Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Пүрэвхүү: Хөгжим бол хэл, хил харгалзахгүй түгдэг гайхамшигтай урлаг

 Монгол Улсын консерваторийн захирал Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа. Тус сургуулиас санаачлан “World music online festival”-ыг хийж байгаа. Богино хугацаанд олон хүнийг хамран хүрч буй энэ үйл ажиллагааг онцлон түүнтэй уулзсан юм.

-Монгол Улсын консерваториос санаачлан зохион байгуулж байгаа онлайн фестиваль идэвхтэй болж байна. Анх төлөвлөж байснаас далайц нь нэмэгдсэн үү?
-Цар тахал зөвхөн Монголын асуудал биш дэлхий нийтийн бэрхшээл болчихлоо. Засгийн газраас урьдчилан хөл хорио тогтоосноор хүүхдүүд хичээлдээ нэг орох гэж байгаад хугацааг нь гурав дахь удаагаа сунгаснаар бидний ажигласнаар нийгэмд цаагуураа бухимдал үүсээд байгаа юм. Тухайлбал хүүхэд цахим хичээлээ үзээд дууссаны дараа багш нар хичээлийг нь сэргээж хүүхдүүдтэйгээ ажиллаж байна. Энэ нь мэдээж шинэ туршлага. Гадаа дулаан болоод эхлэхээр хүүхэд л болсон хойно гадаа гармаар болж байгаа. Өдөр бүр сургууль дээрээ ирдэг байсан хүүхдүүд дөрвөн хананы дунд хашигдаад байхаар таатай биш. Тиймээс бид хүүхдүүддээ хандсан ажил хийхээр бодож байлаа. Өдөр бүр урьдчилан сэргийлсэн бөгөөд шинэ мэдээлэл хүргэх зорилготой ковид-19-тэй холбоотой зүйлс мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Ингэхээс ч өөр аргагүй. Гэхдээ соёл урлаг хүн ардаа соён гэгээрүүлэх зорилготой учраас шаталсан сургалттай манай консерватори нийгэм рүүгээ хандахыг хүссэн. Үеийнх нь хүүхдүүд хөгжим тоглохыг хараад анхаарна, өөрсдөө тэднийгээ дэмжинэ гэх мэтээр сэтгэл санаагаа өргөж хийх нэг ажилтай болно. Цахим орчинд онлайн сургалтаа хийж, хөтөлбөрөө ахиулж явдаг ч цахимаар өдөр тутмын үйл ажиллагаа явуулах хэмжээнд өмнө нь орж байсангүй. Энэ байдалд зарим нь амархан дассан ч нэг хэсэг нь дасахгүй л байгаа. Манай сургуулийн багш нар гэрээсээ ажиллах горимд шилжсэн. Гэхдээ ингэснээр өглөө ажилдаа очоод хүүхдүүдтэйгээ ажиллаад харьдаг байсан хүний тогтсон дадал өөрчлөгдөх ёстой болж байгаа юм. Хүмүүс ухамсраараа үүнийг ойлгож байгаа ч цаанаа л аяндаа бага зэрэг стресс бий болчхож. Манай “WORLD music online festival” ер нь үүний эсрэг л чиглэж байгаа. Манай улс хамгийн сайн урьчдилан сэргийлэлт хийж чадсанаараа онцлогдож байгаа. Европ, америк тоохгүй явсаар нөхцөл байдал ямар болсныг бүгд харлаа. Хөгжим бол олон улсын хэл. Орчуулга хэрэггүй. Манай сургууль гадаадынн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургуулиудтайгаа хамтран ажиллаж байгаа үед ийм зүйл болсон учраас тэдэн рүүгээ хандаад эдийн засгийн хувьд тусалж чадахгүй ч сэтгэл зүйгээрээ хамт байж, хөгжмөөр нэгдье гэж хүссэн. Өөр өөрийн өнгө төрхтэй хөгжим, дуу, хуураа сонсоод баясч, сэтгэлийн таашаал эдлэнгээ цаагуураа дархлаагаа ч дэмжинэ. Олон улсын хэмжээнд хөгжмөөр эмчлэх гэдэг ойлголт бий. Японд туршигдаад зөвхөн хүн хооронд биш хүн байгальтай холбоотой туршилт, судалгаа нь хэдийнэ хийгдсэнийг бид мэднэ. Тухайлбал усанд сайхан хөгжим тоглож өгөөд молекулын түвшинд нь шинжлээд, хөгжмийн олон төрөл зүйлээр нь ялгаад хүртэл судалчихсан. Нэг талдаа хөгжмийн эмчилгээ гэдэг агуулга, нөгөө талдаа хүмүүс үүгээр найрамдъя гэсэн санаа. Италид хүмүүс гэрээсээ гарч чадахгүй тагтан дээрээ л гарч байна. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс рүү эндээс орилохгүй ч өнөөгийн бидэнд байгаа давуу тал болох онлайн буюу интернэтийг ашиглах нь. Олон нийтийн сүлжээ хэрэглээний нөлөөгөөр хаа холын Италид байгаа айлд хамгийн хурдан очих зүйл бол интернэт. Түүгээр дамжаад шууд орчуулгагүй харилцах зүйл нь хөгжим болж байгаа юм. Эхлээд бид Монголынхоо хүрээнд сургуулийнхаа ажил болгоод хийе гэж бодож байсан. Улсын онцгой комисст манай багш нар нэг өдрийн цалингаа хандивлангаа ийм ажил хийх гэж буйгаа ярихад энэ бол зөвхөн танай сургууль хооронд харьцах бус нийгэм рүү гаргах ажил байна гээд дэмжсэн. Хаа хаанаа хүнд байгаа учраас эдийн засгийн хувьд туслах боломжгүй. Тэгэхээр та бүхэн телевизийн сувгуудтай тохирч, дэмжлэг авахад тусалъя гэснээр ийм далайцтай болсон. Анх харилцаа холбоотой гаднын консерватори руугаа бас нэг ажил хийхээр яригдаж байсныгаа мөн нэгтгээд нээлттэй олон улсын фестиваль болгосон. Маш богино хугацаанд бэлтгээд амжилттай фестивалиа эхлүүлээд явж байна. Манай фестиваль хоёр хэсэгтэй. Үдээс өмнө хүүхдүүддээ хандаад, үдээс хойш нийтэд хүргээд явж байна. Дөрөвдүгээр сарын 15 хүртэл бүртгээд түүнээс хойш хагас сар нийтэд хүргэчихлээ. Бидний хараагүй олон өнцөг нэмэгдэж, ач холбогдол, үр нөлөө нь өргөн цар хүрээтэй болоод явж байна. Гадаадын 10 гаруй улсаас хөгжмийн зүтгэлтнүүд болон хөгжимчид идэвхтэй оролцож, арав гаруй телевиз нэвтрүүлж, сошиал хуудсанд байршиж байна. Бидэнтэй харилцаатай улс орны байгууллагууд ч гэсэн манай уран бүтээлчдийн бүтээлийг хүлээн авахын зэрэгцээ цааш нь түгээн өөрийн улсын мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа. Тэгэх тусам эргээд олон хүн холбогдож байна. Сайхан сэтгэгдэл их ирж байна. Москвагийн консерватори маш идэвхтэй оролцож байна. Хүнд нөхцөлтэй байгаа Итали, АНУ, БНХАУ болон Африкаас ч бас оролцож байна. Үүний цаана монголчуудын бүтээсэн урлаг, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагын сурталчилгаа давхар явж байна. Монголчуудын хийж байгаа энэ зүйл хүн төрөлхтөнд тус болж байна аа гэсэн талархал хүлээн авахаар сайхан байна. Бид хийх ёстой ажлаа л хийсэн. Гэхдээ хүрээ томорч, үр нөлөө нь илтэд мэдэгдэж байгаа нь таатай байна. Эцэг эхчүүд бидний энэ ажлын үр нөлөөнд талархан холбогдож байна. Хөгжмийн дугуйланд явж байгаад идэвхтэй тоглолгүй орхисон байсан хүүхдүүд эргээд үүний нөлөөгөөр давтаж байна гэнэ. Бид бүх хүнд нээлттэй байгаа. Манай пэйжээр бичлэгээ дамжуулахад нээлттэй шүү. 15 хоногийн дотор л гэхэд 500-гаад бүтээл ирчхээд байна. Системчлээд бүртгээд оруулж байгаа. Телевизээр гарч байгаа бичлэгт техникийн шаардлага тавина. Бичлэгийн чанар чухал. Түүнийг давж байгаа бүтээлийг телевизээр гаргаж байгаа.
Уран бүтээлчид сэтгэл санаагаараа нэгдэж идэвхтэй оролцож байна. Энэ фестивальд сайхан бүтээлээрээ нэгдэж, үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлчдийг нэгтгэн цар тахал намжсаны дараа гала тоглолт хийнэ гэж төлөвлөж байгаа.
Манайх шаталсан сургалттай. Тэгэхээр шилдэг оролцогчдоо манай сургуульд элсэх эрхээр шагнана.
-Энэ далимаар асуухад, танай сургуулийн 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн элсэлт хэрхэн явагдахаар болсон бэ?
-Элсэлт зохион байгуулах бэлтгэлээ хийж байтал хорио цээрийн дэглэмд шилжсэн. Оюутны элсэлтээ долдугаар сард зохион байгуулна. Энэ бүхэн төрийн бодлого шийдвэртэй уялдаж байгаа. Бага, дунд ангийн элсэлтээ намар зохион байгуулна. Хүүхдүүдийн элсэлт их нарийн зохион байгуулагддаг. Орох хүсэлтэй мянган хүүхдийн дунд нарийн шалгаруулалт явуулж байж 40-50 хүүхэд авдаг. Яах ч арга байхгүй. Бид мэдээж сургуулийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хүсэлт, саналаа Төр засагтаа тавиад л яваа. Сурах хүсэлтэй энэ олон хүүхдээ сургая гэж зорьж байна. Хүрээгээ томсгох нь их чухал. Энд зөвхөн дотоод эрэлтийг дурдлаа. Гэтэл манай сургуульд гадаадаас ирж сурах хүсэлтэй хүүхэд олон байдаг. Ялангуяа монгол туургатны хувьд буюу БНХАУ-аас ирж суралцах хүсэлтэй хүүхэд олон бий. Гэтэл дотоод эрэлт нь ийм их байхад боломжгүй. Ахлах сургууль болон бакалаврт өөр сургууль болон өөр орноос ирж сурах боломж бүр бага. Нэгдүгээр ангиасаа мэргэжлийн сургуульд сурсан хүүхдийн түвшинд хүрэх амаргүй. Тэгэхээр шууд дээгүүр элсч орох боломжгүй.
Манай сургууль 83 жилийн түүхтэй. Бид европын сонгодог урлагаас ч ихийг сурсан, үндэснийхээ урлагийг ч гэсэн мэргэжлийн түвшин рүү оруулаад авч явж байна. Энэ хоёрын гоё хослолыг нэгтгэсэн өөрийн гэсэн өнгө төрхтэй сургууль болчхоод байна.
-Аль ч улсын консерваторитай харьцуулахад их давуу талтай л даа.
-Их өвөрмөц байх. Консерваториуд ихэвчлэн хөгжмийн талаа барьж, ажилладаг. Хааяа балетын ангитай байх нь бий. Ленинградын консерватори сонгодог бүжгийн ангитай. Тэгвэл манайх хөгжмийн төрөлдөө сонгодог болон үндэсний ангитай. Бас балет болон ардын бүжгийн ангитай. Дуулаач нь уртын дуу болон мэргэжлийн дуулаачийнх. Дээрээс нь цирк ороод ирнэ. Ийм олон урлагийн төрөл хэлбэрээр багаасаа шаталсан хэлбэрээр сураад явдаг учраас маш их онцлогтой. Өнгөрсөн намар Төрийн өмчит сургуулийн удирдлагууд Герман руу очиж ижил төстэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Мюнхений сургуулийнхан “Танайд цирк байна” гээд гайхаад байсан. Манай циркийн сургууль маш хүчтэй. Төгсөгчид нь бүх алдартай циркт ажиллаж байна. Монголдоо бараг байдаггүй. Олон улсын уралдаан тэмцээнд орно, заавал шагналтай ирнэ. Хамгийн багадаа л гуравдугаар байрт ордог. Тийм өндөр түвшинд бэлтгэдэг.
