Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хүний зүрх сэтгэлийн боловсрол академик боловсролоос ялгаатай

Монголын уран зургийн галарейн захирал Б.Сарантуяатай уулзаж ярилцлаа.

-Хөл хорио тогтоосноос хойш Монголын уран зургийн галарей ямар нөхцөл байдалтай байна вэ гэдгээс яриагаа эхэлье. Урлаг соёлын байгууллагууд үзвэрүүдээ тв сувгуудыг ашиглаж цацсан. Гэтэл танайд тийм боломж байхгүй шүү дээ?
Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхий нийтэд дэгдэж байгаа энэ өвчний үед засгийн газар болон эрүүл мэндийн гэх мэт бүх л байгууллага өөрсдийн чадал, боломжоор өөрсдийн ажлыг хариуцлагатайгаар хийж байна. Үүний адил соёл урлагийн байгууллагууд ч ард иргэдийг соён гэгэээрүүлэх үүднээс телевиз, радио, сонин, сошиал медиаг ашиглан урлагийн боловсролыг олон нийтэд хүргэж байна. Бид 2019 онд МҮОНТ-тэй хамтарч 20 гаруй нэвтрүүлгийг хийсэн. Эхний ээлжинд 7-10 минут хүртэлх нэвтрүүлгүүдээ үзэгчдэд хүргэхээр бэлэн болсон байна. Үүний зэрэгцээ мөн уран бүтээлчдийн ярилцлага нэвтрүүлгийг хүргэж байна.


-Хүмүүс галерейг зөвхөн уран зураг үзүүлдэг гэж ойлгодог. Гэхдээ контемпорари гэх мэт перформанс үзүүлдэг. Цаашид энэ чиглэлийн ажил хэрхэн үргэлжлэх вэ?
-Уран зургийн галерей 2019 оноос хойш нийгмийн сэтгэл зүйн нөлөөллийн шинэ контентуудыг гаргаж эхлээд байна. Хүний дотоод сэтгэл зүйд, дотоод хүн рүү нь чиглэсэн агуулгыг бүтээх нь маш өргөн ач холбогдолтой. Жишээ нь манай “Намрын үдшийн галерей” хөтөлбөр маань галерейн хувьд анх удаа 9- 24 цаг хүртэл хоёр цаг тутамд тусгай хөтөлбөртэй явагдсан бөгөөд . Өглөөгүүр хүүхэд залуучууд, гэр бүлүүдэд зориулсан хөтөлбөр үзүүлсэн бол, оройдоо оюутан залуус, насанд хүрэгчид, өндөр настнуудад зориулсан урлагийн сэтгэл засалд чиглэсэн хөтөлбөрүүд түлхүү явуулсан. Энэ хөтөлбөрөөрөө арт саундс гэдэг урлагийн шинэ төрлийг перформанс буюу үйлдлийн урлагтай холбон үзэгчдийн хамт бүтээсэн нь үзэгчдийн таашаалыг хүртсэн хөтөлбөр болсон юм.
Учир нь ийм уран бүтээл хүн бүрийн тархи оюунд орж, сэтгэлзүйн мэдрэмжийн хэрсэн утас шиг олон өнгийг гаргаж өгдөг. Нэг талаасаа хөгжим, уран зураг тухайн бүтээлийг туурвиж байгаа уран бүтээлч нөгөө талаас үзэгчид оролцон та энэ бүтээлийн нэг хэсэг болдгоороо маш сонирхолтой содон бүтээл төрдөг гэж ойлгож болно. Перформанс нь олон улсын хэмжээнд медитэйшн тал руугаа хөгжиж байна. Бид ч үүнээс хоцрохгүй байхыг хичээж байна.


-“Намрын үдшийн галарей”-д хэчнээн үзэгч оролцсон бэ? Үр дүн нь ямар болов?
- Бид гурав хоногийн хугацаанд ойролцоогоор 4000 хүнд үйлчилсэн бөгөөд зөвхөн сошиалаар гэхэд энэхүү хөтөлбөрийн тухай мэдээлэл 18000 хүнд хүрсэн. Ирсэн хүмүүс бүгд маш сэтгэл хангалуун, аз жаргалтай, царай нь гэрэлтээд л гарч байлаа. Баасан гаргийн орой гэхэд залуучууд цэнгээний газар биш манайхыг зорин ирж байсан. Хөтөлбөрт нэг удаа оролцоод зогсохгүй тэр гурван өдөрт дараалан ирж өөрийн дотоод ертөнцөө мэдэрч байгаа хүмүүсийг хараад бид энэ төрлийн хөтөлбөр, урлагийн боловсрол нийгэмд, олон нийтэд хэрэгцээ шаардлагатай байгааг маш сайн ойлгосон. Манай ажилчид бид бүхэн сэтгэл ханамжтай үлдсэн. Үзэгчдийн хувьд доторх гэрэл гэгээг нь жаахан ч гэсэн асааж өгсөндөө маш их баяртай байгаа.

