Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Э.Болор-Уянга: Урамшаад тоглолт хийх гэтэл хойшилсоор байгаад хориотой тулчихлаа

Дуучин Э.Болор-Уянгатай ярилцлаа. Түүнийг таньдаг болоод олон жил болж байгаа ч тасралтгүй, хичээнгүй хөдөлмөрлөдөг чанараар нь бахархдаг. Үргэлж л хэн нэгэнд тус хүргэж, байгаагаасаа илүүчилж явдаг сайхан эмэгтэйчүүдийн нэг нь тэр. Гэхдээ халуун сэтгэл гаргаж хүнд тусалснаа тэр бүр зарлахгүй. Өөрийнхөөрөө туурвиж, жаргалтайгаар дуулж, тайван амгалан эерэг амьдардаг л нэгэн гэж түүнийг онцолмоор.

-Хамгийн сүүлд хэзээ дуу бичүүлэв ээ?
-Өнөөдөр хүртэл бичүүлчхээд явж байна. Юу л байна дуу байна.
-“Энэ миний огторгуйд” цомгоосоо хойш ямар шинэ уран бүтээл хийсэн бэ?
-Манай зах зээл сүүлийн жилүүдэд их өөрчлөгдөж байна. Би менежмент, эдийн засгийн мэргэжилтэй болохоор тэр талаас нь хараад байна л даа.
Зах зэлээ зөв олж харсан нь шоу бизнест цойлдог. Имижээ бүрдүүлээд, цаг үед тохирсон дуугаа дуулаад явж болно. Харин би содон хэв маягтай дуу дуулаад явахад тембр, имиж, байгаа байдалд тохирдоггүй.
Мэргэжлийн хоолойн цар хүрээ өргөнтэй дуу дуулж чаддаг ч бас нэг их зохицдоггүй. Б.Ангирмаа эгчтэй хамтарч дуулсан “Намар, ганцаардал” гээд дуу байдаг даа. Тиймэрхүү дуу л тохирдог. Зохиогдсоноосоо хойш 16 жил болж байгаа ч тэр дууг хүмүүс сонсох дуртай хэвээрээ л байна.
2004 онд “Учралын эгшиг” дууг албан ёсоор зөвшөөрөл авч дуулсан. Энэ дуу 1987 оны гуравдугаар сарын 8-нд зохиогдсон гэж бодоход шинэ үеийн сонсогчдын таашаалд нийцээд л явж байна. Олон жилийн настай уран бүтээл хийж, түүнээсээ таашаал авдаг зантай.
Заавал массыг хамруулах гэхээсээ илүү тэр дуу шиг үнэ цэнтэй, нандин, мэргэжлийн байхыг л хичээдэг. Цаг үетэйгээ нийцүүлээд аль нэгэн продакшнтай хамтраад тийм содон дуу хийж болно л доо.
-Дуугаа ч дуулаад, ажлаа ч хийгээд явдгаар нь бахархдаг шүү.
-Энэ нь эмэгтэй хүний л онцлог байх. Ээж нар өрөөсөн гараараа юм хийгээд, зурагт үзээд, утсаар ярьж чаддагтай л ижил. Өдөрт хийх ажлаа төлөвлөөд явчихаар дажгүй ээ. Анхнаасаа урлагаар явсан учраас энэ салбараасаа салахгүй, миний үндсэн ажил. Урлагаар явж байхдаа гадагшаа яваад давхар мэргэжилтэй болох боломж тохиосон. Хэрэв би гадаад хэл сурч, өөр мэргэжил эзэмшээгүй байсан бол яах байсан бэ гэдэг бодол энэ цаг үед илүү мэдрэгдэж байна. Өөрийгөө хөгжүүлсэндээ баярладаг шүү.
-Алдаршъя, од болъё гэж боддоггүй юу?
-Үгүй ээ. Би дуугаа дуулаад, намайг сонсдог үзэгчидтэй байгаадаа баяр, жаргалтай явдаг. Заавал массыг хамарч алдарших гэж хүсдэггүй. Сонсоод ялгаж, ойлгоод мэдэрдэг хүмүүс нь байхад л хангалттай.
Одоо нийгэмд нэг тийм даган дуурайх үзэгдэл хавтгайрчихлаа. Тухайлбал нэг нь подкэст хийвэл бүгд шуураад л, влог хийвэл нөгөөхөөсөө илүү гарах гэж дайраад л, старт-ап нээгдэнгүүт барьцаад л...Дотнын найзууд хүртэл салаад явуутаа өөр өөр зүйл бодож өрсөлдөөд л..
Уг нь монгол хүн сайхан, өгөөмөр, уужуу. Энэ өгөөмөр зангийн илрэл энэ цаг үед их мэдрэгдэж байгаа шүү.
-Охиндоо зориулсан дууг нь сонсоход сайхан байсан шүү. Ээж нь охиндоо дуугаар бэлэг барьсан нь ямар ч том бэлгээс илүү үнэ цэнтэй байсан байх аа?
-Манай охин өнгөрсөн жил зургийн үзэсгэлэн гаргасан. Багш нар нь урамшуулж, итгэл хүлээлгэснээр зургийн дугуйлангийнхнаасаа анхлан үзэсгэлэн гаргасан. Би охиноо хөгжүүлэхийн тулд олон дугуйланд явуулж үзүүлээд дараа нь сонголт хийлгэж, өөрийг нь олуулахыг хичээж л байгаа. Миний охин сонголт хийгээд зураг, лего, англи хэлний сургалтдаа явж байгаа. Бага байхаасаа л зурагтай ойр байсан. Сугалаа сугалсан ч харандаа дэвтэр хождог, тэмцээн уралдаанд ороод шагнуулсан ч зургийн дэвтэр авдаг байсан. Анхны үзэсгэлэнгийнх нь нээлт дээр төрсөн өдрийн бэлэг болгож “Охин минь том болж байна” гэдэг дууг зориулсан. Үгийг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар ахаар бичүүлж, Монголын хүүхдийн ордны гавьяат багш С.Ганчимэг аялгуу хийсэн. Бичсэн шүлгийг нь уншаад л уйлсан. Аяыг нь хийж байхдаа багштайгаа хоёулаа уйлсан. Нээлтэн дээр ирсэн 50 хүн уйлсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан уран бүтээл болсон. Түүндээ урамшаад энэ жил дахиад охиныхоо төрсөн өдрөөр үзэсгэлэн гаргаж “Мөрөөдөл минь том болж байна” гэдэг дуу хийсэн. Шүлэг нь бас л Ү.Хүрэлбаатар ахынх. Аяыг нь “Нисванис”-ын Амгаа ах зохиосон. Амгаа ах хэзээ ч хүүхдийн дуу хийж байгаагүй. Энэ дуугаа бичүүлж, төрсөн өдрөөр нь охиндоо сонсгоод л өнгөрсөн. Клипийг нь хийлгэх гэтэл коронагийн хорио эхэлчихсэн. Хүүхдүүд цуглуулж болохгүй учраас болсонгүй ээ.
Түүнээс гадна тавдугаар сарын 31-нд хүүхдүүдэд зориулсан тоглолт төлөвлөж байсан ч болохгүй нь. Коронавирусийн хориог ийм удаан үргэлжилнэ гэж бодсонгүй ээ. Бас дууны ном гаргах гээд бэлдэж байгаа.
-Ямар ном бэ?
-Хүүхдийн 10 дууны үг, нотыг оруулсан ном хийж байгаа. Бас Ү.Хүрэлбаатар ах өөрийнхөө зохиосон таван төлийн дууг шинэчлэн бичиж, С.Ганчимэг багш аяыг нь хийгээд, бид хамтраад комик номтой, гоё юм хийж байгаа. Хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Монголын хүүхдийн ордонд байсан н.Санжаа багш бас оролцсон. Хүүхэд сургах сидитэй байлгахыг хүссэн ч хил хаагаад чадсангүй ээ.
