Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын соёлын төвийн эрхлэгч Х.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.
-Сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын онцлогийг танилцуулна уу. Танай сум хэдэн хүн амтай вэ?
-Соёлын төв бол төрөөс баримтлах соёлын бодлогыг орон нутгийн хэмжээнд тогтмол чанартай хүргэх, иргэдийн авьяасыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагт зориулсан олон талт соёл, урлагийн үйл ажиллагааг эрхэлдэг орон нутгийн төрийн өмчит анхан шатны байгууллага. Манай Түмэнцогт сум Сүхбаатар аймгийн хойморт оршдог, зүүн талаар Дорнод аймгийн Хөлөнбуйр, баруун хойд талаараа Хэнтий аймгийн Баян-Овоо сумтай хиллэн, Хэрлэн мөрний урд сав газар, мянганы зам дагуу байрладаг зүүн гурван аймгийн төв сум. Өнгөрсөн 2019 оны хүн амын тооллогын дүнгээр 2501 хүн амтай. Дийлэнх нь халх, цөөнх нь дарьганга, үзэмчин, барга, буриад зэрэг угсаатны бүлгүүдээс бүрдсэн, 1960 онд байгуулагдсан харьцангуй залуу сум.
-“Говийн зэрэглээ” кинонд сумын соёлын төвийн эрхлэгч нь хөгжим ч тоглодог, кино ч гаргадаг даа. Олон талын авьяастай, юм юм амжуулсан тийм хүнээр л төсөөлөгдөх юм.
-Монгол Улсад ардын хувьсгал ялснаас хойш 1924 оноос монгол орны өнцөг булан бүрт Улаан гэрүүд байгуулагдаж эхэлсэн гэдэг. Цаашлаад Улаан булан, Ажилчны клуб гээд Соёлын төв болтлоо өргөжсөн түүхтэй. Жишээлбэл манай суманд 1960 онд Түмэнцогтын Хар ямаатын уул уурхайг түшиглэн Ажилчны клуб байгуулагдаж байсан. Тухайн үед нэг хүний орон тоотой, нэг баянхуур хөгжим, нэг шанз, нэг ятга хөгжимтэйгээр соёлын үйлчилгээг иргэдэд хүргэж байсан гэдэг.Тэгэхээр тэр ганц хүн чинь л баянхуураа бариад л бүжгээ зохион байгуулна, аппаратаа ажиллуулаад киногоо ч гаргана, микрофоноо бариад ухуулагч зарлагчаа ч хийнэ шүү дээ (инээв). Яг л “Говийн зэрэглээ” киноны клубийн эрхлэгч шиг. Саяхныг хүртэл тийм байсан. 1960-1980-аад оны дунд хүртэл улс даяар Соёлын довтолгоо өрнөчихсөн, иргэдэд арай илүү соёл, урлагийн үйлчилгээг хүргэх, нийгмийг соён гэгээрүүлэх улсын бодлого хүчтэй байсан үед бол сумдын соёлын төвүүд хүн амын хөгжилд их үүрэг гүйцэтгэж байсан. Орон тооны хөгжмийн багш, номын санч, кино механикч, орон нутаг судлах музейн ажилтан, арга зүйч гээд нэг соёлын төв дунджаар 5-10 орон тоотойгоор ажилладаг байсан байна. Дээр нь сайн дурын уран сайханчдын бүлэг, нэгдлүүдтэй /захиргаадалтын үе байсан тул/ бага хэмжээний театраас дутахгүй байж. Тэр үед манайх Монголын Үйлдвэрчний эвлэлийн Тэргүүний соёлын төв байсан түүхтэй. Учир нь Ч.Ойдовын “Далан худалч” жүжиг хүртэл найруулан тавьсан байх жишээтэй, өөрийн гэсэн тодорхой уран бүтээлийн сантай байсан гэсэн үг. Бүх нийтээр Соёл, урлагийн гурван хоног гэж сум сурталчлах өдөрлөгүүд хийгддэг, соёл, урлагийн явуулын иж бүрэн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд хүргэдэг байсан, 10 мянга гаруй номын фондтой тогтмол үйл ажиллагаатай номын сан, ОНСТанхим гээд ер нь соёл, урлагийн үйлчилгээний байгууллагын үүрэг оролцоо, нэр хүнд ч сайн байсан үе. Тэр үед интернэт, зурагт байсангүй, сумын бүх хүн л соёлын төвд хүмүүждэг байсан гэхэд хилсдэхгүй.
Харин 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа ихэнх соёлын төвүүд хаалгаа барьсны нэг нь манайх. Ажилтнууд нь цомхтголд орж, нөгөө сайхан номнууд нь тараагдаад, хөгжмийн зэмсэг, кино аппарат гээд ер нь ашиглагдаж байсан бүх л зүйл нь үгүй болсон. “Намайг цэргээс халагдаад ирэхэд соёлын төвийн хаалгыг хоёр том банзаар таглаад хадчихсан байсан” гэж багш минь ярьж байсан. Тэгээд багш минь банзыг нь хуу татаж ороод хөгжмөө тоглоод үеийн залуусаа цуглуулж бүжиг зохион байгуулдаг болсон байгаа юм. Тэгээд сүүлд нь бидний багш Хөгжмийн Амараа нэртэй болсон хүн бий.
Ингээд дараа нь 1992-2007 он хүртэл хоёр хүний орон тоотой ажиллаж байсан. Хоёулхнаа 2000 гаруй хүнд соёлын үйлчилгээ үзүүлж байсан байх нь. Би 2007 онд СУИС-ийн Соёл, урлагийн менежерийн ангийг төгсч ирээд өөрийн нутагтаа Соёлын төвийн эрхлэгчийн ажилд шууд томиглогдчихсон л доо. Тэр үед хоёр хүний орон тоотой, надаас гадна нэг хөгжмийн багштай, бараг л цалингаас өөр санхүүжилтгүй, орчин нөхцөл хүнд байсан. Ажлаа эхэлж байхдаа уйлаад ч амжсан. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн намайг олон нийтийн ажил зохион байгуулахад хүүхдийнх нь авьяасыг буруу шүүмжилсэн гэх нэрээр загнах нь энүүхэнд. Тэгээд бага багаар, алхам алхмаар л урагшилж эхэлсэн дээ. Хамгийн гол нь сайн төлөвлөж, багаа бүрдүүлээд, багш ажиллагсадын мэргэжлийн чадварт анхаарах хэрэгтэй. 2007 оны есдүгээр сараас сумдын соёлын төвүүдийг таван хүний орон тоотой болгох шийдвэр гарч хэрэгжиж эхэлсэн нь орон нутгийн соёлын байгууллагыг чадавхжуулахад их өөрчлөлт авчирсан. Одоогоор сумын соёлын төв эрхлэгчээс гадна номын санч, дуу-хөгжмийн багш, бүжгийн багш, музейн ажилтан, үйлчилгээний ажилтан гээд ажил үүргийн хуваарилалт тодорхой болсон нь ажлын бүтээмж нэмэгдсэн гэж хэлж болно.
-Танайхаас тогтмолжсон ямар ямар үйл ажиллагаа байдаг вэ?
-Маш олон ажил байдаг. Хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь “Түмэн нутгийн соёл” урлагийн наадам байна. 2007 оноос хойш иргэдийн соёл, урлагийн боловсрол, авьяастныг тодруулах, хөгжүүлэх, ардын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн соёлын онцлогийг хадгалах зорилгоор урлагийн наадмыг 12 дахь жилдээ зохион байгуулсан байна. Хоёр жилд нэг удаа, урлагийн найман төрлөөр шалгаруулдаг бөгөөд энэ жилийн наадамд зургаан багийн 150 гаруй ардын авьяастан, ажилтан албан хаагч оролцож, 760 хүн хамрагдсан байна.
“Бид Бүжиглэх дуртай”, “Одод болох хүслэн”, “Молор-Эрдэнэ”, “Чандмань”, “Түмэн авьяастны бэсрэг наадам” гэх мэт олон ажил хийнэ ээ. “Бяцхан мисс” тэмцээнийг бүр 1992 оноос хойш одоог хүртэл зохион байгуулж байна. Энэ олон урлагийн тэмцээн уралдаан нь эцэстээ хүүхэд залуучуудыг хөгжүүлэхэд л чиглэдэг. Мөн “Бүжгэн Долгио” бүжгийн дугуйлан, уран уншигч хөтлөгчийн дугуйлангийн багш, хүүхдүүд минь сайн шүү. Ер нь манай сумын иргэд их авьяастай, идэвхтэй. Тиймээс ямар ч төрлийн соёл, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулсан урамтай байдаг.
Сүүлийн үед иргэд, өрхийг угийн бичигжүүлэх ажил, түүх соёлын өвийг хадгалах, хамгаалах, биет бус өв тээгчдийг алдаршуулах, бүртгэн баримтжуулах, үл хөдлөх дурсгалт зүйлийн харуул хамгаалал, нутгийн уугуул иргэдийн соёлын ялгаа, соёлын үйлдвэрлэл, уламжлалт ёс заншилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Өдийг хүртэл ямар ямар төсөл хөтөлбөрийг нутагтаа хэрэгжүүлсэн бэ?
-Дээр дурдсанаар анх хамгийн түрүүнд орчноо бүрдүүлэхэд их анхаарч “Соёлтой үйлчилгээ-тохилог орчин” төсөл /үзэгчийн сандал, хөгжмийн зэмсэг, техник хэрэгсэл шинэчлэх төсөл/, “Ном бидний нөхөр” номын санг тохижуулах, фондыг баяжуулах төсөл, “Хөдөө дуудаж байна” явуулын үйлчилгээг хөдөөгийн хүн амд хүргэх төсөл гээд л баахан материаллаг төсөл их хэрэгжүүлж байсан. Бид 2016 онд “Нэгэн жарныг нэг байшингаас” гэсэн нэртэй орон нутаг судлах музей байгуулах төсөл маань хамгийн амжилттай хэрэгжсэн. Санхүүжилтийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдсэн. 130 гаруй сая төгрөгөөр л өөрсдийн гэсэн түүх соёл, байгалийнхаа гайхамшгийг нэг байшинд төвлөрүүлэн олонд сурталчилж байна. Энэ бол манай хамт олны хамгийн амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нэг. Сүүлд үйл ажиллагааны болон сургалтын төслүүдийг хийж байна. Тухайлбал “Аз жаргалтай-Ажлын байр” төсөл, охид эмэгтэйчүүдийн манлайлал, авьяасыг хөгжүүлэх “Girls Empowerment Camp” төсөл, “Чандмань” соёлын төсөл, МУСТА-1,2,3 төсөл гэх мэт. Соёл өөрөө өргөн цар хүрээтэй, агуулга өндөр тул хийх ажил, төсөл дундрахгүй ээ.
-Хуруун хүүхэлдэйн төслөө амжилттай хийж, Монголын урлагийн зөвлөл дэмжиж тоглуулсан гэсэн. Энэ тухай илүү дэлгэрэнгүй ярьж өгч болох уу?
-Монголын урлагийн зөвлөлийн Соёл, урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийн 2011 оны төгсөгч. Үнэхээр үр дүнтэй хөтөлбөр байсан. Их ч зүйл сурсан, соёл, урлагийн салбарын олон сайхан найзуудтай болсон. Тэр үед аз болж миний бичсэн “Инээмсэглэл бэлэглэе” хүүхдийн урлагийн боловсролын төсөл шалгарсанд баяртай, урамтай байдаг. Орон нутгийнх гэдэг утгаар давуу эрх олгосон байх гэж хардаг. Уг төслийн хүрээнд хүүхдэд зориулсан урлагийн боловсрол олгох тэтгэлэгт сурталтуудыг зохион байгуулж, төсөлд хамрагдсан хүүхдүүдийн “Царцаа намжил” хүүхэлдэйн жүжиг найруулан тавьж, жүжгээс орсон орлогыг зорилтод бүлгийн хүүхдүүдэд зориулж хандивласан ашгийн бус төсөл л дөө. Одоо ч энэ төслөө хэрэгжүүлсээр байгаа. Өнгөрсөн 2018 онд манай соёлын төвийн дэргэдэх уран уншигч хөтлөгчийн дугуйлангийн хүүхдүүд маань БСШУС-ын яамны дэмжлэгтэйгээр “Туулай яагаад мах иддэггүй вэ” хүүхэлдэйн үлгэрийн тоглолтоо Монголын Хүүхэлдэйн театрт тоглож, орон нутгийн хүүхдүүдийн авьяасыг нийслэлийн хүүхдүүдэд сурталчилсан. Энэ бол бидний амжилт. Хүүхдэд урам өгөх, тэдний авьяасыг дэмжих, цаашид амжилт гаргахад нь байнга туслах, тэдэнд олж хараагүй, үзээгүй орчин, ертөнцийг олж харах, илүү хол хөл тавихад гүүр болох нь соёлын ажилтан бидний үүрэг.
-Багадаа ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байсан бэ?
-Жүжигчин болно гэж боддог байж. Толиныхоо өмнө зогсоод л өөртэйгээ яриад л, сүүлд нь багш, бүр дараа нь хуульч болно гэж боддог байсан. Одоо бодохлоор бүгдийг нь л хийж байна.. Шаардлагатай үед тайзан дээрээ жүжигчин, ардын авьяастнууд, дугуйлангийн хүүхдүүддээ бол багш нь, уралдаан тэмцээн, урлагийн наадам хийхээрээ шүүгч хийгээд бараг л хуульч юм байна (инээв ихээр..)
-Нууц биш бол ямар ямар авьяастай вэ?
-Хээ авьяасгүй байж болохгүй ажил мэргэжил шүү дээ, соёл урлагийн менежер чинь. Нууцлаад байх юм байхгүй ээ. Хүүхэд байхаасаа л бүжиг, хөгжим, дуунд дуртай, нийгмийн идэвхтэй л охин байсан. Чаддаг ч зүйлгүй, чаддаггүй ч юмгүй гэдэг дээ. Үндэсний хөгжмөөс ятга, ёочингоо тоглочихно. Ардын бүжигтээ хайртай. Одоо бол жин нэмсэн болохоор тайзан дээр гарахгүй байгаа (инээв)
-Хүн ер нь юуны төлөө зорьж тэмүүлж, юу биелүүлж амьдрах ёстой юм бол?
-Миний бодлоор хүн юу чаддаг байна түүнийгээ л хийж, өөрийнхөө чаддаг зүйлээрээ хэн нэгэн, хэсэг бүлэгт тус, дэм хүргэх нь чухал байх. Хүн болж төрнө гэдэг өөрөө их хувь заяа. Бид энэ дэлхийд зохицож амьдрах гэж л ирсэн, тэр үүргээ л сайн биелүүлэх ёстой байх. Бүх зүйл утга учиртай гэдэг дээ. Жишээ нь Миний хувьд эмэгтэй хүн болохоор сайн ээж байх, гэр бүлтэй учир сайн хань байх, хамт олонтой учир сайн ажилтан байх, соёл, урлагийн менежер мэргэжилтэй учир байгууллагаа сайн удирддаг байх гээд л үүргүүд бий. Хүн байх гэдэг сайн байхын тэмүүлэл юм болов уу. Юуг сайн бэ гээд бодохоор бас харьцангуй юм аа.
-Чиний хамгийн том бахархал юу вэ?
-Эх орон минь. Эх орон гэдэг үгэнд бүгд л багтдаг гэж боддог. Ээж, аав минь, эх нутаг, эх хэл минь гээд... Тэгээд сүүлд бодохноо “Эх хүн” болно гэдэг өөрөө бас их бахархал юм уу даа.
-Сумын төвийн амьдралын онцлогийн талаар жаахан ярьж өгнө үү. Хотод оюутан болоод ирсэн хүүхдүүд эндээ үлдэж, хөдөөгөөс хот руу чиглэсэн нүүдэл идэвхижээд удлаа шүү дээ. Харин сумандаа сайхан амьдарч, соёлын үр тарьж яваа хүний хувьд юу гэж хэлэх вэ?
-Яг өнөөдрөөр харах юм бол дэлхий нийтийг цочроосон энэ өвчин ямар их аюул бий болгов оо. Хэт их хөгжил өөрөө мөхөл гэж нэг ах минь хэлж байсан. Нөгөө суурин соёл нэг талдаа ийм аюултайг дэлхий нийт бүгд л харж байна.Сумын төвийн амьдрал хамгийн тайван, аз жаргалтай амьдрал шүү. Харьцангуй алслагдмал, хүн амын нягтрал багатай ч хэрэгцээтэй бүх зүйл л бий. Хүүхдээ өсгөх, сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээ авах, бүр дарс уух, дуулах, бүжиглэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх бүх л боломж бүрдсэн. Хаана аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах нь өөрөөс нь л шалтгаалах зүйл байх. Бас хувь хүнээс шалтгаалахгүй нийгмийн хүчин зүйлүүд ч бий. Ажлын байр, нийгмийн баталгаа, амьжиргаагаа залгуулах гээд наад захын хэрэгцээ байна. Бүх л их дээд, сургууль, төрийн үйлчилгээ, ихэнх нийгмийн харилцааны хэрэгцээт зүйл нийслэлд төвлөрсөнтэй энэ бүхэн холбоотой. Тиймдээ ч зарим залуус хот руу хошуурч байна. Удахгүй энэ бүхэн өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлгээ эрүүлжиж, эргэж байгаа.
-Хөдөө орон нутгийн соёлын хүртээмж, ялангуяа сумдад хүрч байгаа байдал ямар дутагдалтай байна вэ?
-Нэг үеэ бодвол дээрдсэн. Сүүлд сумын соёлын төвийн санхүүжилтийг орон нутагт шилжүүлсэнтэй холбоотой үйл ажиллагаа нь ямар байх нь тухайн орон нутгаас шалтгаална. Бодлого, чиг үүрэг нь БСШУСЯ-наас хамаатай. Гэвч энэ завшааныг ашиглаад хэлэхэд Монгол Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сумын соёлын төвд 1650 гаруй соёлын ажилтан дунджаар 660.000 хүн амд (нэг хүнд 400 хүн, нэг багшид 25 хүүхэд ногдоно) соёл урлагийн үйлчилгээг дангаараа хүргэхэд үнэхээр хүнд.
Соёлтой, иргэншсэн монгол иргэнийг төлөвшүүлэхийн тулд Монгол Улсын Соёлын тухай хууль, Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Номын сангийн тухай хууль гэх мэт, тэдгээртэй холбогдон гарсан соёл, урлагийн талаарх олон дүрэм, журам, Засгийн газраас хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрүүд, Ерөнхийлөгчийн зарлигууд, тунхаг бичгүүд гээд маш олон бодлогын бичиг баримт манай соёлын салбарт байна аа байна. Гэвч бодит нөхцөлдөө бол түүнийг хэрэгжүүлэх боломж, гаргалгаа, хэлбэржүүлж, суурилуулж суулгах хөрс, бордоо нь тодорхойгүй. Улсын болоод орон нутгийнхаа аль ч түвшиндээ ижил. Ялангуяа орон нутагт дээрх бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэгч Соёлын төв, түүний үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх төсөв санхүүжилт, ажиллах хүчний тоо, хүрэлцээ, тэдний нийгмийн асуудал, үнэлэмж, орчин нөхцөлийн стандарт үнэхээр анхаарал татсан хүндрэлтэй асуудал болоод удаж байна.
Аль эртний социализмын үеийн оросын соёлын байгууллагын статус, жишгээр орон тоо үйлчилгээний дүрэмтэй, хуучинсаг, бүтэц, зохион байгуулалтын хэлбэр нь хоцрогдсон нь өнөөгийн мэдээллийн эрин, XXI зууны иргэдийн оюун санааны эрэлт, хүсэл сонирхолд нийцсэн байгууллага байхад тун хэцүү болсон. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч багатай үхмэл байгууллага болж эхэлж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.
Гэсэн хэдий ч соёлын ажилтнууд орчин нөхцөлөө гололгүй, цалин хангамжаа чамлалгүй ажилласаар л, өөрсдийн нөхцөл боломжинд тулгуурлан идэвхтэй үйл ажиллагаагаар иргэдээ хөгжүүлэхийн төлөө зүтгэсээр л байгаа. Соёлын төв ажиллаж байгаа таван хүн 50 хүний ажлыг давхар хийдэг ч гэж болно. Тиймээс хөдөлмөрийн бүтээмжийг өндрөөр үнэлэх цаг болсон. Тэд оюуны бүтээл эрхлэгч, ховор хүмүүс. Иргэдээ нийтээр нь соён гэгээрүүлэх, боловсруулахад анхаарах гэж л байгаа бол эхлээд сумын Соёлын төвийн хөгжилд анхаарах, түүнд ажиллагсадыг бэлтгэх нь зүй. Улмаар соёлын ажилтнуудаар дамжуулж тархан суурьшсан иргэдээ хөгжүүлэх бүх нийтийн кампанит ажил хийж соёлоор довтлох болсон шүү.
-Танай суманд хамгийн сүүлд мэргэжлийн урлагийн байгууллагын ямар тоглолт очсон бэ?
-Мэргэжлийн урлагийн байгууллагын гэхээсээ илүү нийтийн /зохиолын/ дуучдын тоглолт орон нутгаар их явж байна. Манайд харин сүүлд циркийн тоглолт ирсэн нь хүүхэд багачуудад их таалагдсан. Ер нь ховор шүү.
Хэдийгээр техник технологийн дэвшил, интернэт цахим сүлжээ өргөн болсон ч мэргэжлийн урлагийн гайхамшигт тоглолтыг амьдаар нь сонсох, үзэх хэрэгцээг хангаж чадахгүй. Аймаг, орон нутгийн театр чуулгын тоглолт ирж байна л даа. Гэвч драм, сонгодог, балет бүр мэдэхгүй ч хүн суманд амьдарч байна л даа, үнэнийг хэлэхэд. Хэдий бид нүүдлийн соёл иргэншлээ чухалчлах ч дэлхийн нийттэй, соёлт иргэншилтэй хөл нийлүүлэхийг зорих нь хүний хязгааргүй хэрэгцээ шүү дээ. Тэдгээрийг зөв хослуулагч гүүр нь байх үүрэг соёлын ажилтан биднийх.
-Эцэст нь эх орныхоо өнцөг булан бүрт суугаа монголчууддаа хандаж ямар нэгэн сайхан зүйлийг уриалаач гэвэл юу хэлэх бол?
-Эх дэлхийгээ хайрлацгаая. Бид нэг л дэлхийтэй, олон улс үндэсний, арьс өнгө, хэл ус харилцан адилгүй ч хоёр хөлтэй хохимой толгойтой хүн гэдэг нэг л адилхан амьтан. Тэр дундаа яг одоо оршин байгаа улс орон, эх нутаг, байгаль, ан амьтан, хүн зоноо хамгаас дээдээр хайрлая. Тэр үед бид амар амгалан баяр жаргалтай хаана ч оршсоор л байна. Тэр дундаа бидний өвөг дээдсээс өвлөгдөн үеэс үед уламжлагдан ирсэн язгуурын монгол соёлоо, ёс заншлаа дээдлэн хүндэтгэцгээе.
Эцэст нь Эх орныхоо энхийн манааг сахигч мэргэжил нэгт соёлын ажилтнууддаа мэнд илгээе.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"