Бага насаа бид бага дурсдаг болоо юу даа. “Та хамгийн анх ямар ном уншиж байсан бэ” гэж асуухад арай ядан санаж, тээнэгэлзэн хариулах юм. Гэхдээ хүүхэд насны гэгээн дурсамжийг сэргээсэн хэдэн асуултын дараа хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодрох нь таатай. Олны танил эрхмүүд бага насаа ийн дурсч байна. Та ч бас тэдэн шиг цаг хугацааг “ухрааж” дурсамжийн харгуйгаар аялаарай.
Ардын жүжигчин болсон Монхоон
Ардын жүжигчин Б.Жавзандулам гуайг өндөр хамартай болохоор нь үеийнхэн нь ийн хочилдог байжээ. Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн тэрбээр “Алтан загасны үлгэр”, “Улаан малгайт”-ыг хамгийн анх уншиж байжээ. Харин наснаасаа олон дуу дуулсан тэрбээр ямар дуунд онцгойлон дурладаг байснаа санасангүй. “Хүүхэд болохоор бүх л дууг дагаж дуулдаг байсан биз ээ” гэсэн юм. Эрэгтэй хүүхдүүд ээжийгээ илүү дуурайдаг гэдэгтэй тэр санал нэг байсан. “Хоёр хүү минь миний гэх бүх л араншинг дуурайсан. Намайг ямар хүн гэдгийг олон түмэн мэднэ” хэмээн ярьсан.
Тэрбээр эмээгийнхээ гэрт өссөн болохоор хүүхэд насны дурсамжаас нь хөгшин ээж нь уяатай. Эмээ нь гахай, тахиа тэжээдэг, мал ахуйтай ажилсаг нэгэн байжээ. Долоон нас хүртлээ эмээтэйгээ амьдраад гэртээ ирсэн гэнэ. Аав нь тухайн үедээ сангийн аж ахуйн дарга байсан учраас аавынхаа шинээр байгуулсан сургуульд суралцдаг байсан гэнэ. Б.Жавзандулам багаасаа л сайхан дуулдаг хүүхэд байсан учраас нь ах нь түүнийг дагуулан хотод авчирч, урлагийн хүн болгосон гэдэг.
Аав уртын дуучин болгоно гээд, би болохгүй гэж зөрүүдлээд л явж байлаа
Дуучин Э.Оюумаа 15 настайдаа дунд сургууль, 20 настайдаа СУИС төгссөн юм билээ. Түүний аавыг Д.Энхээ гэдэг. Алдарт алиалагч Данзангийн хүү, удам залгасан циркийн жүжигчин. Дуучин болох замд нь түүнийг аав нь хөтөлжээ. Охиноо тавдугаар ангид байхад нь Монголын хүүхдийн ордны уртын дууны дугуйланд оруулсан байна. Э.Оюумаа уртын дуу дуулахгүй гэж баахан зөрүүдэлсэн ч “Уртын дуу л дуулаад сурчихвал өөр ямар ч дууг дуулж чадна” гэж ятгаж байсан гэнэ. Тэрбээр Монголын хүүхдийн ордны Уртын дуу болон Шанзны дугуйланд сурч байгаад тэр жилдээ Өсвөрийн уртын дуучдын уралдаанаас шагнал авч урамшаад дуучин болохоор сэтгэл шулуудсан аж. Хүүхэд байхдаа хүртсэн анхны шагналын бай нь 1500 төгрөг байжээ. Аав нь түүнд хадгаламжийн данс нээлгэж, шагналыг нь хадгалуулж байсан нь бага насны сайхан дурсамжийнх нь нэг хэсэг.
Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлагийн бүхий л арга хэмжээнд оролцдог байсан энэ охин аавыгаа дагаж, циркийн байранд өнжих нь элбэг. Э.Оюумаа циркийн амьтдыг харах илүү дуртай байжээ. Аавынхаа сургаж, тоглуулдаг байсан илжгэнд байнга лууван аваачиж өгдөг байсан тухайгаа тэр ярьсан юм.
Малч удамтай хүү
Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Ардын жүжигчин А.Дашпэлжээ “Үл мэдэх нархан хотхонд очсон нь” номоор уран зохиолын далайд хөл тавьж, түүнээс хойш алдар суут зохиолчдын бүтээлийг амтархан уншдаг болжээ. Хурдан морь унаж, хурга ишиг хашиж өссөн болохоор тэрбээр өөрийгөө “хөдөөсөг” хэмээн тодорхойлсон. Түүний энэ занг хүүхдүүд нь ч өвлөжээ. Мал ахуйд хайртай, хөдөлмөрч болж торнисон тэднийгээ “намайг хуулсан хүүхдүүд” хэмээн тодорхойлсон юм.
Банзан ятгатай “сопран”
Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг Төв аймгийн Зуунмодод төржээ. “Кейт эгч” нэртэй сонгодог зохиолыг уншаад жүжигчин болох хүсэлтэй болсон гэдэг. Түүнийг багад С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр ид од болж байжээ. С.Мөнгөнцэцэг ч тэднийг дуурайж, хадаастай банзанд утас татаад ятга болгон тоглодог байж. Бас гавьяат жүжигчин Б.Энхбатын “Цэцэгчний хүслэн”-г даган дуулаад, “Их адилхан дуулж байна даа” хэмээн өөрийгөө тоодог байсан гэдэг.
Тэжээвэр усан гахайгаа таалал төгсөхөд хүний ёсоор оршуулж, дүү нараа командлан салах ёс гүйцэтгүүлж байснаа дурсаад тэр баахан инээв. Дунд сургуульд байхдаа ч биерхүү охин байсан төдийгүй сургуулийн шинэ жилийн тоглолт бүрт “Гандий мод” дууг дуулсаар Гандий мод хочтой болсон юм билээ. Энэ хочноосоо салахын тулд ангийнхныхаа өмнө уйлж байсныг багын найзууд нь уулзахдаа дурсан ярьдаг гэсэн.
Даруу хүн дандаа завгүй
Хөвсгөл аймгийн уугуул соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ч.Дагвадорж гуайн зохиосон олон сайхан дууг монголчууд мэднэ. Тэр дундаа “Ээж минь дээ” дуу нь хүмүүсийн сонорыг олон жилийн турш мялааж яваа билээ. Ч.Дагвадорж гуайн ээж нь түүнд онц сурахыг бус олны хүүхэдтэй эвтэй явахыг сургадаг байсан гэдэг. Бага насаа нутагтаа үдээд, том болох хүслээ тээсээр Улаанбаатар хотыг зорьж байсан тэр үеэ Ч.Дагвадорж гуай дурсахдаа “Нутаг минь сэтгэлээс мөнхийн уяатай байдаг. Холхон явбал нутгаа жигтэйхэн их санадаг. Тийм болохоор Дэлгэр мөрнийхөө чулуугаар хөөрөг хийлгэчхээд, хүмүүстэй тамхилж явдаг юм” хэмээн ярьсан. Багаасаа даруу, томоотой байсан тэрбээр дэгж, дэрвэж, сахилгагүйтэж байсан удаагүй гэсэн. Тэр ч бүү хэл “Бага залуу насандаа илүү их зүйлийг амжуулах байсан юм” гэж одоо ч харамсдаг гэсэн. Бага насны дурсамжтай нь хамгийн тод уяатай нь ээжтэйгээ хамт аргал түүж явсан нутгийн намхан бор толгод, цагаан дэрстэй, хужир шүүтэй хөндий гэнэ. Тэрбээр 15 настай байхдаа анхны шүлгээ бичсэн аж. 20 гарсан хойноо ахиж шүлэг бичихгүй гэж амлаад бүх шүлгээ найздаа бэлэглэж явсан гэдэг. Гэхдээ шүлэг түүний амьдралтай үргэлж холбоотой. Сэтгэл хөдлөн уран бүтээлээ найздаа бэлэглэснийхээ маргаашнаас л дахин шинэ шүлгүүдээ бичиж, дэвтэр нь зузаарсан гэх юм билээ.
Үл мартагдах бэлэг авдартай зайрмаг
Б.Бадрууган агсны хүү Б.Наранзун Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт төржээ. Тэрбээр хамгийн анх “Монгол ардын үлгэр” цуврал номыг уншиж байжээ. Үлгэрт гардаг сургамжит өгүүлэмжээр амьдралд хөл тавьсан хэмээн тэр дурссан. Хүүхэд байхдаа “... Аз жаргал зөгнөсөн анхны хайр, Алаг зүрхэнд хүрээд ирэв үү, анхны хайр, анхны хайр” гэж дуулаад явдаг байснаа санаад өөртөө ахадсан “сонголт” хийж явснаа гайхан инээсэн. “Мартагдашгүй намар” уран сайхны киноны “Анхны хайр” дууг “Соёл эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Нандинцэцэг дуулдаг байсныг уншигчид санаж буй биз ээ.
Б.Наранзун хамгийн анх тахианы дэгдээхэй тэжээж үзсэн гэсэн. Харин одоо бол дэгдээхэйнээс илүү адуунд хайртай. Түүнийг бага байхад өвөө нь шинэ жилээр хайрцаг дүүрэн зайрмаг авч өгсөн юм билээ. Энэ бол хэзээ ч үл мартагдах хамгийн том бэлэг байсан гэдэг.
Томоотойн дэргэд сахилгагүй, сахилгагүйн дэргэд томоотой
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн гуравдугаар байрыг оюутнууд нь “Муурын байшин” хэмээн нэрлэдэг. Хэдэн жилийн өмнө энэ байрыг нурааж, шинэ өргөтгөл, зочид буудал барьчихсан. Дээр үед тэр байшинд Монголын соёл урлагийн нэрт төлөөлөгчид амьдардаг байжээ. Тэдний нэг нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Ж.Чулууны хүү урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат. Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалыг шимтэж уншиж явсан тэрбээр хамгийн анх “Жигмэд, Тогмид хоёр”, “Маамуу нааш ир” дууг заалгаж байв.
Хийлийн яруу тансаг эгшиглэнгээр үзэгчдийн сэтгэлийг баясгадаг энэ хүн бага сургуульд байхдаа хятад дуу заалгаж байсан гэдэг. Тухайн үед монгол, хятад хоёр орны харилцаа сайн байсан учраас тэр биз.
“Бүжин” нэртэй буржгар үстэй, жижиг, цагаан нохой түүний анхны “анд” нь. Ч.Чинбат гуай өөрийгөө “Сахилгагүй хүүхдийн дэргэд томоотой, томоотой хүүхдийн дэргэд сахилгагүй хүүхэд байсан” хэмээн тодорхойлсон юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"