-Урлагаар нийтийн сэтгэл зүйг засах ажил хэзээнээс эхэлсэн бэ, цаашид үргэлжлэх үү?
-Тийм ээ. Урлагийн сэтгэл засал хөтөлбөр 2019 оны хавраас эхэлсэн. Ер нь сүүлийн хэдэн арван жилд өндөр хөгжилтэй орнуудад урлагаар дамжуулан хүнийг эмчлэх гэдэг ойлголт нь бараг шинжлэх ухаан болтлоо хөгжиж байна. Үүнийг “Art Therapy” гэдэг. Нөгөө хүний дотоод мөн чанар нь маш их уй гашуу тохиох, эсвэл баяртай зүйл болох зэрэг үнэхээр онцгой нөхцөлд сэргэдэг л дээ. Тэгээд мөн чанар нь хуурмаг өөрийгөө олж хараад зөрчилдөөн үүсдэг. Хэр зөрчилдөхөөсөө шалтгаалаад сэтгэцийн хувьд тэр хэмжээнд хямардаг. Харин уран зургаар дамжуулаад түүнийг нь нэг ёсондоо эвлүүлдэг. Сэтгэл судлаач, сэтгэцийн эмч нар ч энэ аргыг эмчилгээндээ түгээмэл ашигладаг. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад, хүчний байгууллагын албан хаагчдаа ажлаа тараад шууд гэртээ харилгүй 1-2 цаг найз нөхөдтэйгөө уулзах, фитнесээр хичээллэх, урлагийн тоглолт, уран зургийн галерей үзэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохыг зөвлөдөг. Учир нь ийм төрлийн ажил хийж буй хүмүүс тухайн албан үүргээсээ маш их стресс авдаг. Түүнийгээ гэртээ аваад харьж болохгүй шүү дээ. Тиймээс ийм аргаар эерэг болгох замыг бодож олсон байдаг. Монголын уран зургийн галерей эхний ээлжинд зорилтот бүлэг болох цэрэг хүчний байгууллагуудыг сонгож, цагдаа, шүүхийн шийдвэрийн ерөнхий газар болон авлигатай тэмцэх газрын ажилчдыг сонгосон. Энэ ажил маань маш үр дүнтэй болж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.


-Ирсэн хүмүүс юунд оролцдог вэ?
- Манай хамт олон хөгжимтэй зураг гэдэг арга хэмжээ явуулдаг. Бид хүмүүст зүгээр зураг үзүүлэхийн хажуугаар тухайн уран зурагт тохирсон хөгжмийг сонсгодог. Ингэснээр хүн тухайн зургийг илүүтэй ойлгож, өөрийгөө таньдаг. Дараа нь бид тэндээс мэдэрсэн зүйлийг нь өөрсдөөр нь зуруулах, бичүүлэх, яриулах зэргээр илэрхийлүүлдэг. Зарим хүмүүс үнэхээр гайхалтай үр дүн харуулдаг шүү. Үүнийгээ илэрхийлэхдээ бүтэн хоёр хуудас шүлэг бичсэн хүн ч байгаа. Амьдралдаа анх удаа шүү дээ тэр нь. Тэр шүлгээ хөтөлбөрийн төгсгөлд хүмүүст уншиж өгдөг. Хүн гэдэг ийм л сэтгэлийн бодгаль. Оролцогчдыг үдэх агшин хамгийн гайхалтай байдаг. Хүн бүрээс хайр ундардаг. Хүний зүрх сэтгэлийн боловсрол академик боловсролоос ялгаатай. Зүрх сэтгэлийн боловсрол бол хүний дотор оршиж байдаг. Хөтөлбөрийн төгсгөлд урлагийн сэтгэл заслын тусгайлан бэлдсэн орчинд өнгө, үнэр, хөгжим, сэтгэл зүйч багшийн тусламжтайгаар хэн нэгэнтэй ярилцаж сэтгэл доторх олон зүйл, тэр дундаа өөрийн дотоод хүнээ мэдрэн тайвшраад гардаг.


-Хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө аль болох ил гаргахгүй байхыг хичээдэг. Харин зүрх сэтгэлээ хөдөлгөдөг байхад нь урлаг тусална гэж бодож байна?
-Хүн сэтгэл хөдлөлөөрөө амьтнаас ялгардаг. Амьтны инстинктээс сэтгэл хөдлөл бол өөр зүйл. Нэг хэсэг нийгэмд мөнгийг дээдэлдэг байсан. Харин одоо бол мөнгө аз жаргал биш, дотоод амар амгалан байх нь жаргал юм байна гэж үзэх болжээ. Энэ сайхан хэрэг. Тиймээс урлагийнхан хүний дотоод руу чиглэсэн бүтээлүүд туурвих цаг үе нь ирсэн байна. Гэхдээ энэ нь хэт хүнд агуулга, философитой байх нь чухал биш. Энгийн бөгөөд ойлгомжтой байх хэрэгтэй.


-Юун түрүүнд нийгмийг урлагаар гэгээрүүлэх хэрэгтэй байх. Гэтэл урлагийг тодорхой хүмүүст зориулагдсан гэж үздэг хүмүүс байдаг. Урлагт яагаад бид ойр байх ёстой вэ?
-Амьдралыг ямар ч өнгөгүй, хөгжимгүйгээр төсөөлөөд үз л дээ. Аймшигтай. Урлаг байснаар гоо сайхан, амьдралын баяр баясал, өнгө гэрэл бүхэн бий болно. Урлаггүйгээр энэ ертөнц хатуу хөх төмөр мэт байх нь. Хүн насан туршдаа яаж ч хичээсэн урлагаас ангид байж чадахгүй. Идэх хэрэгцээ шиг урлаг бол сэтгэл зүрхний хэрэгцээ болж байдаг. Урлагийг хэн ч хувьчлаагүй, хамгийн ардчилсан үнэт зүйл. Үүнийг хүн бүр мэдрэхгүйгээрээ хүлээн авч байдаг. Сонгодог урлаг, уран зураг бол элитүүдийн урлаг гэж ярьдаг. Үүнтэй бүрэн санал нийлдэггүй, яагаад гэвэл хүн гэдэг угаас байгалиасаа төрөхдөө л урлагийн гоо сайхныг мэдрэх, түүнийг хүртэх хүсэл болоод хэрэгцээ байдаг.


-Гэхдээ урлаг нийтийнх гэж тусдаа мэргэжлийнх гэж тусдаа байна уу. Жишээ нь хошин шог үзээд хүн инээсэн нь үнэхээр кайф мөн үү?
-Хошин урлаг- Сатир гэдэг арай өөр ойлголт л доо. Ихэвчлэн нийгмийн зөрчлийг урлагаар дамжуулан хошин маягаар шүүмшилж хаагдмал, хязгаарлагдмал байдлаас гаргаж, урнаар, ёгтолсон хэлбэрээр илэрхийлэх оролдлого гэдэг. Харин манай улсад хошин шог байдлаар хөгжсөн нь харамсалтай.


-Хүчний байгууллагуудаас гадна сэтгэлийг нь засах ёстой гэж бодсон салбар байна уу?
-Бид 2019 онд зорилтот бүлгүүдэд “Уран зураг- хүмүүний сэтгэлд” хөтөлбөрийн хүрээнд маш олон байгууллага, хамт олонд үйлчилсэн. Энэхүү хөтөлбөрийн үр дүн маш амжилттай болсон, жишээ нь хөтөлбөрийн хүрээнд олон улсын кино фестивальд явуулах баримтат киног бид бүтээж чадсан юм. Яг энэ цаг дор нийгмийн суурь стресс, дээрээс нь айдас түгшүүртэй энэ үед урлагийн сэтгэл заслын үйлчилгээ юу юунаас илүү чухал байна. Бид энэ хүнд үеийг сахилга баттай, зохион байгуулалттайгаар амжилттай даван гарсны дараа бидний урлагийн сэтгэл заслаар нийгмийн сэтгэл зүйг илааршуулах, тайвшруулах гэх мэт маш том ажил бднийг хүлээж байгаа гэж ойлгож байна.

-Галарей урлагийн сэтгэл засалч гэдэг модераторуудыг ажиллуулдаг юм байна. Монгол Улсад эдгээр хүмүүсийн олдоц, сургах тогтолцоо байдаг уу? 

