18 настайгаасаа монголчуудын нүдний өмнө амьдарсан бүсгүйчүүдийн нэг нь Нацагдоржийн Батцэцэг. Хайр дурлал, гэр бүл, уран бүтээл гээд амьдрал нь бүхний алган дээр юм шиг илхэн хэрнээ нандин бүхнээ үүнтэй зэрэгцүүлэн далдлан, эрхэмлэн амьдарсан хүн гэж түүнийг хэлмээр. Ярилцлага авахыг хүссэн сэтгүүлч нарт тэр бараг л татгалздаггүй. Асуултаас нь булздаггүй ч айхтар гүн нууц руугаа халдуулахгүйгээр хариулчихдаг авьяастай. Мэдээж энэ бол түүний орон зай, хувийн “өмч”. Тэгэхээр халдах нь бүдүүлэг хэрэг.
Нас насны гоо сайхныг сэтгэлийн сайхантай нэгтгэн оршиж, басхүү цаг цагтаа хийх ёстойгоо ягштал хийж, илүүд ч сэтгэл зовниж, биеэ дайчлан зүтгэж чаддаг энэ гайхамшигтай эмэгтэйтэй ярилцсанаа хүргэе.
-Таны амьдралдаа хамгийн их чухалчилж эрхэмлэдэг зүйлс юу вэ?
-Өөрийгөө дайчилж хөдөлмөрч байх хэрэгтэй. Сугалаанд юм уу казинод хожно гэж найдах хэрэггүй. Хэзээ ч тийм юм байдаггүй.
Чи өөрөө амьдралын хамаг найдвар шүү дээ. Өөр хэнд ч найдах хэрэггүй. Тийм учраас чи зорь, зүтгэ, хөдөлмөрлө. Үр шим нь тун амттай байх болно.
-Та уран бүтээл амьдралынхаа тухай гурвал ном бичиж байгаа. Эхнийхийг нь уншсан. Дараагийнхыг нь хэзээ гаргах гэж байна даа?
-Наадмын дараа гаргачих байх аа. Энэ номоо барилгүй нэлээн удчихлаа. Одоогийн номондоо кино үйлдвэрт ажиллаж байсан үеэ бичих болно. Найз нөхөд хамт олон, уран бүтээлийнхээ тухай гэсэн үг л дээ.
Дашрамд хэлэхэд эхний ном сайн борлогдож олон хүнд хүрсэнд их урам орж байна.
-Эмэгтэй хүн гоё сайхнаараа байхын үлгэрийг биеэрээ үзүүлж яваа хүмүүсийн нэг нь та. Мэдээж сайхан байхын тулд зориулах цаг хангалттай байх хэрэгтэй. Та өөртөө хэр их цаг зарцуулдаг вэ?
-Гоё сайхан байна гэдэг нь хөдөлмөр юм шүү дээ. Амьдралын түмэн асуудал, цаг агаарын байдал он жил сарууд биднийг бүгдийг нь ижилхэн элээж байгаа. Энэ бүхний ул мөрийг нүүрэндээ авч үлдэхгүйн тулд сайн амарч, унтаж, зөв хооллож , арьсаа арчилж, манай нөхцөлд нарны шил зүүж байх хэрэгтэй. Би нойр сайтай болохоор олон цагаар унтдаг. Хоолны дэглэм алдаг оног оо... (инээв). Арьс арчилгааны хувьд “Синдерелла” эмнэлгийн буянаар сайхан явна аа.
-Найз нөхөд гэдэг хүнд их үнэ цэнтэй. Бид амьдралынхаа турш их олон хүнтэй найзалж, нөхөрлөдөг. Гэхдээ үргэлж уулзаад байхгүй ч сэтгэлд ойр хэвээр байдаг жинхэнэ дотно найз бас цөөн санагддаг. Таны хувьд ямар вэ?
