“Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч Д.Ганболдтой ярилцлаа. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байхдаа “Хөөмэйн түрлэгтэй эх орон”, “Оройн дээд”, “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, “Эрх цагаан унага” гээд үндэсний урлагийн бүжгэн болон дуулалт том хэмжээний уран бүтээлийг туурвиж, олны талархлыг хүлээсэн нэгэн. Тэгвэл тэрбээр төв театраасаа өрх тусгаарлан, санаа нийлсэн уран бүтээлчидтэйгээ “Цагаан лавай” чуулгыг үүсгэн байгуулаад амжилттай ажиллаж байна.
Хамгийн сүүлд “Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт, бүжгэн жүжгээ бэлэн болгож, IPTV-гээр гаргаж буй. Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед үндэсний өв соёл, зан заншил, соёлын дархлаа болсон дуу, хөгжим, бүжгээ нэгтгэсэн уран бүтээлийнхээ нээлтийг дэлгэцээр хийж, үзэгчдийн хүртээл болгосон түүнтэй ярилцлаа.
-Үндэсний урлагийн театр байгуулж ажиллана гэдэг Монголд амаргүй. Зах зээл багатай хэрнээ өрсөлдөөн ихтэй энэ талбарт ажиллахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Улсын байгууллагад шинэ уран бүтээлийн санхүүжилт нь олгогддог учраас илүү амар юм байна. Хувийн хэвшилд мэдээж амаргүй. Энэ бүх асуудлаа өөрсдөө шийднэ. Харин үүнийг хийхгүй, түүнийг болохгүй, хойшлуулна гэх зүйл байхгүй учраас санаснаараа хүссэн шинэ уран бүтээлээ хийх боломжтой. Заримдаа бид хийе гэсэн бүтээлээ 5-10 жил хүлээж, хойшлуулж тавьчхаад хэдхэн хоног тоглоод, олигтой ч хүнд хүргэж амжилгүй хаах үе байдаг байлаа. Одоо бол санаснаа чанартай хийчхээд, хэрхэн олон хүнд хүргэх вэ гээд эрх чөлөөтэй, сэтгээд ажиллаж байна.
-Үндэсний урлагийн их театрт та хэдэн оноос хойш ажилласан бэ?
-2009-2018 он хүртэл ажиллажээ. 2008 онд урилгаар очиж, уран бүтээл хийгээд улмаар бүр жинхлэн ажиллах болсон. Бүр өмнө нь 1991 онд анх энэ байгууллагын босгыг давж тайз, гэрлийн ажилчин хийж байлаа. Дараа нь 1993 онд туслах зураачийнхаа орон тоон дээр орж ажиллаад 2002 он хүргэсэн. Тэгээд СУИС-д найруулагч мэргэжлээр сурч байхаасаа “Сарны чулуу” чуулгад орж, уран бүтээлээ хийгээд 2008 онд ҮУИТ рүү шилжсэн дээ.
-Танайхыг ардын урлагийн тоглолт хийдэг ашгийн байгууллага гэж бодтол хүүхдийн уран бүтээл хийсэн нь сонирхолтой байлаа. Ийм тоглолтоос ашиг олохгүй, тэгээд ч IPTV-гээр шууд гаргаж байгаа болохоор уран бүтээлийн зардлаа нөхөж чадах уу?
-Хүүхдийн уран бүтээлээс ашиг хардаггүй. Энэ бол ирээдүйн үзэгчдэдээ зориулсан хөрөнгө оруулалт. Хоёрдугаарт “Цагаан лавай” чуулгыг зөвхөн жуулчинд тоглодог чуулга гэж ойлгуулахыг хүсэхгүй байна. Тэгвэл үнэхээр харамсалтай. Бид уран бүтээлчид, сайхан бүхнийг хийж, бүтээж түгээхийг зорьж явна.