Манай сонгодог бүжиг ч гэсэн маш өндөр түвшинд хүрсэн. Эхлээд бид оросын школыг авсан. Саяхан манайд Италийн сонгодог бүжгийн их том мастер ирж ажиллаад “Танай сонгодог бүжгийн суурь нь одоо орост ч байхаа больсон тэр дэгийг хадгалж байна” гэж онцолсон. Манайх өөрийн уламжлалт бүжигтэй, түүний зэрэгцээ сонгодог бүжгийн чиглэлээр суралцсан багш нар өөрсдийн өв уламжлалтайгаа сонгодог дэг сургуулиа хамтатган өвөрмөц байдлаар хадгалж чадсаны үр шим болов уу. Сонгодог бүжгийнхэн дэлхий рүү гараад явчихсан. Манай төгсөгч Д.Алтанхуяг гэхэд дэлхийн таван том балетчины нэг. Японд их олон залуус ажиллаж байна. Мэдээж дуулаачдын дундаас манай төгсөгч Ч.Бадрал европын бүх том уралдаанд айрагдаад явж байна. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын шилийг дараад л гараад ирлээ. ДБЭТ-ын солистууд бараг тэр чигээрээ манай төгсөгчид болчихсон. Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Дуурь бүжгийн эрдмийн театрт манай төгсөгчид анги ангиараа ордог. Монголд эгшиглэж байгаа симфони оркестрын эх булаг нь энд л байна. Тийм учрааас энэ сургууль өөрийн давуу талаа бусдад үзүүлэх хэрэгтэй. Манай санаачилгыг төгсөгчид сайхан дэмжиж байна.
-Энэ он болон ирэх онд та бүхэн ямар онцлог ажлуудыг төлөвлөсөн бэ. Тухайлбал танай бүрэлдэхүүн болох Циркийн сургуулийн 80 жилийн ой тохиож байгаа байх аа?
-Энэ жил Циркийн сургуулийн 80 жилийн ойгоос гадна Ф.Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын уралдаан болох байсан ч хойшиллоо. Мэргэжлийн морин хуурчдын уралдааны хувьд Г.Жамъян багшийн 100 жилийн ойтой давхцаж байснаараа онцлогтой. Энэ бол таван жилд нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог том уралдаан. Мэргэжлийн тоглоочид чансаагаа үүгээр тогтоодог. Дотоодын хүрээнд хийх байсан ажил бүр ч олон. Эрүүл энх байвал энэ бүхнийг цаашдаа хийгээд л явчихна. Бэлтгэлээ хангаад байж байя.
Ямар ч зүйл хоёр талтай. Цар тахлын улмаас хөл хориотой байгаа ч сургууль дотоод ажлаа нэлээд сайн цэгцэлж, хөтөлбөрийн шинэчлэл хийж, стратеги төлөвлөгөөгөө Засгийн газрын тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулаад шинэчлээд явж байна. Энэ консерватори 10-20 жилд хаа хүрэх вэ, ази европын ижил төстэй консерваторитойгоо хэрхэн хамтран ажиллах вэ, юу шаардлагатай вэ гэх мэтээр ажиллаж байна.
Цаашдаа онлайнаар ажиллах маш сайн туршлагатай боллоо. Онлайн хөтөлбөрийн журмаа боловсруулж дууслаа. Ингэснээр энхийн үед ч гэсэн онлайны давуу талаа ашиглаж, сургах боломж ч бүрдэж болох юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com