Цувж уурлаж, цугтаа инээсээр олон оныг хамт элээсэн гэр бүлийн хүмүүстэй уулзахад “Танайх манайх гэсэн ярианаас л хол байгаарай. Нэгэн гэр бүл гэж амьдарч байж ийм яриа өдөөж, нэгнийхээ сэтгэлийг сэвтээж болохгүй” гэсэн үгийг онцгойлон тэмдэглэж аваад олонд хүргэхийг хүслээ. Байнга л сонсдог, мэддэг юм шиг, хэдийнэ танил болсон теором сонсогдох хэрнээ энэ зарчмаар аж төрж, биелүүлдэг хүн хэр олон билээ гэж эргэлзсэн. Хамтын амьдралаа эхлүүлчхээд хагас жил ч болохгүй хувцсаа баглаж, нэгэндээ туньж, үр хүүхдээ өнчрүүлдэг хүмүүсийн яс маханд нь шингээж өгмөөр л үг санагдлаа.
Энэ удаа үлгэр жишээ болох алдартай, урлагийн гэр бүлүүдийг онцлон тэдний түүхийг уншигчидтайгаа хуваалцахаар зэхлээ.
Оньсогогүй гэр бүл
Төрийн шагналт, зураач Ц.Энхжингийн эхнэр нь Монгол Улсын гавьяат багш, хийлч Л.Алтанцэцэг. 42 жил айл гэр болон амьдарсан тэд ажлаа тараад харьсан хойноо ямар ч гуншингүйгээр бие биеийнхээ халамжит хань болдог. Халуун дотно яриа өрнүүлэн, өдрийн алжаалаа тайлдаг. Харин өрнүүн амьдрал дунд үр хүүхэд, шавь, нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй аав, ээж, багш, дарга. Тэртээ 42 жилийн өмнө зураач Ц.Энхжин эхнэрийнхээ хөргийг зурж, хойтон жил нь уран бүтээлийн цоморлигтоо багтааж байсан гэдэг. “Сэтгэл л байхад бүх юм болно. Хоёулаа сэтгэл гаргаад хөдөлмөрлөвөл сайхан айл болж амьдарна. Бүх гэр бүл аз жаргалтай бол нийгэм, эх орон сайхан болно” хэмээн тэр гэр бүлийн аз жаргалын тухай ярьсан удаатай. Нэгэн гэр бүлийн аз жаргалаас нийт улсын хувь заяа, өнгө төрх хамаарна гэсэн санааг ийн тодруулсан биз ээ.
Тэд тус тусын сургуулиа дүүргээд эх орондоо ирсэн үедээ танилцжээ. Л.Алтанцэцэг Ереван хотын хөгжмийн сургуульд есөн жил сураад 1978 онд төгсч ирсэн бол нөхөр нь Германд боловсрол эзэмшжээ. Сонирхолтой нь Л.Алтанцэцэг эгч хайрлаж, хүндэлж, багагүй айдаг байсан н.Ичинхорлоо багшийнхаа бэр болж таарсан гэдэг. Тэр нөхрөө “Урлаг, эх орон ярьсан оргилуун сэтгэлтэй залуу байсан. Одоо ч хэвээрээ. Бас дэлхийд алдартай шилдэг кино их үзнэ, ярина. Эх орноо ингэж хөгжүүлнэ, тэгж сайхан болгоно л гэнэ. Манай хүнийг Германд сурч байхад сургуулиас нь аспирантурт сурах санал гаргажээ. Нэг үдэш герман найзуудтайгаа шар айраг уугаад сууж байхад найз нар нь “Чи тэр монгол руу, зэрлэгүүд рүү явж яах юм бэ” гэж ярьснаас болоод “Сайн ч, муу ч миний эх орон” гэж хэлээд номоо боогоод гэртээ ирсэн хүн. 2007 онд биднийг Германд очиход ч сургуулийнхан нь “Тэгэхэд чамайг яагаад явчихсныг огт ойлгодоггүй юм” гэж хэлж байсан. Тийм л хүн дээ” гэж тодорхойлсон. Түүнчлэн “Эрэгтэй, эмэгтэй хүний үүргээ ухамсарлаж, бие биеэ дэмжих цагт нь дэмжиж, ойлголцоод л амьдрах хэрэгтэй. Хоёр өөр орчинд төрж өссөн хүмүүс нэг гэр бүл болоод залуу байхад маргалдах тохиолдол бишгүй л гарна. Заримдаа би бууж өгнө, хааяа Энхжин буулт хийнэ. Гэхдээ үл ойлголцол бий болоход олонх эрчүүд дуугүй болоод сэтгэлийн мухартаа ямар нэгэн нууц үлдээдэг бол манай хүн тэгдэггүй. Заавал тайлбарлаж, учрыг нь ойлгуулдаг. Тийм учраас бидний дунд оньсого байдаггүй. Хань минь шударга, хөдөлмөрч, эхэлсэн ажлынхаа үр дүнг заавал хардаг зантай болохоор би бахархдаг. Их олон ажил амжуулдаг хэрнээ түүртэлгүй ард нь гарч, өөртөө тайлагнадаг зан нь надад ч нөлөөлсөн” гэж Л.Алтанцэцэг багш гэр бүлийн аз жаргалын үндсийг тодорхойлсон.
Ц.Энхжингийнх гуравдугаар хороололд гал голомтоо бадрааж, одоо ч тэр байрандаа амьдарч байгаа юм билээ. Хоосон байшиндаа бүх зүйлээ шалан дээгүүрээ өрчхөөд амьдарч байсан тэдний хамгийн анхны тавилга нь “180-ын ширээ” гэнэ. Тэд Улсын их дэлгүүрээс тэр ширээг аваад хоёр талаас нь дамжилж явсаар гэртээ хүрчээ. Замдаа гараа амраахдаа ширээгээ газар тавьж хөлийг нь муухай болгохгүй гээд өвдөг дээрээ тавьж явсан тухайгаа Л.Алтанцэцэг эгч дурссан. Бас найзуудынхаа дундаас хамгийн түрүүнд өрх тусгаарласан учраас тэднийх амралтын өдрөөр зочдын хөлд дарагддаг байж. Найзуудаа цуглуулж шүлэг уншиж, дуулж, бүжиглэж өнгөрүүлдэг байсан амралтын өдрүүдийн дурсамж их гэнэ лээ.
Дандаа хамтдаа
Идэр залуухан Морин хуурын чуулга эрч хүчтэйгээр салхи татуулан хурдалж, Монголын урлагийнхныг буухиалан бүхий л алдартай тайзнаа тоглож, тэр хэрээрээ өсч хөгжсөөр, өв соёлоо сурталчлан яваа билээ. Ардын жүжигчин Цэндийн Батчулуун агсны олон жилийн хүсэл, тэмүүллийн бодит биелэл болж, өөрийнх нь шавь нарыг нэгтгэн үүссэн энэ байгууллагад 16 настайдаа хөл тавьсан хуурчид ч цөөнгүй. Залуу нас, өрнүүн тэмүүллээр хамтдаа өсөн жигүүрлэсээр өдгөө буурь, суурьтай тулхтай нэгэн уран бүтээлийн байгууллага оршин тогтнож байгаа.
Морин хуурын чуулга хэмээх энэ “айл”-д таван хос мөр зэрэгцэн ажилладаг юм билээ. Тэднээс энэ удаа А.Даваазориг, Б.Уянга нарыг онцоллоо. Чуулгын хамгийн хөгжилтэй гэр бүл гэгддэг тэд 24 жил хамтдаа амьдарч, хоёр сайхан охины аав, ээж болсон хүмүүс. Эдүгээ тэд АНУ-д гэр бүлээрээ амьдарч, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй.
Тэд тавдугаар ангиасаа хойш нэг багшийн шавь болж, нэг ангид суралцаж, бакалавр, магистрын зэргээ ч хамтдаа хамгаалж, хоёулаа ижилхэн морин хуурч, урлаг судлаач мэргэжил эзэмшжээ.