-Хүний гэдэг “эрхтэн” зүрх тархинаас илүү эмзэг, мэдрэмтгий. Мэргэжлийн бус хүн хүний сэтгэл зүрхээр тоглож болохгүй. Манай байгууллагад мэргэжлийн хоёр арт терапист ажилладаг бөгөөд урлагийн сэтгэл заслын үйлчилгээг хариуцан ажилладаг. Арт терапистууд Монгол Улсад бэлтгэгдэж, төрийн бус байгууллага байгуулагдаж, холбоо хүртэл байна. Тиймээс урд хөрш болон АНУ-д бэлтгэгдсэн байдаг.

-Эцэг эх хүүхдүүддээ хэрхэн урлагийн боловсрол олгох вэ?
-Хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлье гэвэл дотоод сэтгэлтэй нь ажиллах ёстой гэж үздэг. Бага насанд нь бүтээсэн тэр дотоод сэтгэл зүрх нь хүн болж төлөвших суурь нь болдог. Жишээ нь манай галерейд хувийн сургуулиудын сурагчид их ирдэг. Урлагийн боловсролыг илүү бодитойгоор хүүхдэд хүргэхийн тулд ийнхүү цаг гаргадаг нь санамсаргүй сонголт биш. Галерейд ирнэ гэдэг бол зүгээр уран зураг үзээд өнгөрөх биш, өөрийн дотоод ертөнцөө мэдрэх, түүнийгээ сонсч сурах маш том зүйлийг сургаж байдаг.

-Сайн үзэгчийг бэлдэх нь төрийн үүрэг гэдэг. Өмнө нь хүүхдүүдийг хүүхэлдэйн театр үзүүлэх гэх мэт системтэй бэлтгэж байж. Харин одоо ийм бодлого байна уу?
-Сургалтын хөтөлбөрт дуу хөгжим, дүрслэх урлагийн хичээл орж байна. Хүүхдүүдээ зохион байгуулж ирж байгаа сургуулиуд байдаг. Одоо санаачилгатай багш нар л урлагийг жинхэнээр нь хүүхдүүдэд мэдрүүлэхийн тулд манайхыг зорьж ирдэг. Уран зургийг үзэхгүй, хөгжмийг сонсгохгүй, мэдрэхгүй хичээлийн танхимд мянган удаа ярьснаас галерейд ирснээр хүүхэд үнэхээр мэдэрч, хүрч, үнэрлэж, зарим хүүхдүүд бүр шалан дээр хэвтээд бодож мэдэрдэг.


-Үр нөлөөг нь бодоод хүчээр ч болов үзүүлэх хэрэгтэй юү?
-Сургалтын хөтөлбөрт урлагийн цагийг түлхүү оруулж өгөх хэрэгтэй. Галерей үзэхэд төлдөг 500 төгрөгийг шууд сургууль руу нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт шингээгээд хүүхдүүд галерейг үнэ төлбөргүй үзэх хэрэгтэй. Галерейд өөрөөр мөнгө, орлого олох олон боломж бий. Жишээлбэл, хөтөлбөр эсвэл мэргэжлийн үйлчилгээ үзүүлж олж болно. Түүнчлэн сан хөмрөгт байгаа бүтээлүүдээрээ соёлын үйлдвэрлэл хийж болно гэх мэт маш олон төрлөөр галерейн санхүүжих боломжтой гэж үздэг. Зөвхөн сайн менежмент л хэрэгтэй.


-Монголд хамгийн баян байх ёстой хүн хамгийн ядуу байна. Урлагийг яаж үнэ цэнтэй, мөнгөтэй байлгах вэ?
-Нэгдүгээрт, субьектив талаасаа Монголд урлагийн бүтээлийн үнэлэмж бага. Хоёрт, угаасаа ялангуяа зураачид өөрсдөө материаллаг сонирхол багатай гэж үздэг. Хүнд зүрх сэтгэлийн боловсрол юу юунаас илүү чухал. Гэхдээ магадгүй тухайн уран бүтээлч ганцхан тэр зургаа 10 жил зурсан бол яах вэ. Тэр хүн гурван жил ямар ч уран бүтээл борлуулаагүй бол яах юм. Өнөөдөр манайд оюуны өмчийн талаар тодорхой ахицтай ажлууд хийгдэж байгаа ч, түүний үнэлэмж гэдэг зүйлийг мэдэгдэхүйц орхигдуулчихсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com