Нийслэлийн соёл урлагийн газар (НСУГ)-ын дарга Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-НСУГ-аас ойрын хугацаанд хийж байгаа нэг чухал ажил нь “Хотын соёл” онлайн фестиваль. Бүтээл хүлээн авах хугацааг тавдугаар сарын 27 хүртэл сунгажээ. Зохион байгуулагчдын хувьд үүнээс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Хот гэдэг их том айл. Гэхдээ бум бужигнасаар нь төсөөлж сүрдэх хэрэггүй. Таван хүүхэдтэй айлын томсгосон хувилбар гээд төсөөлчхөд болно. Энэ айлын амьдралд олон зүйл тохиолдож, тэр гэрт янз бүрийн явдал өрнөж байна. Монгол Улсын иргэдийн талаас илүү нь нийслэлдээ амьдарч байна. Улаанбаатар хот Монголын соёлын төв цэг. Улсын хэмжээний олон музей, номын сан, театр, чуулга, эвент холл нь эндээ төвлөрч байгаа. Энэ олон хүн хамт амьдрахын тулд өөрийн гэсэн дэг журам, стандарттай байх хэрэгтэй. Үүнийг бид хотын соёл гэж ярьж байгаа. Энэ аян гуравдугаар сарын 25-нд эхэлсэн. Нэгхэн жил аян хийгээд бүх зүйл сайхан болчихно гэж байхгүй. Гэхдээ жил бүр үүнийг байнга сургаж, дадуулж, хэвшүүлэх нь чухал юм байна. Тийм учраас энэ он дуустал эхний аянаа хийнэ. Цаашдаа олон ажил төлөвлөж, нөлөөллийн аян үргэлжилнэ.
“Хотын соёл” аяны хүрээнд “Жи энтертайнмент”, “Гэгээн үйлс” ТББ-тай хамтран онлайн фестивалийг явуулж байна. Төрийн болон төрийн бус олон байгууллага, иргэд нийлж энэ аяныг явуулж байгаа. Түгээж байгаа мэдээ мэдээллийг дэмжиж байгаа хүмүүс ч гэсэн хамтран оролцож байгаа шүү. Тавдугаар сарын 29 хүртэл хийж байгаа “Хотын соёл” контент фестиваль нь залуучуудын оролцоог нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, хамтын ажиллагаа, уран бүтээлийг дэмжих гэсэн олон хэв загварыг өөртөө шингээсэн уралдаан болж байгаа. Үр өгөөж нь дэндүү сайхан. Уралдаанд оролцохын зэрэгцээ хотын өв соёл, түүх дурсгалтай танилцах, соёлыг түмэнд түгээх зэргээр мөр зэрэгцэн орж ирснээр нь хэзээ нэгэн цагт өөрт нь үлдэх асар том дурсамж болно.
Видео, аудио, гэрэл зураг, нийтлэл гээд бүх л төрлөөр энэ уралдаанд хүн бүхэн оролцох боломжтой. Тийм учраас өөрийн дуу хоолойгоо бусдын төлөө зориулахын төлөө манай фестивальд нэгдээрэй.
Хувь хүн энэ орчлон дээр амьдрахдаа бусдын төлөө сайн сайхныг зориулж, бусдыг үлгэрлэж манлайлахын төлөө явдаг юм биш үү. Бусдын төлөө цаг зав, сэтгэл зүрх, оюун бодлоо зориулж хамтдаа энэ сайхан хотод амьдарвал сайхан шүү дээ. Тийм хүсэл тэмүүллээр энэ фестивалийг хийж байгаа.
Энэ уралдаанд оролцохдоо өмнө нь хийсэн контентоо ч илгээх боломжтой. Нэлээн том боломж шүү.
Хотын соёл гээд хэлэхээр бариад авах зүйл байхгүй. Гэхдээ хотын соёл хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Соёл гэдэг бол том ойлголт. Энгийнээр бол, ухаант хүний үйлдэл бүхэн соёл болж хувирч болно. Ингэхээр эхлээд соёл, хоёрдугаарт үйл хэрэг байх нь ээ. Хувь хүн, байгууллага, баг, бүлгийн соёл гээд яриад явах юм бол шийдвэр дээр хүртэл албан бичгийн соёл яригдана. Соёл шингээгүй зүйл гэж алга.