Гуравдугаарт, хүүхдийн уран бүтээл хийх явцад тоглож байгаа бүжигчин, дуучин, хөгжимчин гээд бүх уран бүтээлч төлөвшиж, зүрхэнд нь гэрэл асдаг. Өмнө нь хийсэн хүүхдийн уран бүтээлийнхээ үеэр үүнийг анзаарсан юм. Ишиг, унага, ботгоны тухай жүжгээ хийхэд уран бүтээлчдэд маш сонирхолтой, шинэ туршлага болсон.
Энэ удаа “Миний цэцэн хурга”-ын гол дүрд хоёр залуу уран бүтээлч тоглолоо. Энэ бүтээл тэднийг нээж, хөгжүүлсэн. Ийм бэлтгэгдсэн чадварлаг уран бүтээлчид олон болох тусмаа би хожим нь мөрөөдлийнхөө мюзиклийг хийхэд дөхөмтэй. Их олон жил ярьж байгаа л даа, залууст зориулсан мюзикл хийнэ ээ.
Саяхан ерөнхий сайд үндэсний контентыг дэмжих тухай ярилаа. Би насаараа энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд эндээсээ холдох эрхгүй хүн. Үндэсний онцлог шингэсэн уран бүтээлээ нийтэд хүргэхийн тулд ямар ч хэлбэр, агуулгын уран бүтээл хийж магадгүй. Кино ч хийхийг үгүйсгэхгүй.
-Мөрөөдлийн мюзиклээ хэзээ хийхээр төлөвлөсөн бэ?
-Хийнэ ээ. Санхүүгийн нөхцөл байдлаас хамаарна. Гэхдээ тийм ч удаан хүлээлгэхгүй ээ.
-Танай чуулга “Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжигтэй холбогдуулж Соёл урлагийн газартай санамж бичиг байгуулсан. Тэгэхээр улсаас тодорхой хэмжээний санхүүжилт авсан юм уу?
-Үгүй ээ. Энэ уран бүтээлд бид хэнээс ч санхүүжилт аваагүй. Сайхан тусалж, дэмжсэн байгууллагууд л бий. “Хөсөгтөн” хамтлагийнхан дуу хөгжмөөрөө, Төмөр замын соёл урлагийн төвийнхөн тайзаараа дэмжсэн.
Соёл урлагийн газартай санамж бичиг байгуулсан нь цаашдаа хийх ажилд маань дэмтэй юм. Тухайлбал энэ газрын харьяа сангаас хүүхдийн уран бүтээлийг тодорхой хэмжээгээр дэмждэг. Тэгэхээр бид 2021 онд тоглох хүүхдийн уран бүтээлийн төслөө танилцуулах бодолтой байгаа.
-Энэ дуулалт, бүжгэн жүжиг хэдэн төгрөгийн зардлаар бүтэв?
-Хувцас тайз, хөгжмийн болон бусад зохиолчдын төлбөр гээд нийт зардлаа жагсаахад одоогийн байдлаар 48 орчим сая төгрөг болоод байна. Өнгөрсөн зун хийсэн тоглолтын зарим төлбөрийг аваагүй байгаа учраас түүнийгээ аваад өгнө гэсэн байдлаар зээлийн хэлбэрээр ажлаа амжууллаа.
-Улсын байгууллагад ажилласнаас ачаалал нь нэмэгдчихсэн үү?
-Улсын байгууллагад байхдаа завгүй ажиллаад байх шиг л байсан ч хувиараа ажиллахаар бүр ч илүү хариуцлагатай болчихдог юм байна. 50 хүний 100 нүд намайг хүлээгээд, бидэнд итгэж найдаад сууж байна шүү дээ. Тэднийгээ цалинтай, орлоготой, ажилтай байлгахын төлөө амрах эрх байхгүй. Зөвхөн зун тоглолт хийгээд бид тарчихдаггүй. Жилийн дөрвөн улиралд цалин өгч, уран бүтээлчдээ ажиллуулдаг.
-Жуулчдад зориулсан тоглолтоо жил бүр шинэчилдэг үү?
-Жуулчны улиралд шинэ уран бүтээлээр нээнэ. Хөгжмийн зохиолоо захиалчихсан, хяналтын шатандаа яваа.