-Ажил төрлийн байдлаас болоод найз нөхөд олон бий л дээ. Гэхдээ тэдний үүрэг нас насанд өөр байх шиг байгаа юм. Жишээ нь залууд бужигналдаад инээж хөхрөөд явдгаас харахад аз жаргалын найзууд ч гэмээр юм уу... Дунд насанд амьдралаа төвхнүүлж бизнесээ цэцэглүүлэхэд түшиж тулж зөвлөх найзууд илүү олонтой болсон байдаг.
Аан, харин өтөл насанд дурсамж хөврүүлэн өдрийг хамт өнгөрүүлэх ханьсаг найз чухал. Хүүхэд байхаасаа найзалсан улсуудад ярих дурсах зүйл ихтэй сайхан л даа. Тэдний яриа дуусахгүй... Тэд өөрсдөө “боть боть ” номнууд болсон байдаг.
Хараад байхад дөч орчим наснаас амьдралын найзууд тунараад үлдэж байх шиг.
Урваж шарвахгүй сайн найзтай байх нь хүчирхэг байхын нэг үндэс шүү дээ. Чамайг уруудахад найзууд чинь чамд хүн чанараа таниулж харин чи өгсөхдөө найз нартаа мөн чанараа харуулдгийг мартаж болохгүй. Нэг л зангаараа, ноён нуруутай байна гэдэг сайхан.
Найзын нөлөөгөөр амжилт олох ч юм уу, алдаа гаргах нь амьдралд элбэг байдаг . Тэгэхээр зөв хүнээ олж нөхөрлөх нь чухал. Чи хэнд ч хэрэггүй бол найз чамайг тоохгүй. Тийм болохоор бусдад хэрэгтэй байхыг хичээ.
Гэхдээ “мөнхийн найз гэж байдаггүй харин мөнхийн эрх ашиг гэж байдаг” гэдгийг бодолцоод давс, хужрыг нь тааруулаад явах нь зөв л дөө.
-Хүнд үгүйлэгддэг, дурсагддаг, хайрлагддаг хүн гэж бий. Ялангуяа тань шиг олны дунд амьдарсан, ахмад үеийн олон алдартан, алтан үеийнхнийг мэддэг хүний хувьд ямар ямар уран бүтээлчийн зан чанарыг эрхэмлэн дурсч, үгүйлэн санадаг вэ?
-Олон сайхан уран бүтээлчид байна даа. Онцгой гэвэл Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин П.Цэвэлсүрэн эгч байна. “Ардын элч”-ийн Ариунаа шүү дээ. Эрдэм боловсролтой биеэ сайхан авч явдаг, нүд хужирлам сайхан хүн байлаа шүү дээ. “Фронтод явах өргөдөл” киноны зураг авалтаар явж байхдаа нэг гэрт байрлаж байлаа. Бусдад халамжтай, гүдэсхэн, өгөөмөр занг нь биширч байсан. Бас Монгол Улсын гавьяат жүжигчин Р.Дамдинбазар гэж сайхан хүн байна. “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны аав шүү дээ. Аливаад ууч сэтгэлтэй, уужуу ухаантай дөлгөөхөн хүн байж билээ. Их алиа хошин зантай. Өрөөнд орж ирээд суухаар нь хоймор дүүрээд л ирдэг сэн. Түүний хэлж ярьж байсан үг эцгийн хайрыг санагдуулам тийм халуун дулаан.
За тэгээд Ардын жүжигчин Б.Дамчаа, Ардын жүжигчин Д.Чимид-Осор, Ардын жүжигчин Н.Дагийранз, Гавьяат жүжигчин М.Бадамгарав, гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, Соёлын тэргүүний ажилтан Д.Элбэгсайхан гээд хамт ажиллаж байсан бурхдыг марташгүй. Байнга л санагддаг даа.
-Амьдрал их олон өнгөтэй. Яг одоо цагийг та ямар өнгөөр тодорхойлох вэ? Яагаад?
-Залуу цагаасаа амьдралыг гэгээлгээр харж ирсэн. Өнгөөр зүйрлэвэл цагаанаар. Харин өнөөдөр Монгол Улс маань хар жагсаалтад орчхоод байхад цагаан гэж хэлж чадахгүй нь ээ. Бид дампуурч байгааг энэ сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн жагсаалтаас харж болно.
-Эрхэмлэж яваарай гээд энэ эх оронг өвөг дээдэс минь бидэнд үлдээсэн. Та ч бас уран бүтээлч хүний хувьд эх орныхоо үнэ цэнийг харуулсан “Үгүйлэн санана” нэвтрүүлэг, “Америкт амьдрахуй” номондоо үүнийг өгүүлсэн байдаг. Танд Монгол гээд дуудахад, хамгийн түрүүнд нүдэнд буудаг ямар дүрслэл байдаг вэ?
-Миний нандин дурсамжийг хадгалж үлдсэн бага насны минь зам харгуй, байшин сав, найз нөхөд дотныхон...бас зургийн хуар шиг хөдөө нутаг.
-Танд хийж хэрэгжүүлэх сэн гэж боддог ямар ажил байна вэ?
-Жүжигчдийнхээ ахуй амьдралыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх сэн гэж боддог. Энэ жил корона гээд ажил их саатлаа.
Монгол Улсад кино урлаг үүсч, хөгжсөний 80 жилийн ойгоор буюу 2015 онд тэрбээр “Гайхамшигт дэлгэц” хэмээх төсөл хэрэгжүүлж байсан. Кино урлагтай амьдралаа холбосон, одоо амьд сэрүүн байгаа ахмадууд болон дунд үеийн уран бүтээлчдийнхээ халуун дотно яриаг үзэгчдэд хүргэхдээ өнгө, үнэр, амттай нь өргөн дэлгэцээр нэвтрүүлсэн сонирхолтой төсөл байж билээ. Зарим киноны хэсгийг шинэчлэн зураг авч, тухайн нэвтрүүлгийн зочин болсон жүжигчиндээ өөрийнхөө тоглосон дүрийг хөндлөнгөөс харах боломж олгосон ч тухайн үедээ багагүй шуугиан дэгдээсэн. “Иргэний зориг” намын дарга байсан С.Оюун ээжийнхээ оронд орос эмч болж, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар аавынхаа оронд тоглосон гээд л...
Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг өөрийгөө кино урлагт өртэй гэж үздэг. Энэ л их өргөөнөөс түүний амжилт аз жаргал улбаатай болохоор тэгж бодох нь аргагүй биз. Анх “Эх бүрдийн домог” кинонд 1975 онд тоглож, кино урлагт хөл тавьсан тэрбээр энэ салбарын 40 гаруй жилийн түүхийг гэрчлэх хүмүүсийн нэг билээ.
-Таныг хараад байхад амар амгалан тайван амьдралтай хүн шиг байдаг. Ямар орчноос хамгийн их тав тухыг мэдэрдэг вэ?
-Хорвоогийн жижигхэн халуун дулаан буланд хайртай хүмүүстэйгээ инээгээд сууж байх хамгийн их тав тух шүү дээ.
-Хөл хорионы энэ үед хил хаагаад гадагшаа явах боломжгүй болсон чинь гадаад аяллын тухай улам илүү бодоод байгаа. Та өмнөө дэлхийн газрын зураг эсвэл глобус байна гэж төсөөлөөд нэг хараад үзээрэй. Тэгээд дэлхийн ямар улс руу аялмаар байгаагаа манай уншигчидтай хуваалцана уу?
-Бололгүй яах вэ. Би аялах дуртай. Ялангуяа азийн орнуудаар аялах сан гэж хүсдэг. Гэхдээ яг одоо хүүхдүүдийнхээ байгаа зүг рүү анхааралтай харж байна. Тийшээ аялахыг хүсч байна. Энэ өвчний улмаас аялал маань саатаад байж байна даа. Ирээд энэ зун хөдөөгүүр ханатлаа аялна гэж бодож байна.
-Та өнөөдөр энэ ярилцлагыг уншиж байгаа хүмүүст энэ өглөөг гэгээтэй болгох сайхан үг хэлнэ үү?
-Морьтой хүн бууж хармаар, явган хүн сууж сонсмоор зүйлтэй учраарай, өнөөдөр.
-Баярлалаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН