Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МУСТА Б.Содонбаяр: Амьдралаа ямар өнгөөр будахаа хүн өөрөө л сонгодог

МУСТА  Б.Содонбаяртай ярилцлаа. Дуучин бүсгүй Б.Содонбаяр гадаадад ажиллаж амьдарч буй эх орон нэгтнүүдэдээ уран бүтээлээ өргөсөөр яваа юм.  Түүнийг Стокгольм хотод байхад нь холбогдож ярилцлаа.

 

-Таны Шведэд тоглосон концерт амжилттай сайхан болох шиг боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Шведийн вант улсад ирээд  жил гаруй байх хугацаандаа монголчуудынхаа дунд зохион байгуулагдсан үйл ажиллагаануудад идэвхтэй оролцохыг хичээж байлаа. Энэ дагуу ая дуугаа өргөөч гэсэн эх орон нэгтнүүдийнхээ хүсэлтээр “Уулзах юмсандаа” бие даасан тоглолтоо тавилаа. Энэ тоглолтдоо нутгаасаа алс амьдран суугаа монголчуудынхаа сонсож дассан, сэтгэлд нь шингэсэн ижий аав, хань ижил, эх нутгийнхаа тухай дуунуудаас дуулахыг зорьсон. Тоглолтдоо Монголын хөгжмийн зохиолчдын “Монголын тал нутаг”, “ Аав ээж хоёр минь”, “Есөн эрдэнийн орон”,  “Дуучин чамдаа”, “Униар татсан уулсын дээгүүр” зэрэг 15 дуугаа багтаасан. Мөн төрөл бүрийн өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, дуртай үедээ эх орон руугаа очиж чаддаггүй, амьд тоглолт үзээд байх боломж хязгаарлагдмал зэрэг шалтгаантай хүмүүсийг урьж тэдэндээ сэтгэлийн дэм урам өгөхийг хичээлээ. Тоглолт маань амжилттай сайхан болж цэцгийн баглаанд умбасан өдөр байлаа. Одоо ч сэтгэл өөдрөг сайхан байна даа.

-Төрсөн нутаг, аав ээж багас насныхаа тухай товчхон танилцуулна уу?

-Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Яримпилийн Бадамсэдийн ууган охин болон мэндэлсэн. Таван наснаасаа л  эхлэн дуу, бүжгийн дугуйланд явах дуртай, уралдаан тэмцээнд  оролцдог  хүүхэд байсан. Анх дуулж бүжиглэж эхлэхэд замчилсан багш маань Банзай гэдэг эмэгтэй байлаа. Ээж минь дуулах авъяастай,  аав минь хөгжим тоглодог. Хоёулаа эх баригч хийдэг сайхан гэр бүлд төрж өссөн хүн дээ би. Сумын клубт аав хөгжимдөж,  ээж үүр цайтал бүжиглэж л дээ. Гэтэл тэр үүрээр би төрж аав минь эх барьж авсан гэдэг. Тэгэхээр аав минь миний бас хүйн ээж юм.

-Тэгвэл та урлагийн босгоор анх алхахдаа  алзахгүй тэнцсэн байлгүй...?

-Сургуулийн бага ангид сурч байхдаа Ч.Лодойдамбын "Манай сургуулийнхан”  жүжгийн Бурантгийн дүрд тоглож “мундаг жүжигчин” болсон байна лээ шүү дээ миний хувьд. (инээв) Тэр үеийн хүүхдүүд их идэвхтэй, сэргэлэн одоогийнх шиг дэлгэц ширтээд сууна гэх биш жинхэнэ байгалиараа л тоглож наадаж, дуулж бүжиглэж явдаг байж дээ. Гэртээ орныхоо хөшгийг нээж хааж, өөрийгөө зарлаад дуулж, шүлэг уншиж, энэтхэг бүжиг бүжиглэж бараг бие даасан “бүтэн концерт” тавьчихдаг байсан юм бишүү. (инээв) Манай нутгийн Дамчаа гэдэг өвгөн лам “энэ хүүхэд том болоод театрын тайзнаа л байх хүн байна” гэж ерөөгөөд улаан даалимбан оосортой  Цагаан лавай  өгсөн нь одоо ч манайд хадгалагдаж байдаг. Тавдугаар ангид байхдаа Их-Уул сумын соёл урлагийн гурав хоногоор “Зандан шоо " дууг дуулж 4-5 удаа дахиулж “Саруул амьдрал” нэгдлийн дарга Дандий гуай надад торгон дээл,  гутал,  малгай хийлгэж өгч байв. Монголын пионер сурагчдын урлагийн үзлэгийн алт, мөнгө, хүрэл медаль, Бүх ард түмний урлагийн үзлэгийн алт, мөнгөн медалиар шагнагдаж эргэж буцалтгүй дуучин болох хүсэлдээ хөтлөгдөн 1973 онд 10-р ангиа дүүргээд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар орж  мэргэжлийн урлаг гэдэг их айлд хөл тавьсан даа.

