Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
А.Батдэлгэр: Өрөвдүүлж амьдарснаас атаархуулсан нь дээр

 Түүнд энэ үгийг аав нь хэлдэг байжээ. Гэхдээ заавал бусдын хор шарыг буцалгаж, атаархал төрүүлэх арга сэд гэж мэдээж хэлээгүй нь лавтай. Хүүгээ гялалзаж амьдраарай гэж захисан нь энэ байх. ЗХУ-ын Ленинград хотын А.Я.Вагановын нэрэмжит балетын дунд сургуулийг дүүргээд ДБЭТ-ын тайзнаа 20 жил гоцолж, ОХУ, Их Британид мэргэжлээрээ ажиллахын сацуу дууны аялгуу, хөгжмийн зохиол бичиж, балет дэглэн найруулсан гээд түүний түүх дэндүү баялаг. Нэг хүнд ийм олон төрлийн авьяас байх аа гэж ч гайхмаар. 100 гаруй дуутай, бүр "Тэмээн сүргийн говь" дуу нь хөшөөтэй, гурван балеттай, нэгийнх нь цомнолыг ч бас өөрөө бичсэн гээд бодохоор бахархалтай. Дуулж явсан түүх ч байна, цахилгаан хөгжим тоглож “Үүрийн туяа” хамтлагтайгаа залуусыг байлдан дагуулж асан дурсамж ч бий. Балетын жүжигчин, балетмейстер, хөгжмийн зохиолч А.Батдэлгэрийн яриаг хүргэе.

-Хүн даруу амьдрах хэрэгтэй юм уу, тэмцэж явах нь зөв юм уу?
-Амьдарна гэдэг тэмцэхийн нэр. Урлагийн хүн болж, энэ мэргэжилд дурлаж, энд бүх насаа өнгөрүүлэхээр шийдсэн бол зорилготой тэмцэж амьдрахаас өөр аргагүй. Ялангуяа балетын жүжигчин их богинохон хугацаанд ажиллаж, уран бүтээлээ хийдэг. 20 жилийн дотор нэг асаад шатаад дуусна. Өөртөө байгаа нөөц бололцоогоо ашиглаж тэмцэх л ёстой. Тэмцэл гэдэг нь бусдыг дарж авах гээд, шоглоод байхын нэр биш л дээ. Ажил, уран бүтээл, өөрийнхөө чадлаараа тэмцэхийг хэлж байгаа юм. Тэрийг цаг хугацаа харуулна.

-Авьяасын зэрэгцээ тууштай байдал, оролдлого, хичээл зүтгэл байх нь тэмцэх чадварт нөлөөлнө, тийм ээ?
-Балетын жүжигчин хүн байнгын бэлтгэлтэй байхгүй бол өнгөрдөг. Хувийн сахилга баттайгаар хайртай мэргэжлийнхээ шалгуурт тэнцэж, өөрийгөө өндөр түвшинд байлгах хэрэгтэй. Тэгж байж л сонгодог урлагийн өндөр зэрэглэлийн уран бүтээл тэр хүнээр дамжин амилна. Зүгээр нэг дурын хүн сургууль төгсөж орж ирээд балетын гоцлооч болж, бүх гол дүрд тоглох боломж байхгүй. Хүнээс маш их тэвчээр хатуужил, байнгын хөдөлмөр шаардана.
-Оролдлого сайт оройд нь гэж манай ард түмэн хэлдэг. Хөгжим, дуу, бүжиг гээд нэг хүнээс их олон төрлийн авьяас ундарсан байх юм аа.
-Хүн болгон ийм олон юм хөөцөлдөөд явдаггүй байх л даа. Би Ленинградын балетын сургуульд байхдаа хөгжим тоглож сураад, 12-13 настайдаа хамтлаг байгуулсан. Гурван гитар, нэг бөмбөртэй, нэг болгар, хоёр орос, нэг монгол хүүтэй хамтлаг байлаа. Тэр замаар явсаар өнөөгийн яриагаар бол рок, поп хөгжим рүү орсон байгаа юм. Манай найз Пепи Торнев гэдэг болгар хүү надад хөгжим заасан, миний анхны багш.
-Сонсголоороо л сураад эхэлсэн байх нь ээ?
-Эхлээд сонсголоороо заалгаад явж байтал гүнзгийрэх хэрээр мэргэжлийн сургалт хэрэгтэй болсон. Боловсрохын тулд сурна л даа. 1972 онд балетын сургуулиа төгсөж, ДБЭТ-т балетын жүжигчнээр ажиллаж байхдаа хэдэн нөхөдтэйгээ танилцаж, хамтлагтай болсон. Надаас бусад нь хөгжмийн хүмүүс л дээ. Тэднээсээ нэмж сурч яваад, цаашдаа ухамсартайгаар өөрийгөө хөгжүүлэх зорилготой болсон.
 Миний уран бүтээл хоёр замтай. Нэг тал нь хөгжмийнх, нөгөө нь балетын үндсэн мэргэжлийнх. Сонирхлын дагуу, багаасаа тоглосон хөгжмөөрөө явсаар байгаад театрын нөлөөгөөр ч юм уу сонгодог хөгжим рүү орсон. 20 жил бүжиглээд тэтгэвэртээ гарах учраас хөгжмийн зохиолч, балетмейстер мэргэжилтэй болно гэж өөрийгөө бэлдсэн. Миний хөгжмийн уран бүтээлийн замналыг зассан хүн бол Ардын жүжигчин, Төрийн шагналт, удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун гуай. 1977 онд Эвлэлийн төв хорооноос улс төрийн дууны уралдаан зарлаж, манай театраас Ж.Чулуун гуай “Бөмбөг дэлбэрвэл аюултай”, Г.Дарамзагд гуай “Сансар”, би “Хилчний хөшөө” гэдэг дуугаар орсон. Тэр үед энэ дуунуудаа тоглож, дуулах гээд бид хамтлагтаа “Үүрийн туяа” гэдэг нэр өгөөд оролцсон. Ж.Чулуун гуайн дуу түрүүлж, Г.Дарамзагд гуай бид хоёрын дуу хоёрдугаар байрт орсон. Тийм том улсуудтай тэмцээнд орж, өөрийнхөө зохиосон дууг тоглож, дуулаад, шагнуулснаар үүнээсээ урам авч, дараа нь Ж.Чулуун гуайтай уулзаж, бичсэн юмаа сонсгосон. Намайг маш анхааралтай сонсоод “Би чамайг ойлголоо. Хүн зааж өгье. Чамайг багштай болгоё” гээд “Циркт ажиллаж байгаа З.Хангал гэдэг хүн дээр оч. Би хэлчихнэ” гэсэн. Энэ хувь тохиолоо их бэлгэшээдэг. Хэрэв би ямар ч явцгүй, авьяасгүй хүн байсан бол Ж.Чулуун гуай хэлэх л байсан. Гэтэл тэр хүн олигтой боловсруулалтгүй аязыг минь маш анхааралтай сонссон юм шүү. Тэгээд З.Хангал багш дээрээ очсон. Энэ бол албан бусаар өөрийгөө чиглүүлж, сургаж явсан үе л дээ.

 

Зурагт: Ардын жүжигчин Ю.Оюун, СТА А.Батдэлгэр. Э.Чойдог "Мөнгөн залаа" балет

-Шавь сургалт гэсэн үг юм даа?
-Тэр үед хөгжмийн зохиолчийн сургууль ч гэж байсан биш. Багшийн сургуулиас олон хөгжмийн зохиолч гарсан л даа. Би балетын жүжигчин болохоор тэнд сурах боломж ч байгаагүй. Тэгээд л мэргэжлийн хүмүүст хандаж сурсан. Хөгжмийн зохиомж надад заасан хүн бол алдарт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт З.Хангал. Манай хамтлагаар дуугаа дуулуулж байсан, “Эрдэнэсийн уулс” балет бичиж, би гол дүрд нь тоглодог байсан болохоор З.Хангал агсныг би таньдаг байсан юм.
-Та маш сайхан уран бүтээлчдийн ид хийж бүтээж байх үед зэрэгцэн амьдарч байсан нь бас азтай юм аа?
-Одоо бодох нь ээ, залуу, зоригтой ч байж дээ. Ж.Чулуун гуай дээр очиж юмаа үзүүлж байсан гээд бодохоор айх ч шиг. Тэр үед юм хийх гэсэн оргилуун сэтгэлдээ хөтлөгдөөд айгаагүй байх. Өөрийнхөө  сараачсан хэдэн нотоо бариад очиход З.Хангал багш надаас хамгийн түрүүнд “За Батдэлгэр ээ, чи яах гэж явна. Хэдэн төгрөгийн хэрэгцээ болоод явж байна уу, үнэхээр юм суръя гээд явж байна уу? Хэрэв чамд мөнгө хэрэгтэй байгаа бол би тамга дараад, гарын үсэг зураад өгч болно” гэсэн. Би “Олигтойхон юм бичиж суръя л гэж бодож байна” гээд хариултал “Чиний наадах чинь болоогүй байна. Бөөн бантан” гээд, найман такт ая яваад ингэж задаргаа хийж, баяжуулна гэх зэргээр заасан. З.Хангал багшийн зааснаар сурч, олон аязтай болсон. Зарим нь ХБК-ийн урын санд бий.

Түүний урын санд гурван балет, нэг дуурь, 20 гаруй дан хөгжмийн аяз, 100 гаруй дуу бий.

-Хөгжмийн зохиол тоглох зөвшөөрлийг З.Хангал агсан өгдөг байсан юм уу?
-Хөгжмийн секцийн дарга байсан. Тухайн үед хөгжмийн зохиолыг батлуулж байж тоглуулдаг, улмаар уран бүтээлийн шагнал авдаг байсан.
-Зохиомжийн арга техник сурлаа ч авьяасгүй бол нэмэргүй. Тэгэхээр танаас юм олж харж дээ.
-Бид хоёр багаасаа хөгжим тоглосон, тэр дундаа хоёулаа бөмбөр тоглодог байсан болохоор илүү сайн ойлголцсон. З.Хангал багш Барилгачдын соёлын ордонд бөмбөр тоглодог байсан. Сүүлд төгөлдөр хуурыг өөрөө бие даан тоглож сурсан хэрнээ маш гайхамшигтай тоглодог байлаа. Манай Жав багш З.Хангал багшийг урьж аваачиж, балетын дасгалын хөгжим тоглуулдаг байлаа. Импровизаци хийж зохиож тоглодог, авьяастан. Балетын концертмейстер хүн импровизаци сайтай байх хэрэгтэй л дээ.
-Хэнээс сонссон үнэлэмж танд өөрийгөө таньж мэдэх, цааш ахиулан сурах урам нэмсэн бэ?
-Уралдаануудад оролцож, том хөгжмийн зохиолчдоос үнэлэмж сонсоод урамшсан. Анхны “Хилчний хөшөө”-нөөс гадна “Тэр жилийн тэр өдөр”, "Мөнх алдар" хэмээх Халх голын тухай таван цуврал дуу, илгээлтийн эздийн дуу гээд нэлээн хэдэн дуутай. Эвлэлийн төв хорооноос зохиосон уралдаанд амжилт гаргаснаараа өөрийнхөө хэр хэмжээг баримжаалдаг байсан. Тэгээд цаашид зөвхөн дуу биш том хэлбэрийн юм хийе гэж зорьж сурсан.
-Анхны том хэлбэрийн зохиол нь юу билээ?
-Эхлээд би хүүхдийн “12 жил” гэдэг нэг бүлэгтэй балет хийсэн. Сурагчдын амралтаар энэ балетыг тоглоход танхим дүүрэн үзэгчтэй байдаг байлаа.
Бүрэн хэмжээний “Гэсэр Номун хаан” балетынхаа хөгжмийн зохиол, цомнолыг өөрөө бичиж, дэглэн найруулж 2007 онд тоглуулсан. Тэгэхийн тулд би 30 жил хөгжмийн эрдэмд албан бусаар суралцсан. “Гэсэр Номун хаан” дээр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багш зөвлөж, заасан. "Тэнгэрийн ташуур" дээр МУУГЗ В.Боролдой багш зөвлөсөн. Дуу нэлээд бий ч үндсэн мэргэжилдээ илүү анхаардаг байсан болохоор бусад хөгжмийн зохиолч шиг олон дуу хийгээгүй ээ.
-Таны “Ханийн дуу”-г Л.Чулуунбаатар өнгөрсөн жил дуулсан байсан.
-Тэр дууг 1979 онд зохиосон. 40 жилийн ойгоор нь дуулсан хэрэг. Надад бас “Тэр жилийн тэр өдөр” гэж дуу бий. Халх голын байлдааны 40 жилийн ойгоор Дорнод аймгийн Сүмбэр суманд анх дуулагдаж байсан. “Хилчний хөшөө” энэ хоёр анх пянзанд орж байлаа.

Тэрээр саяхныг хүртэл театрын хөгжмийн редактораар ажиллаж Б.Шарав “Чингис хаан”, Ж.Чулуун “Уран Хас”, З.Хангал “Эрдэнэсийн уулс”, А.Батдэлгэр “Гэсэр Номун Хан”, ”Тэнгэрийн ташуур” зэрэг дуурь балетын клавир, партитур, партийг шивж тоглолтод бэлтгэсэн ба Э.Чойдог “Чойжид дагина”, Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”, В.А.Моцарт “Увидаст лимбэ”, И.Штраус “Сарьсан багваахай” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний сонгодог олон арван дуурь балетын нотыг шивж цахим болгон ажилласан нь театрын нотны урын санг баяжуулах, хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой ажил болсон билээ.

-“Гэсэр Номун хаан”, “Тэнгэрийн ташуур” хоёр балет нь одоо ДБЭТ-т тоглож байгаа юу?
-“Тэнгэрийн ташуур”-ыг 2011 онд нэг тоглуулаад, ямар шалтгаанаар юм бүү мэд дахиж тоглоогүй. Сая манай уран сайхны удирдагч Б.Түвшинбат ирээд дахиж тоглуулсан. Америкийн Стэнфордын их сургуулийн удирдаач Жин Дон Кей анх удирдан тоглуулсан болохоор эргээд түүнийг урьж ирүүлээд дөрвөн удаа тоглуулсан. Тэр удирдаач их баярлаж байсан. Сүүлд нь Ц.Гансүх удирдаач хоёр удаа тоглуулсан. Цаашдаа энэ уран бүтээлийг тоглуулах эсэх нь надаас шалтгаалахгүй л дээ. “Гэсэр Номун хаан”-ыг 2007 онд нээгээд дөрвөн жил тоглож, хүн ч их үзсэн. Гэтэл 2011 оноос хойш байхгүй.  Энэ балетаар би 2007 онд БСШУЯ-наас шилдэг уран бүтээлчийн шагнал хүртэж байсан юм. 
-Энд нэг гогцоо байна уу даа?
-Яагаад тоглоогүйг нь мэдэхгүй ээ. Эсвэл манайх тийм баян театр юм уу. Нэг юм хийгээд, тайз, хувцас бэлдчихээд тоглуулахгүй байгаа нь сонин. Олон хүнд хүргэх тусмаа л сайн баймаар юм. Хэрэв А.Батдэлгэр хачин юм хийчихсэн бол хүн үзэхгүй л дээ. Урын сандаа батлаад оруулчихсан юмаа дараа нь тоглуулахгүй байгаа нь хачирхалтай.
-Энэ шийдвэрийг хэн гаргах вэ?
-Уран сайхны зөвлөлийн гишүүд.
-Сүүлд нэлээд шинэчлэл хийгдсэн ч уран сайхны удирдагчаа халснаар байдал өөр тийшээ эргэсэн байх даа.
-Их аятайхан болгож байсан ч болиулчихлаа.
-ДБЭТ дотор ер нь юу болоод байна вэ?
-Өөрсдөө юм гаргахгүй хэрнээ хүний юмыг дардаг бүлэг байна аа. Би тэрийг нь мэдэхгүй яваад орчхож. Намайг Уран сайхны зөвлөлийн гишүүн байхад тоглоод байсан хэрнээ больчихонгуут л хаачихсан. Сонирхолтой байгаа биз. Би хэнд ч хахууль өгөөгүй, гуйгаагүй, мөнчигрөөрөө явж байгаад босгыг нь даваад орчихсон юм.
-Урлагт ийм муухай юм байж болох юм уу?
-Болж байна, одоо. Уран бүтээлч хүн рүү хэрхэн угаадас цацдагийг яс махаараа мэдэрлээ. Гэхдээ бүлэглэсэн ч гэсэн юм хийдэг хүнийг яаж ч чадахгүй л дээ. Ингэж дарснаараа тэд зөвхөн намайг хохироохгүй. Тэгж бодвол том эндүүрэл. Үнэндээ үндэсний сонгодог урлагийн хөгжилд ноцтой саад учруулж байгаа юм. Дандаа алдар гавьяатнууд, зарим нь бүжгийнхэн байгаа шүү дээ. Гэхдээ тэд хүний хажууд юм хэлж чаддаггүй содон авьяастай. Байхгүйд нь ярилцаж, шийддэг.
-Энэ чинь муу болохоор тоглохгүй ээ гээгүй байх нь ээ?
-Янз бүрийн шүүмжлэл байж болно, би хүлээж авна шүү дээ. “Гэсэр номун хаан”-ыг тоглохоос өмнө дотоод хяналтад ороод ихээр шүүмжлэлд өртөөд би сэтгэлээр унаж байлаа. Гэхдээ нөхдүүд болохгүй зүйлсийг минь хэлж өгсөн. Өөрөө санхүүжилтээ олж тоглуулах гэж байсан болохоор баахан мөнгө төгрөг үргүй зарах нь гээд айж л байлаа. Гэтэл маргааш нь Б.Жамъяндагва багш орж ирээд хоёр гуравхан юм хэлчхээд гараад явсан. Тэрийг нь засаад болчихсон.
-Алдар нэр, хөрөнгө мөнгө заримдаа хүнийг эвддэг. Харин хавчиж, шахсан энэ үйлдэл таныг илүү хурцалсан уу?
-Тэгнэ. Би юу гэж даруулаад нурмайгаад явах юм бэ. Би чинь тийм хүн биш. Хийж байгаагаараа харуулна. Зохих хэмжээнд нь хэлэх ёстойгоо хэлчхээд өөрийнхөө юмыг хийгээд л явна.
-Таныг мэргэжлийг нь эзэмшээгүй гэж гоочилдог байсан гэл үү?
-Би 52 настайдаа СУИС-ийн балетмейстерийн ангийг Б.Жамъяндагва багшийн удирдлаганд төгссөн. 62 настайдаа ХБК-ийн хөгжмийн зохиомжийн ангийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн удирдлаганд төгссөн. Юм хийлгэхгүй, дипломгүй гээд гоочлоод байхаар нь сурсан хэрэг. Гэхдээ энд сурч байхад хүмүүс намайг хөгшин хүн гэж ялгаагүй ээ.
Балетын жүжигчин 20 жил бүжиглэдэг. Би 30 жил бүжиглэсэн. 29 жил бүжиглээд ДБЭТ-ын тайзан дээр 2001 онд МУГЖ Ганбаатарын Цолмонтой “Корсар”-ын па де де бүжиглээд СТА болсон. Бидний үед МУСТА болъё гэж, хэн ч боддоггүй байжээ. Насаараа ажилласан, тэтгэвэрт гарсан хүмүүсийн авдаг шагнал л гэж боддог байсан. Би түүний дараа 2002 он хүртэл бүжиглээд больсон. Үүгээрээ өөрийгөө магтах гэсэнгүй ээ. Биднийг багш нар маань ингэж сайн сургажээ гэдгийг л хэлэх гэсэн юм.

А.Батдэлгэр Б.Асафьевын “Бахчисарайн ориглолт булаг” балетын Вацлав, П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын хаан хүү Зигфрид, “Щепкунчик” - ын хаан хүү Щелкунчик, Аданы “Жизель” - ын Альберт, “Корсар” - ын боол, Э.Чойдог “Мөнгөн залаа” - ын Алтан хүү, Мөнгөн хүү, “Шарилжин дундах цэцэг” - ийн Галт,Зэв, Ж.Чулууны “Уран Хас” - ын Уран Хас, З.Хангал “Эрдэнэсийн уулс”- ын Уулын эзэн зэрэг 20 гаруй балетын гол дүрүүдийг дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бүтээж, мөнхийн бүтээл болгож чадсанаас гадна өөрийн багш ардын жүжигчин О.Ганбаатарын тоглож байсан бүх гоцлолуудыг өвлөн залгамжилж тоглож ирсэн.

 

Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2002 оны арванхоёрдугаар сарын №77 тоот тогтоолоор аймгийн иргэдийн санал хүсэлтийг үндэслэн зохиолын дуунуудаас “Тэмээн сүргийн говь” дууг сонгон аймгийн дуу болгон баталсан түүхтэй.

Улмаар МУГЖ Г.Эрдэнэбат, МУАҮГА техникийн ухааны доктор Ц.Даваацэрэн, МУАҮГА Д.Даваасамбуу, “Тэд Мэнт” группийн захирал Ч.Болдбаатар, “Түшээ говь” ХХК-ийн захирал Ө.Энхтүвшин, “Хүссэн зүг” ХХК-ийн захирал Н.Цэндээхүү, РСЦ компанийн зөвлөх Н.Батцэнгэл, ТХАГруппийн ерөнхий менежер Н.Баттулга нарын дэмжлэгтэйгээр хотын төвдөө “Тэмээн сүргийн говь” дуунд хөшөө босгож, хөгжмийн зохиолчийг урьж оролцуулж хүндэтгэл үзүүлсэн байдаг.

Энэ бүхэнд маш их талархаж явдгаа А.Батдэлгэр ах болон түүний гэр бүл, үр хүүхдүүд манай сониноор дамжуулан уламжиллаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com