-Сонирхолтой төсөл байна. Яаж санхүүжүүлж байгаа вэ?
-Яг санхүүжүүлсэн зүйл байхгүй ээ. Сайхан юм хийе гээд л зорьж яваа. Нэг дууны хоолойн бичлэг, аранжровшик ямар үнэтэй байдаг билээ. Дөнгөж хоёр дахь дуугаа бичүүлээд л явж байна. Урлагийн хүмүүс бие биеэ ойлгодог болохоор дараа өгнө гэсэн байдлаар хийгээд л яваа. Төсөл болгоод хандаж болох ч бүх л байгууллагын санхүүгийн байдал хүндэрсэн байгаа үед төвөг удаад яах вэ гээд өөрсдөө хийж байгаа. Бас хүүхдэд зориулсан ажил хийхээрээ цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд зориулсан юм л хийдэг. Гэтэл өсвөр насныханд хандсан уран бүтээл байдаггүй. Миний хийж байгаа дуунууд тэр үерхэл, хүсэл мөрөөдөлд нь ойр байх болов уу. Тэгж л зорьсон.
-Өөртөө байгаагаасаа илүүчилж, үргэлж л бусдад тусалж явдгийг нь мэднэ. Энэ ажил нь ч бас л олны төлөө юм байна аа.
-2007 оноос боломжоороо, 2012 оноос хойш бол улирал болгон л хүнд тусалдаг байсан. Нөгөө хүмүүс минь бараг л надаас хамааралтай болчихсон утасдаад л бүх зовлон бэрхшээлээ тоочдог байсан л даа. Айлд очиж бэлэг өгчхөөд зураг аваад байдаггүй ээ. Чин сэтгэлээсээ хүсээд хийж байгаа болохоор зарлах шаардлагагүй.
Ийм олон жил хүүхэд рүү чиглэсэн халамжийн маягийн ажил хийж явахдаа яаж ийгээд илүү үр дүнтэй зүйл хийхсэн гэж бодоод л явсан. 2020 он гараад энэ бүх ажлаа эхлүүлж, харах өнцөг, мэдлэгт нь нэмэр болохыг зорьж явна. Гэхдээ цаг үеийн байдал нөлөөлж л байна. Тухтай төвлөрч суух боломж бас гарч байна л даа.
-Ямар тайз танд тав тухтай мэдрэмж төрүүлдэг вэ?
-Анхны тайз, цэцэрлэг, дунд сургуулийнх байсан. Түүнээс хойш олон тайзан дээр гарсан ч хамгийн нөмөртэй нь Сараа эгчтэй хамт гардаг тайз. 2013 оноос хойш Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн тайзны ард гарлаа. Хамгийн өндөр түвшний тайз. Хүүхэд байхдаа энэ хүнтэй нэг тайзан дээр гараад ард нь дуулна гэж мөрөөдөж ч байгаагүй, зүүд ч юм шиг. Гэтэл одоо найз, эгч дүүс болчихсон байдаг. Яагаад ч юм бэ бэлтгэл муутай байсан ч Сараа эгч загнадаггүй, цаанаа нэг ээлтэй. Сараа эгчийг үзэх гээд ирсэн үнэлэмж өндөртэй үзэгчдийн өмнө шууд дуулахдаа таатай, зоригтой, сайхан мэдрэмж авдаг. Хөдөө орон нутгаар хамт явахад бас их сайхан байдаг. Тайзны ард өрөө байхгүй, намайг дуулж байхад хувцсаа сольчхоод тайзны араас хараад л дэмжээд, өнгө нэмээд сууж байдаг. Би өдөр бүр энэ хүнээр бахархаж, гайхдаг. Маш хурдан хөдөлгөөнтэй. Нэг өрөөнд амарчхаад би түрүүлж босох ёстой байтал Сараа эгч аль эрт босоод нүүрээ будаад, цайгаа бэлдчихсэн байдаг. Тийм түргэн хэрнээ яв цав хийнэ шүү дээ.