Удахгүй чуулгынхаа дэргэд театр урлан байгуулах гэж байна. Намайг дагаад миний шавь нар гэж хэлж болох зураач, дизайнерууд энд ажиллаж байна. Төв, орон нутгийн театрын хувцас захиалгаар оёж, тайзны зураг гаргаж, жижиг хэрэглэлийг нь бэлдэхээс эхлээд цогц үйлчилгээ үзүүлнэ. Энэ чиглэлээрээ мэргэшсэн бүтэн баг байгаа учраас үүнийг ажил хэрэг болгохоор шийдлээ.
Уран бүтээлчдэд ч гэсэн хувцсаа хийлгэх мэргэшсэн оёдолчин олох амаргүй байдаг. Энэ эрэлт, нийлүүлэлтийг нэг цэгт уулзуулах нь театр урлангийн зорилго юм.
-Алсдаа “Цагаан лавай” тайз түрээслэхээ больж, өөрийн гэсэн байртай болох зорилготой байх даа?
-Цагаанаа (Энэ чуулгын хамтран үүсгэн байгуулсан захирал нь Цагаанхүү) бид хоёрын хамгийн том мөрөөдөл шүү дээ. Гэхдээ нэг их удахгүй болов уу.
-Уран бүтээлчдийн үнэлэмжийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Өөрийнхөө чуулгыг бусад чуулгатай өрсөлдөх чадвартай болгож, олон улсын дэвжээнд гаргая гэвэл өндөр цалин, хангамж бий болготлоо зүтгэх хэрэгтэй. Тэгж байж чадварлаг уран бүтээлчдэд өндөр шаардлага тавьж ажиллаж чадна.
-Үндэсний урлагийн их театрт байхдаа унага, ишиг, ботгоны тухай уран бүтээл хийчихсэн. Одоо “Миний цэцэн хурга” нь үзэгчдийн хүртээл болчихлоо. Таван хошуу малын тухай уран бүтээл хийнэ гэсэн хүсэл гүйцэх нь ээ?
-Судалгаатайгаар ул суурьтай хийдэг ажил болохоор хугацаа багагүй шаарддаг. Өнөөдөр хүүхдүүд диснейн баатрууд үзэж, техник технологийн эринд уран зөгнөлт, хийсвэр орчинд “амьдарч” байна. Харин бид энэ бүхнийг эсрэг тийш нь сөргүүлж тавьж байна. Энэ дуулалт бүжгэн жүжгийг үзээд зарим хүүхэд эргэнэг, овоо хараа гэх мэт мэдэхгүй үгсээ сонсч, “Ганхүү гархин дээлтэй” гэдгээс эхлээд олон оньсого, таавар сурч авна.
Энэ уран бүтээлээ олон хүнд хүргэмээр байна. Нэгэнт хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр бүтээл зориулаад хийчихсэн бүтээлээ яаж ийгээд олон хүнд хүргэж, санал шүүмж сонсмоор байна. Одоо “Миний цэцэн хурга”-аа IPTV-гийн видео санд байршуулж үзүүлчхээд хорио тавигдахаар нийтэд тоглоно. Дараа нь телевизүүдээр ч гаргана. Том тайзан дээр тоглоход зориулаад бүх зүйлээ бэлдчихсэн.
-Уран бүтээлийг үзэгчдэдээ зориулж хийж байгаа ч нийгмийн хариуцлагатай компаниуд бас дэмжиж, тусалж болох юм. Үндэсний урлагаа олон нийтдээ сурталчилж, таниулахад дэмждэг байгууллага олон болоосой, тийм ээ?
-Хамгийн их хүсч байгаа зүйл тэр. Монгол хэл, монгол соёл гэдэг тусгаар тогтнолын нэг хэсэг. Хэл, соёлоо авч үлдэх, сурталчлах, удаан оршин тогтнуулахад ардын урлаг нөлөөлнө. Тиймдээ ч манай уран сангийн бодлого энэ чиглэлээсээ урваж, дайвахгүй.
Цаг цагаараа байдаггүй гэж монголчууд ярьдаг даа. Өнөөдөр уул уурхай эдийн засагт илүүрхэж болох ч эргээд өв соёлоо үлдээж, хадгалах нь чухал юм. Тиймээс энэ бүхнийг ойлгож дэмждэг байгууллага, ус угаар мэт хэрэгтэй байна. Зөвхөн улсаас дэмжлэг өгөхийг хүлээгээд нэмэргүй. Улс даяар кампанит ажил өрнүүлж ч болох юм. Монголчууд нэгдэж чаддаг ард түмэн. Энэ хэцүү цагт ямар сайхан нэгдэж байна. Би энэ үндэсний үзэл гэдэг зүйлийг ярих дуртай шүү. Үндэсний үзэл гаргаж байгаа нь энэ гээд хир дайртай хувцас өмсөөд морь унаад яв гэсэнгүй. Соёлын дархлаагаа бий болгох үндэсний үзэлтэй л байх хэрэгтэй юм.
-Хүүхдийн уран бүтээлээс гадна “Оройн дээд” шигээ түүхэн дуулалт жүжиг хийх үү?
-Үндэсний дуурь хийнэ гэсэн том мөрөөдөл бас байна. “Оройн дээд”-ээр үндэсний хувьсгал гарч, хөмөрсөн тогоон дотроос өндийн тусгаар тогтнолтой болсноо үзүүлсэн. Тэгвэл өмнөх анги нь болгож Лигдэн хааны тухай дуурь хийнэ. Энэ хоёрын дунд 230 жил монголчууд дарлуулсан. Дууриа ойрын таван жилдээ хийх санаатай. Дамбын Төрбат гуайн таван ч зохиолын хувилбар байна. Хөгжмийн зохиолчдын хувьд ч дуурь хийнэ гэдэг том шалгуур, уран бүтээлийнх нь оргил болдог. Үндэсний найрал хөгжимд зориулсан хөгжмийн зохиолтой болно гэсэн үг.
-Танай чуулгаас Хүүхдийн дууны уралдаан зохион байгуулна гэсэн үү?
-“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгийнхээ нэрээр уралдаан хийнэ. Гэхдээ зөвхөн энэ жүжгийн дууг дуулахгүй л дээ. Шинэ, хуучин дууг хамтлаг болон гоцлолоор дуулна. Энэ далимаар хүүхдийн олон дуу шинээр төрнө байх.
-Хол, ойрын олон төлөвлөгөөтэй, хийх өрнүүн ажилтай танай чуулгын хамт олонд амжилт хүсье.
-Баярлалаа. Амьд байна гэдэг бол ажил хийхийн нэр гээд хичээж л явна даа.
Д.Ганболд найруулагч дөрвөн хүүхэдтэй, өнөр бүлийн тэргүүн. Том охин нь саяхан НҮБ-аас зохион байгуулсан Хар тамхины эсрэг олон улсын хуралд оролцоод иржээ. Арваннэгдүгээр ангид сурдаг охин нь олны дундаас цойлоод англи хэлээр илтгэл тавиад ирсэнд тэр баяртай байсан. Удаах хүү нь арав, хоёр ихэр нь дөрөвдүгээр ангид сурч буйг дуулгаад аавынхаа шинэ уран бүтээлийн анхны үзэгч, шүүмжлэгч болдог хүүхдүүд нь дараагийн шатны бүтээл нэхээд буйг хэлсэн. Багаасаа ардын урлагт шимтэн дурласан тэдний хүүхдүүд телевизээр театрын тухай нэвтрүүлэг гарвал бүх ажлаа хойшлуулаад үзээд суудаг гэсэн. Хүүхдүүдийнхээ жишгээр бодоод тэрбээр аавынхаа хувьд ч, найруулагчийн хувьд ч театрт элэгтэй олон үзэгчийг бэлдэх хүслээ үргэлж тээж явдаг юм билээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"