Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский хүн төрөлхтөнд зориулан балетын гурван хөгжим бичиж, тэдгээр нь өдгөө сонгодог бүжгийн тулгын гурван чулуу хэмээн үнэлэгдэх болжээ. “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Нойрссон гүнж”-ийг бид танина. Дэлхийд алдартай, сонгодог бүжгэн жүжгийг эх орныхоо тайзнаа үзэх эрхтэй монголчууд бид азтай. Харин балетын жүжигчдийн ур чадвар, авьяасыг тодруулдаг дүрийн эхэнд нь “Хунт нуур”-ын Одетта, Одиллияг нэрлэж болно. Тэгвэл хагас зуун жилийн түүхэн ойгоо удахгүй тэмдэглэх гэж буй Дуурь бүжгийн эрдмийн театрт цагаан, хар хунгийн дүрээр дархлагдан үлдсэн уран бүтээлчдийг танилцуулъя.
“Энэ миний цагаан хун”
Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай театртаа сонгодог урлагийн оргил болсон “Хунт нуур” бүжгэн жүжгийг амилуулахыг үргэлж мөрөөддөг байжээ. Тайз засал, зохиолын задаргаа гээд багагүй хугацаанд бэлтгэл ажлаа хангасан ч түүний сэтгэлд нийцэх хун хараахан нүдэнд нь туссангүй. Мэдээж энэ дүрд тохирсон балерина театрт ирсэн цагт л түүний мөрөөдөл биеллээ олох байлаа.
Азаар энэ цаг үед Монголын балетын урлагийг нуруундаа үүрч, өөрөөрөө алдаршуулах нэгэн хүн бүжигчин төрсөн нь ардын жүжигчин Ю.Оюун. Тэрбээр дэлхийн балетын урлагийн өлгий нутаг болсон Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд “Онц” дүнтэй дүүргэж, ДБЭТ-т хуваарилагдан иржээ. Анх 1973 онд төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны “Уран хас”-ын Хандармаа, 1974 онд Л.Минкус “Дон кихот” балетын Китрид бүжиглэж чадалтай бүжигчин болохоо таниулсан байдаг. Яг тэр цаг үед Б.Жамъяндагва гуай ч эрсэн хунгаа олж 1975 онд монголчууд “Хунт нуур”-тай танилцсан юм.
Ер бусын тансаг үлгэрийн юм шиг орчин, найрал хөгжмийн намуун эгшиглэн, хун шувуу дэвэн дэвсээр тайзнаа бүжиж буйгаар “Хунт нуур”-ыг төсөөлдөг. Монголын сонгодог урлагийг дэлхийн тавцанд гаргаж алдаршуулсан их нэр хүнд Ю.Оюуных. Бас хүүхэд төрүүлсэн ч тайзан дээрээ үлдэж болдгийг нотолсон Монголын анхны балерина. Түүнийг ууган хүүгээ төрүүлэхэд нь Улс төрийн товчоо хуралдаж зөвшөөрөл өгсөн гэдэг юм билээ. Театрынхаа жилийн орлогыг давуулан биелүүлдэг, гадаадын мэргэжилтнүүдэд “Ю.Оюун бол гайхамшиг, жинхэнэ хун” гэж үнэлүүлдэг байсан болохоор нь төр түүнийг өөрийнхөө өмч мэт үздэг байж. Улсаас түүнд 1975, 1979, 1982, 1984 онд Соёлын яамны тэргүүний уран бүтээл, Соёлын тэргүүний ажилтан, 1976 онд“Засгийн газрын хүндэт жуух” 1978-онд гавьяат жүжигчин 1986 онд Ардын жүжигчин цол тэмдгээр шагнаж байсан. Харин 1981 онд Төрийн шагнал хүртээхээр тодорхойлчхоод хүүгийнх нь сурлагын дэвтэр дээрх “дунд” дүнгээс болж шагналаа өгөлгүй ардын хувьсгалын ойн медаль гардуулсан юм билээ. Гэхдээ л тэр ард түмнийхээ сэтгэлд Монголын хамгийн шилдэг балетын жүжигчин, Зууны манлай балетчин хэвээр үлдсэн. Түүний гарын уян хөдөлгөөн, ихэмсэг, бардам хэрнээ зөөлөн төрх нь монгол Одетта, Одиллиягийн тод дүр болон мөнхрөн үлджээ.
Багш хун
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг бол Монголын хоёр дахь хун. Түүний шавь Б.Саруул нэгэнтээ “Багш минь бэлтгэлийн үеэр гараа хэрхэн дэвэхийг үзүүлдэг. Ямар сайхан харагддаг гээч. Харамсалтай нь би яагаад ч тэгж дэвж чаддаггүй” хэмээн ярьсан байдаг. Балетын эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл, ур чадварын хэмжүүр болсон Одетта, Одиллиягийн дүрийг Х.Гэрэлчимэг 10 гаруй жил бүтээсэн. “Хунт нуур”-ын эхний аравны түүхийг Э.Оюун бичсэн шиг хоёр дахь арван жил түүнийх. Одоо тэрбээр дараагийн хунгуудыг бэлтгэн театртаа багшилж байна. Бас хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва багштайгаа хамтран ажиллаж, хэд хэдэн балетийг сэргээн тоглуулсан найруулагч. 1973-1981 онд ОХУ-ын Санктпетербург хотын сонгодог бүжгийн сургуульд суралцаж, бүжгийн жүжигчин болсон тэрбээр 1981 оноос хойш өдийг хүртэл ДБЭТ-т ажиллаж буй. А.Аданы “Жизель”, П.И.Чайковскийн “Щелкунчик”, А.Хачатурян “Спартак” бүжгэн жүжгүүдэд гоцлон бүжиглэж шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан тэрбээр 1996 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болсон юм.
