Уран нугараач Э.Лхагва-Очиртой ярилцлаа.
-Циркчин Лхагвыг гадаадын иргэн болох нь гэж “харамлаж” байгаа хүн олон байна. Одоо хаана амьдарч юу хийж байна вэ?
-Би Улаанбаатар хотдоо гэр бүлийнхээ хамтаар амьдардаг шүү дээ. Гэхдээ сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн олон улсад ажиллалаа. Дэлхийд алдартай “Нарны цирк”-ийн Мөсний шоу буюу Болор шоунд 2017 оноос хойш ажиллаад короногаас болоод хөл хорио ч боллоо, миний гэрээ ч дууслаа. Тэгээд эх орондоо ирчихсэн байна. Ер нь Монголдоо ажиллая гэж бодоод гэрээгээ сунгаагүй. Учир нь манай шоу долоо хоног бүр нүүдэг, тэр дундаа улс дамнаж нүүдэг учраас гэр бүлтэй хүн хэдэн жилээр тэгж амьдрахад хэцүү л дээ. Би ажилласан хоёр жил гаруй хугацаандаа Хойд Америк, Канад, Мексикээр нүүж, 2020 он гараад Орос, Украин гээд зүүн Европоор явлаа. Саяхан Их Британи, Шотландаар тоглож дуусаад вирус дэгдэж манай ажлыг цуцалсан. Ажиллаж байсан улс маань ч бас олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд хориг тавьсны дараа ажлаа дуусгаад Монголдоо ирээд байна.
-“Нарны цирк” бол дэлхийн хамгийн алдартай цирк. Тэднийхтэй анх яаж холбогдсон түүхээсээ хуваалцвал сонин байх болов уу?
-Би хэдэн жилийн өмнөөс материалаа явуулсан юм. Энэ цирк өөрсдийн жүжигчдээ авдаг вэбсайттай. Энэ вэбсайтад нь өөрийнхөө профайлыг үүсгээд мэдээллээ оруулсан байсан л даа. Тэгээд ямар ч хариу ирээгүй байж байснаа 2017 оны хавар надтай холбогдсон. Фэйсбүүкээр холбогдож миний Youtube-д байршуулсан бичлэгийг явуулж намайг мөн эсэхийг шалгасан. Ингээд өөрийнхөө мөн болохыг баталтал “Нарны цирк”-ээс холбогдож шинэ шоу нээх гэж байгаа гэдгээ хэлсэн. Тэр шоу нь уран гулгалт цирк хосолсон үзүүлбэртэй анхны шоу гэсэн. Мөсөн дээрх шоу. Гэхдээ миний үзүүлэх үзүүлбэр нь сандлын тэнцвэр гэдэг төрөл. Хамтарч ажиллах хүсэлтэй байна гэж албан ёсны мэйл дараа нь ирсэн.
Сайхан хэрэг байна шүү. Шууд л зөвшөөрсөн биз дээ?
-Мэдээж миний мөрөөдөл байсан учраас зөвшөөрсөн. 2017 оны зургадугаар сард “Нарны цирк”-ийн төв оффис Канадын Квебек мужийн Монреаль хотод очоод гурван сар бэлтгэл хийсэн.
-Монголд мөсөн дээр гулгаж байсан уу. Мөсөн дээр сандалтай тэнцвэрийн үзүүлбэр үзүүлнэ гэхээр очоод айж байв уу?
-Өмнө нь мөсөн дээр гулгаж байгаагүй ээ. Тэнд очоод бэлтгэлийн гурван сарын хугацаанд ч тийм сайн гулгаж сураагүй. Өмнө нь циркийн шал, манеж гэх мэт зүйлсийг л хардаг байсан бол мөсөн дээр байхдаа доошоо харахад цав цагаан харагддаг. Тиймээс сандал дээр гараад доошоо хараад цэгээ олох, тодорхойлоход тэс өөр. Баримжаа авахад их төвөгтэй байсан. Анх очоод хүйтэн, халуунд дасах, мөстэй “учраа ололцох” нэлээд том шалгуур давсан. Долоон давхар сандал дээр байхад гэрэл өгөхөд мөсний өнгө бас өөр харагддаг. Амьдралдаа анх удаа долоон метрийн өндөрт гараад харахад маш гайхамшигтай байсан. Шантармаар ч санагдаж байсан үе бий. Би юунд гарын үсэг зураад ирэв ээ гэж ганц хоёр удаа дотроо бодож байсан шүү. (инээв)
-Яаж тэр айдсыг даван туулав?
-Яалт ч үгүй хүүхэд насны мөрөөдөлдөө хөтлөгдсөн учраас шантрах зам байгаагүй. Олон улсад нэр төртэй байя гэж бодсон. Эхлээд шоундаа ганцаараа монгол хүн байсан. Тиймээс би ухарвал араас ирэх монгол хүмүүсийг тэнд авахгүй шүү дээ. Тухайн үеийн мэдрэмж, айдас, баяр баяслыг ярих хамтрагч байгаагүй. Ганцаараа байсан учраас хүнд байсан санагддаг. Гэхдээ тухайн үед өөртэйгөө яриад зоригжуулаад даваад гарсан. Өдөрт 6-7 цагийн бэлтгэл хийдэг байлаа. Манайхаас нэг циркчин залуу жилийн дараа ирсэн.
-Эхний удаа мөсөн тайзан дээр гарахад ямар байсан бэ?
-Шоу бэлэн болоод тоглолт эхлэхэд би бүр ядаргаанд орсон байсан. Айдас, сандралаа давахын тулд өдөрт 7, 8 давхар сандал дээр гарна гэдэг амаргүй. Сандал дээрээ зүгээр ч нэг гардаггүй, тодорхой минутын турш, хөгжмийн дагуу тааруулж хийх ёстой байдаг. Анх гараад хөгжмийнхөө аянд амжаагүй. (инээв) Сандлынхаа хаана гишгэвэл унахгүй байх, хаанаас барих вэ гэж бодон харьцаж байгаа аппарат хэрэгсэлтэйгээ танилцах үе байсан. Бараг жил гаруй хугацаанд өдөр бүр тоглодог ч гэсэн үргэлж түгшүүртэй, аз сорьсон санагддаг байсан. Жил гаруйн дараа л түгшүүр багасч өөртөө суулгасан даа.
-Мөсний шоуныхаа тухай товчхон яриач?
-Мөсний шоунд орон орноос ирсэн уран бүтээлчид оролцдог. Нийтдээ 40-50 жүжигчин цуглуулж бэлддэг гэсэн үг. Мөсний шоуны жүжигчин бүрийн чадвар сайн байх ёстой. Тиймээс бид мэргэжлийн багш нараар гулгалтын хичээл заалгасан. Бүх шоу мөсөн дээр учраас энгийн үед тэшүүр өмсч бусад үед нь хадаастай гутал өмсч мөсөн дээр явдаг. Миний үзүүлбэр найман метрийн өндөрт өрнөдөг. 23 орны 25 уран гулгагч, 25 акробатчин гурван сарын хугацаанд бэлдээд 2017 оны аравдугаар сард АНУ-ын Луйзанад нээлтээ хийсэн. Нээснээсээ хойш 2020 оны гуравдугаар сарын дунд хүртэл 740 орчим шоу хийсэн байна. Тоглолтын өмнөх бэлтгэл зэргийг оруулаад би үзүүлбэрээ 3500 удаа хийжээ. Гэхдээ 740 орчим нь тайзан дээр тоглолтоо үзүүлсэн гэсэн үг. Мөн бид Америк, Канад, Мексик, Орос, Беларусь, Украин, Их Британи, Шотланд улсуудаар явсан. Хойд Америкт л гэхэд 84 хотоор явж тоглосон. ОХУ-ын Москва, Санктпетербург, Казань зэрэг зургаан хот, Канадын 20 гаруй хот, Мексикийн дөрөв, Их Британийн таван хотоор аялан тоглолтоор явжээ. Их Британийн долоон хотоор явах байсны хоёр хотынх нь шоу вирусийн улмаас цуцлагдсан.
-Тоглолтын ачаалал их байдаг юм шиг санагдлаа...
-Дунджаар долоо хоногт долоон тоглолттой. Даваа, мягмар гарагт амраад амралтын өдөрт хоёр удаа тоглодог. Том хотуудад бол өдөрт гурав тоглодог. Нэг хотод долоо хонох хуваарьтай. Өглөө очоод бэлтгэлээ хийнэ. Бид өөрсдийн үзүүлбэрийг гүйцэтгэхээс гадна маш олон хүний үзүүлбэрт тусалдаг. Олны болон найруулгын хэсэгт гардаг. Би гэхэд л сандлын үзүүлбэрээс гадна хувцсаа сольж, тайзан дээр таван удаа гардаг дүртэй. Тиймээс үндсэндээ тоглолт эхэллээ л бол ямар ч зогсолтгүйгээр ажилладаг. Тоглолт эхэлтэл бэлтгэл ажил ихтэй. Мөн зарим өвдсөн хүмүүсээ орлох ажил ч гарна.
