Хөхрөлдөөнд хөдөлдөггүй хөх асар
Хөлгүй тэнгисийн найм дахь гариг
Данзан Содномын даналзаж мөнхөрсөн
Даамай цэнгэлийн монгол цирк
Эрээн дээл, далдын малгай
Элдэв шалдав будаг шунх
Ээрч муурсан будилуу эрийн
Элэг хатаам зугаатай түүх... ийм үгтэй дуу чихэнд эгшиглэж, аманд аялагдахын сацуу хөх асрыг инээдээр хөвсөлзүүлдэг байсан домогт алиалагч нарын тухай дурсан сууна.
Өнөөдөр дөрвөн сарын нэгээн гэж...
Монголчуудад, тэр дундаа циркийн урлагт хайртай үзэгчдэд дөрөвдүгээр сарын 1, Инээдмийн баярыг бүрэн утгаар нь ойлгуулдаг байсан хүмүүс бол алиалагч нар. Циркийн урлагийн үндсэн таван төрлийн нэг болсон энэ төрлөөр Монголд цирк үүссэн цагаас хойш авьяастнууд хичээллэж, 1935 онд Чүлтэм, Сүндэв нар, 1939 оноос дипломатч байсан Санжаа, 1941-1942 оноос ардын жүжигчин, “алиа” хэмээх Жамбын Данзан, Түмэнбаяр, “чөтгөр” хочит Бадарч, Лувсанхүү нар алиаллын төрлөөр тодорч, олноо танигджээ. 1941-1983 онд ардын жүжигчин Ж.Данзан, гавьяат жүжигчин Б.Содном, Ж.Дамдинсүрэн, 1960-аад онд Лувсанчимэд, Ж.Сандаг, тэднийг залгамжлан Д.Цэдэнбал буюу Цээеэ, Д.Энхээ, Ж.Сандаг, гавьяат жүжигчин Д.Батсүх, жүжигчин Т.Латиф, Р.Мандах-Оргил, Д.Магсаржав, Ч.Хатанбаатар, Н.Баасанжаргал болон гавьяат жүжигчин Б.Батзаяа, “тогдгор” Галсантогтох нар инээдэнд ганхдаггүй хөх асарт шуугиулж явжээ. Тэдний дундаас онцлон анхдагч гурав, авьяаслаг нэг алиалагчийн дурсъя.
Алиа Данзан
Төрөлхийн авьяастай сайхан монгол эр алиалагч болохоосоо өмнө галч, аравтын дарга гээд юу эсийг хийсэн гэх вэ. Тэр ч бүү хэл зүүн гурван аймагт гарсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг даралцаж явжээ. Дараахан нь “Монголтрансын” дэргэдэх жолооны сургалтыг төгсөөд жолоо мушгин хааз нэмэн явж. 1940 оны наймдугаар сард Зөвлөлтөөс ирсэн мэргэжилтэн удахгүй байгуулах циркийн сургуульд хүмүүсийг шалгаруулан авч байхыг нь сонссон 31 настай жолооч харайгаад л очиж гэнэ. Шалгууллаа. Угийн намхавтар нуруу, бүдүүн гэдэс нь тэдний санаанд яв цав нийцсэн бололтой. Овжин байрын зүггүй нүд, сэргэлэн төрх нь ч нөлөөлсөн байж таараа. Тэгээд л Монголын циркийн анхны алиалагч болчхож. Ж.Данзан гуай найруулагчийн хэлсэн, зөвлөснийг дор нь тогтоодог, ер нь жүжиглэлийг түргэн хугацаанд эзэмшсэн хүн байв. Түүний анхны дүр нь шар клоун. Юу ч мэддэггүй, хэнэггүйдүү хүмүүсийн нийтлэг төрхийг энэ дүрээрээ илэрхийлдэг байж. “Алиа” хэмээх алдрыг ард түмэн хайрласан бол “Шовгор”, “Шовойдог” хочийг нэг л мэдэхэд олчихсон юм байх. “Шовойдог”-ийн тухайд бол ХИД-2 байсан газарт Ж.Данзан гуай залуустай тэвэг өшиглөн нааддаг байжээ. Хэд хэдэн удаа зуугаас илүү өшиглөж ийм хоч авсан гэнэ дээ. Хүмүүс Данзан гуайг хараад л инээдэг байлаа. 1950-иад оны дундуур хүүхдүүд циркт ирчхээд өөр алиалагч тоглож байхад ч “Алиа Данзангийн дүрд хэн тоглож байгаа юм бэ” гэж асууцгаадаг байсан гэдэг. Санахад, тэрбээр ард түмний дунд “Алиа Данзан” хэмээх мөнхийн дүр бүтээсэн нэгэн байв. Алиа Данзан зөвхөн алиалагч байсангүй. Монголын зохиолчдын хорооны гишүүн, зохиолч хүн байжээ. Шог гараа, үзэгдлүүдийг өөрөө зохиож найруулдаг байв. Тэр бүхнээ эмхтгээд ном бүтээсэн юм билээ. Нам, төрийн зүтгэлтнүүд Ж.Данзан гуайгаар бахархдаг байжээ. Тэр үеийнхэн “Алиа Данзан маршал Чойбалсан, дарга Цэдэнбал хоёртой уулзаж гэнэ” хэмээх чих дэлссэн сонинг байсхийгээд л бие биедээ дамжуулан ярьдаг байсан гэдэг. Ж.Данзан гуай долоон хүүхэдтэй. Хоёр дахь хүү Д.Тамсагдорж нь Мэгжиджанрайсиг их шүтээнийг бүтээлцсэн юм байна. Харин гурав дахь хүү Д.Энхээ нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн ажээ.