-Урлагийн хаалгыг тогшихгүйгээр орж ирнэ гэдэг шиг л шууд дуучин болжээ. Дараа нь суралцсан уу?

-Ингээд 1979 онд УБДС-н дуулаачийн ангийн шалгалтад тэнцэж эхлээд МУГЖ Д.Банди багшийн шавиар хуваарилагдаж  удалгүй Ардын жүжигчин А.Загдсүрэн багшийнхаа удирдлага дор суралцаж  1984 онд сургуулиа дүүргээд тухайн үеийн Соёлын яамны томилолтоор Дархан хотын “Залуучуудын театр”-т гоцлол дуучнаар 30  жил уран бүтээлээ туурвижээ.

-Театртаа үнэнч 30 жил дуулна гэхээр та тууштай, үнэнч хүн юм. Таныг ажиллаж байхад нийгмийн шилжилт явагдсан байх. Та урлагаасаа яваагүй үлджээ...?

- Баярлалаа. Тиймээ, тэр бужигнааныг хараад зүгээр  суугаагүй. 1990 оны Цагаан морин жилийн  ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон анхдагчуудын нэг болж явлаа шүү дээ. Урлаг соёлын байгууллагууд хаа сайгүй л хаалгаа барьж манай урлагийнхан зарим нь ажилгүй болж  наймаанд хүртэл явцгааж байсан үе шүү дээ. Гэхдээ би улс төржөөд гүйхээсээ илүү ард түмнээ урлаг соёлоор таслахгүй байх гэж төрөл бүрийн л юм хийсэн.  "Хүслийн шувуухай" хүүхдийн эстрад дууны тэмцээн,  7-10 дугаар ангийн хүүхдүүдийн дунд "Гоо охин",  "Бяцхан мисс",  "Бяцхан жентельмэн", "Дарханы хавар" дууны тэмцээн мөн Дарханы гурван  үеийн наадмыг багаараа зохион байгуулж явлаа.

-Өөрийнхөө тоглолтуудын тухай сайхан дурсамжаасаа хуваалцана уу?

-“Залуучуудын театр”-т  "Учиртай гурван толгой" дуурийг гурван состав тоглож би залуучуудын составын Нансалмаад, Юндэнд СТА Цэвэгжав, Балганд Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багш урилгаар Хоролмаад СТА Ц.Чулуунцэцэг дуучин тоглосон. Жаргалсайхан багш маань нүүр будгийг янзтай гоё хийнэ. Юндэнгээсээ царайлаг болчихно тэгээд л  Балган ноёнд дурлаад л явчихна шүү дээ. (инээв)  Эргээд бодоход хөгжилтэй сайхан цаг мөчийг бүтээж иржээ.

Миний бие даасан тоглолтуудын хувьд  гэвэл 60-70-аад  оны уянгын дууны "Чи минь битгий мартаарай" , "Бүсгүй заяа", "Орчлонд бид азтай төржээ",  1992 онд Р.Чойномын дурсгалд зориулж" Тэр бидэнд хайртай байсан юм" нэртэй тоглолтыг зохион байгуулж Төрийн соёрхолт зохиолч Ш.Сүрэнжав гуайгаас Р.Чойномын гар бичмэлийг зээлж авч зерителд аялуулж, хамт дуулцгааж дурсамжтай тоглолт хийснээ мартдаггүй юм.  Р.Чойномын шүлгүүдээс манай жүжигчид уншиж, би "Хүн " романы “Мөрөөдлийн дуу”, "Зуслангийн уянга" дуунуудыг нь дуулсан. Мөн "Тайзанд амилсан 21 дарь эх" тоглолтоо санаачлан зохион байгуулсан. Энэ тоглолтдоо 21 өнгийн торгоор 21 дарь  эхийн хувцас оёулж, 21 дуучин өмсөн дуулж байлаа.  Театрынхантайгаа гадаад улс оронд тоглож байсан гээд яривал хүний амьдралын 30 жилийн хөдөлмөр гэж басхүү арвин  юм байна шүү. Нэг дор ярьж дуусахгүй.

-Танд аваагүй шагнал байхгүй байхаа. МУГЖ болсон бил үү?

-Үгүй. МУЖГ дуурийн хатан хаан А.Загдсүрэнгийн шавь Төрийн шагнат, Ардын жүжигчин А.Цогзолмаагийн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын улсын уралдааны нэрэмжит шагнал,  Солонгост болсон Олон улсын ардын урлагийн наадмын алтан цомын эзэн,  Дархан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг,  “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан”, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”,  Монгол улсын “Хүмүүнлэгийн элч дуучин” гээд дурдвал нэлээд шагнал байна.

 -Урлагийн хүний амьдралаар амьдрахад гэр бүл ойлгох, ойлгохгүй гээд амар биш. Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ тухай яриач?

-Сургуулиа дүүргээд гэр бүлийнхээ хүнээс тусдаа амьдарсан. Эгч нь 3 хүү 1 охинтой. Хүүхдүүдээ гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэж гадаа гарч эр хүн, гэрт орж эм хүн болж явсан даа. Нэг сайхан хүүгээ автын ослоор алдсан. Тэр үед тэнгэр нурах шиг л болсон. Бурхан минь. Сайхан хамт олон, найз нөхдийнхөө хайр халамж сэтгэлийн дэмээр өрөөсөн далавч минь хугарсан байсан ч, зүрх минь урагдсан ч, сэтгэлээ барьж амьдарлын үнэ цэнэ амьд явахын утга учрыг ойлгож дахин 2 жигүүртэй болсон юм шиг л амьдарч явна даа.

- Уучлаарай таны сэтгэлийг хөндсөнд. Та Монголын 2006 дахь Хоролмаа юм байна. Таны бүтээсэн Хоролмаа ямархуу эмэгтэй вэ?

-УДБЭТеатрт “Учиртай гурван толгой” дуурийн 2006 дахь Хоролмаад тоглосон.  Тэр тоглолтын  Юндэнд МУГЖ н.Гантөмөр,  Нансалмаад МУГЖ Х.Оюунбилэг,  Балганд МУСТА Б.Пүрэвсүрэн нар тоглосон.

Миний Хоролмаа бол  сайхан сэтгэлтэй,  эрч хүчтэй,  шийдэмгий,  дурлалдаа үнэнч,  дотроосоо гэрэлтэй эмэгтэй.

-Та тэгвэл өөрийнхөө бүтээсэн  Хоролмаатай ижил зан чанартай эмэгтэй юм байна...?

-Магадгүй ээ.  Амьдралд, аливаа юманд  гандан бууршгүй, эрч хүчтэй, тууштай, ямар ч юманд үнэнч хандах дуртай.

-Та олон нэрт мастеруудын шавь. Багш нараасаа авч байсан хамгийн сайхан үнэлгээ  гэвэл?

-Өргөн цар хүрээтэй (дипозонтой), уянгын тослог хоолойтой, удирдан зохион байгуулах авъяастай гэж үнэлгээ авч байсандаа их урлагтаа, багш нартаа болон өөртөө талархаж явдаг. Төгсөлтийн шалгалтан дээр багш нар А.Загдсүрэнгийн шавь гээд миний дуулсан бүтээлийн дээд өнгүүдийг тоолж онц тавьж байлаа. (инээв)

-Дурлаж  бүтээсэн,  хайртай дүр тань аль нь вэ?

-Их эзэн Чингис хааны 800  жилийн ойгоор тоглогдсон Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Л.Лувсаншаравын хөгжим, Төрийн соёрхолт Ардын уран зохиолч, П.Бадарчийн цомнол "Их хааны хатан" оргилуун дуурийн гол дүрийн нэг Бөртэ Цэцэн хатны дүрд тоглосон минь миний амьдралын баярт мөчүүдийн нэг яах аргагүй мөн.

-Таныг хүмүүнлэгийн үйлст дуучин гэдэг. Энэ үйлсийнхээ тухай ярина уу?

-2013 онд АСА циркт тоглосон "Хүмүүнлэнгийн үйлст урлагийнхны оролцоо”  бие даасан тоглолтоо бүх дүүргийн нэн ядуу өрхийн 3500 хүнийг урьж үзүүлсэн. "Цахлай нисэх гэж төрдөг" телевизийн 40 ангит киноны ерөнхий продюсероор ажиллаж 130 гаруй төрийн болон төрийн бус байгууллага компаниудад хандаж хөрөнгө босгож хийсэн хар тамхи, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, архидалтын эсрэг хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой бүтээл амжилттай болсон.

-Та энэ цаг үеийн болж бүтэхгүй асуудлуудыг  хараад юу боддог вэ?

-Дэлхий нийтээр нуран унаж буй хуучин эмх журам болох юм болдгоороо л болж байна. Удахгүй үүр цайж Алдрын өдөр ирнэ гэдэгт илтгэдэг. Миний ээж хүн бүрийн ухамсраас улс орон хөгжинө гэдэг эзэн хичээвэл заяа хичээнэ. Мөрөөдөлтэй зорилготой амьдрах л чухал яах вэ гэсэн асуултад би, бид өөрсдөө л хариулна. Амьдралыг ямар өнгөөр зурах нь эзэн хүнээс л хамаарна. Бусдад дараа тээг болохгүйг л хичээж явна даа.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны мөрөөдлийг хуваалцмаар санагдлаа...?

-Сүнснийхээ үүрдийн амьдралын төлөө, оюун санааны хүмүүжлийг сурч эзэмшиж бусдад сайн сайхныг түгээж бурханы сургаалийг хуваалцаж утга учиртай яриа өрнүүлж амьдрах мөрөөдөлтэй л амьдарч явна даа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com