“Манай нөхөр ангийнхаа хамгийн ганган хүү байсан. 1990 онд тавдугаар ангийн хүүхдүүд нэг анги болж цуглахад манай хүн нөгөө сургуульдаа байхдаа онц сурдаг байсан болохоор өөр тод өнгийн бүч зүүдэг байсан. Тийм бүчтэй хүүхэд байгаагүй болохоор яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Зах зээл, ардчилал, картын бараа гээд бүх зүйл давхацсан тэр жилүүд байсан ч их л ганган хөвгүүн байсан болохоор шууд нүдэнд туссан.
Бид хоёрын гэр нэг зүгт байдаг болохоор, ижилхэн чиглэлийн автобусанд суудаг, мэргэжлийн хичээлээ нэг багшаас авдаг байсан. Бид хоёулаа М.Баасанхүү багшийн шавь” хэмээн Б.Уянга ярьсан. Харин нөхөр нь “Одоо эргээд бодоход сонин түүх шүү. Нэг ангид, нэг багшаар хичээл заалгаж, Хөгжим бүжгийн дунд сургуулиа төгсчихөөд бакалаврын ангид бас л хамт орж, МУИС-д урлаг судлалын магистрын зэрэг цуг хамгаалсан. Бас нэг байгууллагад ажилладаг” хэмээн онцолно лээ. Ангийнхан нь уулзахаараа “Та хоёр одоо салаад, өөр өөр газар суу” гэж цаашлуулдаг гэсэн.
Тэд 19, 20-тойдоо гэр бүл болж байсан юм билээ. Тиймдээ ч А.Даваазориг “Одоогийн залуус амьдрал бий болгохоосоо өмнө боловсрол эзэмшиж, эрхэлсэн ажилтай, эдийн засгийн хараат биш болно гэж зорьдог болсон байна. Бидний хувьд тийм байгаагүй. Бүх зүйлийг л хамт бий болгосон. Юу ч мэдэхгүй хүүхдүүд амьдралд хөл тавьж, хамтдаа босгож, бүтээсэн болохоор үнэ цэнтэй, утга учиртай, нандин бас баталгаатай байдаг” гэж ярьсан.
Бас нэг хөгжилтэй гэмээр зүйлийг хуваалцсан нь “Олон жил хамт амьдрахаар гэр бүлийн хүмүүс адилхан болчихдог юм шиг байна. Хүмүүс таарчхаад “Та хоёр ямар адилхан юм бэ” гэдэг. Манайхан удмын буурал үстэй, эхнэр маань уг нь тийм биш. Гэтэл намайг бууралтахаар хамт буурал үс гарч ирээд байгаа юм” гэсэн.
43 жил үргэлжилж буй бал сарын аялал
Монгол Улсын гавьяат жүжигчин, амьтан сургагч Д.Амгалан болон түүний гэргий Г.Тунгалаг нар циркийн гал голомтоос төрсөн хосууд.
Амьтан сургагч болон амьтантай хамтран циркийн үзүүлбэр бэлтгэдэг уран бүтээлчдийн хувьд улсдаа ганцхан байдаг циркт амьтан тоглуулахгүй болсон нь их харуусал байсан. 80 жил хөгжсөн циркийн урлагийн энэ төрөл бидний үед мөхөх гэж үү ч гэж зарим нь харуусдагаа ч нуугаагүй. Гэхдээ тэд ямар нэгэн байдлаар амьтдаа сургаж, тэдний гайхалтай тоглолтыг үзэгчдэд хүргэх чин хүслээ өвөрлөн яваа. Гавьяат жүжигчин Д.Амгалангийн хувьд Австралид нутагладаг имж, Арабын нэг бөхтэй тэмээ, Тайванийн одой морь, Монголын сарлаг, чоно, тэмээ, морь гээд сургаагүй амьтан ховор. Тиймдээ ч “Хэрэв үлэг гүрвэл байсан бол ах нь сургана гэж байгаад үхэх байсан биз. Гэхдээ одоо тавьтар хэрэгтэй настай болж дээ” хэмээн хошигносон юм. 50 орчим жил амьтан сургаж байгаа учраас хэдэн амьтан сургаснаа тоолж чадахгүй болжээ. 1990-ээд онд нэг удаа тоо гаргаж үзэхэд 20 төрлийн 200 гаруй амьтан байсан гэдэг.