Тал еэвэнгийн эзэн
“Зэрэг нэмэхийн өмнө” киног үзсэн хүн Д.Содном гуайг лавтайяа таньж буй биз ээ. Мөнөөх аргатай, зальжин, жижигхэн чөтгөр шиг намхан бүдүүн зарц чинь алиалагч Содном гуай шүү дээ. Тэрбээр бас “Чи ниснэ гэнэ ээ, чи бол нэг мухлагаас нөгөө мухлаг руу л нисдэг хүн” гэж нисгэгч Чинбатыг архичин болчхоод баларч явахад нь (“Хүний мөр” кино) даапаалсан хүн. Содном гуай алиалагчаас гадна дуучин, жүжигчин, найруулагч байв. Манежинд гарахдаа циркийн сургуулиар дамжаагүй.
Харин 1930-аад оны үеэс Залуучуудын театрт дуулж эхэлсэн аж. Ингэхээсээ өмнө Хэвлэлийн хороонд Марзан Шаравыг дагалдан зураачаар ажиллаж байсан гэнэ. Содном Данзан гуайгаас хожуу циркт ирсэн ч мань хоёр бараг ижилхэн гэмээр хувь заяатай, замналтай юм шиг заримдаа санагддаг. Нэг, нэг жилийн зайтай мэндэлсэн хоёр алиалагч насан эцэслэхдээ ч мөн тийм хугацаатай байсан аж. Хоёулаа гаднах төрхөөрөө нэлээд төстэй. Данзан гуай үл ялиг өндөр аж. Тэр хоёрыг гудамжаар явж байхад ямар ч машин, такси зогсч очих газарт нь хүргэж өгье гэнэ. Бас циркийнхэн хөдөөгүүр тоглолт хийхэд мань хоёрыг л байвал халуун хоол, цайгаар гачигддаггүй, хүнсгүйдэхийн зовлонгүй байжээ.
Нас ахихын хэрээр Ж.Данзан гуайн хөл муудаж, жижиг машинтай болж, түүндээ хоёр өвгөн суучхаад өнгөрөхийг харсан олон хүн хөгжин баясдаг байсан гэдэг. Ардын жүжигчийн Ж.Данзан, Улсын гавьяат жүжигчин Д.Содном хоёр алтан үеийнхэн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс юм. Д.Содном гуай энд тэнд найр хуримд уригдахдаа хойморт нь л заларна. Уртын дууг цээл сайхан хоолойгоор хүнгэнүүлдэг байсан болохоор тэр байх. Түүний охин С.Жаргалан Монголын анхны эмэгтэй алиалагч гэж байгаа. Алиалагч Б.Содномыг хамт ажиллагсад нь уран сэтгэмж ихтэй, дүрийг жижиг гэлгүй илэрхийлж чаддаг хүн гэж тодорхойлдог байв. Цөөн үгээр хэлбэл, дахин давтагдашгүй нэгэн байжээ. Циркийн алиалагч хүмүүст хоёр замаар инээд түгээдэг. Нэг нь утга санаа, нөгөө нь төрх байдал. Олон хүн алиалагчдын гаднах байдлыг харж инээдэг. Харин Б.Содном гуай утга санааг төрх байдлаар үзүүлэхдээ гарамгай алиалагч байсан гэж одоо үнэлдэг.
Царайлаг алиалагч
Тэрбээр ардын хувьсгалтай барьцсан юм шиг 1921 онд мэндэлжээ. Түүнийг Жавзмаагийн Дамдинсүрэн гэдэг. Эцэг нь лам хуврага байж магадгүй гэдэг ч энэ нь нотлогдоогүй л дээ. Гэхдээ эхээрээ овоглодог нь үнэн. Уг нь тэр худалдааны эдийн засагчийн мэргэжилтэй хүн байжээ. Хожим МУИС-ийн найруулагчийн анги төгссөн аж. Хэдий тийм боловч эцсийн эцэст циркийн жүжигчин болсон байна. Яваандаа алиалагч руу урвасан гэнэ. Ж.Дамдинсүрэн цагаан клоуны дүрийг анхлан бүтээсэн юм байна. Цагаан нь шарыгаа бодвол ухаалаг, мэргэн. Тиймдээ ч шар клоуны үйлдсэн бурууг засч залруулж явдаг гэнэ. Ж.Дамдинсүрэн тусархаг, хүнтэй нийцтэй өөрөө ч сайхан залуу явсан бололтой. Монголын алиалагч нараас арай л царайлаг нь гэцгээнэ.
“Нарны алиалагч”
ОХУ-ын ардын жүжигчин Олег Поповыг ийн нэрлэдэг юм билээ. Харин Монголд түүний энд хүрч, алдарт алиалагчтай Улаанбаатар, Москва, Новосибирск, Фрунзед нэг манежинд хамтран тоглож олныг баясгасан алиалагч ганц л байсан нь Гавьяат жүжигчин Дамбын Батсүх. Циркийн урлаг өндөр хөгжсөн ЗХУ-ын мэргэжилтнүүд тухайн үед “Олег Поповтой тоглож байгаа энэ жижигхэн залуу гайхалтай авьяаслаг, жинхэнэ байгалиас заяасан бие бялдартай, алиалахын одонд төрсөн хүн байна. Ийм ирээдүйтэй алиалагч хэр олон төрөх бол” хэмээн шагшин магтаж байсан гэдэг. Түүнийг байгаа цагт Монголын циркийн урлагийн ирээдүй гялалзана гэдэгт Москвагийн цирк, эстрадын дунд сургуулийн захирал А.М.Волошин итгэдэг байжээ. Монголын циркийн урлагийн үндэс суурийг тавьсан ЗХУ-ын мэргэжилтнүүдийн нэг тэрбээр алиалагч Д.Батсүхийг онцлон, авьяасыг нь хүндэтгэн, зураг авхуулах бүртээ өөрийнхөө өмнө зогсоодог байсан гэнэ.
Ардын жүжигчин Ж.Данзан, гавьяат жүжигчин Б.Содном, Ж.Дамдинсүрэн, Д.Лувсанчимэд, Ж.Сандаг, Д.Цэдэнбал буюу Цээеэ, Д.Энхээ нарыг залгамжлан хөх асрын дээврийг хөвсүүлэх шахам инээдийг өөрөөсөө ундруулсан алиалагч нь Дамбын Батсүх байлаа. Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль, Москвагийн Цирк эстрадын дунд сургуулийг дүүргэж мэргэжлийн алиалагч болсон тэрбээр хорвоогийн эрээн барааныг хослуулж туулаад 55 настайдаа “буцжээ”.
Өнгөрсөн зуунд олон улсын циркчдийн тэмцээн тийм ч олон байгаагүй. Харин Социалист орнуудын дунд болсон циркчдийн тэмцээнээс 1987 онд алиалагч Д.Батсүх тусгай шагнал хүртсэн нь дурсгалтай үйл явдал байлаа. Түүнээс хоёр жилийн дараа БНХАУ-ын Бээжин, Бугат, Хөх хотод түүнийг тоглоход хятадын үзэгчид гайхан шагшиж, Ухань, Учаод болох тэмцээнд заавал оролцуулаарай гэж хүссэн гэдэг.
“Тэмээтэй акробат”, “Шидэх банз”, “Газрын үсрэлт” зэрэг Монголын циркийн урлагийн сор болсон үзүүлбэрүүдэд тэр түүртэлгүй тоглож, басхүү дунд нь алиалж чаддаг байсан түүхтэй. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай хэмээн эр хүнийг тодорхойлдог бол Д.Батсүх гуай ч тийм л нэгэн байлаа.
“Азын шооны нүхээр багтаж гарсан сугалаа
Аавын хүүгийн одыг хариулж гарсан сугалаа
Аа яа яа андуурсан сугалаа
Ээ хөөрхий эндүүрсэн сугалаа...” хэмээн марзаганан дуулах түүний төрх тодхон.
Багаасаа Пионерийн ордны бөхийн дугуйланд хичээллэж байсан болохоор уран барилдаантай, угсраа мэхтэй гэж магтуулж явжээ. Жаахан том биетэй бол их юм дуулгах бөх болох байлаа гэж онцолсон нь ч бий. “Мөнгөн буйл” кинонд анхны дэлгэцийн дүрээ бүтээхдээ ч барилдаж явдаг даа, үзэгчид санаж буй биз ээ.
Тогдгор дээлтэй монгол алиалагч, түмнийг хуйлруулан инээлгэсээр буцсан байдаг. Бусадтай нийтэч, тусархуугийн зэрэгцээ, “хийх зүйл их байна аа” гэж ханцуй шамлан давшдаг байсан түүний тухай дурсах түүх даанч их юм билээ.