Монголчууд агуу соёлтой ард түмэн шүү дээ. Гэтэл монголд байхаар нэг өөр хэрнээ, штамб даруулаад Буянт Ухаагаас нисэнгүүт өөр болдогт л учир байна. Гадаадад байхдаа хачин гоё соёлтой байснаа төрөлх хотдоо хамгийн бүдүүлэг үйлдлүүдийг гаргаад эхэлдэг. Үүнийгээ л залруулчихвал бид соёлтой шүү дээ.
-Нийгмийн дунд хүн бие биеэсээ үлгэрлэж, илүү сайжирч амьдардаг. Тийм болохоор хот соёлын элчтэй болсон уу?
-Хүн бүр л хэн нэгнийг даган, дуурайж өөрчлөгдөж хөгждөг. Наад зах нь би аав шигээ болж, багштайгаа ижилхэн мэргэжил эзэмшинэ зэргээр хүүхдүүд ярьдаг шүү дээ. Нийгмийн бүх л салбарт ажиллаж байгаа манлайлагч, түүчээ болсон хүмүүсийг урьж хотын соёлын элч болгож байгаа. Магадгүй тэр хүн зүгээр ажлаа хийгээд явж байгаа ч түүгээр дамжиж соёл түгж байна. Хотын соёл аяны хүрээнд замын хөдөлгөөн, интернэт орчин гэх зэрэг тодорхой таван зүйлийг зааж, тэр чиглэлд өөрчлөлт гаргахыг зорьж байгаа ч гэсэн цаанаа бол хувцас дизайн, имиж бүрдүүлэлт, хөгжим гээд бүх зүйл багтаж буй.
Хотын залуус гэхээр гоё үнэтэй машин унаж, брэндийн хувцас өмсөөд яваа хүнийг хэлэхгүй. Маш сайхан өөртөө тохирсон имиж бүрдүүлсэн хүн ч гэсэн хотын соёлын нэг хэсэг. Энэ бүхнийг бие биеэсээ олж хараад үлгэрлэн дуурайх нь мөн нөлөөлөл.
Магадгүй манай уралдаанд оролцох гэтэл жүжигчин хэрэгтэй болоод хэрхэн холбогдохоо мэдэхгүй байгаа бол НСУГ руу хандаад манай соёлын элч нарыг оролцуулж болно шүү. Бид нээлттэй туслах болно.
-Улаанбаатар хот хэдэн соёлын элчтэй вэ?
-Гавьяат эмч, сэтгүүлчээс эхлээд 50 орчим хүн бий. Улсын аварга, хөдөлмөрийн баатруудаас гадна энгийн залуус ч байна. Салбараа түчээлэгч, үлгэр жишээ хүмүүстэй хамтран зүтгэж байгаа.
-Тэдний сайхныг түгээсэн мессеж, байгаа байдал нь олон хүнд нөлөөлөх байх аа. Уралдааны явц, аяны үр дүн энгийнээр нүдэнд хэрхэн өөрчлөгдөж, харагдах бол?
-“Хотын соёл” аян явсны үр нөлөөгөөр тамхи татдаг дураараа авирлаад байхгүй, бусдыг хүндлээд хотод дүрэм бийг санадаг болчихвол нэг ахиц.
Жишээ ярьж өгье. Саяхан би таксинд суулаа. Хаалгыг нь онгойлгоод суух гэтэл урдаа хүнтэй байлаа. Жолооч нь “Энэ хүн удахгүй буух юм та суу” гэв. Би ард нь суугаад явлаа. Хөдлөөд удаагүй байтал нөгөө хүн буух боллоо. Ойр орчимд нь гарц байхгүй. “За за би ингээд буучихъя” гээд хэлтэл нөгөө жолооч “Наана чинь ямар ч гарц алга байна. Камер байгаа. Хотын соёл аян гээд яваад байна шүү, торгуулав” гэсэн. Энэ мэтээр манайхан мэддэг болж байна. Хүмүүст энэ мессеж хүрч байгааг харах таатай байна. Манай иргэд маскаа сайн зүүж байна. Энэ ч бас хэрэглээний соёлын нэг хэсэг шүү дээ.