Амьтан сургана гэдэг амаргүй. Тиймээс дур сонирхолтой хүн нь л энэ ажлыг хийх учиртай. Циркийн сургуульд таван төрлөөр жүжигчин бэлддэг ч уран нугаралт, илбэ, амьтны сургагчийг шавь сургалтаар л бэлтгэдэг. Д.Амгалан Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Цэрэндоржийн шавь нь. Зарим амьтан сургагчид морь, тэмээ гэхчлэн дагнасан төрлөөр ажилладаг бол тэрбээр багшийгаа даган төрөл бүрийн амьтанд “багшилж” сурчээ.
Түүнээс гадна эхнэрээ ч өөрийнхөө мэргэжил рүү урвуулжээ. ЗХУ-ын Циркийн дээд сургуулийг гимнастикийн төрлөөр төгссөн Г.Тунгалаг эгч 1980-аад оноос хойш сармагчин, тахиа, галуу гэх мэт жижиг амьтан сургаж хамтдаа ажиллах болжээ.
Г.Тунгалаг эгчийг 1976 онд сургуулиа төгсөөд ирэхэд нь Монгол циркийн амьтан сургагч Д.Амгалан эргүүлсээр байгаад авч суужээ. Д.Амгалан ах энэ тухайгаа “Би эхлээд ханиа олж харсан, дараа нь Тунгаа надад татагдаж, улмаар амьтдад маань дурлаж, одоо надаас илүү эдэндээ хайртай болсон байх аа” гэж хошигнон ярьсан.
Тэд гэр бүл болсон ч социализмын үеийн уран бүтээлчид учраас ажлын шаардлагын дагуу хамтдаа байх нь ховор байж. Азаар нэг охинтой болж төрүүлсэн ч хүүхэддээ зарцуулах цаг хомс тул эмээ, өвөө нь өсгөжээ. Тиймээс охин нь аав, ээжийгээ “Та хоёр насан туршдаа бал сар хийгээд л яваа” хэмээн “цаашлуулдаг”. Аав, ээжээрээ охиноо өсгүүлсэн хос өдгөө сайн өвөө, эмээ болжээ.
Төрүүлсэн ганц охинтой боловч амьтны олон үрсийг “хүмүүжүүлсэн” багш нь тэд. Д.Амгалан ах “Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхэд хань минь маш их үүрэг гүйцэтгэсэн. Тал нь энэ хүний шагнал гэсэн үг” хэмээн ярьсан. Харин Г.Тунгалаг эгч нөхрийнхөө ажил үйлсээр бахархана.
Циркт тоглолт үзэж байхдаа амьтан сургагч нар гартаа атгасан амттанаа амьтаддаа хүртээж байхыг та бүхэн харж байсан биз ээ. Энэ бол шагнал. Амьтныг үүргээ амжилттай гүйцэтгэж, сайн тоглосон даруйд нь шагнаж байх учиртай. “Балчир хүүхдийг ч хүмүүжүүлэхдээ ийм арга барил баримталдаг шүү дээ. Түүнээс гадна буруу зүйл хийсэн хүүхдийг тэр даруйд нь зэмлэлгүй орхичхоод хожим нь загнавал утгагүй шиг амьтдыг ч үүргээ дутуу биелүүлбэл зэмлэж байх хэрэгтэй. Тоглолтын дараа тэд бүгдийг мартчихдаг учраас цаг тухайд нь урамшуулж, зэмлэвэл дараа нь алдаа гаргахгүй” хэмээн амьтан сургагч нар ярьсан.
Тэдний сургасан чоно “Еэ еэ шар Буд аа”, “Догшин хутагтын сахиус”, “Үлгэр жаргах цагт” зэрэг уран сайхны кинонд тогложээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН