.Цэндтогооч ахаар хөтлүүлж хөл тавьсан даа. Анх амьтан сургагч, баавгай маллагч болгоно гэж намайг авсан юм. Дараа нь Г.Батбаатар багшийнхаа шавь болж, акробатын хамтлагт орсон.
-Хамгийн дурсгалтай, онцолмоор уран бүтээл тань юу вэ?
-Анх “Тулах тэнцвэр” үзүүлбэрийг бага байхдаа хийж эхэлсэн болохоор их дурсгалтай санагддаг. Бүхнийг чадчих юм шиг л тэмүүлж, маш их хичээл зүтгэл гаргаж, хөлсөө дуслуулж бэлдсэн болохоор тэр байх.
-Том тэмцээний тайзан дээр тоглоход ямар мэдрэмж төрдөг вэ. Монте Карло, Учаод болдог олон улсын циркчдийн тэмцээн монголчуудад төдийгүй бусад орны жүжигчдэд их чухал байдаг шүү дээ.
-Айж, сандрахаас илүү хариуцлагатай байх тухай л боддог. Эх орныхоо нэрээр дуудуулж байгаа болохоор хувь хүн гэдгээ мартдаг. Сандарч байсан ч үзүүлбэрээ тоглож, дууссаныхаа дараа бүтэн амьсгаа авдаг даа.


-Ямар нэгэн шалтгаанаар сонгосон замаасаа ухрахад хүрч байсан уу?
-Үгүй ээ. Нэгэнт сэтгэл зүрх, залуу насаа зориулсан учраас циркийн урлагаас хөндийрч чаддаггүй.
-Циркт итгэлцэл чухал санагддаг. Манежинд таны мөрөн дээр зогсч байгаа хэн нэгний төлөө та ч бас хариуцлага хүлээдэг. Бусдын итгэлийг алдахаас айдаг уу?
-Тэгэлгүй яах вэ, хамгийн чухал нь итгэлцэл. Би суурь хүний үүрэг гүйцэтгэдэг. Хараа, хурд, мэдрэмж сайтай байх ёстой. Итгэлийг нь алдахгүйн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг л хийдэг. Хэн нэгнийг бэртээхгүйн тулд, хамгаалах үүрэг ч бас хүлээдэг.
-Таны хамгийн их хүндэтгэдэг уран бүтээлч хэн бэ?
-Энэ урлагийн А үсгийг заасан Г.Батбаатар багшийгаа маш их хүндэлдэг. Уран бүтээлч болгон онцлогтой. Тэднээс сурч, даган дуурайж байсан нь олон болохоор нэр дурдвал их урт жагсаалт гарна.
-Олон хүнтэй хамтарч ажиллаж байсан байх. Тэр дундаас хүний ямар зан чанарыг хүндэлж, хамтран ажиллаж, он удаан жил цуг байх үндэс болдог вэ?
-Циркийн урлагийн ихэнх уран бүтээл хамтынх байдаг. Олон ч сайхан хамтрагчидтай байсан. Би гэдэг үзлийг хаяж, бид гэдэг нэгэн санаагаар ажиллах нь аятайхан санагддаг. Бусдын үзэл бодлыг хүндэлж, ярилцаж, ойлголцож байж л удаан хамтарч, тухайн баг олон жил оршин тогтнох болов уу.
-Таны хүрээлэлд эсвэл гэр бүлд урлагийн хүн бий юү?
-Урлагийн хүн байхгүй.


-Хүүхдүүдийнхээ хэн нэгнийг циркчин болгох уу?
-Би заавал хүүхдүүдээ циркчин болгоно гэж бодож байгаагүй ээ. Гэхдээ хүн хүссэн зүйлээ л хийж байж амжилтад хүрдэг болохоор хүүхдүүдийнхээ сонголтод хориг тавихгүй. Аав, ээж нь энэ урлагт хүчин зүтгэж яваа болохоор хүүхдүүд минь багаасаа циркт хайртай болсон байх. Охин маань энд спортын гимнастикийн сургалтад сонирхлоороо явдаг.
-Та бусдын ямар зан чанарт дургүй вэ?
-Амин хувиа бодогчдод дургүй.
-Хүний амьдралд гэр бүл, ажил мэргэжил, зорилго, мөрөөдөл, үр хүүхэд гээд олон үнэт зүйлс бий. Нэг, хоёр, гуравдугаарт гэж эрэмбэлбэл алийг нь эхэнд бичих вэ?
-Нэгдүгээрт гэр бүл, хоёрдугаарт ажил мэргэжил, гуравдугаарт зорилго.
-Таны очиж ажиллаж амьдарч байсан улс орнуудаас хамгийн таатай нь аль орон бэ, яагаад?
-Герман орон маш их таалагддаг. Хамгийн анхны гадаад аялан тоглолтоороо Германд очиж байсан болоод ч тэр үү дотно санагддаг.
-Одоо эх орноосоо хол аж төрж байна. Монголын хамгийн сайхан нь юу санагддаг вэ?
-Америкийн нэгдсэн улсад гэр бүлээрээ амьдарч байна. Хүүхдэд ээлтэй сайхан орон юм. Гэхдээ эх оронд маань хайртай бүхэн минь аж төрж байгаа. Аав, ээж, найз, нөхдөө их санадаг. Хүний төрсөн нутаг гэдэг хэзээд зүрхэнд оршдог. Хүүхдүүд минь Монголын хөдөө нутгийг санаж байна гэдэг. Цэлмэг тэнгэр, морь мал, ишиг, хургыг хүртэл яриандаа оруулж дурсдаг. Үзэсгэлэнтэй сайхан байгаль, таатай цаг уур гээд сайхан зүйл даанч их дээ.
-Цирк бол хил, хэл, хязгааргүй урлаг. Байгаа байгаа газартаа л хэлний бэрхшээлгүйгээр уран бүтээлээ хийж болдог. Ойрын үед ямар уран бүтээл хийхийг зорьж байна вэ?
-Тийм шүү. Хаана ч очсон ойлголцоод л уран бүтээлээ хийдэг. Одоо хийж байгаа үзүүлбэрээ илүү чанаржуулах зорилготой байгаа. Бас сайн дураараа Монгол төв дээр хүүхдүүдэд сургалт өгдөг. Хязгааргүй мөрөөдөх боломж олгодог болохоор цирк гайхамшигтай.


-Урам хугарсан үедээ та өөрийгөө яаж цэнэглэдэг вэ?
-Уран бүтээл хийх үед урам хугарах, сэтгэл гутрах зүйл гаралгүй яах вэ. Бие биедээ урам өгч, дэмнэдэг болохоор хамт олон найз нөхдөөсөө эрч хүчээ нөхнө. Нэгнээ дэмжиж, хүч өгсөөр л бид өдий их амжилтад хүрсэн. Хүн урмаар тэжээгддэг болохоор сайхан дуунаас ч эрч хүч авна.
Аавтайгаа ярилцах нь надад бас сайхан байдаг. Миний аав Германд сургууль төгссөн, мэдлэг, туршлагатай хүн бий. Надад байнга зөвлөж, сэтгэлээсээ ярилцдаг. Манайх гурван хүүхэдтэй. Тэр дундаа охин минь аавыгаа их урамшуулдаг. “Миний аав хамгийн шилдэг нь” гээд ярьж байгаа охиныхоо өмнө мэдэхгүй, чадахгүй гэж ярих эрхгүй мэт санагддаг. Гэр бүл гэдэг хамгийн том ар тал. Миний хань н.Ундраа “Циркус Монголиа Хадгаа”-д менежер хийдэг байсан болохоор энэ урлагт бас элэгтэй.
-Аз жаргалтай амьдралд жор байдаг уу. Эсвэл хүн яавал илүү сэтгэл хангалуун байж чадах бол?
-Амьдралын давс, хужрыг нь тааруулж, зөв, бурууг нь дэнслэх нь жаргалтай амьдрах үндэс байх. Хайрыг түгээж байж л амьдрал цэцэглэнэ. Бүхий л зүйлд сэтгэлээрээ хандсанаар тэр нь эргээд ирдэг жамтай. Мэргэжлээ зөв сонгож, сайхан хамт олонтой учирч, гэр бүлээ бий болгосон нь надад юу юунаас үнэ цэнтэй.
Үр хүүхэдтэй болсон хүн амьдралд илүү зоригтой, зорилготой, утга учиртай тэмүүлдэг байх шүү. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, тэр бяцхан зүрхнүүдийн төлөө бүхнийг хийдэг. Амьдрал ч баян шүү дээ.


-Хязгааргүй том мөрөөд, тэгвэл бүтнэ гэдэг дээ. Таны биелшгүй хамгийн холын мөрөөдөл юу вэ?
-Сансарт нисэх. (Инээв) Би их энгийн л мөрөөдөлтэй. Хань, үр хүүхдүүдтэйгээ дэлхийг тойрон аялахыг хүсдэг. Охиноо дэлхийн том тайзан дээр гарч уран бүтээл хийгээсэй гэж битүүхэн горьддог. Ер нь хүүхдүүдээ амжилтад хүрэхийг нь харахыг хүсдэг юм байна шүү.
-Таны сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг нийгмийн ямар асуудал байдаг вэ?
-Нийтийн эрүүл мэндийн асуудал намайг болон миний ханийн сэтгэлийг их эмзэглүүлдэг. Эхнэр маань ХСҮТ дээр олон жилийн өмнө сайн дурын ажил хийдэг байсан. Нярай, балчир үрс хүртэл хавдар гэдэг аймшигт өвчнөөр шаналахыг харахаар хэцүү санагддаг. Өвчингүй эрүүл, саруул байхад хүн юуг ч бүтээж чадна шүү дээ. Хүн бүр эрүүл байгаасай. Гэхдээ Монголын залуус өндөр боловсрол эзэмшиж, гадаад хэл сурч, мэдсэн сурснаа эх орондоо хэрэгжүүлэхээр нутаг руугаа буцаж байгааг хараад бахархдаг. Ийм байхад ирээдүй илүү сайхан болох биз ээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com