Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Х.Алтангэрэл: Хөгжмийн мөн чанар хүний зүрх сэтгэлтэй холбоотой

Монгол Улсын консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас дэлгэж, яриагаа эхлэх үү?
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Он гарснаас хойш буюу эхний гурван сарын хугацаанд хоёр ч бүтээл хийчихлээ. “Зэрэглээт нуур” ятга, үндэсний найрал хөгжимтэй тоглох зохиол маань найман минут үргэлжилнэ. Мөн үндэсний цөөхүүл хөгжимд зориулсан “Уудам тал” гэж зохиол бичлээ. Бүрэлдэхүүн нь сонирхолтой. Үндэсний цөөхүүл хөгжим гэхээр сикстет (зургуулаа), квинтет (тавуулаа), квартет (дөрвөл) гэж байдаг шүү дээ. Тэгвэл энэ зохиолыг морин хуур, ятга, төгөлдөр хуур, цохивор хөгжим, лимбэтэй буюу холимог бүрэлдэхүүнтэй тоглох юм. Цаашид хийхээр бодож, төлөвлөсөн зохиол нэлээд бий. Оны өмнөхөн нэлээн хэдэн том хэлбэрийн бүтээл хийж, амжиж дуусгалаа. Тухайлбал “Их хаан” дуурь байна.
Чингис хааны Хорезмд хийсэн хамгийн сүүлчийн аян дайны сэдвээр хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй бүрэн хэмжээний, хоёр цаг гучин минут үргэлжлэх дуурь бичсэн. 2017 оноос хойш энэ бүтээл дээрээ суулаа. Зөвхөн дууриа бичээд дуусах биш оркестровик буюу симфони найрал хөгжимжүүлэх нь 3-4 сарын ажил боллоо. Энэ дуурийг эхлээд монгол хэлээр бичээд, итали руу хөрвүүлсэн. Тэгэхээр хэлний дуудлага, өргөлтөөс шалтгаалан хөгжимд дахин засвар орсон учраас багагүй хугацаа зарцууллаа.

-Дуурь хэрхэн бүтдэг вэ. Эхлээд цомнолоо бичээд дараа нь хөгжмөө зохиох байх тийм үү?
-Цомнол их чухал. Түүн дээр үндэслэж хөгжмөө бичээд, эргээд зохиолчтойгоо ярилцаж, өөрчлөгдөх тохиолдол гарна. Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд цомнолоо өөрөө бичдэг хөгжмийн зохиолч ч байсан. Италийн алдартай хөгжмийн зохиолч Лион Кавалло “Хүний бичсэн цомнол дээр хөгжим зохиох гэдэг зүйл миний толгойд буудаггүй. Энэ хөгжим миний толгойноос гарч байгаа учраас цомнолоо ч өөрөө бичих шаардлагатай” гэсэн байдаг. Бичгийн авьяастай хүн л ингэж чадна байх. Дуурийн цомнол бичих нэлээд ярвигтай. Хаана нь ари, дуэт, хоршил, чуулбар, найрал дуу, бүжиг нь байх вэ гэдгээс эхлээд гарцаагүй хөгжмийн зохиолчтойгоо ойлголцож, ярилцаж бичих шаардлагатай болдог.
-Монголын хөгжмийн зохиолч үндэсний дууриа итали хэлээр бичсэн анхны тохиолдол уу?
-Анхных. Итали хэлээр бичигдсэн дуурь Монголд байхгүй. Энэ дуурийг олон улсад гаргах зорилгоор италиар бичсэн. Дуурийн урлаг италиас эхтэй, алдартай бүтээлүүд итали хэлээр дуулагдаж байгаа болохоор хаана ч тоглох боломжтой дуурь хийхийг зорилоо. Бид олон улсын тавцанд Монгол дуурийг гаргах алсын хараатайгаар энэ намар дууриа нээх бодолтой байсан ч хойшлуулах болчихлоо.
-Нээлтээ Монголын театрт хийх үү, өөр газар уу?
-Солонгост нээхээр төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
-Тэгэхээр гол дүрд нь монгол дуучид дуулахгүй юм уу?
-Олон улсын төсөл учраас продюсерын багийнхан дуучдаа сонгоно.
-“Их хаан” дуурийн цомнолыг хэн бичиж, итали хэл рүү хэн хөрвүүлсэн бэ?
-ДБЭТ-ын захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхзул цомнолыг бичиж, тусгай баг итали хэл рүү хөрвүүлсэн. Дэлгэрэнгүй нарийн яривал их хугацаа авах байх аа.
-Өнгөрсөн онд шинэ дуурьтай болжээ. Өөр ямар ямар зохиол дуусгасан гэсэн бэ?
-Хуучрын гурван ангитай концерт бичлээ. Ингэснээр би үндэсний хөгжимд зориулсан есөн концерттой боллоо. Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн сургалтад морин хуур, лимбэ, ёочин, эвэр бүрээ, ятга гээд үндэсний 10 төрлийн зэмсэг багтдаг. Би энэ зэмсгүүдэд бүгдэд нь зориулсан зохиол бичих зорилготой. Анх 1997 онд морин хуур хөгжимд зориулсан концерт бичсэн. 1999 онд дараагийнхыг нь бичсэн гээд ингэж явсаар өнгөрсөн 20 гаруй жилийн дотор үндэсний хөгжимд зориулсан есөн концерт бичлээ.
-Ямар хөгжмийн зэмсэгт зориулсан концерт бичиж амжаагүй байна вэ?
-Цаашдаа эвэр бүрээ, бишгүүр хөгжмийн концерт бичих бодолтой байна. Зарим хөгжмийн зэмсэгт хоёр концерт бичигдсэн байгаа. Морин хуур, ятга хөгжимд зориулсан концерт ч бас бий. Хамгийн сүүлийнх нь хуучрынх. Энэ концертыг виртоуз буюу гарамгай хуучирч Э.Цэндсүрэнд зориулсан. Манай сургуулийн төгсөгч, миний шавь, эдүгээ Шанхайн консерваторид магистрт сурч байгаа. Өвчин гарч, хорио цээр тогтоогүй бол энэ зохиолыг хоёрдугаар сард Улсын филармонид Э.Цэндсүрэн тоглох байсан юм.
-Энд багшилдаг учраас урын сангийн дутагдлыг нь анзаарч, зорилго тавиад эдгээр зохиолыг бичээд байна уу?
-Би энэ сургуулийг Хөгжим бүжгийн коллеж байхад төгссөн. Одоо бол шаталсан сургалттай, хөгжмийн нарийн мэргэжил олгож байгаа Монголын ганц сургууль. Би 2004 оноос хойш энэ сургуульдаа багшилж байгаа учраас сургалтад юу шаардлагатай, ямар зохиол дутагдаж буйг харж, мэдэрснээр хөгжмийн бүтээлд минь нөлөөлдөг. Хоёрдугаарт үндэсний хөгжмийн сургуулийн багш нар санал болгодог.
Тухайлбал үндэсний хөгжмийн зэмсгүүдээс харьцангуй их тоглох зохиолтой хөгжим бол морин хуур. Морин хуурт зориулсан бүтээл харьцангуй олон байдаг ч сургалтын явцад бодоод үзэхээр дутагддаг. Зургадугаар ангийн сурагч арванхоёрдугаар анги төгстөлөө долоон жил морин хуур сурч байгаа юм. Дараа нь дөрвөн жил сурч дээд боловсролтой морин хуурч болж төгсдөг. Ингээд бодохоор нийт 11 жил мэргэжлийн хичээл сургах хөтөлбөр шаардлагатай болно. Эхний буюу бага сургуульд олгож байгаа хөтөлбөр нь байна. Ангиар нь яривал 10-12 дугаар ангийн хүүхдүүдэд харьцангуй сурах зохиол бага болчихдог. Өмнө нь бид долоон жил сураад төгсч байсан. Шахаад явбал бидний төгсөхдөө тоглож байсан зохиолыг 12-р анги, нэгдүгээр курстээ тоглох болно. Сайн хүүхдүүдэд их сургуулийн нэг, хоёрдугаар курст тоглох зохиолыг өгчихөөр сүүлдээ төгсөхдөө тоглох зохиолгүй болчих гээд байдаг. Үүнийг дотор нь ажиллаж, багшилж байгаа хүмүүс л анзаарна. Гаднаас харахад тоглох зохиол олон байгаа юм шиг санагддаг. Хамгийн олон зохиолтой морин хуур хөгжим дээр ингэж байхад хуучир, бишгүүр, ятга, шанз яах вэ. Тэгэхээр бидний үеийн хөгжмийн зохиолчид энэ хоосон орон зайг бөглөхийн тулд шаардлагатай зохиолыг бичих хэрэгтэй.
-Жил бүр улсын санд дан хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг худалдаж авдаг. Тэндээс авч ашиглах боломжгүй юү?
-Улсын санд авч байгаа бүтээл энд яригдаж байгаагаас өөр. Үндэсний хөгжим болон сургалтад гэсэн шаардлага тавьдаггүй. Дуурь, балет, симфони, концерт, оратори, кантат гээд том бүрэлдэхүүнтэй тоглох бүтээлийг авдаг. Сүүлд яг энэ чиглэлээр Соёл урлагийн газар дээр хөгжмийн зохиолч, сургуулийн удирдлагууд очиж санал бодлоо солилцсон. Нэгэнт улсын санд шилдэг бүтээл гээд авчихсан бүтээлийг уран бүтээлийн эргэлтэд оруулъя гэдэг санал гаргасан. Хөгжмийн ямар бүрэлдэхүүнд бичсэнийг нь тодруулж, зохиолч нь байгаа бол хөрвүүлж ашиглаж, өөрчлүүлэх боломж бий. Тухайлбал симфони оркестрт зориулсан зохиолыг редакц хийгээд хийлийн чуулгад хөрвүүлэх гэсэн санал гарсан. Тэгэхээр энэ ажил цааш явах байх аа. Өнгөрсөн намар Соёл урлагийн газар, Хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран “Алтан намар” наадмыг хийсэн. Энэ нь их давуу талтай боллоо. Тэгснээр улсын санд ямар бүтээл байгаа, хэдийнх нь нот нь алга болсон гэх мэтийг бүртгэлжүүлж гаргаж ирсэн. Энэ бол нэг алхам. Бидэнд ямар боломж байгааг гаргаад ирлээ. Цаашид боломжтой байгааг нь сургалтад хэрэглэх, боломжгүйг нь хөрвүүлж, дахиж найруулах гэх мэтээр ажиллаж болно байх.
-Та олон зохиолтой юм. Хөгжим бичих үйл явц нь ямар нэгэн томьёололтой байдаг уу, эсвэл онгодтой холбоотой юу?
-Яруу найраг, уран зураг, хөгжим гээд аливаа уран бүтээл нь авьяастай буюу онгодтой холбоотой. Түүнээс биш томьёолол, математик биш. Хөгжмийн үүслийг яривал хүний түүхтэй холбогддог. Энэ олон зуун, мянганы хугацаанд нийгмээ дагаж хөгжим өөрчлөгдсөөр ирсэн. Энэ явцад хөгжмийн олон урсгал чиглэл гарч ирсний дотор чиний хэлдэг шиг математик сэтгэлгээгээр бичдэг зохиолч ч байсан. Тухайлбал Грекийн алдартай хөгжмийн зохиолч Ксанакс математикч хүн. Сансар огторгуй, галактикийн тухай хөгжмийн бүтээл бичихдээ тооцооллоор бичсэн байдаг. Австрийн хөгжмийн зохиолч Арнолд Шёнберг гэхэд сер гэх зүйлээр хөгжмийг бүтээгээд математик томьёололд оруулж, ийм аргаар хөгжим бичихэд хэдэн сая хувилбар гарна гээд тооцоолчихсон байдаг. Энэ мэтээр янз бүрийн арга барилаар зохиол бүтээлээ бичдэг хүмүүс байдаг ч хөгжмийн мөн чанар нь хүний сэтгэлтэй холбоотой учраас би онгод, зүрх сэтгэлээрээ бичдэг. Мэдээж бидэнд хөгжмийн зохиомжийн техник бий. Одоо хөгжмийг шинжлэх ухаан гэж үздэг болсон. Тэгэхээр энэ чиглэлээр боловсрох хэрэгтэй. Хөгжим бол урт хугацааны сургалт шаарддаг мэргэжил юм.
-Энгийн ажил хийдэг хүн өдрийн цагаа хуваарилж болдог. Харин та бүхэнд цаг хугацааны ямар онцгой нөхцөл шаардлагатай байдаг вэ?
-Хөгжмийн зохиол гэдэг бол тухайн уран бүтээлчийн сэтгэлийн ертөнц. Тэгэхээр хүн бүхэн ижил аргаар бичихгүй. Зарим нь шөнө суудаг бол нэг нь өглөө бичдэг байх жишээтэй. Эсвэл цаг зав гаргаад суухад л онгод нь ордог нь ч байна, тусгай хугацаа гаргаж, хүнтэй уулзахгүй төвлөрч бичдэг хүн ч бий. Бүр яван суун бичиж, бусадтай холбогдож, ярьж хөөрч зохиолоо туурвих ч хүн байдаг. Тэгэхээр олон янз гэсэн үг. Харин гарцаагүй хөдлөхгүй тогтсон нэг зүйл байдгийг л онцолж хэлж өгье. Ер нь авьяастай ч байсан хамаагүй уран бүтээл хэрхэн төрдөг вэ гэвэл хөдөлмөрлөж байх үед л гэж хэлнэ. Тэгэхээр өөрийнхөө оюун санаа төвлөрдөг, хөдөлмөрлөх бололцоотой цагаа л уран бүтээлдээ зориулах хэрэгтэй. Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский “Онгод хүлээгээд хөгжим бичнэ гэвэл насаараа ч хүлээж болно шүү. Би өдөр бүр хөгжим дээр суудаг. Эхний өдөр юу ч ирэхгүй байх нь бий. Гэвч маргааш нь дахиад л суудаг. Хоёр дахь өдөр ч бас сайхан санаа төрөхгүй байж болно. Гэсэн ч суудаг. Ингээд арав дахь хоногт хүрэхэд ямар нэгэн санаа орж ирдэг” гэж хэлсэн байдаг. П.И.Чайковскийн бүтээл эдүгээ дэлхийн түвшинд хамгийн түгээмэл тоглогддог. Энэ хүн хүртэл хөдөлмөр чухлыг хэлчихсэн байна. Хүн төрөлхтний гайхамшигт хөгжмийн зохиолчдын нэг Людвиг ван Бетховен “Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр” гээд хэлчихсэн шүү дээ.
-Гарамгай уран бүтээлч байгаа болохоор хөгжмийн зохиолч тухайн хөгжмийн зэмсэг болон уран бүтээлчид зориулж бүтээл хийдэг үү. Та өнгөрсөн жилийн төгсгөлд бэлэн болсон хуучрын концертоо Э.Цэндсүрэнд зориулсан гэлээ. Нэлээн хэдэн жилийн өмнө уулзахад Э.Амартүвшин гавьяатад зориулж моно дуурь бичсэн гэж байсан шүү дээ.
-Дэлхийн хөгжмийн практикт ч ийм зүйл байсан. А.Моцартын үед морин хийлд зориулсан концерт бараг байгаагүй. Төгөлдөр хуур, хийлийн концерт А.Моцарт, Гайдн, Бетховенд байгаад байдаг. Тухайн үед виртоуз челист байгаагүйтэй л үүнийг холбож тайлбарладаг. Харин тэр цаг үед шилдэг хийлч, төгөлдөр хуурчид байсан.
Тэгвэл оросын алдарт челист Ростроповичийн үед дэлхийн олон алдартай хөгжмийн зохиолч түүнд зориулж морин хийлийн концерт бичсэн байдаг. Виолончелийн репертуарыг ангилаад үзэхэд XIX зууны сүүлч XX зууны эхэн хагаст виолончелийн концерт олон бичигдсэн байдаг. Тоглоочийн ур чадвар ийм чухал нөлөөтэй.
Сая Э.Цэндсүрэнг ярилаа. Цаашилбал миний ятгын концерт Ч.Мөнх-Эрдэнэд зориулагдсан. Яагаад энэ цаг үед морин хуурын олон зохиол бичигдээд байна гэвэл энэ нь Г.Шинэцог, Д.Жигжиддорж нарын гарамгай хөгжимчидтэй холбоотой. Эвэр бүрээнд О.Чинбат, ёочинд Т.Өлзийжаргал байна. Ийм гарамгай уран бүтээлч төрөн гарснаар хөгжмийн зохиолчдын анхаарлыг татаж, энэ хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээл төрөх нэг эх үндэс болдог.