-Хэлбэр агуулгын зөрчилтэй байх нь утгагүй хэрэг. Гэхдээ хэлбэр агуулгад нөлөөлдөг үү?
-Тийм ээ, нөлөөлнө. Элч нар ч хичээх хэрэгтэй болж байна. Асар их нэр хүндтэй хариуцлагатай ажил шүү дээ. Сайн ажиллаж байгаа элч нараа жилийн эцэст урамшуулахыг бодож байгаа. Манай залуус элч нартайгаа есөн дүүргийн 174 хороонд очиж ажиллана. Нийслэлийн төрийн байгууллагууд ч сайхан дэмжиж байна. Хөшөө угаах ажлыг НАЖГ-аас эхлүүлчихсэн. Жил бүр тодорхой хэмжээний зөв зүйл хийгээд байвал хувь хүн бүрийн хандлага өөр болно. Бусдын төлөө хийж байгаа зүйлээ ч хамгийн хайртай хүмүүсийнхээ төлөө хийж байгаа гээд сэтгэл зүрхээ шингээгээд хичээгээрэй.
-Хотын төвийн амьдралын хэмнэл харьцангуй жигдэрсэн ч захын хорооллоор байдал хүнд. Хотын соёл гээд ярихаар хаана нь ч очсон ижил түвшинд байвал сайн сан...
-Нэг өдөр өргөс авсан мэт бүх зүйл сайхан болчихгүй ч гэсэн зөв хамтраад явбал аяндаа сайхан болно доо, тийм ээ.
Эхний ээлжинд хүмүүсийн хандлага л өөрчлөгдөөсэй гэж хүсч байна. Хамгийн бодитой нь энэ шүү дээ. Z үеийнхэнтэй ийм зүйл ярилтгүй. Бид мэтийн үг, үйлдэл нь зөрөөд байгаа хүмүүс больчих хэрэгтэй. Машиндаа тамхи татчихаад ишийг нь шидчихдэг, хүүхдүүдээ дэргэдээ суулгачхаад айхтар хүнд хараал хэлчихдэг нөхрөөс эхлээд л өөрчлөгдөх ёстой. Хүүхдүүддээ ингэж болохгүй гэж хэлдэг зүйлээ өөртөө зөв дадал болгочихвол л боллоо.
Монголчуудад чадахгүй зүйл байхгүй. Хүсвэл зөв зүйтэй бүхнийг хийж чадна. Хотын соёл гэхээр агуу юм хүсэлтгүй, та өөрөө л нэг зөв үйлдлээр нэгдчих. Миний энэ үйлдэл буруу юм байна гээд мэдэж байгаа бол түүнээсээ эхэл.
-Дуучин Ч.Бат-Эрдэнэ сайн менежер, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн захирал болж ажиллаж байлаа. Одоо НСУГ-ын дарга болжээ. Өмнө нь хийж байсан ажлаас нь төрийн ажил хэр ялгаатай байна вэ?
-СУИС-ийн Соёлын сургууль, Их сургуулийн дэд захирал, Бүжгийн сургуульд гээд долоон жил ажиллажээ. Бидний маргааш хэн болж хүмүүжиж, хөгжих вэ гэдэгт анхаарч ажилласан он жилүүд. Төр хувийн хэвшил, сурган хүмүүжүүлэх байгууллага аль нь ч гэсэн хуулийг баримталж ажилладаг. Адилхан төлөвлөж, гүйцэтгэж хянадаг.
Мэдээж бие даасан уран бүтээлч байхдаа мэдэрсэн, боловсролын байгууллагад байхдаа ажигласан зүйлсээ төрийн ажилд тусгаж, өөрчилж, сайжруулж ажиллах нь миний хүсэл. Гэхдээ бүх зүйл зөвхөн Ч.Бат-Эрдэнийн хүссэнээр явахгүй ээ. Сайжруулж засч, илүү өөр хүрээнд харж ажиллах зүйл ч байна.
Өчигдөр маргаашийн торгон огтлолцол дээр өнөөдөр бид амьдарч байна. Өчигдөртөө зөв дүгнэлт хийгээд маргааш ямар болохыг зөв олж хараад явах хэрэгтэй. Сайн менежер байхын төлөө одоо ч хичээж ажиллаж байгаа.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН