“Найрагчийн мөрөөр” баримтат кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй тухай төслийн багийнхан дуулгав. Өнгөрсөн жил тэд таван улсын долоон хотоор аялж нэгэн зууны тэртээ буюу 1926 онд дунд сургуулийн боловсролтой 40 шахам хүүхэд залуус “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас” эрдэм өвөртлөн ирэхээр хөлгүй их далай гаталж, харь гүрнийг зорьсон түүхийг нэхэн судалсан юм. “Хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжсэн” тэднийг хөгжингүй оронд илгээж эрдэм сургахаар явуулах болсон учир шалтгаан юунд байв? Хэн тэднийг баруунд сургаж төрөл бүрийн мэргэжил, тусгай боловсрол эзэмшүүлэх зорилт тавив. Дараа нь юу болов гээд түүхийн жимээр хийсэн аялал нь баримтат кино болон амилах юм.
Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар Монгол Улсын удирдагч нар гуравдагч хөршийн эрэлд мордсон түүхтэй. Хэдийгээр Зөвлөлт Орос Улсын шууд нөлөөн дор туслалцаа дэмжлэг авч хувьсгал хийсэн боловч ардын засгийн зүтгэлтнүүд улс гэрээ төвхнүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх талаар сэдэж санаачилсан олон алхам хийсэн байдаг. Үүний нэг тодорхой жишээ нь Монгол Ардын Намын II их хурлын 1923 оны наймдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар баталсан “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичиг билээ.
Хувьсгал ялаад дөнгөж хоёрхон жил өнгөрч байхад баталсан уг мөрийн хөтөлбөрийн 18 дугаар зүйлд:
“Ер сургуулийн учраа, үүнээс дээш тоочсон олон зүйлүүдийг бүрэн бүтэн сайнаар ёсоор явуулсугай хэмээвэл ард түмэн даяар ерийн эрдэмд боловсрох хэрэгтэй. Урьд, эдүгээ аль ч цагт орон газар хаана ч атугай, эрдмээр илүү нь эрхбиш тэргүүлдэг учиртайг дэлхий дээрх олон улс ухамсарлан мэдэж, эрдэмд боловсруулахыг Засгийн бодлогын манлай болгожээ. Улс эрдэм мөхөс болбоос ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүчин буурай, хэрэв эрдэм дэлгэрсэн болбоос элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж, эд хөрөнгө зузаан, сүр хүчин их болно. Учир тийм тул эдийн засгийг үүрд бат нот арвин зузаан болгоё хэмээвээс ард түмнийг эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба тусгай ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьдал болговол зохино” гэжээ.
Мөн уг хөтөлбөрт “Герман улсын ард нэгэн түмэн эр эм хүн дотроос дөрөвхөн нь бичиг үл мэдэх, Английн уул улс дотор нэгэн түмэн хүний арваад хүн бичиг үл мэдэх буй. Оросын түмэн хүний дотор 7000 нь бичиг үл мэдэх, Рибин (Япон-Ч.Б) улсын түмэн хүн дотор 100 хүн бичиг үл таних мэт үлгэртэй бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчнээр баялаг ажгуу. Эдгээр улсыг шилж сонгоход хүрвэл аль ч талаараа Герман, Орос, Америк хэмээн дэс дараалмой” гэж гадаад харилцаагаа тодорхойлж байв.
Уг баримт бичиг батлагдсанаас хойш хоёр жилийн дараа МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж Өрнөд Европын 10 улсад айлчилсан байдаг. Тухайн үеийн нам, засгийн удирдагчид дунд эзэмшсэн мэргэжил боловсрол, гадаад хэлний мэдлэгээрээ товойн ялгарч байсан тэрбээр 1925 онд Дундад Иргэн Улсад, 1926 онд Герман, Франц зэрэг улсад айлчилсан нь “Эдийн засгийн үндсэн бодлого” хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлэхээр элдэв арга зам эрэлхийлж явсан хэрэг болов уу. Тэгээд ч Ц.Дамбадоржийн айлчлалын дараахан Ардын Засгийн газар “Олон үйлдвэрийн дунд ба дээд эрдмийг эзэмшихээр” Герман, Франц улсад оюутан сурагчдаа илгээж эхэлсэн билээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"