Дуучдын тухайд Монголын баритонууд дэлхийд гайхуулж байна. Э.Амартүвшин гавьяат Ж.Вердийн “Риголетто”-д хамгийн сайн дуулж байгаа. “Набукко”, “Травиата” гээд дууриудад итали хэлээр Итали улсад дуулж байгаа нь сайхан хэрэг. Бас манай сургуулийн төгсөгч, Москвагийн Гнесиний академид магистр зэрэг хамгаалсан Ч.Бадрал итали, орост сайхан дуулж байна. Т.Энхбат Санкт-Петербургийн консерватори төгсөөд Марийнскийд ажиллаж байна. Г.Ариунбаатар Чайковскийд гаргасан амжилтаараа олон улсад гарчхаад байгаа. Тэгэхээр энэ баритонуудын хоолойны царааг харуулсан дуурь шаардлагатай. Энэ хүрээнд “Ганц цагаан шувуу” гэдэг моно сюрреалист дуурийг 2014 онд бичсэн ч харамсалтай нь өдий хүртэл тоглоогүй л байна. Нэг өдөр сайхан ивээн тэтгэгч гарч ирээд дэлхийд алдаршсан энэ сайхан баритон хоолойтнууддаа зориулсан дуурийг тоглуулахыг хүсвэл учиргүй их мөнгө орохгүй л дээ. Моно дуурь учраас тайз декорацыг минималист байдлаар шийдсэн. Санхүүгийн дэмжлэггүйн улмаас зогсчихсон. Тайзны бүтээлүүд дан хөгжмийн зохиолоос ялгаатай нь санхүүжилт, тайз гээд олон нөхцөлөөс шалтгаалдаг.
-Таны уран санд ямар ямар жанрын бүтээл байна вэ. Дуурь, балет, концерт гээд жагсаавал...
-1997 оноос хойш бичсэн юмаа төрөлжүүлээд үзэхэд хоёр дуурь, “Төгсгөлгүй” танго балет, “Ай Нанаа” дуулалт жүжиг, “Долоон дэлбээт цэцэг” гээд хүүхэлдэйн жүжиг, дуу, романс, хөгжмийн гоцлол, симфони, киноны хөгжим гээд хөгжмийн бүх төрлөөр 100 гаруй зохиол бичсэн байна. 23 жилийн хугацаанд чамлахааргүй уран бүтээл. Гэхдээ хөгжмийн бүтээлийг тоогоор биш чанараар хэмжинэ.
-Хөгжимд хил хязгаар байхгүй. Дэлхийн сонгодгууд энд эгшиглэж байхад Монголын зохиолууд хилийн чанадад тоглож болно. Энэ жишгээр гадаадад уран бүтээлээ тоглуулсан хөгжмийн зохиолч манайд хэр олон байдаг вэ?
-Монголын мэргэжлийн хөгжмийн түүх XX зууны эхээс яригдана. Харин европын консерваторийн хөгжмийн боловсрол эзэмшсэн уран бүтээлчтэй болсноороо үзвэл 1950 он юм. Москвагийн консерваторид 1943-1950 онд С.Гончигсумлаа гуай сурч төгссөн. Эндээс аваад үзвэл Монголын мэргэжлийн хөгжмийн үүсэл замнал богинохон буюу 70-хан жил юм. Түүнээс биш монголын ардын, үндэсний, язгуур урлаг хөгжмийн тухайд биш шүү. Дэлхийн сонгодог хөгжмийн түүх 600 жилээр яригдана. Тэгэхээр энэ богино хугацаанд манай хөгжмийн зохиолчид бүх л төрлөөр уран бүтээлээ туурвисан. Дуурь, балет, симфони, концерт гээд дэлхийн хөгжмийн түүхэнд ямар төрөл жанр байна тэр бүхнийг хийсэн байна. С.Гончигсумлаа гуайн бүтээлийн “Большой” театрынхан тоглоод пянзны бичлэгт орж байсан. З.Хангал гуайн хийлийн концертыг ч гэсэн “Их театр”-ын оркестр, оросын гоцлол хийлч Кравченко тоглоод бичлэгт орж байсан. Б.Шарав багшийн хоёрдугаар симфони, Н.Жанцанноров гуайн хийлийн сонат, Ц.Нацагдорж багшийн цөөхүүл хөгжмийн зохиол гээд нэрлэж болно. Пянзанд бичигдэж үлдсэн зохиолууд ер нь ЗХУ-д хийгдэж байсан. Олон улсад тоглосон тохиолдол цөөнгүй. Б.Шарав багшийн бүтээл дэлхийн олон орны тайзан дээр тоглосон байдаг. Стэнфордын симфони найрал хөгжим гэхэд Б.Шарав багшийн морин хуурын концертыг Монголын соёлын өдрүүдээр тоглосон. Японы Токиогийн филармонид “Үлэмжийн ертөнц” симфонийг нь Н.Бүтэнбаяр гуай удирдаж тоглуулсан удаатай.
Саяхан миний “Харанхуй хад” симфони чуулбарыг Евразийн IV олон улсын наадмын хүрээнд Якутын филармонид тоглолоо. Энэ мэтээр монголын хөгжмийн зохиолчдын бүтээл олон улсад тоглодог, хаана ч очсон гологддоггүй.
-Та “Харанхуй хад”-ыг тоглоход очсон байх. Үзэгчид хэрхэн хүлээн авсан бэ?
-ОХУ-ын Саха улсын Якут хотод болсон энэ наадам их өргөн хүрээтэй. Монголоос анх удаа би орлоо. Герман, Орос, Япон, Солонгос, Молдав, Беларусь, Польш, Иран, Колумба, Монгол гээд 10 гаруй улсын хөгжмийн зохиолч, уран бүтээлч оролцлоо. Энэ наадмын хүрээнд хөгжмийн удирдаач, судлаачаар сурч байгаа оросын оюутнуудад хөгжмийн зохиолчид мастер класс хийдэг юм байна. Зөвхөн Якутынх биш Москва, Беларусын консерваториос оюутнууд ирсэн байсан. Энэ далимаар Монголын хөгжмийн бүтээлийг сурталчлах боломж тохиосон. “Монголын хөгжим” лекцээ уншихдаа ардын урлагаасаа эхлээд ярьж, танилцуулаад дараа нь С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн гуайн бүтээлээс сонсгосон. Олон төрлийн юмыг бага хугацаанд багтаахын тулд сонголт хийсэн. Монголын төгөлдөр хуурын хөгжим ямар түвшинд байгааг үзүүлэхээр С.Гончигсумлаа гуайн “24 прелюди”, киноны хөгжмийн жишээг Л.Мөрдорж гуайн “Алтан өргөө”-гөөр, хийлийн гоцлолын жишээгээр Б.Дамдинсүрэн гуайн “Хэнтийн өндөр ууланд”-ыг сонсгосон. Манай алтан үеийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын төлөөлөл, тулгын гурван чулуу гэж үздэг уран бүтээлчдээ ийн онцолсон. Дараа нь З.Хангал агсны “Хийлийн концерт”-ыг сонсгосон. Энэ бол монголд авангард хөгжим ийм чиг хандлагатайгаар бичигдсэнийг танилцуулсан. Симфонийн төрөл дээр Б.Шарав багшийн хоёрдугаар симфонийг сонсгосон. Ингээд цаг гучин минутын хугацаанд таван хөгжмийн зохиолчоор дамжуулаад Монголын хөгжмийн дэг сургуулийг ойлгуулсан. Их ач холбогдолтой наадамд оролцож, хоёрдугаар сарын 25-нд гала тоглолтод Якутын филармонийн ерөнхий удирдаач, уран сайхны удирдагч, ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Наталья Базалева миний “Харанхуй хад”-ыг удирдан тоглуулсан.
Танхим дүүрэн үзэгчтэй байсан. Филармонийн дарга гол концертоо өөрөө хөтөлсөн. Намайг үзэгчдийн суудалд байгааг эхэндээ мэдээгүй. Наадамд оролцож байгаа манай уран бүтээлч, оюутнууд мэдэж байсан учраас тоглож дууссаны дараа надад талархал илэрхийлж, эргэж хараад алга ташиж байсан болохоор үүнийг хараад автор нь ирсэн байна гэж зарласан. Удирдаач мэдэж байсан учраас намайг тайзан дээр урьж, би нэгдүгээр хийлч, удирдаачид талархал илэрхийлээд тайзнаас буусан. Хөгжимчид нь чадварлаг, үзэгчид нь соёлтой, боловсролтой орон байна лээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR SAI129.205.124.24
Та Бөөр, Биеийн эрхтэн худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу бөөр эсвэл Биеийн эрхтнүүд үү? Та зарах боломжийг хайж байна уу санхүүгийн хямралаас болоод бөөрөнд чинь мөнгө өгч магадгүй, чи мэдэхгүй юу хийх вэ, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээг санал болгоно $ 500,000,000 үнэтэй. Намайг Доктор SAI бол а APEX HOSPITAL дахь мэдрэлийн эмч. Манай эмнэлэг бөөрний чиглэлээр мэргэшсэн Мэс засал хийх, бид бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг тохирох донор Б
2020/06/23
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com