Хүнд цаг үед театраа орхиогүй үнэнч хунгууд
Өөрчлөлт шинэчлэлтийн он жилүүдэд сонгодог урлагийг шимтэн үзэгчдийн тоо багасч, хоосон танхимд хоёр, гуравхан хүний өмнө бүжиглэх үе ч байсан гэдэг. Тэр он жилүүдэд театрын тайзнаа амилсан хунгууд бол Б.Чимгээ, Д.Одмаа, Ч.Батгэрэл, Д.Наранханд билээ. Тухайн үед Д.Наранханд ихэвчлэн хар хун буюу Оделлия, Д.Одмаа цагаан хун буюу Одеттад бүжиглэдэг байжээ. Харин тэднээс хамгийн олон жил “Хунт нуур”-ыг гоцолсон бүжигчин бол Б.Чимгээ.
Гавьяат жүжигчин Д.Наранханд хуруун дээрээ 32 эргэх, үсрэлт хийх зэрэг бүжигчний ховор техник, эрдмийг гарамгай эзэмшсэн бүжигчин юм. Харин балетчин Ч.Батгэрэлийг дуучин Н.Ганхуягийн гэргий гэдгээр нь олон хүн танина. Тэрбээр амьдралынхаа 30 гаруй жилийг балетын урлагт зориулсан нэгэн. Мөн л ОХУ-д мэргэжил эзэмшсэн тэрбээр ур чадвараараа үеийнхнээсээ ялгардаг байсныг үзэгчид андахгүй.
Шинэ зууны анхны хун
Ч.Ганчимэг бол хар ч, цагаан ч хун. 2000 оноос хойших арван жилийг тэр эзэгнэж хүн хунд дурласан түүхийг тайзнаа амилуулсан. “Хунт нуур” бүжгэн жүжгийн гол дүрийг гадаадад төгссөн балетын жүжигчид бүтээдэг байсан жишгийг эвдсэн анхны хүн. Тэр бол “дотоодын бүтээгдэхүүн”. 19 настайдаа УДБЭТ-ын бүжигчин болсон түүнийг 10 жил бүжиглэсэн ойн баяраа тэмдэглэхэд Б.Жамъяндагва багш нь “Ганчимэг бол дэлхийд нэр нь гарсан манай театрын прима балерина. XXI зууны шилдэг бүжгийн жүжигчдийн нэг” гэж магтсан. Энхрий зөөлөн, гэм зэмгүй цагаан хун, хурц, даажинтай, дур булаам хар хунгийн аль алиныг Ч.Ганчимэг гайхалтай амилуулдаг. Гэхдээ хар хунгийн дүр түүнд илүү зохидог.
Залуу хун ирлээ
Тэр бол Б.Саруул. Театрын хамгийн отгон хунгуудын нэг ээж болоод удаагүй байхдаа л тайз руугаа яарсан. Тэр үргэлж өөрийгөө голдог. Өдий хүртэл сэтгэлдээ хүрсэн Одетта, Одиллиягийн дүрийг гаргаж чадаагүй явна хэмээн ярьсан удаатай. 2007 онд ХБК-ийг дүүргэсэн тэрбээр Сөүлд болсон олон улсын балетын тэмцээнд оролцож тусгай шагнал хүртсэн амжилттай. Мөн бямба, ням гараг бүр тоглолттой байдаг театртаа жил гаруй хугацаанд ганцаараа хар, цагаан хунгийн дүрд бүжиглэж байсан туршлагатай. Хойшид хэдэн жил энэ тайзнаа хун болон дэвэхийг хамтдаа харах л үлдлээ.
“Хунт нуур” бүжгэн жүжиг эмэгтэй бүжигчдээс маш их хүч, хөдөлмөр шаарддаг. Уран гоёмсог хүзүүтэй, усны мандал дээр хөвөх, үнэнч хайрын бэлгэдэл болсон хунгийн дүрд хувирна гэдэг амаргүй. Балеринад хөл чухал байдаг бол хар, цагаан хунд гар, нуруу, хүзүү, хөл гээд бүх сайхан зүйл, ур чадвар цогцолсон байх учиртай.
Цагаан хун дэвэлт ихтэй бол хар хун нүдний хурц хөдөлгөөнөөрөө ялгарна. Мэдээж хар хунгийн па де де, алдарт 32 эргэлт, жижиг дөрвөн хунгийн хөгжилтэй бүжиг “Хунт нуур”-ын нэрийн хуудас болдог.