-“Нарны цирк” дэлхийд нэгдүгээрт бичигддэгийг ихэнх хүмүүс мэдэх байх. Гэхдээ гал тогоонд нь ажиллахад ямар бол?
-“Нарны цирк” 1984 онд байгуулагдсан. Анх Гий Лалиберте гэж хүн үүсгэн байгуулсан. Энэ хүн гудамжинд цирк үзүүлж байгаад найзуудтайгаа хамтарч Cirque du Soleil гэж “Нарны цирк”-ийн шоуг нээсэн юм билээ. Дуу хөгжим нь бүгд амьд, театрын тоглолтыг цирктэй хослуулснаар бүрэн утгаар нь урлагийн өндөр түвшинд аваачиж олон нийтэд таалагдаж амжилтад хүрсэн гэдэг. Нарны цирк дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Мөн 60 өөр шоуг өөрсдөө хийж бэлдэж гаргасан. Дэлхийг тойрч аялж байгаа 16 шоу, суурин буюу Лас Вегас, Берлин, Орландо болон Хятад гээд 10 орчим суурин шоутай. Энэ шоунууд нь бүгд өөрийн онцлогтой. Манай шоу мөснийх гэж байхад зарим нь усных байх жишээтэй. Бүгд томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглодог. Нэг оройдоо л гэхэд дунджаар нэг шоуг 5000-7000 хүн үздэг. Үзэгчид нь жилийн өмнө тасалбараа захиалдаг байх жишээтэй. Монреаль хотын төв оффист 5, 6 жилийн өмнө гэхэд 3000 хүн ажилладаг байсан гэсэн. Зөвхөн манай шоунд жүжигчин, техникийн ажилчдыг оруулаад 100 гаруй хүн ажиллаж байна. Шоу бүр өөрсдийн гэсэн гал тогоотой буюу тогооч нар бидэнд өдрийн гурван хоол хийж өгдөг. Мөн бидний хувцас хэрэглэл, нүүр будалтыг засч янзалж, хувцас угааж индүүдэж, оёж шиддэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хувцасны баг байдаг. Гэрэл техник, аппарат хэрэгслийг хариуцсан техникийн баг бас байна. Манай шоуны арын албанд 50 орчим хүн ажиллаж байна. Очсон газраа шалаа бэлдэж мөсөө хөлдөөгөөд тайзаа барьж бүх зүйлээ карказнаас дүүжилж тогтоогоод шоугаа хийдэг. Очсон газар бүрт гэрэл хөгжим гэх мэт бүх зүйл ижил байдаг. Учир нь бүхнийг компьютерээр хэмжиж тохируулдаг. Манай шоу 25 ачааны машинд хувцас хэрэгсэл, гал тогоо, бүх зүйлийг ачиж явдаг.
-Манай улсаас танаас өөр хэр олон хүн “Нарны циркт” ажилладаг вэ?
-Монголын нэлээд хэдэн жүжигчин байгаа. Мөн өөрсдийн төрөлдөө монголчууд чадвараараа өндөрт тооцогддог. 2000 он гарснаас хойш нэлээд хэдэн жүжигчин орсон. Лас-Вегасын усны шоунд найман уран нугараач байна. Манай Мөсний шоунд Б.Одгэрэл гэж акробатчин надтай хамт тоглож байна. Тэгэхээр 20 орчим жүжигчин байгаа байх. Би “Нарны цирк”-т эрэгтэй соло үзүүлбэр үзүүлсэн анхны Монгол эрэгтэй жүжигчин.
-Жүжигчдийн цалин хангамж мэдээж сайн байх?
-Компани жүжигчин бүртэй хувьчилж гэрээ хийдэг. Тухайн хүний шоунд гүйцэтгэж байгаа үүргээс шалтгаална. Мөн “Нарны цирк”-т хэдэн жил ажилласнаас хамаарч цалин нь өсдөг.
-Өөрийн тань бодож байснаар таныг үнэлж чадсан уу?
-Сайн байсан. Хүн гэдэг давруу юм болохоор байнга илүү зүйл хүсч байдаг. Мөн үүнээс гадна циркийн хангамж байдаг. Тухайлбал амралтын мөнгө өгөх, хотоос хотын хооронд нүүсэн гэж урамшуулал өгөх гэх мэт зүйлс нь их таалагддаг. Хангамж тал дээрээ маш сайн компани. Компани гэртээ орох хүртэлх зардлыг өгнө. Өөрөөр хэлбэл онгоцны буудлаас таксигаар явах, илүү ачааны мөнгө төлвөл буцааж олгодог.
-Дэлхийн номер нэг цирк бас ийм хангамжаа яагаад үргэлжлүүлэхгүй хүрээд ирэв?
-Би эхнэр гурван хүүхэдтэй. Циркийн ажил долоо хоног бүр нүүдэг учраас энэ хугацаанд эхнэр хүүхдүүдээ байнга авч явах боломжгүй. Манай том охин сургуульд явдаг. Ихэвчлэн зочид буудалд байрлана. Ингэхээр гэр бүлийн амьдралын эрх ашиг зөрчигдөж байна. Аяллаа гэхэд гэр бүлийнхээ хүмүүсийн зардлыг би даана. Тэгэхээр энэ шоуны үеэр хамт аялна гэж байхгүй. Харин Лас Вегасынхтай адил суурин шоунд байсан бол гэр бүлтэйгээ хамт байх боломжтой. Ийм шалтгаанаар түр хугацаанд завсарлаж байна.
-Гэр бүлийнхнээ тухай ярина уу?
-Манай хүүхдүүд 7, 4, 2 настай. Ажиллаж байхдаа гэр бүлтэйгээ Америкт хэсэг амьдарсан. Компани онгоцоор нүүж байхад би машинаар гэр бүлтэйгээ нүүхэд үнэхээр амжихгүй шүү дээ. (инээв) Манай эхнэр уран бүтээлч, хэл соёлын мэргэжилтэй, сүүлд жүжигчин болсон. Бид хамтдаа агаарын номер тоглодог байсан. Одоо хүүхдүүдээ харж байна.
-Таны дараагийн мөрөөдөл тань юу вэ?
-Уралдаан, тэмцээнд орох сонирхолтой бэлдэж байна. Миний үзүүлдэг номер Монгол Улсад түүхэндээ гурав дахь удаагаа л хийгдэх гэж байгаа. Хүн бүр хийгээд байдаггүй. Хэдий чадвартай ч үүнийг хийх зүрх, зориг хэрэгтэй байдаг. Өндөрт гарахдаа аврах бүстэй, бүсгүй янз бүрээр хийх тохиолдолд амь нас л яригдана. Тиймээс хийх хүн нь хязгаарлагдмал. Тийм учраас энэ үзүүлбэрэрээ Монголоо, Монголын циркийг сурталчилж олон улсын уралдаан тэмцээнд оръё гэсэн бодолтой байна.
-Ирээд сурсан мэдсэнээ яаж хүмүүст үлдээж хүргэнэ гэж бодож байна вэ?
-Мэдээж шавь бэлдэнэ. Хүн бүр өөрсдийн гэсэн арга барилтай. Жишээ нь би өөрийн туршлага дээрээ үндэслээд шавь бэлдэнэ. Мэдээж багшаасаа өвлөж авч үлдсэн зүйлийг заана. Гадны жүжигчид энд багшлаад, заагаач гэж хэлдэг. Гадаадад боловсон хүчин их дутагдалтай байдаг юм билээ. Тэр дундаа циркийн нарийн мэргэжил буюу солист номер үзүүлдэг хүмүүс цөөн. Солист номер бүх юмыг өөрөө хийдгээрээ онцлогтой. Хэн нэгэн орлож хийх боломжгүй. Тухайн хүнээс асар их ур чадвар, хөдөлмөр шаарддаг тул нарийн мэргэжлээрээ маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байх шаардлагатай. Маш олон жилийн бэлтгэл шаарддаг. Гэхдээ зөв хүнийг бэлдэх нь маш чухал гэдгийг ойлгож авсан. Сурах хүн чин зориг хүсэлтэй байх хэрэгтэй. Мэдээж авьяас ч хэрэгтэй. Хүсээгүй, авьяастай байгаад нэмэргүй. Олон техник арга барил хийхэд толгойгоо ажиллуулж байж биеэ удирддаг. Ингэж л дэлхийд алдартай уран бүтээлч гарч ирнэ.
-Та хэдэн жил циркээр хичээллэж байна вэ?
-Есөн настайгаас циркээр хичээллээд 23 жил болсон байна. Миний хувьд цирк, тэнцвэрийн чиглэлд оройтож орсон. Одоо бол хүүхдүүд 5, 6 настай ордог болсон. Зөвхөн цирк гэлтгүй бүх урлаг спортод эрт хөл тавьдаг.
-Мэдээж ийм хэмжээний циркчин байхын тулд өөрт заяасан зан чанар нөлөөлдөг байх. Энэ амжилтад таныг юу хүргэсэн бэ?
-Миний хүсэл, сонирхол. Циркт багаасаа ухаангүй хайртай байсан. Хүн дургүй юмандаа явдаггүй. Дуртай зүйлдээ дэмжлэггүй байсан ч явдаг. Мөн би багаасаа их сониуч байсан. Юмыг янз бүрээр сонирхож туршиж үздэг. Ганцхан уран нугаралтыг оролдохгүйгээр циркийн зургаан жанраар бүгдээр нь оролдоод үзсэн.
-Та ямар зан чанартай хүн бэ?
-Дуртай зүйлдээ л шаргуу байх. Бас маш сайн хүний шавь болсон. Ардын жүжигчин Б.Норовсамбуу гуай манай багшийн ууган шавь, би отгон нь. Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш гэж хүн байсан. Багшаасаа долоон жилийн сургалт авсан. 2004 онд бид Монте Карлод болсон хүүхдийн тэмцээнд явж хүрэл медаль авч ирээд удалгүй багш маань өөд болсон доо. Бидний анхны гараа их томоор эхэлсэн. Монте Карло бол циркийн тэмцээний хувьд хамгийн том тайз. Цаашид юу хийх вэ, одоо юу хийж чадах уу, ямар боломж байна, хүнд ямар потенциаль байна түүнийг ашиглая гэж боддог, тийм уриатай. Би амьдралдаа юу хийж бүтээж чадах вэ түүнийг хийе гэж боддог.
-Чөлөөт цагаараа юу сонирхож, хийдэг вэ?
-Дуу хөгжимд сонирхолтой. Спортын хувьд хөл бөмбөг, тулааны спортод дуртай. Сүүлийн хэдэн жилд боловсролдоо түлхүү анхаарч байна. Өөрийгөө боловсруулъя, англи хэл сурсан бол үүнийгээ мэргэжлийн түвшинд хүргэе, орос хэл сурч байгаа бол үүнийгээ хурдан суръя, турк хэл суръя гэх мэт олон бодол байдаг. Одоогоор англи хэл гэрээрээ бие даан сурч байна. Оросоор ойр зуур ярьж байна. Өөр нуугдмал авьяас юу байна, нэгэнт л урлагийн хүн учраас ирээдүйд ямар уран бүтээл хийх вэ гэж боддог. Байнга эрэл хайгуул хийдэг гэх үү дээ.
-Эхнэр хүүхдүүдээ яаж эрхлүүлдэг вэ?
-Гэртээ home party хийдэг. Хүүхдүүдтэйгээ тоглож, морь болно, бэлтгэл хийлгэнэ, йог хийлгэнэ. Аль болох идэвхтэй байлгахыг боддог. Мөсний шоунд ажилласнаас хойш хүүхдүүддээ тэшүүр авч өгсөн. Хүннү молл явж тэшүүрээр гулгуулах гэж байгаа.
-Яаж тань шиг ийм идэвхтэй, эрэл хайгуулч байх вэ?
-Үүнд нэг л хариулт бий. Ерөөсөө зорилготой л амьдрах хэрэгтэй. Зорилготой бол зорилгынхоо төлөө амжиж хийх гэж амьсгаадаад явна. Жаахан цаг гарвал хэрэгтэй зүйлээ уншаад, интернэтээр эрэл хайгуул хийгээд эсвэл дуртай зүйлдээ цагаа зарцуулах хэрэгтэй. Амьдралд үнэ цэн өгөх хэрэгтэй л гэж боддог.
-Та ямархуу аав бэ?
-Би өөрийгөө хөгжилтэй аав гэж боддог. Тоглоомч наргианч, энтертэйнмент аав шүү. Бас хөгжилтэй нөхөр байх гэж бодож байна.
-Таны амьдралын үнэ цэн юу вэ?
-Миний амьдралын үнэ цэн бол гэр бүл минь. Мөн зорилгодоо хүрэх, хийж бүтээх. Зүгээр суумааргүй байна. Уран бүтээлч гэдэг урнаар бүтээдэг хүнийг хэлдэг. Цирк гэлтгүй урлагийн өөр өөр салбарт хүчээ үзье гэсэн бодол бас байна. Тухайлбал, кино урлаг, дуу хөгжмийн салбарт гэх мэт. Кинонд тогловол гол дүр бүтээхийг хүртэл хүсч байна шүү дээ. (инээв)
эх сурвалж :"Ардчлал таймс сонин"