-Анхны тоглолтоо 2006 онд хийсэн билүү?
-<<Чамд>> гээд 10 дуутай цомог гаргаад шинэ дуучин төрлөө гэдэг утгаар анх 2006 онд “Стрингс” клубт тоглолт хийж байсан. Баар нь 04.00 цаг хүртэл ажилладаг, хаахаар нь очоод 06.30 хүртэл үүрээр бэлтгэл хийдэг байсан. Бүх урлагийнхнаа уриад цомгийн баяр хийсэн. Тухайн үед сайхан тоглолт болж байлаа.
Түүнээс хойш сургууль руугаа буцаад ар гэрт асуудал гарч 2007-2012 онд завсарласан. Тэр дунд сургууль төгсч, хүүхэдтэй болсон. Өөр мэргэжил эзэмшсэн урлагтаа хайртай учраас 2012 онд эргэж эхлээд 2015 онд “Ривер саундс”-т тоглосон. 250 билет яаж зарна даа гэтэл дорхноо зарагдаад үүднээсээ нэмж 100 тасалбар гаргаад чихцэлдэж үзсэн. Манай рок попынхон бүгдээрээ тасалбар худалдан авч, үзээд бүгдээрээ тайзан дээр гараад дуулсан. Намайг бүр үнэхээр сонсъё гэсэн хүмүүс ирсэн. Тухайн үедээ сайн бичлэг хийж аваагүй нь харамсалтай. Тэр үед их урамшиж 2016 онд “Энэ миний огторгуйд” цомгоо гаргаж баяр хийтэл бас дүүрэн хүн ирсэн. Би төрсөн өдрөө хийсэн ч гэсэн тийм л сайхан халуун дулаан уур амьсгалтай болдог. 2017 оны зургадугаар сарын 7-нд төрсөн өдрөөрөө “Summer lady’s night” хийсэн. Бас л олон хүн ирсэн. Ингээд урам ороод Соёлын төв өргөөний тайзан дээр тоглолт хийе гэж бодоод төлөвлөтөл өнгөрсөн намар олон тоглолттой давхцаад хойшилсоор байгаад коронатай таарлаа.
-Уран бүтээлч хүмүүсийн сэтгэлгээ ийм сайхан гэгээтэй. Халаас хоосон ч надад эрх чөлөө байна гэж дуулдагтай ч ижил юм уу?
-Ихэнх хүмүүс нь тийм өөдрөг сэтгэлгээтэй л дээ. Стресс багатай, аз жаргалтай амьдардаг. Мэдээж хүн бүрийн амьдралд асуудал бэрхшээл байдаг ч өөдрөг л явцгаадаг. Гэхдээ эмзэгхэн, амархан гомдоно.
Би энэ хорвоод ямар ч үед сэтгэлд үлддэг зүйл нь үг гэж боддог. Сэтгэл сэргээдэг зүйл нь ч үг. Хүнд муу үг хэлчхэд насан туршид нь л үлдчихдэг. Тэр үгийг өөрчлөх гээд уучлаарай гэдэг ч нэгэнт амнаас гарсан л бол өөрчлөгдөхгүй. Нэг үнэтэй үг хүнийг сэргээж, нэг таагүй үг хүнийг унтраадаг. Тэгэхээр хэлэх үгээ цэгнэж явах хэрэгтэй. Урлагийн хүмүүс түүндээ л бардам сайхан амьдардаг даа.

ЭХ СУРВАЛЖ :"АРДЧИЛАЛ ТАЙИМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com