Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дампууралтай айлссан Монголын кино театрууд

 Гаднах анонсоо солиогүй гурван сар болж байгаа “Өргөө” кино театрын үүд сэлүүхэн, төлбөртэй зогсоолын хаалт нь ч ажиллаагүй удсан бололтой. Хүүхэд, залуусын хөл хөдөлгөөн, попкорны үнэр, цахилгаан тоглоомын чимээ гээд кино театрыг сануулах зүйл юу ч алга.
Төрөөс кино урлагийн салбар, кино театрыг дэмжсэн “энхрийлэл” үгүй ч бор зүрхээрээ алдаж, онож, өндийж яваа нь энэ салбарынхны гавьяа. Гэтэл үзэгчгүй танхим, хэрхэх нь тодорхойгүй нөхцөлтэйгээ эвлэрч суугаа тэд одоо хэнд ч гомдоллох билээ.
“Дэлхий даяар энтертайнмент, кино урлагийн бизнес хүнд байдалтай байна. Хятадад гэхэд 70 мянган кино театр хаалттай байгаа. Эхний хоёр сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдээлсэн. Манайд л гэхэд 20 кино бэлэн болчхоод хүлээж байна. “Single ladies4”, “Хар сувдны нууц” гээд багадаа 200 саяас тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдсэн бүтээлүүд. Монголын кино театруудын “галын шугаманд” 1000 хүн ажилладаг. Тэдний цаана 1000 гэр бүл бий. Кино театрыг дагасан жижиг бизнесээс гадна энд киногоо гаргадаг студи, продакшнуудын ажилтнуудын тухай яривал бүр их тоо гарна. Үзвэр үйлчилгээний газар болох кино театрын НӨАТ, ХАОАТ-аас чөлөөлөх байдлаар дэмжих боломж бий. Ажлын байраа хадгалбал ажилтнуудад олгох 200 мянган төгрөг ч хэрэгтэй байгаа. Бид хорио тогтоосноос хойш гурван сар нам суулаа. Цаашид энэ хорио сунгагдаад л байвал кино театрууд дампуурахад бэлэн байна” хэмээн Icinema-гийн захирал Х.Жигжидсүрэн ярилаа.
Үнэхээр л өдөр тутмын үйл ажиллагаанаасаа санхүүжиж, өдөр, цагаар ажлаа төлөвлөдөг тэдний хувьд 100 өдрийн тасалдал том гамшиг болж байгаа. Эрүүл мэндээ хамгаалж, цар тахлыг даван гарах нь юунаас ч илүү чухал болохоор яалт ч үгүй алдагдлаа тэд үүрнэ.
 Киног үзэгчийн хүртээл болгож түүнийгээ томоохон бизнес болгон ашигладаг газар бол кино театрууд юм. Улаанбаатар хотын залуус жилд дунджаар 1-4 удаа үүгээр үйлчлүүлдэг. Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүннү, Гэгээнтэн гээд болзооны цэг болсон кино театруудад жилд дунджаар 40 орчим монгол кино гардаг. Үүний зэрэгцээ гадаад үзвэрээ тасралтгүй хүргэж, соён гэгээрлийн үүрэг хүлээдэг кино театруудыг тусгайлан анхаарах цаг нь нэгэнт иржээ. Өмнө нь тэд орлогоороо бизнесээ хөгжүүлж, ажлын байр бий болгож, соёл, гэгээрлийн үйл ажиллагаа явуулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тэгвэл одоо санаж сарвайх Төрөөсөө ганц удаа ч болсон дэмжлэг хүртэхийг горилон сууна. Монголын бүх кино театр хувийн статустай. Улсын харьяалалтай мэргэжлийн урлагийн байгууллагууд үзэгчдэдээ зориулж тоглолт хийхгүй байсан ч төсвөөс уран бүтээлчид нь цалингаа авчихна. Харин хувийн хэвшлийнх нь үгүй. Орлого байхгүй бол бүх зүйл өнгөрөх нь тэр.

Энэ өдөр кино театрын түүх эхэлсэн

 1894 онд Алдарт зохион бүтээгч Томас Эдисоны зохион бүтээсэн кинотоскоп арван ширхгийг суурилуулсан үзвэрийн газар АНУ-ын Нью-Йорк хотод байгуулагджээ. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн анхны кино театр болсон гэдэг. Дараа жил нь ах дүү Люмьер Парисын үзэгчдэд “Ла Сиотод галт тэрэг ирсэн нь” хэмээх анхны кино үзвэрээ толилуулснаар кино урлагийн албан ёсны анхны шанг татсан гэж үздэг. Өртөөнд галт тэрэг ирж, зорчигчид бууж, сууж буйг дэлгэцнээ харуулсан 50 секунд үргэлжлэх кино дүрснээс айж ширвээтсэн үзэгчид танхимаас зугтан гарч байсан тэр өдрөөс 100 гаруйхан жил өнгөрөхөд 593 минут буюу 9.8 цаг үргэлжилсэн уран сайхны кино хүртэл бүтээгдэж, оргүй хоосноос улс гүрэн, сансар огторгуйг бүтээн байгуулж дэлгэцнээ сүндэрлүүлсэн ч үзэгчдийн гайхшралыг үл төрүүлэх болтол сэтгэлгээ, технологи ч хувьсан өөрчлөгджээ.
Анхны кино гарснаас хойш ердөө 15-20 жилийн дараа гэхэд хоёр цаг үргэлжлэх, өндөр өртөгтэй туульсын кинонууд Италид хийгдэх болсон түүхтэй. 1914 онд Италид хийгдсэн Кабириа кино АНУ-ын ерөнхийлөгчийн урилгаар Цагаан ордонд хүртэл нээлтээ хийж байсан гэдэг.
Кино урлагийн үүслээс эхлээд кино театр бол кино түгээлтийн гол хэрэгсэл байсаар ирсэн. Өдгөө киног өргөн дэлгэцээр буюу кино театрт үзэх нь соёл, хэв маяг болтлоо боловсронгуй болж киног түгээх, үзэгчдэд хүргэх бусад хэрэгсэл болох телевиз, гэрийн видео зэрэгт тийм амар зайгаа тавьж өгөхгүй нь тодорхой байна.
Өнгөрсөн жил борлуулалтаараа тэргүүлсэн “Avengers” уран сайхны кино л гэхэд 2.79 тэрбум ам.долларын ашиг кино театраас олсон байна. Кино театраас олсон орлогоороо дэлхийд АНУ тэргүүлж, Канад удаалдаг бол Хятад тэдний дараа бичигдэх болжээ.

Монгол кино 84 настай

 Дэлхийн үзэгчид кинотой танилцсанаасс 41 жилийн дараа буюу 1936 онд манай улсад Оросуудын дэмжлэгтэйгээр “Монгол хүү” киног бүтээсэн нь анхны монгол кино болон түүхэнд тэмдэглэгджээ. Кино хэмээх шинэхэн урлагийг тухайн үед капиталист оронд бизнесийн хэрэгсэл гэж харж байсан бол социалист оронд үзэл суртлаа түгээн дэлгэрүүлэх зэвсэг хэмээн ач холбогдлыг нь онцгойлон үнэлж байсан. Тэр л жишгээр манай улсад кино үйлдвэр байгуулагдаж, хоёр улсын гэрээгээр кино мэргэжилтнүүдийг хөрш ЗХУ-д сургаж бэлтгэх зэргээр кино үйлдвэрлэл, урлаг бүхэлдээ төрийн мэдэлд байлаа. Кино үйлдвэр байгуулагдсанаас хойш эхний 20 жилд “Сүхбаатар”, “Ардын элч” зэрэг эх орон, хувьсгалын сэдэвтэй кинонууд зонхилж жилд 2-3 кино хийгддэг байсан бол 1960-аад оноос хойш кино үйлдвэрлэл улам эрчимжиж жилд 5-8 кино гарах болжээ. Энэ үед социализмын бүтээн байгуулалт, ажилчин анги, нэгдэлжих хөдөлгөөнийг сууриа болгосон “Хүргэн хүү”, “Тунгалаг тамир” зэрэг кинонууд хийгдэж байлаа. Энэ хугацаанд Д.Жигжид, Р.Доржпалам зэрэг монгол киноны урт хугацааны түүхийг бичилцсэн авьяаслаг найруулагчид төрөн гарсан. 1980-аад оноос харин монголын кино урлагт цоо шинэ уур амьсгал орж ирсэн гэж судлаачид үздэг. Тэр үеэс Б.Балжинням, И.Нямгаваа, Г.Жигжидсүрэн, Ж.Сэлэнгэсүрэн зэрэг найруулагчид кино үйлдвэрт ажиллах болж “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай”, “Тан руу нүүж явна”, “Илүү сартай зун” зэрэг сэтгэлийн уянга, драмт кинонуудаа бүтээжээ. 1980 оны сүүлч 1990 оны эхээр “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг түүхэн томоохон кинонууд төрөн гарахын зэрэгцээ “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс” зэрэг хурц шийдэл бүхий арт хаус өнгө аястай кинонууд хийгдэж байв. Харин 1990 оны дундаас хойш кино үйлдвэр хувьчлагдсан шахуу болж Монгол кинон дахь төрийн үүрэг хумигдсан. Даваа нугачааг туулж, дур сонирхол, итгэл сэтгэлээрээ киночид жижиг цучлыг ч гал болгох гэж хичээсээр өдий хүргэсэн билээ.
2003 онд орчин үеийн шаардлагад нийцсэн “Тэнгис” кино театр нээгдэж, 2009 онд хуучны “Өргөө” кино театр мөн шинэчлэгдсэнээр цаг өөр болсон. Удалгүй “Өргөө 2”, “Соёмбо” зэрэг кино театрууд үүдээ нээж, сүүлийн үед харин орон сууцны томоохон хороолол, их дэлгүүрүүдийг дагасан “Хүннү”, “Гэгээнтэн” зэрэг кино театрууд шил даран нээгдэж байна. “Өргөө”-гийн шинэ салбар “IМAX” нэртэйгээр Шангриллад байдаг бол хамгийн сүүлд “Зайсан хилл”-д шинэ кино театр үзэгчдээ угтсан. Юутай ч кино театрууд оршин тогтнож байж л дотоодын зах зээлд үйлдвэрлэгдэн гарч буй киног түгээх сүлжээ, тогтолцоо нь бүрэлдэж байгаа. 500 орчим видео студи бий гэсэн баримжаа байдаг. Сүүлийн жилүүдэд тоо нь нэмэгдсээр байгаа ч тэдний бүтээлийн цэг нь кино театр л байх болно.
Айлын эзэн, өрхийн тэргүүн болсон Төр маань Монголын кино урлагийн салбараа алсаас нэг саравчилбал кино театр хэмээх өргөөгүйгээр дотоодын киночид хэцүүдэхийг нэг бодолцоосой. Энэ кино театрууд төрийн мөнгөнөөс өчүүхнийг ч хүртэлгүй, өнөөгийн өнгө төрхөө олсон юм шүү. Хадгалж, хамгаалах үүргийг харин хүнд цагт хамтдаа үүрэхийг л хүсье.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com